Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 523

 

           

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль

хохирогчийн өмгөөлөгч З.Нандинцэцэг

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч М.Баасанбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Гд холбогдох эрүүгийн 1803002350180 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Г нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны оройн 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, модны 2-ын 66 дугаар байрны арын замд Тоёота Королла маркийн 27-24 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн 16.1-д заасан “5.30 тэмдэгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Х.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г: Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны 2-ын голын замаар өөрийн автомашинтайгаа  явж байхад замын  түгжрэл их байсан болохоор байрны дундуур явдаг замыг санаад товчилж явах санаатай баруун гар тийш эргэтэл Э гэдэг хүнийг тулаад зогссон. Тухайн үед би маш их сандарсан байсан. Хүүхэд рүүгээ яарч явсан юм. Би буугаад “яасан бэ? юу болсон бэ? гэхэд  Э гэдэг хүн маань “ би  чамтай яриад байх зүйл байхгүй, бичиг баримтаа өг” гэж хэлсэн. Замын нягтрал их байсан болохоор би их хурдтай яваагүй. Хохирогч миний машины копут болон газар унаагүй.  Би Э гэдэг хүнд бичиг баримтаа өгөөд араас нь яаралтай эмнэлэг рүү явсан. Тухайн үедээ би уучилаарай миний буруу хоёулаа эмнэлэг явах уу гэж асуусан. Явган хүний гарцан дээр санамсаргүй, гэнэтийн зүйл болсон. Би үүндээ маш их гэмшиж байгаа. Үүнээс хохирогчийн тархи толгой буюу нуруунд нь хүнд хохирол учруулах хэмжээний шүргэлцэл болоогүй гэж бодож байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 15 цаг 30 минутын үед гэртээ харихаар Баянгол дүүргийн нутаг Модны 2-ын дунд зам буюу 66 дугаар байрны хойд замын явган хүний гарцтай замаар хөндлөн гарах үед гэнэт баруун эргэж орж ирсэн саарал өнгийн Т.Королла маркийн автомашин намайг мөргөсөн. Би газар унаагүй ба миний баруун хөл өвдөг хэсэг рүү машин мөргөсөн. Би тэр машины копуд дээр нь унаж баруун хөл, гар, мөр нуруундаа бэртэл авсан. Би тэндээсээ өөрөө гэмтэл дээр очиж үзүүлсэн. Жолооч эмэгтэй гэмтлийн эмнэлэг дээр араас ирсэн. Бид хоёр эргээд ослын газраа очоод хэмжилт хийхэд нь оролцсон. Намайг мөргөсөн газрыг надаар заалгаж хэмжилт хийсэн. Би баруун хөлний өвдөг, тархины доргилт, нуруу, хүзүүний гэмтэл авсан. /хх-ийн 26/

Дахин байцаалтаар: Би 2018 оны 4 сарын 02-ны өдрөөс ажилдаа орсон. Баруун хөл зовиуртай байгаа. Хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэсэн. Эмчилгээнд надаас 2.114.750 төгрөг гараад байгаа...гомдолтой байна одоо гарсан болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Хамгийн түрүүнд эрүүл саруул болох шаардлагатай байгаа тул эмчилгээ хагалгаанд орно. Иймээс эмчилгээ хагалгааны мөнгийг буруутай жолоочоос гаргуулж өгнө үү. /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Б.МөнхГ мөрдөн байцаалтанд: Г бид хоёр гэр бүлийн баталгаатай. Г манай гэр бүлийн хүн байгаа юм. Г миний машиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. Миний машинд эвдрэл учраагүй. Гэмтсэн хүнийг би танина. Арван жилд хамт сурч байсан. Гэмтсэн хүний эмчилгээнд 500.000 төгрөг өгсөн. /хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Д.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд нөхрийн эзэмшлийн 27-24 УБА дугаартай Т.Королла маркийн автомашиныг жолоодоод ганцаараа Баянгол дүүргийн нутаг 4 дүгээр хорооллын 66 дугаар байрны арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад тухайн замд түгжрэл их байхаар нь хойшоогоо буюу баруун чиглэлтэй явж байгаад баруун гар тийшээгээ эргэж орохдоо зүүнээс баруун тийшээгээ зам хөндлөн гарч явсан нэг эрэгтэй хүнийг мөргөөд зогссон. Би 5-10 км цагийн хурдтай явсан. Тухайн хүн газар унаагүй. Би шууд аваарын гэрлээ асаагаад машинаасаа буугаад нөгөө хүн дээр явж очиход юу болсон яанаа эмнэлэг явах уу машинд суучих гэж хэлэхэд нөгөө хүн бичиг баримтаа өг чамтай юм ярихгүй гэхээр нь жолооны үнэмлэх, цахим үнэмлэх хоёроо өгсөн. Тухайн хүн одоо эмнэлэг явахгүй, би өөр тийшээгээ явж байна утасны дугаараа өг би эргээд залгана гэж хэлэхээр нь би хойноос нь очиж утасны дугаарыг нь авсан. Тухайн эрэгтэй хүн доголж явсан. Би машинаа хөдөлгөөд зам чөлөөлж тавьсан. 30-40 минутын дараа би нөгөө эрэгтэй хүн рүү утсаар залгахад гэмтлийн эмнэлэг явж байна гэхээр нь араас нь очсон.  Тухайн өдрөө гэмтсэн хүнтэйгээ хамт яваад хэмжилт хийлгэсэн. Би гэмтсэн хүний эмчилгээнд нийт 500.000 төгрөг зарцуулсан. Би хүүхдээ авах гээд явж байсан. Би 12 жил автомашинд жолоодож байна. Энэ хугацаанд осол гаргаж байгаагүй. Би тухайн хүний өвдөг хавьд зөөлөн мөргөсөн. Явган хүний гарц дээр мөргөсөн. /хх-ийн 70/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3286 дугаартай дүгнэлтэнд: Х.Э-н биед баруун өвдөгний чагтан холбоосны урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 50/ гэсэн дүгнэлт,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 53 дугаартай дүгнэлт: Автомашины тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн, холын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудын марк, хээний гүн, дугуйнуудын хэмжээс, хээ ижил байна. Хоёрдугаар дугуйнуудын хээний гүн, хэмжээс хэвийн дугуйнуудын марк, хээ өөр өөр байна. Автомашиныг БНСУ-д  үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ микро 20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч ашиглан үзлэг хийхэд хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг, бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ  нь хэвийн байна. Иймд тухайн автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Эвдрэл гэмтэл гэх зүйл байхгүй. Тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн гэх эвдрэл гэмтэл байхгүй. Уг машины бүх Г дохио бүрэн ажиллаж байна. Автомашины урд болон хойд хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна. Мөн тоормосны систем битүүмж алдагдаагүй, АВS систем хэвийн ажиллаж байсан.  /хх-ийн 58/ гэсэн дүгнэлт,

 

Мөрдөгчийн магадлагаа 74 дугаартай: Т.Королла маркийн 27-24 УБА улсын дугаартай автомашины жолооч Дашравдангийн Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т явган  хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 16.1-т 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Х.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. /хх-ийн 63/ гэсэн дүгнэлт,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13/, Г зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16/, хохиролын гэх баримтууд /хх-ийн 32-33/, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 60/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 82/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 74/, гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 76/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-79/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                  

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Г 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Модны 2-ын 66 дугаар байрны арын замд Тоёота Кролла маркийн 27-24 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 16.1-д заасан “5.30 тэмдэгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Х.Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Э-н”...Т.Королла маркийн автомашин намайг мөргөсөн...Би тэр машины копуд дээр нь унаж баруун хөл, гар, мөр нуруундаа бэртэл авсан...” /хх-ийн 28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3286 дугаартай дүгнэлт /хх-ийн 50/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 53 дугаартай дүгнэлт /хх-ийн 58/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 63/ гэсэн дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13/, Г зургийн үзүүлэлт /хх-ийн 14/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 60/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...тухайн замд түгжрэл их байхаар нь хойшоогоо буюу баруун гар тийшээгээ эргэж орохдоо зүүнээс баруун тийшээгээ зам хөндлөн гарч явсан нэг эрэгтэй хүнийг мөргөөд зогссон...” /хх-ийн 70/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч:

шүүгдэгч Д.Гийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбат ”хохирогч өмнө нь гэмтсэн байхыг үгүйсгэхгүй тул бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргалаа.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хохирогч Х.Э-н эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж байдлыг шинжээч  тогтоож уг гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэг эргэлзээгүйгээр дүгнэсэн байх ба хохирогч Х.Э өөр байдлаар биедээ гэмтэл авсан гэх байдал хэрэгт тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй юм. 

 

Хохирол төлбөрийн талаар хохирогч Х.Э-н эмчилгээний зардалд 560.000 төгрөг төлсөн баримтуудыг шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж энэ талаар талууд маргаагүй болно.

 

Хохирогчийн өмгөөлөгч З.Нандинцэцэг шүүх хуралдаан дээр “хохирогч Х.Э бол манай нөхөр, өөрөө эмч хүн байгаа юм.  Манай нөхөр Х.Э аавынхаа Сэтгэшгүй эмнэлэгт 15 хоногт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 825.000 төгрөг, Манал-Оточ эмнэлэгт мөн хэвтэж эмчлүүлсний 900.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний 8000 төгрөг, ЭМ БИ ЖИ МЕД эмнэлэгт үзүүлсний 30.000 төгрөг, Ази фарм эмийн сангаас эм тариа авсны 359.750 төгрөг буюу бодит зардалд нийтдээ 2.122.750 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Цаашид хийлгэх хагалгааны төлбөрт 10 сая төгрөг ЭМ БИ ЖИ МЕД эмнэлэгт заримыг нь хүнээс зээлж авч төлсөн байсан бөгөөд мөнгө зээлсэн хүн мөнгөө нэхсэн учир тус эмнэлэгт төлсөн 10 сая төгрөгийг буцааж авсан. Одоо бол цаашид гарах хагалгааны зардлыг л төлөөд өгчих гэж хүсэж байна” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт гаргалаа.

 

Хавтаст хэргийн 32-33б талуудад авагдсан баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан шүүх эмнэлэгт үзүүлсний 8000 төгрөг, ЭМ БИ ЖИ МЕД эмнэлэгт үзүүлсний 30.000 төгрөг, Ази фарм эмийн сангаас эм тариа авсны 359.750 төгрөг буюу нийт 397.750 төгрөгийг шүүгдэгч Д.Гээс гаргуулж хохирогч Х.Эд олгохоор шийдвэрлэв.

 

Харин  Манал-Оточ эмнэлэгт мөн хэвтэж эмчлүүлсний 900.000 төгрөгийн баримт нь хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тус эмнэлгийн өвчтөн илгээх хуудсанд бичигдсэн он сар цаг хугацааны хувьд зөрүүтэй байх бөгөөд эдгээрийг нотлох бусад баримт тухайлбал өвчний түүхийн хуулбар хэрэгт авагдаагүй байх тул энэхүү нэхэмжлэлийг эргэлзээтэй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Харин Сэтгэшгүй эмнэлэгт 15 хоногт хэвтэж эмчлүүлсэн гэх 825.000 төгрөгтэй холбогдох зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Гийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Д.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүхээс, шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Д.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж байна.