Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1327

 

 

***д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, О.Баяржаргал,           

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/881 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаар эсэргүүцлээр ***д холбогдох эрүүгийн 2302000000253 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

***, 1965 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, /PД: ***/,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 төгрөгөөр торгох ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж, дээрх оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 17,640,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн ба торгох ялыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эдэлж дууссан.

*** нь нийтийн албан тушаалтан буюу Сургалтын төрийн сангийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасан “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг Улсын Их Хурал тогтооно”, 8.10-д заасан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид улсын төсвөөс олгох сургалтын зээл нь хөнгөлөлттэй, эргэн төлөгдөнө”,

Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Сургалтын төрийн сангийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал нь Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу хуваарилах, зээлийг эргэн төлүүлж Сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх ...үйл ажиллагааг хариуцна”, 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан “Суралцагчид тэтгэлэг, зээл олгох, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн баталгааг бүрдүүлж, эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж,

***-ын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дэс дугаарт бичигдсэн “***” сургуульд суралцах эрх үүссэн өөрийн төрсөн хүү ***тэй 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г байгуулсан боловч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургууль болох “***” нэртэй сургуульд суралцуулсан, суралцах хугацаанд тус сангаас 32,000 ам.доллар буюу 91,178,880 төгрөгийн санхүүжилт олгож, ***т эдийн давуу байдлыг бий болгож их хэмжээний хохирол учруулсан,

мөн өөрийн төрсөн хүү ***ийг “***” сургуульд суралцаж байх хугацаанд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ний барьцаа болох *** бүртгэлийн дугаартай, *** тоот авто зогсоолыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 425 дугаартай “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг”-ээр барьцаалбарыг  хүчингүй болгож, түүнд эдийн бус давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч ***г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***г нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “***”-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт Нийслэлийн Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1425 дугаартай зөвшөөрлөөр шүүгдэгч ***гийн эзэмшлийн улсын бүртгэлийн *** дугаартай *** тоот хаягтай 700 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэсэн 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч ***гээс гаргуулж Авлигатай тэмцэх газар /РД:***/-т олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэлдээ: “Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг ноцтой хор уршиг учруулдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг оногдуулж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг хураан төсөвт төвлөрүүлснээр гэмт хэргийн хохирол, хор уршиг арилгаж, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд оршдог. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” нь нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим болоод эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Гэтэл шүүхээс шүүгдэгч ***д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” мөн хуулийн 1.3 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

Үүнээс гадна прокуророос ***г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож Боловсролын зээлийн санд их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдлаар шүүхэд шилжүүлсэн байтал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ***г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өндөр хөгжилтэй оронд суралцсан өндөр мэргэжилтэй залуучууд Монгол Улсын хөгжлийг авч явна. Тиймээс төрийн сангийн захирал байхдаа төрийн гаргасан шийдвэрийг 100 хувь дэмжиж ажилладаг байсан. Оюутнууд өндөр хөгжилтэй оронд суралцах эрхээ авсан байхад Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарснаар энэ асуудал шийдэгдэнэ. Миний хүүхэд тухайн үед 3 сургуулийн эрхийг авсан байсан. Сайдын тушаал нь тэр жилийн сургууль нь татгалзсанаас болж дараагийн сургуулийн урилга нь өмнө гарсан сургуулиас даруй 30-аар илүү буюу дэлхийн шилдэг 50 сургуульд багтсан сургууль байсан. Тухайн сайдын тушаал суралцах эрхийг нь үүсгэсэн гэж үзэж, хоёрдох сургууль буюу шилдэг 50 сургуульд багтсан сургуулиар нь гэрээ хийсэн. Үүндээ итгэл үнэмшилтэй байсан. Энэ асуудал хөндөгдөж яригдсаны дараа алдаатай зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн, үүндээ гэмшиж байна. Би насаараа боловсролын салбарт ажиллаж, удирдах албан тушаалд олон жил багшилсан. Энэ асуудал миний гэр бүлд гэмшлээс гадна их стресс, сэтгэл зүйн дарамт болж, эхнэр маань асаргааны харвалтын байдалтай байгаа. Би анхан шатны шүүх хуралдааны үед сэтгэл зүйн асуудалтай байсан тул эмчилгээ хийлгэж байсан. Шүүх хуралдааны дараа ходоод их өвдөж, аргагүйн эрхэнд 11 дүгээр сарын 04-ний өдөр ходоодоо дурандуулсан. Ходоодны ургацаг 4 дэх шатанд орсон тул яаралтай авхуулах ёстой гэж эмч хэлсэн. Энэ талаар баримтыг өнөөдөр гэрээсээ гарахдаа бичгийн цаас байхгүй байсан тул ноорог цаасан дээр хэвлэж авчирсан. Би тэтгэвэрт гарах үедээ ийм алдаатай зүйл хийснээ ухамсарлаж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, төрийг хохиролгүй болгосон. Миний хүүхэд тухайн үедээ суралцаад, өдөр алдалгүй эх орондоо ирж, 6 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үед өндөр хөгжилтэй оронд суралцсан оюутнуудын зээл, буцалтгүй тусламжийг төлүүлэх журам тодорхойгүй байсан. Би төрд үнэнч сэтгэлээр ажиллаж байсны хувьд миний хөдөлмөрийг төр тодорхой хэмжээгээр үнэлж, Монгол Улсын гавьяат багшид тодорхойлогдож байсан. Би ковидын цар тахлын үед буюу 2020 онд цахим хичээлийг өөрийн биеэр удирдан хийж, түүгээр Монгол Улс дэлхийн шилдэг 10 орны нэгээр шалгарч, үр дүнтэй ажилласан. Давж заалдах шатны шүүх миний ажиллаж байсан хүсэл эрмэлзэл, санамсаргүй алдаа гаргасан нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт, шүүгдэгч, гэрч, хохирогч, иргэний хариуцагч нарын мэдүүлгийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч *** өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан боловч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол хэрэгт авагдсан. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанаас өмнө энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 91.178.880 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, ***гийн хувийн байдал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч *** өмнө нь энэ гэмт хэргийн зүйл, ангиар ял шийтгэгдэж байсан гэх асуудал яригдаж байгаа боловч тухайн шүүхийн шийдвэр биелэгдэж, дуусгавар болсон талаар баримт хэрэгт авагдсан тул хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь : 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :       

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх ба тогтоох хэсэгт “шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох зөрүүтэй байдал үүсгэсэн” байх тул зөвтгөх боломжгүй.

Нийслэлийн прокурорын газраас : *** нь нийтийн албан тушаалтан буюу сургалтын төрийн сангийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү ***т эдийн давуу байдлыг бий болгож, төрийн санд их хэмжээний хохирол учруулсан,

мөн өөрийн төрсөн хүү ***ийн “төрийн сангийн зээлээр суралцах гэрээний хавсралт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ний барьцааг хууль бусаар хүчингүй болгуулсан гэх 2 удаагийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн /3хх-144-151/ байна.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч ***г гэм буруутайд тооцохдоо “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэж тогтоосон нь ***г түүний үйлдсэн бүх гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцоогүй байна.

Тодруулбал, шүүгдэгч *** нь сургалтын төрийн сангийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосноос гадна төрийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримтууд хэрэгт цугларч, бэхжигдсэн байтал анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцоогүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байх тул тус Эрүүгийн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй юм.     

2. Дээрх үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/881 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Иймд прокурорын давж заалдах журмаар гаргасан эсэргүүцлээс “шүүгдэгч ***г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцоогүй” гэх агуулга бүхий хэсгийг хангаж, харин шүүгдэгч ***д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй гэх агуулга бүхий хэсгийг хэлэлцээгүй орхисон болно. Учир нь, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэх тул урьдчилсан байдлаар ял шийтгэлийн асуудлыг дүгнэх боломжгүйг дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/881 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.      

2. Шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР