| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2017/03423/И |
| Дугаар | 210/МА2018/00302 |
| Огноо | 2018-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2018/00302
| 2018 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 210/МА2018/00302 |
Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03190 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Ганзоригт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 153 265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Байгалмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Ганзориг нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээлийн нөхцлөөр зээлж, зээлийн барьцаанд 27-05 УНМ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 8 406 803,87 төгрөг, зээлийн хүү 2 181 486,05 төгрөг нийт 10 588 289,92 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээ хугацаа 2014 оны 11 дүгээр 12-ны өдөр дууссан болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Мөн Ц.Үнэнтуяатай хамтран 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Toyota Estima маркийн УБЯ 98-88 улсын дугаартай суудлын автомашин тавьсан. Зээлдэгч үндсэн зээлд 4 305 457,10 төгрөг, зээлийн хүү 2 296 132,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 033,88 төгрөг, нийт 6 606 623,05 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Хаан банкнаас Ц.Үнэнтуяаг зээлийн төлбөр төлүүлэх талаар эрж хайсан боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсан учир Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 181/ШШ2017/01400 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Үнэнтуяаг эрэн сурвалжлуулсан. Энэ шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа хийгдээд Ц.Үнэнтуяаг хилээр гарсан, буцаж орж ирээгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Иймд Хаан банк ХХК хамтран хариуцагч Г.Ганзоригоос 2 зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Хариуцагчийн өөрийнх нь дангаар авсан зээлийн гэрээний дагуу үлдэгдэл үндсэн зээл нь 3 593 196 төгрөг, зээлийн хүү 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2 263 022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415 433 төгрөг нийт 6 271 651 төгрөгийг Г.Ганзоригоос гаргуулахаар нэхэмжилж байна. Түүнчлэн Ц.Үнэнтуяатай хамтран авсан 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдэд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь гэрээний төлбөрийг шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу нэхэмжилж байна. Мөн барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт зээлийн төлбөрийг зээлдэгч болон хамтран гүйцэтгэгч нар хэн аль нь хүлээхээр үүрэг хүлээсэн байгаа. Зээлийн гэрээнд Г.Ганзориг хамтран зээлдэгчээр оролцон гарын үсэг зурсан. Энэ зээлийн төлбөрт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг төлөгдсөн байх тул үүнийг үндсэн зээлээс нь хасч 4 694 543 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 606 165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 580 906 төгрөг нийт 8 881 614 төгрөг болж байна. Иймд Г.Ганзоригоос дангаараа авсан зээл болон Ц.Үнэнтуяатай хамтарч авсан зээлийн төлбөрт нийт 15 153 265 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч О.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Ганзориг нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөг өөрийн нэр дээр зээлж авсан ба 6 271 651 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Г.Ганзориг нь Хаан банк ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, Ланд 200 маркийн авто машин барьцаалж зээл авсан. Нийт зээл авсан төлбөрөөс 8 406 803 87 төгрөгийг төлсөн. Зээлийн хүүд 2 181 486 05 төгрөг нийт 10 588 289 92 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс хойш компанийн үйл ажиллагаа хэвийн бус байснаас үүдэн зарим төлбөрийг төлөөгүй байна. Гэрээнд зааснаар гэрээний хугацаа 24 сар байсан бөгөөд хугацаа дууссан. Хаан банк ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэл гаргаж үндсэн зээлийн төлбөр 3 593 196 төгрөг, зээлийн хүү 2 263 022 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 415 433 төгрөг, нийт 6 271 651 төгрөгийг нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээ хийгдсэн боловч зээлийн гэрээний хугацаа 2 жилийн дараа 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байна. Гэрээ дууссанаас хойш гэрээг сунгах талаар банк болон Г.Ганзориг аль аль тал нь санал тавиагүй. Иймд гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй байгаа учир нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтэрсэний зээлийн хүүгийн төлбөрийг хасч шийдвэрлүүлж өгнө үү. 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөгийг Ц.Үнэнтуяа болон Өмнөговь аймаг Ханбогд сумын Хаан банкны салбарынхан гуйсны дагуу хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан болно. Иймд энэ мөнгийг зээлж авсан Ц.Үнэнтуяагаас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Ц.Үнэнтуяа болон зээлдүүлэгч нар гэрээгээ сунгасан зүйл байхгүй байдаг. Иймд зээлийн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл байхгүй. Ц.Үнэнтуяатай хамтран авсан зээл дээр Г.Ганзориг 5 удаагийн төлбөрийг төлж байсан байна. Ц.Үнэнтуяаг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гарсан боловч Солонгос улс руу явсан үгүй нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөгийг Ц.Үнэнтуяагийн эгч гэх хүн өгсөн гэж байгаагч Ц.Үнэнтуяа өөрөө төлсөн байж магадгүй. Ц.Үнэнтуяа өөрөө мөнгөө төлж байгаа учир Ц.Үнэнтуяагийн авсан мөнгийг Г.Ганзоригоос нэхэмжлэх үндэслэлгүй. Тухайн үед банкны ажилтны гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Иймд Ц.Үнэнтуяагийн авсан зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Харчин овогт Ганболдын Ганзоригоос 15 153 265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 716 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 233 716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа давж заалдах гомдолдоо:
... Г.Ганзориг нь Хаан банкнаас 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд 27-05 УНМ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг барьцаанд тавьсан. Г.Ганзориг үндсэн зээлийн төлбөрт 8 406 803 87 төгрөг, зээлийн хүүд 2 181 486 05 төгрөг, нийт 10 588 289 92 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 2017 оны 10 дугаар сарын 10-ны бдбр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн. Мөн Ц.Үнэнтуяа гэдэг хүнийг авсан зээлийг үндэслэлгүйгээр өсгөж, Г.Ганзоригоор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг зөвтгөж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.
Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Г.Ганзоригт холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3 593 196 төгрөг, хүү 2 263 022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415 433 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 4 694 543 төгрөг, хүү 3 606 165 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 580 906 төгрөг, нийт 16 153 265 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6 271 651 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 111 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, 12 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, мөн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 699 дугаар зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Г.Ганзориг, иргэн Ц.Үнэнтуяа нарт 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй тус тус зээлүүлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 8-9, 13-14 тал/
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Г.Ганзоригоос Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул нэхэмжлэгч Хаан банк ХХК нь Ц.Үнэнтуяатай хамтран байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.Ганзоригоос шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаар, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 699 дугаар зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч Г.Ганзориг нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа ... иргэн Ц.Үнэнтуяатай хамтран байгуулсан зээлийг өөрөө аваагүй, банкны ажилтны гуйлтаар гарын үсэг зурсан, Ц.Үнэнтуяа Монголд байж магадгүй, өөрөө зээлээ төлж байгаа гэсэн тайлбар гаргаж байгаа боловч хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч Хаан банк ХХК үүрэг гүйцэтгэгчээр Г.Ганзоригоос гэрээний үүргийг шаардсан, Ц.Үнэнтуяа Монголд байгаа болон өөрөө зээлээ төлж байгаа байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг байдлыг нотолсон баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй болно.
Хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01400 дугаар шийдвэр авагдсан байх бөгөөд уг шийдвэрийн дагуу иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Үнэнтуяаг эрэн сурвалжилж, түүнийг Бүгд Найрамдах Солонгос улс руу хилээр гараад буцаж орж ирээгүй болохыг тогтоосон байна. /хх-ийн 32-33 тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгч Ц.Үнэнтуяа 1 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 40 тал/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлдэгч Ц.Үнэнтуяагийн төлсөн 1 000 000 төгрөгийг хасч үлдэх 15 153 365 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03190 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 716 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО