Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 537

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:  

Б-т  холбогдох 1805021940510 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

И.Б 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 52 дугаар байрны урд талд иргэн А.Зыг “найзуудтайгаа нийлж дээрэлхлээ” гэх шалтгаанаар эрүүн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч И.Бшүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогч А.Зын хохиролд  нийт 1.445.440 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.З мөрдөн байцаалтанд “2018 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 4 цагийн орчим би хамт ажилладаг Саранхүү, Ёсүгэн нарын хамт амралтаас ирээд 3-4 дүгээр хорооллын Парадоксийн автобусны урд талын буудал дээр буугаад гэртээ харих гээд алхаж байсан чинь урдаас зүс таних нэг нутгийн 5 залуу ирж байсан бөгөөд бид нар бие биенийгээ хараад мэндэлсэн. Манай нутгийн 5 залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд юунаас болсныг мэдэхгүй Тэлмэн гэх залуу над дээр ирээд ажлын найзууд чинь над руу томроод байна бид нар зодчих уу гэж хэлэхээр нь би болохгүй гэж хэлээд ажлын 2 залуугаа явуулаад харин нутгийнхаа Тэлмэн, Батзориг, Дорж нэрийг нь мэдэхгүй 2 залуугийн хамт 6-уулаа манай гэрийн зүг алхаж би орцныхоо үүд хэсэгт ирсэн чинь Тэлмэн, Дорж чи  нутгийнхаа хүмүүсийг өмөөрөхгүй ажлынхаа залуучуудыг өмөөрөн бид нараас салган явууллаа гэж над руу дайрч эхэлсэн чинь манай ах Ууганбаяр гэрийнхээ 3 давхрын цонхоор хөөё яагаад байгаа юм бэ гэж  хашгирсан. Тэгтэл нөгөө 5 залуу над руу чи бид нарыг ажлынхантайгаа нийлэн дээрэлхлээ гэсэн шалтгаанаар дайрсан. Би Доржтой харилцан заамдалцаж аван хажуу тийш тонгорч унагасан. Тэгтэл нөгөө 4 залуу тал тал тийш таран газраас юм хайгаад ална гээд хашгираад байсан. Тэгтэл Дорж газраас босон цааш явсан. Тэгтэл миний урд Батзориг цааш харан явж байхаар нь би араас нь татсан чинь эргэн харж миний зүүн талын эрүү хэсэг рүү нэг удаа цохисон...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1 дүгээр эмнэлэгт эрүүний хагалгаанд орсон. Түүний нийт зардал нь 657.000 төгрөг болсон одоогийн байдлаар эм тарианы мөнгөтэй нийлэн 1300000 орчим төгрөг гаргаад байгаа. Түүнийгээ нэхэмжилнэ.  /хх-ийн 11-12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Ууганбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө...манай салхивч онгорхой байсан болохоор хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би очоод харсан чинь манай дүү З 5 залуутай маргалдаад зогсож байхаар нь сандраад салхивчаар яагаад байгаа талаар асуухад дүү З агаа гараад ир гэхээр нь би шууд гэрээсээ гүйгээд гарсан...маргааныг сонсоход манай дүү З руу нөгөө залуу чи яагаад томроод байгаа юм бэ гээд дайраад байсан дүү З цагаан хувцас өмссөн жижиг биетэй залуу Зыг цохиод авах шиг болсон яг хаана болохыг мэдэхгүй байна. З нөгөө цагаан хувцастай заамдан татаад газар унагасан. З урагш нэг алхан цаана нь байсан залуугийн араас татсан чинь нөгөө залуу нь арагш хараад Зын нүүрэн тус газар нэг удаа цохичихсон би араас нь гүйн очин Зыг татаж аваад орц руу явахад нөгөө 5 залуу ална чулуу хаана байна гээд чулуу хайгаад гүйгээд байсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Дорж мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз Тэлмэнгийн төрсөн өдрийг тэмдэглэчихээд найз Батзориг, Тэлмэн, Насаа нарын хамт гэртээ харих гээд Парадоксийн буудал өнгөрөөд хөлсний машин барихаар явж байсан чинь өөдөөс  нутгийн залуу З жаахан согтуу хамт ажилладаг бололтой 4 залуугийн хамт 5-уулаа явж байснаа намайг хараад танин дуудахаар нь очоод мэндэлж юм яриад зогсож байсан чинь З миний хүзүүнээс чанга бариад доош даран чи их том болчихсон байна ах гэж дуудсангүй гэхээр нь би гаран доороос нь мултраад маргалдан зогсож байсан чинь миний нуруу руу Зын хамт явсан найз нь цохисон. Би уурлан нөгөө найз руу нь дайрсан чинь З дундуур орж ирж салгасан. Би ах Ганаа намайг хүүхдүүд дээрэлхээд байна гэж хэлэх гээд залгасан чинь З найзуудыгаа  хөлсний машинд суулган явуулсан. Тэгсэн чинь З  нь над руу чи яасан их том болчихсон юм бэ чи ахыгаа дуудаад яасан их болчихвоо гэх мэтээр доромжлоод байсан. Энэ үед миний хажууд Насаа байсан. Харин Батзориг, Тэлмэн нар цаанаа зогсож байсан. Дахин З над руу дайраад хашлага руу түлхэж унагасан. Би газраас босоод цааш яван өөрийн ах руугаа залгах санаатай маргаан болж байсан газраас 30 орчим метрийн зайнд очин зогсож дуудлага хийсэн чинь миний гар утас цэнэг дуусаад унтарсан. Би 3-4 минутын дараа эргэн маргаан болсон орцны үүүдэнд очсон чинь Зын ах нь Зыг тэвэрчихсэн орц руугаа орсон. Харин Батзоригийн фудболк урагдсан байсан. /хх-ийн 59/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Тэлмэн мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ...найзуудыгаа хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаад очсон чинь баахан залуучуудтай зогсож байхаар нь харсан чинь нутгийн залуу З согтуу ажлынхаа 3-4 залуугийн хамт манай найзуудтай зогсож байсан. Тэгтэл З намайг хараад мэндэлж гар барьснаа чиний төрсөн өдөр чинь болж байгаа юм уу гээд намайг цаашаа түр хүлээгээд сууж бай гээд арагш түлхсэн. З эргэж харангуутаа Доржийн шилэн хүзүүнээс нь базаж байгаад тонгойлгон доош дарсан. Тэгтэл хамт явж байсан  нэг залуу Доржийн нуруу хэсэг рүү  цохисон. Би гүйж очоод салган Зыг та яагаад байгаа юм бэ найзуудыгаа аваад яв гэж хэлсэн чинь миний араас нэг танихгүй залуу хоолой боохоор нь би арайхийн тавиулсан чинь З хамт явсан найзуудыгаа хөлсний машинд суулгаад явуулсан...Тэгтэл 2-3 давхрын цонхоор нэг хүн толгойгоо гаргаад Золоо гээд дуудсан чинь З агаа гараад ир гэж дуудан Доржийг саад руу түлхэн унагсан. Тэгтэл Батзориг гүйн очоод Золоо ахаа болиоч гэж хэлсэн чинь ахын дүү зүгээр гэж хэлэн бас мөрөн дээр нь гараа тавиад байрны дугаарыг нь санахгүй байна байрны голд байрлах гражны дундуур орсон. Би хойноос нь очих гэсэн чинь З, Тэлмэн ахын дүү наанаа сууж байгаарай гэж хэлэн машины зогсоолын хажуу хэсэгт суулгасан. Ямар ч байсан Батзоригийг газар дэгээдэж унагаасан. /хх-ийн 63/

 

Сэжигтнээр И.Б-н: 2018 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө би найзууд болох Тэлмэн, Дорж, Тэлмэнгийн найз танихгүй залуугийн хамт 4-үүлээ Тэлмэнгийн  төрсөн өдрийг тэмдэглэн пиво ууж байгаад 3 цагийн орчим баарнаас гаран гэр гэртээ харих зорилгоор алхсан. 3 дугаар хорооллын Парадоксын автобусны буудлын орчим нутгийн ах Зтай таарсан. Бид над руу уулзаад бие биетэйгээ мэндэлсэн З ах хамт ажилладаг гэх 3 найзынхаа хамт явж байсан бөгөөд хамт явж байсан нэг залуу нь бид нарыг ямар нэгэн шалтгаангүй хөөснөөс болон маргасан. Тэгтэл манай найз Дорж, З ах руу та найзуудыгаа өмөөрлөө нутгийнхаа дүү нарыг өмөөрсөнгүй гэж хэлсэн үүнээс болон маргаан гарч З ах Доржтой харилцан бие биенийгээ заамдан авсан Тэлмэн бид 2 бие биенийгээ цохихоос нь өмнө салгасан. Би Зын ахыг дагуулан гэрийнх нь зүг рүү явсан. Тэгтэл араас манай найз нар хүрч ирснээ ямар нэгэн юм хэлэхгүй зам руу явсан. Харин би З ахыг орцных нь үүд хэсэгт хүргэж өгсөн чинь З ахын ах нь гэх залуу гарч ирсэн бөгөөд ахыгаа харангуутаа З  намайг хажууд нь зогсож байхад Батзориг хаана байна гээд хашгираад байсан. Би энд байгаа гэж хэлэн З ах руу дөхөн очсон чинь над руу дайран намайг хавсран газар унаган нүүрэн тус газар руу 2 удаа өшиглөсөн. Энэ үед Тэлмэн ирээд намайг салган авсан. З, Тэлмэн рүү дайрсан чинь Тэлмэн газар хэвтэж байсан шилийг аван З руу дайрсан. Харин би Тэлмэнгийн дундуур орон салгах үед Зын нүүрэн тус газар руу цохисон. Надаас өөр Зыг цохисон хүн байхгүй. Зыг ах нь араас нь татаад орц руугаа аваад орсон...намайг цохихоор нь уурандаа нүүрэн тус газар руу нь нэг удаа гараараа цохисон. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4986 дугаартай: А.Зын биед эрүү яс зүүн  талын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор И.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 41/, өргөмжлөлийн хуулбарууд /хх-ийн 43-47/  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч И.Б 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 52 дугаар байрны урд талд А.Зыг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Зын”...эргэн харж миний зүүн талын эрүү хэсэг рүү нэг удаа цохисон...би 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1 дүгээр эмнэлэгт эрүүний хагалгаанд орсон...” /хх-ийн 11-12/, гэрч А.Ууганбаярын”...цагаан хувцас өмссөн жижиг биетэй залуу Зыг цохиод авах шиг болсон...”/хх-ийн 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4986 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/ хохиролын баримтууд /хх-ийн 23-27, 31, 33-34/ дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос И.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч И.Б-г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас И.Б-г  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгээс хохиролын баримтаар тогтоогдсон 1.445.440 төгрөгийг хохирогч А.Зын дансанд шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгийг гаргаж хэрэгт хавсаргуулсан тул шүүгдэгч И.Б-г   бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Түүнчлэн энэ хэргийн хохирогч А.З тус шүүхэд “миний зүгээс хохиролд 1.445.440 төгрөгийг авсан. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн бичгийн хүсэлтийг шүүхэд өөрийн биеэр авчирч өгсөн байна.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч И.Б-г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч И.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Эдгээр нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч И.Батзоригт торгуулийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

И.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдаж байна.