Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01655

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01655

 

 

Г.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01626 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлтэй

хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгч Г.Энхбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхбаяр УБТЗ-д 1986 оноос хойш, 2000 оноос Тээврийн дээд сургуульд багшаар ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Тээврийн дээд сургуулийн захирал, удирдлагын баг шуурхай хурал хийж, 2016 оны 06, 09 дүгээр сард оюутнуудын өгсөн өргөдөл гомдлын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулна гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ хурал дээр захирал Ж.Пүрэвсүрэн "энэ хүнийг сахилгын арга хэмжээгээр халахаар цалин хөлс нь бүрэн олгогдохгүй хохирно, өөрийн хүсэлтээр болговол бүх цалин хөлс нь олгогдоно" гэсэн. Ингээд хүний нөөцийн менежер н.Энхцэцэг та надад хүсэлтээ бичээд өг гэсний дагуу хүсэлт бичиж өгснөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Г.Энхбаярын хувьд байгууллагын захирал, удирдлагын дарамт шахалт, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр дайрч давшилсан үйлдлээс болж сэтгэлийн хямралд орж, бодит байдалд ажлаасаа гарах, чөлөөлөгдөх бодит шалтгаан байхгүй байхад хүсэлт бичиж эрх ашгаараа хохирсон. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг үндэслэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14-т хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэг ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ" гэжээ. Ажилтан өөрийн санаачлагаар ажлаас гараагүй. Байгууллага сахилгын арга хэмжээгээр халах байсан гэсэн тайлбар гаргаж байна. Бид сахилгын зөрчлийн талаар яриагүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөр байгаа. Хурлын тэмдэглэл дээр "энэ хүн шиг муу хүн байхгүй" гэж ярьсан нь тогтоогдсон. Шийдвэр гаргасан хүмүүс шүүх хуралдаанд гэрчээр ирж халъя гэж ярьсан гэдэг. Иймд Г.Энхбаярыг ажилд эгүүлэн тогтоож, цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхбаяр нь ажиллах хугацаандаа тогтмол зөрчил дутагдал гаргаж байсан бөгөөд хичээлийн жилд 1-2 удаа шуурхай зөвлөгөөнд багшийн ёс зүйн асуудлаар ордог байсан боловч өөрийн ажил байдалд дүгнэлт хийн, сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байгаагүй. 2015-2016 оны хичээлийн жилд 2 удаа Г.Энхбаяр багшийн ёс зүйн асуудлаар Удирдах зөвлөл шуурхай хурал зөвлөгөөн хийсэн байдаг. Үүнд 1 дүгээр улиралд тэрээр багшийн ёс зүйн зөрчил гаргаж, Э-3 ангийн оюутан Н.Өрнөхбатад гар хүрсэн асуудлаар шуурхай зөвлөгөөнд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орсон боловч хууль хяналтын байгууллагад тухайн асуудал нь шалгагдаж байгаа шалтгаанаар уг байгууллагаас гарах шийдвэрийг хүлээж, түүнд авах арга хэмжээний талаар дахин хэлэлцэхээр болж хойшлогдсон боловч дахин хуралдаагүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй өнгөрсөн. 2016 оны 02 дугаар улиралд багшийн ёс зүйн асуудлаар дахин зөрчил гаргаж, оюутны мэдлэгийг мөнгөөр үнэлж дүн тавих асуудал илэрсэн. Төгсөх ангийн оюутнуудын өргөдөл, гомдлын мөрөөр сахилгын зөвлөл шуурхай хурал хийсэн бөгөөд багш оюутны мөнгө төгрөг өгсөн, авсан асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, гарсан шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах, тэр хүртэл энэ зөрчлөөр арга хэмжээ тооцохыг түдгэлзүүлэх гэсэн шийдвэр гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр удирдах зөвлөл энэ асуудлаар дахин хуралдсан. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрт Г.Энхбаяр багшийн мөнгөтэй холбоотой зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, дахин хэлэлцэхээр хойшлуулсан тул 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тээврийн прокурорын газраас ирүүлсэн 2882 тоот тогтоолын дагуу уг асуудлыг дахин хэлэлцэх, эцэслэн шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцсэн. Дээрх хуралд 2016-2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд багш Г.Энхбаярын ажилласан байдлыг сургалтын албаны хичээл зохицуулагч багш Г.Халиуны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгсөн тайлан болон 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ш-2 ангийн оюутнуудаас ирүүлсэн уг багштай холбоотой өргөдлөөр гаргасан зөрчил, гомдол мөн 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд Хүний нөөцийн менежер болон хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нарын хийсэн Тээврийн дээд сургуулийн нийт багш нарын ажлын үзүүлэлтийг оюутнуудаар дүгнүүлсэн түүвэр санал асуулгын дүн зэргийг үндэслэн Г.Энхбаярыг ажлаас халах шийдвэрт хүрсэн. Хурлын шийдвэр гарахын өмнө тус сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэн сахилгын зөрчлөөр багшийн ажлаас халагдах нь хүний нэр төртэй холбоотой асуудал бөгөөд дараа нь ажилд ороход сөрөг ихтэйгээс гадна багшид олгогдох санхүүгийн асуудалд хүндрэл гарах учир өөрийнх нь саналыг сонсоё гэхэд Г.Энхбаяр нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдая гэж хэлсэн. Өөрөө сахилгын зөвлөлийн хуралд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, өргөдлөө гаргаж, хуульд зааснаар тэтгэмж авсан. Бүх үйл баримтыг зөвшөөрсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид ямар нэг шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл гаргасан гэдэг нь тогтоогдоогүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн "өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрсөн" гэж дүгнэсэн нь "зүй бус нөлөөллийг" шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Тэгсэн хэрнээ ажлаас буруу халсан гэсэн нэхэмжлэгчийн үндэслэлээс өөр үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн санаачилгаар ажилтныг хуулийн дагуу ажлаас халж болохуйц үндэслэлийг маш их дурьдан үндэслэл болгосон байна. Хэрэв энэ үндэслэлээр ажлаас халсан бол ажилтны тал маргаан үүсгэж, баримтаар няцааж, мэтгэлцэх байсан. Жил гаруйн өмнө тэргүүний ажилтан байгаад Польш Улсад шагналаар явсан ажилтныг сүүлийн нэг жилийн дотор ямар ч сахилгын арга хэмжээ авагдаагүй байтал томилогдоод cap болоогүй шинэ захирлын өмнө "хамгийн муу хүн болгон хувиргаж, Г.Энхбаярын ажил, албан тушаалыг наймаа, тохиролцоо болгосон УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийн удирдлагын хууль зөрчсөн үйл ажиллагааг анхан шатны шүүх зөв гэж дүгнэсэн хуульд нийцэхгүй байна. Иймд дээр дурьдсан гомдол, гомдлын үндэслэлийг хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Энхбаярыг Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн өөрийнх нь өргөдөл, хувийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Г.Энхбаярын ажил олгогчид гаргасан өөрийнх нь өргөдөл, хувийн хүсэлт гэх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх ...өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрч хүсэлт гаргасан... гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй байхаас гадна хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэл болгоогүй асуудлаар буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийн талаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 зааснаар нэхэмжлэгч Г.Энхбаяр нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ