Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 513

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

хохирогч Ө.О

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ат  холбогдох эрүүгийн 1805019700497 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдох хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.А нь  2018 оны 4 дүгээр сарын 04-нд  Баянгол дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фламинго нэртэй бааранд  үйлчлүүлж байхдаа танилцан улмаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Парадокс төвийн хажуу талд байрлах Метро нэртэй караокед хамт үйлчлүүлж байхдаа иргэн Ө.Огийн I phone 6 загварын гар утсыг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 440.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв.  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохиролын 440.000 төгрөгийг  яг одоо бол төлөх боломжгүй байна. Хугацаа өгвөл төлөх боломжтой гэв.

 

Хохирогч Ө.О  шүүхийн хэлэлцүүлэгт: Миний утас ашиглах ямар ч боломжгүй болсон байсан учраас би утсаа таньдаг хүндээ зүгээр өгчихсөн. Одоо би утасныхаа 440.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ө.О мөрдөн байцаалтанд”...Би 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Flamingo нэртэй бааранд найз Отгонжаргалын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд би найз Отгонжаргалтай хамт босоод бүжиглэж байгаад Отгонжаргал нэг хүнтэй танилцсан тэгээд ширээнд хамт суусан юм. Тэгээд баарнаас гараад 02 цагийн орчимд гараад такси бариад явж байхдаа би цүнхнээсээ гар утсаа гаргах гэхэд алга болсон байсан. Тэгээд баар руу эргээд явъя гэхэд тэр танилцсан залуу буюу Ханат би тэр бааранд ажилладаг маргааш хяналтын камер шүүлгээд өгье одоо баар хаасан байгаа гээд яваагүй. Тэгээд би тасарсан байна лээ юу болсон хаагуур явсныг санахгүй байна. Тэгээд сэрэхэд хороололын эцэст буудалд найз Отгонжаргал танилцсан залуу Ханат бид нар байсан. Тэгээд Ханатаас найзыг нь асуухад тамхинд явсан гэж хэлж байснаа дараа нь асуухад ар гэрээс нь дуудаад явсан гэж хэлсэн...би утсаа хэдий хүлээн авсан боловч дахин ашиглах боломжгүй болсон эхлээд зүгээр ажиллаж байсан боловч плат нь эвдэрсэн тул би утсаа нэхэмжилж байна. Намайг утсаа хүлээн авахад дотор нь байсан бүх мэдээллийг устгасан байсан, хэвийн ажиллагаатай байсан ба утсаа алдсанаас хойш ямар нэг байдлаар гэмтээд одоо асах ч үгүй байна” /хх-ийн 13, 28/ гэх мэдүүлэг,  

 

Гэрч З.Отгонжаргал мөрдөн байцаалтанд ”Би 2018 оны  4 дүгээр сарын  04-ны  23 цагийн орчимд Баянгол дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Фламинго нэртэй бааранд найз Огийн хамт орж үйлчлүүлсэн тэгэхэд бид хоёрын сууж байсан ширээн дээр 2 эмэгтэй  хүн хамт суусан. Тэгээд хэсэг байж байгаад тэр хоёр эмэгтэйтэй хамт 1 эрэгтэй хүн суусан. Тэгээд хэсэг байж байгаад нөгөө гурав дээр дахиад нэг эрэгтэй ирж нэмж суусан. Тэгээд бид нар босож бүжиглэж байгаад  эргэж ширээндээ сууж байхдаа О өндөр залуутай буюу Ханат гэх залуутай танилцаад 10-15 минут юм ярьж суусан. Тэр мэтчилэн бид нар бааранд байж байхад нөгөө хоёр эмэгтэй яваад өгсөн. О 2 казак залуу бид нар ширээндээ үлдсэн тэгээд хэсэг байж байгаад 02 цаг өнгөрч байхад баарнаас гараад такси бариад караокед орох гэж явсан тэгээд таксин дотор явж байхдаа О гар утсаа хайгаад эхэлсэн. Тэгээд эргээд  орсон баарандаа очих гэхэд Ханат би тэр бааранд ажилладаг юм маргааш хяналтын камерыг нь шүүгээд олоод өгье гэж хэлэхээр нь бид нар баар руу оролгүй караокед орж нэг цаг дуулсан. Тэгээд тэндээсээ гараад буудалд очиход Ханатын найз А хэсэг хамт байж байгаад гараад явсан тэгээд иргэж орж ирээгүй. Тэгэхээр нь Аийг утас хулгайлаад явчихлаа гэж бодоод Ханатын утасны дугаарыг нь бичиж авсан юм” /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,     

 

Гэрч К.Ханат мөрдөн байцаалтанд ”Би 2018 оны  4 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг өнгөрөөд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Фламинго нэртэй бааранд найз Аийн хамт орж суусан. Тэгээд бүжиглэж байгаад  2 эмэгтэйтэй танилцсан юм. Тэгээд өөрсдийн ууж байсан пиво аваад  ширээн дээр нь очиж суусан. Тэгээд хамт байж байгаад 02 цагийн орчимд хамт баарнаас гарсан. Тэгээд хамт караокед орж 1 цаг дуулсан. Тэгээд тэндээсээ гарахад О буюу Ука нь миний утас алга байна гэж байсан. Тэгээд хорооллын эцэс орж буудалд орсон юм. Энэ хугацаанд О найз эмэгтэйтэйгээ би найз Атэй хамт явж байсан, буудалд орсны дараа О буюу Ука гар утсаа хайгаад эхэлсэн. Тэгэхэд манай найз А би тамхи татаад ирье гээд гэрч яваад тэр чигтээ явсан. Тэгэхээр нь би найз А руу залгаад чи Огийн гар утсыг авсан юм биш биз гэж асуухад би аваагүй гэж хэлж байсан. Тэгээд Огийн найз эмэгтэй Отгонжаргал бид нар буудалд хоносон юм. Тэгээд маргааш нь салахдаа би Од утасны дугаараа хэлж өгсөн” /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагч А.А мөрдөн байцаалтанд” 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр найз болох Ханатын хамтаар нэг газар орж сууя гэж ярилцаад гэрээсээ гараад 22 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Фламинго нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Дотор ороод би нэг сэнгүр Ханат гурван шил Сэнгүр аваад уусан. Тэгээд бүжиглэж байтал 20 орчим насны 2 охин бүжиглэж байхаар нь Ханат бид хоёр танилцаад тэр хоёр охины сууж байсан ширээн дээр очсон. Тэгсэн тэнд хоёр танихгүй ах сууж байснаа над руу муухай хараад байхаар нь босоод эргээд ширээндээ суусан тэгээд хэсэг байж байгаад баарнаас би гараад гадаа байгаа сандал дээр сууж байтал нөгөө хоёр охин ирснээ миний хажууд суусан. Тэгэхээр нь тэр хоёр охины нэг нь буюу арай гайгүй согтолттой ба Отгонжаргал гэх охиноос өөр газар орох уу гэж асуутал тэгье гэхээр нь Ханат бид хоёр охиныг дагуулаад Парадоскын тэнд байдаг Метро нэртэй караокед орж суусан сууж байтал Огийн утас нь сандал дээр байхаар нь би шууд аваад халаасандаа хийсэн. Тэгээд бид дөрөв хамт гараад тэр гурав буудалд орж хоносон би утас авсан байсан болохооор эхлээд хамт буудал руу орж байгаад мөнгийг нь төлчихөөд тамхи татаад ирье гээд хэлээд зугатаад явсан. Би утас хулгайлж аваад хоёр хоног гэртээ байлгаж байгаад Өргөө кинотеатрын гар утас засварын төвд өөрийнхөө утасны дэлгэцийг янзлуулаад оронд нь өгсөн. Тэгээд цагдаад баригдсаны дараа тэндээс аваад Од өгсөн”  /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 8/

 

Шүүгдэгч А.Аийн хувийн байдалтай холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 32/ зэргийн бичиг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар хийсэн шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.А 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн  19 дүгээр хорооны нутагт Парадокс төвийн хажуу талд байрлах Метро нэртэй караокед хамт үйлчлүүлж байхдаа Ө.Огийн I phone 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ө.Огийн”...баарнаас гараад 02 цагийн орчимд гараад такси бариад явж байхдаа би цүнхнээсээ гар утсаа гаргах гэхэд алга болсон байсан...”  \хх-ийн 13/, гэрч З.Отгонжаргалын”...таксин дотор явж байхдаа О гар утсаа хайгаад эхэлсэн...Ханатын найз А хэсэг хамт байж байгаад гараад явсан тэгээд эргэж орж ирээгүй...”/хх-ийн 14/,  гэрч К.Ханатын”...О буюу Ука нь миний утас алга байна гэж байсан...Энэ хугацаанд О найз эмэгтэйтэйгээ би найз Атэй хамт явж байсан...” \хх-ийн 15/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Огийн утас нь сандал дээр байхаар нь би шууд аваад халаасандаа хийсэн...”/хх-ийн 26/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

 

Прокуророос А.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч А.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас А.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Огаас”...гар утасны үнэлгээ болох 440.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүллээ.   

 

Ө.Огийн I phone 6 загварын гар утас нь Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар 440.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.  

 

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч А.А нь хохирогч Ө.Од  I phone 6

маркийн гар утсыг биет байдлаар хөндлөнгийн гэрчүүдтэйгээр хүлээлгэн өгч энэ тухай мөрдөн байцаагч тэмдэглэл үйлджээ. 

 

Хэдийгээр хохирогч Ө.О I phone 6 маркийн  гар утсаа биет байдлаар буцаан авсан гэх боловч утасны плат эвдэрсэн, дахин ашиглах боломжгүй болсон талаар мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Аээс  440.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Аийг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч А.А бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Мөн эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч А.Аийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, А.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов. 

 

Шүүгдэгч А.А  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч А.Ат  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. А.Ат  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хуулийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг А.Ат  анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар А.Ат  хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  А.А цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Аээс 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.Од олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ