Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 115/ШШ2026/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ИТХ ХХК, регистрийн дугаар: ....

Хариуцагч: Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагч Э.О нарын хоорондын хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, хариуцагч Э.О, шинжээч Б.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. ИТХ ХХК нь Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагч Э.От холбогдуулан Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагчийн 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 1 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ИТХ ХХК-д 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 2 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учруулсан хохирол болох 599,570,940 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

2.2. дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг ИТХ ХХК нь, Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагч Э.От холбогдуулан гаргасан ба тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 115/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагчийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 2 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.3. Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас дахин шинжээч томилон, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 1 дугаартай шийтгэл хуудсаар ИТХ ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэж зааснаар 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учруулсан хохирол болох 223,288,488 төгрөг төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ.

2.4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Байгаль орчны газрын ... байцаагчийн 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 1 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Усны нөөцөд учруулсан хохирлыг дахин шинжилгээ хийсэн шинжээчийн 16/2026 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 115/ШЗ2026/0120 дугаар захирамжаар гомдлын 1 дэх шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн, 2 дахь шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. ИТХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э шүүхэд гаргасан гомдолдоо:

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 115/ШШ2026/0003 шийдвэрээр хариуцагч Дорноговь аймгийн Байгал орчны газрын эрх бүхий албан тушаалтан Э.Оийн гаргасан 0048731 дугаар бүхий шийтгэлийн хуудасны биелэлтийг 2 сарын хугацаагаap түдгэлзүүлж, хэргийн нөхцөл байдлыг хуулийн дагуу дахин тодруулан, дахин шинэ акт гаргах боломжийг хариуцагчид олгосон.

            Гэвч хариуцагч Э.О шүүхээс олгосон хугацаанд хууль зөрчсөн алдаагаа засаж, хэргийг бодитойгоор хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй төдийгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг дахин ноцтойгоор зөрчсөн үйлдлүүдийг гаргасаар байна.

            Иймд шинээр гаргасан гэх 16/2026 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэлгүйгээр, 223,288,488 төгрөгийн төлбөр болон 5,000,000 төгрөгийн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

            А. Шинжээч томилж дүгнэлт гаргахдаа оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн болон хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтын тухай:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд хуульд заасан  үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэх ба үүнд шинжээчийн дүгнэлт хамаарагдана. Хууль бус арга, хэрэгслээр нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхийг хориглох талаар заасан.

Хариуцагч Э.О нь шинээр шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа явуулахдаа дараах байдлаар процессын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн байна. Үүнд:1. Хариуцагч Э.О нь 2026 оны 06 сарын 10-ны өдөр манай компаний цахим шуудан руу “Сайн байна уу? Шинжээч томилсон тогтоол хүргүүллээ, танилцаад гарын үсэг зураад буцаагаад илгээнэ үү” гэсэн утга бүхий и-мэйл ирүүлсэн боловч тухайн цахим захидалдаа шинжээч томилсон тогтоолыг хавсаргалгүй, ямар ч бичиг баримтгүй хоосон файл илгээсэн байсан. 2. Шинжээч томилсон тогтоол нь ирээгүй талаар манай компани буцаан 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нь хариуцагчид цахим шуудангаар нь мэдэгдсэн боловч тэрээр ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй. 3. Үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э.О нь шинжээч томилсон тогтоолыг манай компаний цахим шуудангаар ирүүлсэн. 4. Шинжээч томилсон тогтоолтой танилцаад буцаан 2026 оны 06 сарын 15-ны өдрөө хариуцагч Э.Оийн цахим шуудан руу “Биднийг шинжээчид асуулт тавих эрхээр хангаж өгнө үү" гэсэн утга бүхий и-мэйлийг илгээсэн боловч бидэнд ямар ч хариу ирүүлээгүй ба биднийг хууль ёсны эрхээ эдлэх боломж олгоогүй. 5. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2026 оны 06 сарын 18-ны өдөр хариуцагч Э.О нь дахин манай компаний цахим шуудан руу шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас гэх 2 хуудас материалыг илгээсэн. 6. Шинжээчийн дүгнэлт гэх материал нь 2026 оны 06 сарын 15-ны өдрөөр огноолсон байсан ба бидэнд цахим шуудангаар тогтоолыг танилцуулахаар ирүүлсэн өдөр буюу 2026 оны 06 дугар сарын 15-ны өдөр аль хэдийн бэлэн болоод гарчихсан байсан байна.

Хариуцагч Э.О нь ИТХ ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид: Шинжээч томилсон тогтоолтой танилцах, шинжээчээс татгалзах, шинжээчид асуулт тавих, нэмэлт тайлбар болон нотлох баримт гаргаж өгөх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохгүйгээр бидний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээс өмнө нь Усны газрын гаргасан шинжээчийн дүгнэлтийг “хуульд нийцээгүй, ноцтой зөрчилтэй” болохыг тогтоож, алдаагаа засах 2 сарын хугацаа олгосон атал эрх бүхий албан тушаалтан Э.О нь дахин шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, өмнөх хууль бус ажиллагаагаа дахин давтаж хуулийг зөрчсөөр байна.

Б. Шинжээчийн хараат бус байдал алдагдсан болон эрх хэмжээгээ хэтрүүлсэн тухай: 1. Усны газрын өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлт нь маргаан дагуулж, шүүхээс дахин өөр шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байхад урьд нь хоёр ч удаа дүгнэлт гаргахад оролцож байсан Усны газрын яг ижил албан тушаалтнуудаар буюу өмнөх дүгнэлт гаргасан Х.Мөнхцэцэгтэй нэг хэлтэс буюу Усны нөөцийн менежмент, төлөвлөлтийн хэлтсийн ажилтнуудаар дахин дүгнэлт гаргуулсан байна.Энэ нь шинжээчид хараат бусаар, хөндлөнгийн байр сууринаас бодитой дүгнэлт гаргасан гэхэд илэрхий эргэлзээ төрүүлж байна. 2. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хохирлын хэмжээг тооцоолохоос гадна “уг төгрөгийг ... Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр Байгал орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай” гэсэн заалтыг тусгажээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулиар шинжээч нь зөвхөн өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд шинжээчид “захирамжлах тушаах” хэн нэгэнд “шаардлага тавих”, түүнчлэн мөнгө төвлөрүүлэхийг “даалгах” бүрэн эрх, эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. Гэтэл шинжээч Б.М, П.Э, Н.Ц нар нь өөрсдөө дур мэдэн хууль хэрэглэж, төлбөрийг хэнээс гаргуулах, ямар санд төвлөрүүлж хэрхэн шийдвэрлэх талаар эрх зүйн шинжтэй дүгнэлт гаргасан байна. Энэ нь шинжээчийн бүрэн эрхийн хүрээнээс хальж, өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн захиргааны болон Шүүхийн эрх хэмжээнд халдсан хууль бус үйлдэл юм. Эндээс үзвэл хариуцагч Э.Оийн өөрийнх нь нэр зааж томилсон Усны газрын шинжээчид нь хараат бус байж чадаагүй, хэт нэг талыг барьж хариуцагч Э.Оийн өмнөөс урьдчилан шийдвэр гаргаж, ашиг сонирхлыг зөрчилтэй оролцсон нь нотлогдож байна.

В. Анхан шатны шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, шүүх эрх мэдэлд халдсан тухай: Анхан шатны шүүхийн шийдвэрт “... хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” зэргээр шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй бөгөөд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзлээ” гэсэн байдаг.

Гэтэл шинжээчид нь дүгнэлтдээ Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 115/ШШ2026/0003 дугаартай шийдвэрт “... гомдлын шаардлагын үндэслэлд Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагч Э.О нь Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ... хяналт шалгалтын явцад ИТХ ХХК-ийн “ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл авалгүй усыг ашигласан” зөрчлийг илрүүлсэн болох нь 2025 оны 07 сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байна” гэж Анхан шатны шүүх дүгнэсэн мэтээр шүүхийн шийдвэрийн үзэл санааг илт мушгин гуйвуулж, шүүхийн өмнөөс өөрсдөө дүгнэлт хийж, шүүхийн эрх мэдэлд ноцтойгоор халдсан байна.

Г. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй талаар: Хариуцагч Э.О нь манай компанийг “Усыг зөвшөөрөлгүй ашигласан” гэж буруутгаж байгаа нь бодит үнэнд огт нийцэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах” үндсэн зарчимтай. Манай ИТХ ХХК нь Төрийн хууль ёсны төлөөлөл болох сумын Засаг даргатай “Ус ашиглах” тухай албан ёсны гэрээ байгуулж, уг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр ус ашигласан ба түүнд заасан нөхцөл, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд сумын орлогч дарга болон орон нутгийн байгаль орчны байцаагч нар сар бүр уурхайн усны тоолуурын заалтыг биечлэн шалгаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байсан болно.

Сумын Засаг даргатай байгуулсан гэрээг хууль зөрчсөн, эрх хэмжээ хэтрүүлсэн гэж зөвхөн манай компанийг буруутган хариуцлага үүрүүлэхээр оролдож байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна. Учир нь Төрийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хяналт шалгалтаа зохих ёсоор хэрэгжүүлээгүй, эрх бүхий албан тушаалтнууд ажилдаа хариуцлагагүй, хойрго, хайнга хандсаны илрэл юм.

Төрийн байгууллага, албан тушаалтнуудын өөрсдийнх нь гаргасан хяналт шалгалтын дутагдал, хариуцлагагүй, хайнга ажиллагааны улмаас үүссэн сөрөг үр дагаврыг болон сумын Засаг даргын өөрөө бүрэн эрх хэмжээний хүрээнд манай компанитай гэрээ байгуулж Ус ашиглах зөвшөөрөл олгосныг эрх бүхий албан тушаалтнууд нь хяналт шалгалтаа тавиагүйн буруугаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид шууд халдаан буруутгаж, нөхөн төлбөр нэхэмжилж байгаа нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй. Төрийн байгууллагын дотоод уялдаа холбоогүй байдал болон албан тушаалтнуудын ажилдаа хайнга хандсан алдааг иргэн, хуулийн этгээд хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Төрийн ямар албан тушаалтан хяналт тавих үүрэгтэй байсан болон, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зохих үнэлгээ дүгнэлт огт хийгдээгүй байна.

Сумын засаг даргын байгуулсан “Ус ашиглах гэрээ”-ний эрх зүйн үр дагавар, түүний хүлээх хариуцлагыг эцэслэн шийдвэрлээгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байж манай компанийг шууд “зөвшөөрөлгүй ус ашигласан” гэж үзэж үүндээ үндэслэн хариуцагч Э.О нь манай компанийг буруутгасан шинжээчийн дүгнэлт гарах хүртэл шинжээч томилсон тогтоолоо бидэнд танилцуулахгүйгээр нууцалж, оролцогчдод мэдэгдэлгүйгээр Усны газраар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж, хохирол тооцож, шийтгэвэр оногдуулж байгаа үйлдэл нь албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм.

Иймд Дорноговь аймгийн Байгал орчны газрын Эрх бүхий албан тушаалтан Э.Оийн 2026 оны ... сарын ...-ны өдрийн 1 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд 223,288,488 төгрөгийн нөхөн төлбөрийг болон 5,000,000 төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь зөвхөн мөнгөн дүн их байна гэдэгтээ биш энэ мөнгөн дүнг бий болгосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шинжээч томилсон ажиллагаа, шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, усны бодит хэрэглээг тогтоосон арга, хохирол тооцсон томьёо, 3 дахин нэмэгдүүлэн тооцсон үндэслэл нь хуульд нийцсэн эсэх дээр голлон маргаж байгаа.

Өмнөх шинжээчийн дүгнэлтийг гаргасан Мөнхцэцэг гэж хүнтэй дараагийнх нь дүгнэлтийг гаргасан Мэндбаяр, Энхбаяр нар нь 304 тоот өрөөнд цуг сууцгаадаг хүмүүс байна. Яг нэг өрөөнд суудаг хүмүүс дүгнэлт гаргасан байна. Тэгэхээр үүнийг миний хувьд үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Шинжээчийг татгалзан гаргах эрхийг хангаагүй. Тэгэхээр энэ нь өмнөх шүүхийн шийдвэрийн зорилгыг биелүүлээгүй үндэслэл болж байна. Өмнө нь шинжээчээр нь гарын үсэг зуруулаагүй, шинжээчид хууль сануулаагүй бол энэ удаагийнх дээр оролцогчдоо шинжээч томилсон тогтоолоо танилцуулаагүй, эрхээр нь хангаагүй.

Шинжээчийн дүгнэлтүүдээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрийн хүртэл манайх яг хэдэн метр куб ус ашиглах ёстой байсан юм. Тэрнээс хэдийг ашиглачхаад байгаа юм. Энэ хоёрын хооронд хэдэн метр куб усны зөрөө байгаа гэдгийг огт тооцоолж гаргадаггүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд усны нөөцөд учруулсан хохирлыг тооцож гаргаад 3 дахин үржүүлнэ гэдэг ийм нэг хуулийн заалтыг барьчихдаг. Тэгээд энэ шинжээчийн дүгнэлт дээр нь нийт тоолуурын заалтууд нь нийлээд  18,626 байна гээд үүнийгээ нэг томьёонд орлуулж тавиад бодчихсон. Шинжээчийн асуулт дээр нь Их түмэн хүрд ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд усыг зөвшөөрөлгүй ашигласан эсэх гээд асуусан. Тэгэнгүүт шинжээчийнхээ дүгнэлт дээр энэ тоолуурын заалтаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 012491 заалттай байсан тоолуурын заалт нь 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 017147 заалттай болж нийт зөрөө 4,656 байна гэсэн. Гэтэл дүгнэлт дээр манай усны тооцоог 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бодож оруулаад манай ашигласан усыг гаргачихсан байна.

2 дугаарт нь өмнөх шүүхийн асуудал дээр яригдаж байсан. Энэ ундны ус болон шүүрлийн ус 2 чинь өөрөө, хохирлын тооцоо бодох аргачлал дээр шүүрлийн ус гэдгийг бодох тусгай томьёотой. Түрүүчийн хурал дээр Q үсэгтэй жижиг ш үсэг оруулж ирээд  ундны усны ахуйн хэрэглээний усан дээр шүүрлийн усыг нэмээд бодчихсон. Тэгээд үүнийгээ томьёо дээр орлуулж тавиад үүнийг 3 дахин үржүүлнэ гээд бодчихсон. Энэ аргачлал бодсон томьёо дээр 3-аар үржүүлсэн ямар ч томьёо байдаггүй. Үүнийг шинжээч энэ томьёо дээр өөрөө үг үсэг өгүүлбэр нэмээд энэ томьёог гаргаж ирнэ гэж байхгүй. Үүнийг бодоод гаргаад ирснийхээ дараагаар энийг 3 дахин нэмэгдүүлнэ гэж байхаас энэ дээр 3 тоо нэмж тавьж байгаад томьёог өөрөө зохиогоод тавьчихсан. Усны газраас ирсэн баримт дээр 2.4.5 аргачлалаар бодсон гэж байх шиг байна. 2.4.5-т заасан аргачлалд нь энэ томьёо байхгүй. Усны нөөцөд учирсан хохирлыг гадаргын ус газар доорх ус гэсэн 2 ангиллаар боддог. Гадаргын ус гэдэг нь нуур, цөөрөм, рашаан, булаг гээд явчхаж байгаа. Газар доорх ус гэдэг нь манай цооног, худаг зэргээс авч байгаа ус юм. Энэ хохирол тооцох 21 томьёо дотроос энэ томьёо  ямар томьёо вэ гэхээр усны нөөцийг зөвшөөрөлгүй, эсвэл хэтрүүлэн ашигласан, хомсдуулсан, зориудаар хуурайшуулснаас учирсан хохирол энэ томьёо 2.11 гадаргын усны нөөцөд учирсан хохирлыг бодож байгаа томьёо байна.

       Компани энэ хугацаанд хэдэн метр куб ус ашиглах юм байна, одоо тэдийг ашиглачихсан юм байна усны нөөцөд төдий хохирол учруулчихсан юм байна гэж огт гаргаж ирдэггүй. Зүгээр томьёонд тоонууд орлуулж тавиад төд, тэгээд тэрийгээ 3 үржүүлсэн. Гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т усны нөөцөд учирсан хохирлыг тооцож гаргаад үүнийгээ 3 дахин үржүүлнэ гэж байгаа. Тэгвэл усны нөөц гэж юу юм бэ? Усны нөөц гэдэг чинь газар доорх байгаа усны үеийн давхарга доошилчихсон бүүр ширгэчихсэн, тэр хавийн орчин газар нь бүр хатаад намагжсан, тэрийг нь сэргээх тооны ус хэрэглэх шаардлагатай гэсэн томьёонд орлуулж тавиад бодоод байдаг. Тэгээд усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлсноор түүний шалтгаан нөхцөл байдал, үр дагаврыг тогтоох, тэдгээрийг арилгах, усны сан бүхий газрын зөрчил гаргахаас өмнө хэвийн байдал буюу ажиглалтаар тогтоосон үзүүлэлт хүртэл нөхөн сэргээх, цэвэршүүлэх, хохирлын үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг төлүүлэхийн тулд гараад байгаа хохирлыг 3 дахиж үржүүлээд байгаа.

       Тэгэхээр манай усны нөөц багадаагүй. Би сая шүүхэд  Усны газрын ус ашиглах боломжит нөөцийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтийг өгсөн. Энэ дүгнэлт дээрээ 3 ширхэг өрөмдмөл худаг дээр шүүрлийн уснаас хангахад усны ашиглах боломж нөөцийн хэмжээ хүрэлцээтэй байна. Ус ашиглуулах дүгнэлт дээр мөн ус ашиглах худгийн усны нөөц хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байна, боломжит нөөцийн хэмжээ хүрэлцээтэй байна гэсэн дүгнэлтүүдээ 2025 онд Усны газар нь өөрөө гаргачихсан. Энэ худгийн усны нөөц багасаагүй.

Энэ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ус ашиглах гэрээг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаар ус ашиглуулах дүгнэлтийг үндэслээд байгуулсан. Ямар ч дүгнэлт, зөвшөөрөл авахгүй байж байгаад гэрээ байгуулчихсан юм шиг яриад байна. 10 дугаар сарын 02-ны өдрийн ус ашиглах дүгнэлтийг үндэслэж гэрээ байгуулж байгаа.

Тэгээд энэ бүхэл бүтэн төрийн албан хаагчид өнөөдөр ийм шинжээчийн дүгнэлт гаргаад үүнийхээ учрыг тайлбарлахгүйгээр яриад зогсож байгаа нь харамсалтай байна. Байгаль орчны тухай хуульдаа зөвшөөрөлгүй ус ашигласан бол гэж үг байхгүй. Нөөцөд учирсан бол гэдэг үг байгаа, нөөцөд учирснаа тогтоогоогүй. Усны газраас нь нөөц нь хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байна гээд байхад нөөцөд хохирол учруулаагүй байхад 200,000,000 төгрөг төлөх боломжгүй юм гэж үзэж байна гэв.

 

3.3. Хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагч Э.О шүүхэд гаргасан тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтны хувьд 115/ШШ2026/0003 дугаартай Шүүхийн шийдвэрийн хүрээнд уг шийдвэрийн үндэслэх хэсгийн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай" гэсний дагуу зөрчил шалгах шийдвэрлэх тодорхой нэмэлт ажиллагаа явуулж ИТХ ХХК-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтаар 5,000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шинжээчийн дүгнэлтээр гарсан усны нөөцөд учруулсан хохирол болох 223,288,488 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулах шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 2026 оны 05 дугаар сарын 30-ний 3 дугаар тушаал, Дорноговь аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 02-ний А/437 дугаар захирамжийн хавсралтаар баталсан удирдамжийн дагуу 2026 оны 05 дугаар сарын 30-ний өдөр болон 2026 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд сумдад албан томилолтоор ажилласан. Албан томилолтоор ажиллаж байх хугацаандаа буюу 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шинжээч томилсон тогтоолыг танилцуулан гарын үсэг зуруулах зорилгоор и-мэйл хаягаар нь ИТХ ХХК-д хүргүүлэхдээ хавсаргах файлаа дутуу илгээсэн байсныг мэдэгдэж тус компани хариу и-мэйл илгээснийг /өглөө хөдөө яваад орой л суурин газар ирж хонож байсан маш шахуу хугацаатай ажлын ачааллаас үүдэн/ 2026 оны оны 06 дугаар сарын 15-ны орой сүлжээтэй газар очоод мэдэж шинжээч томилсон тогтоолыг илгээсэн “Их түмэн хурд” ХХК-иас 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “И-мэйл хүлээн авлаа. Биднийг шинжээчид асуулт тавих эрхээр хангаж өгнө үү” гэсэн хариу и-мэйл ирүүлсэн ба уг и-мэйлийг миний бие ажлын ачаалал ихтэй байсан учраас 2026 оны 06 дугаар сарын 18-ний өдөр үзсэн ба тухайн өдөр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрхийг бүхэлд нь илгээж та бүхэн шинжээчид асуулт тавих гэж байгаа бол Шинжээч томилогдсон тогтоол дээр томилогдсон шинжээчдийн мэдээлэл байгаа учир 265556 дугаарын утсаар холбоо барих болон биечлэн уулзаж асуултаа асууна уу.” гэсэн хариу и-мэйл илгээсэн.

Усны газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 18-ны 01/430 дугаар албан бичгээр манай байгууллагын ERP системд ирсэн ба миний бие 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шинжээчдийн дүгнэлт гарсныг мэдээгүй, мэдэх боломж ч үгүй юм. Уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тухайн өдрөө шийтгэлийн хуудас бичиж ИТХ ХХК-ийн и-мэйл хаягаар хүргүүлсэн. ИТХ ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан болохоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг шийдвэрлээгүй байтал уг хуульд заасан эрх эдлүүлээгүй гэсэн нь ямар ч үндэслэлгүй юм.

            Усны тухай хуулийн 16 дугаар зүйлд Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага усны асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан өгсөн ба уг хуулийн 161.4.7-д "усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох; гэж тусгасан байдаг. Иймээс 2026 оны 05 дугаар сарын 15-ны 273 дугаартай албан бичгээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг Усны газарт хүргүүлэхэд Усны газраас 2026 оны 05 дугаар сарын 27-ны 01/375 дугаартай албан бичгээр Б.М, Б.Э, Н.Ц нарыг Шинжээчээр томилсон хариуг ирүүлсэн ба эрх бүхий албан тушаалтан нэр зааж өөрөө шинжээчийг томилдоггүй болно.

Усны тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.6.-д "Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ.", мөн 28.11-д "Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ." гэж хуульчилсан. ИТХ ХХК-ийн 2024 оны ус ашиглуулах 07 дугаар дүгнэлт /хоногт 72м³/-эд заасны дагуу Дорноговь аймгийн Байгаль орчны газраас ус ашиглуулах зөвшөөрөл авч, гэрээ байгуулах байтал хууль зөрчиж М сумын Засаг даргатай ус ашиглах гэрээ байгуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6.-д: "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж хуульчилсан байна. Түүнчлэн Хууль зөрчиж байгуулсан эрх зүйн акт гэдэг нь дээд шатны хууль тогтоомж, үндсэн хуулийн зарчимд нийцээгүй, эрх бүхий байгууллагын бүрэн эрхээс хэтэрсэн, эсвэл буруу журмаар гаргасан шийдвэрүүдийг хэлнэ. Иймээс М сумын Засаг даргын баталсан гэрээ нь "Тогтоол, тушаал гаргагч байгууллага, албан тушаалтан нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг ашигласан байх, эрх мэдлээ хэтрүүлэх гол шинжийг агуулсан хууль зөрчсөн эрх зүйн акт юм.

Аливаа төслийн ус ашиглуулах дүгнэлт гарч, түүнийг үндэслэн ус ашиглах зөвшөөрөл авч гэрээ байгуулж буй харилцааг Усны тухай хуулиар тухайн жилдээ хүчин төгөлдөр байхаар зохицуулсан, түүнээс тухайн жилээс дараа жилд дамнуулан үйлчилдэггүй болно.

3.4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИТХ ХХК нь зөвшөөрөлгүй ус ашигласан уу гэдэг бол Усны тухай хуулийн 28.11-т байгаа заалт дээр тодорхой байгаа. Тэр нь дээр ус ашиглах дүгнэлт гаргуулж дүгнэлтийг үндэслэж зөвшөөрөл авч гэрээ байгуулан эрхийн бичиг авснаар ус ашиглах эрх үүснэ гэж байгаа юм. Энэ процессыг Их түмэн хүрд компани хэрэгжүүлээгүй. Тэгэхээр зөрчсөн гээд шинжээч томилогдоод усны нөөцөд учруулсан хохирлыг нь тогтоосон, шинжээч өөрийнхөө мөрдөх ёстой үүрэгтэй хууль тогтоомжийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээ гаргаад өгсөн гэж би ойлгож байгаа. Шинжээчийн дүгнэлт ирэхээр түүнийг үндэслээд шийтгэлийн хуудсаа бичсэн.

Би 2 сарын хугацаандаа амжих ёстой учраас боломжит хугацаанд шийтгэлийн хуудсыг нь бичээд эхлээд мэйл хаягаар нь явуулсан. Дараа нь тухайн компанийн хамаарал бүхий хүнд өгч болно гэсэн мэйл ирүүлэхээр нь тэр хүнд нь гардуулан өгөөд илгээгээд явуулсан. Дээрээс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдогчийн эрх дээр шинжээчтэй холбоотой нөгөө талаас ирүүлсэн мэйлд дурдсан тийм эрх үүрэг би олж уншаагүй. Миний ойлгосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гээд бичсэн байсан. Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлээгүй зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн. Хүнд холбогдуулснаас бусад тохиолдолд эрх бүхий албан тушаалтан өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд ажиллагаа явуулаад шийтгэлийг оногдуулдаг.

Миний ойлгож байгаагаар шинжээч усны тоолуурын заалтаар хохирлыг нь тооцно гэдэг нь хэн хэндээ шударга бодит байна. Ямар нэгэн байдлаар гидрогеологийн судалгаа юм уу эсвэл өөр ноцоосны хүчин чадал эсвэл тухайн цооногийн ус гарч байгаа худаг гаргасны ундаргын хэмжээ зэргээр тооцохоор харилцан адилгүй гарах магадлалтай. Тэгэхээр баталгаажсан тоолуур гэдэг яг тэр хэрэглээг бодит зааж байгаа. Тэгэхээр тэр нь сумтайгаа акт үйлдээд бодит хэрэглээгээ хянаад явчихсан бол тэр нь шинжээчдээ ч амар ус ашиглагчдаа ч амар буюу шударга. Аль аль нь маргаад байх зүйл байхгүй. Усны тухай хууль дээр ус ашиглалт дүгнэлт гаргуулсан тохиолдолд ямар субъектийг зөвшөөрөл авч гэрээ байгуулах вэ гэдгээ маш тодорхой заачихсан тэгээд тэрийг зөрчөөд өөр субъекттэй байгуулчихсан байгаа нь өөрөө хууль бус гэдгийг би хэд хэдэн удаа хэлж байна.

Энэ усны нөөцөөс хэд ашиглахаас хэд ашигласан юм. Их бага эсэхийг нь тогтооно гэдэг яагаад ч байж болохгүй. Хуулийн дагуу зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй бол нэг литр ус ч ашигласан, 100 литр ус ч ашигласан, хэдэн мянган тонн ус ашигласан ч энэ нь усны нөөцөд хохирол учруулсан гэж үзээд зөвшөөрөлгүй ус ашигласан гэж шалгаад шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулаад хариуцлагыг нь ноогдуулаад явж байгаа. Тэр боломжит нөөцийн дүгнэлт нь усны газраас боломжтой гэж гарчхаад байгаа боловч манайх хохирол учирсан гээд яриад байх нь ойлгомжгүй байна гээд байна. Тэрийг буруу ойлгоод байна.

Жил болгон дүгнэлтээ гаргуулаад дүгнэлтээ үндэслээд зөвшөөрөл авч гэрээ байгуулахыг хуулиар зохицуулчхаад байгаа. Тэндээс зөвшөөрөлгүй нэг литр, нэг тонн ус ашигласан ч энэ нь усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласан учраас хохирол учруулж байгаа. Үүний хохирлыг шинжээч томилж тогтоолгоод Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин нугалж төлүүлдэг ийм зохицуулалттай учраас тэр шинжээчийн дүгнэлт тэгж гараад байгаа. Усны тухай хуулийн 28.6-д энэ хуулийн 28.4-д заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоо метрээс их ашиглах тохиолдолд сав газрын захиргаа гэж байгаа юм. Хоногт 50-100 шоо метр ус ашиглах тохиолдолд аймаг нийслэлийн байгаль орчны алба гэж байгаа. Тэгэхээр Их түмэн хүрд компанийн усны ашиглах хэмжээ нь 72 метр куб буюу 50-100 шоо метрт орж байгаа. Тэгэхээр энэний ус ашиглах зөвшөөрлийг авч гэрээ хийх субъект нь аймаг, нийслэлийн байгаль орчны алба буюу аймгийн Байгаль орчны газар байна. Гэтэл 50 шоо метрээс бага ус ашиглах тохиолдолд сум дүүргийн засаг даргад зөвшөөрөл олгодог. Энэ субъекттэй очиж Их түмэн хүрд компани гэрээ байгуулчхаад үүнийгээ хүчин төгөлдөр гээд яваад байгаа.

4. Шинжээч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Усны нөөцөд учирсан хохирол тооцоход боломжит хувилбарыг сонгох тухай Усны газрын даргын тушаал гарсан. Энэ тушаал яагаад гарсан бэ гэхээр 2025 оны А/37, А/31 болон 2020 оны А/59 дүгээр аргачлалын усны нөөцөд учруулсан экологи эдийн засгийн суурь үнэлгээ хэт өндөр зөрүүтэй байсан учраас Усны газрын дарга захиргааны эерэг акт буюу аж ахуй нэгжийг хэт өндөр төлбөр тооцуулахгүйн тулд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан захиргааны байгууллага тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль захиргааны хэм, хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг нь хэрэглэх эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж нь 42.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А/160 дугаартай усны нөөцөд учирсан хохирол тооцох боломжит хувилбар сонгох тухай тушаал гаргасан. Энэ тушаалынхаа дагуу 3 аргачлалаар бодно. Эхний аргачлал нь гадаргын усыг тооцохыг зааж өгсөн, 2-т нь газрын доорх усны ус агуулах бүсийн зузаан нь хэт багасаас учирсан хохирлыг тооцно. 3-т дээрх 2  дахь зүйлд зааснаас бусад тохиолдолд газрын доорх усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөр тооцох тухай Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дэх хэсгийн 4-т заасны дагуу Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан усны экологи эдийн засгийн суурь үнэлгээ болон Байгаль орчны сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан газрын доорх болон гадаргын усны экологийн итгэлцүүрийг тус тус үндэслэж усны нөөцөд учирсан хохирлыг тооцох болно гэсэн тушаалын дагуу бодсон. Энэ томьёонууд даргын тушаал дээрх усны итгэлцүүр, экологи эдийн засгийн суурь үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дэх хэсгийн 4-т заасан, зөвшөөрөлгүй ашигласан усны хэмжээнүүд байна.

Усны газрын даргын тушаал нь 3 зүйлтэй байгаа. 3 дахь хэсэг дээр байгаа энэ тушаалын 2 дахь зүйлд зааснаас бусад тохиолдолд газрын доорх нөөцөд учирсан хохирлыг үнэлэх нөхөн төлбөр тооцох гэсэн тушаал дээр байгаа итгэлцүүр болон суурь үнэлгээгээрээ тооцсон. Энэ томьёог яаж оруулж ирсэн бэ гэхээр энэ тушаал дээр заасан итгэлцүүр энэ тушаал дээр заасан экологи эдийн засгийн суурь үнэлгээ болон танай зөвшөөрөлгүй ашигласан усны хэмжээг чинь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан заалтын дагуу нэмэгдүүлж тооцсон гээд тайлбарлаад байна.

Танай зөвшөөрөлгүй ашигласан усны хэмжээг чинь тэр хугацаагаар гаргаад ирчихсэн. Тэгэхээр дахин давхардуулан Т гэж тооцох шаардлагагүй. Тийм учраас газрын доорх усны хохиролд тооцдог зөвшөөрөлгүй ашигласан усны хэмжээг чинь тодорхойлчихсон учраас хугацаагаар үржүүлэх шаардлагагүй. Экологийн тэнцвэрт суурь үнэлгээ болон газрын доорх усны итгэлцүүрээр үржүүлэн гаргасан томьёо байгаа. Аргачлалын 2.17, 2.20, 2.21  зэрэг нь бүгдээрээ газрын доорх усан дээр тооцдог гол томьёонууд байгаа. Энэ томьёо дээрээ байгаа газрын доорх усны хохирлыг тооцохдоо экологийн тэнцвэрт суурь үнэлгээ болон газрын доорх усны итгэлцүүрээр зөвшөөрөлгүй ашигласан усны хэмжээнд гарч байгаа, усны хэмжээг гаргахын тулд хугацаагаар үржүүлдэг. Миний шинжээчийн дүгнэлт дээр он саруудыг нь тодорхой заагаад усны хэмжээг гаргаад өгчихсөн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудад үндэслэн ИТХ ХХК-ийн гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагчийн 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 1 дугаартай Шийтгэлийн хуудсаар ИТХ ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох, 223,288,488 төгрөгийн усны нөөцөд учруулсан хохирол төлүүлэхээр шийтгэл оногдуулсан байх ба ИТХ ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан.

 

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, хохирол тооцсон аргачлалыг үндэслэлгүй гэж;

Харин хариуцагчаас хууль тогтоомжийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хохирол, нөхөн төлбөр оногдуулсан тул шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тус тус  маргасан.

 

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан үндэслэлийн тухайд:

      3.1. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 01/07 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх явцдаа ИТХ ХХК-д Дорноговь аймгийн М сумын А багийн нутагт ашигт малтмал ашиглах нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахдаа 2025 онд усыг зохих гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан зөрчлийг илрүүлж, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.  /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/

3.2. ИТХ ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  хууль ёсны төлөөлөгч томилох тухай 25/38 тоот албан бичгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Т.Гийг тогтоосон /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/ нь;

Мөн Дорноговь аймгийн Байгаль орчны газраас 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахин шинжээч томилуулах тухай албан бичгийг Усны газарт илгээж, Усны газраас шинжээчээр оролцох мэргэжилтнүүдийн нэрсийг ирүүлснээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Усны газрын мэргэжилтэн Б.М, П.Э, Н.Ц нарыг шинжээчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 56-62 дахь тал/

3.3. Хариуцагч нь шинжээч томилсон тогтоолыг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 16/2026 дугаар шинжээчийн дүгнэлтийг, 0048737 дугаар шийтгэлийн хуудасны хамт гомдол гаргагч ИТХ ХХК-ийн [email protected] и-майл хаягаар хүргүүлж, 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ИТХ ХХК-ийн ажилтан Л.Цд гардуулсан байна. Иймээс хариуцагчийг шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй,  хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. /1 дүгээр хавтаст хэргийн 67-70, 84 дэх тал/

 

4. Маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. 2025 онд ус ашиглах дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авч, ус ашиглах эрхийн бичгийг аваагүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.”Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана.”;

28.6.”Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ.”;

28.11.”Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ.” гэж тус тус заасан.

 

ИТХ ХХК нь М сумын Засаг даргатай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ус ашиглах гэрээ байгуулсан байх боловч уг гэрээний 4.3-т “энэхүү гэрээний биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор Захиргаанд хүргүүлэх бөгөөд талууд 2025 оны 1 дүгээр сард багтаан гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ” гэж заасан байна.

Мөн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гийн “2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ шинэчлэгдэн батлуулах ажил хийгдэж байгаа. Эдгээр баримт бичиг батлагдан гараагүй учир ус ашиглуулах дүгнэлт гаргуулах боломжгүй байсан, манай уурхай бол 1 худагтай түүнээсээ усаа ашигладаг ... Ямар нэгэн албан бичгээр хандсан зүйл байхгүй учир нь бүрдүүлэх материал нь болох техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө байхгүй болохоор цахимд илгээгдэхгүй“ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал/-ээр;

L компаниас ИТХ ХХК-д 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25-08 дугаар албан бичгээр “... MV-021559 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ТА чулуун нүүрсний ордын баруун урд жигүүрийг ил уурхайн аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотголыг гэрээний дагуу боловсруулж байгаа” гэж ажлын явцыг мэдэгдсэн /1 дүгээр хавтаст хэргийн 158 дахь тал/-ээр;

ИТХ ХХК-ийн Галба-өөш, долоодын говийн сав газрын захиргаанд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25/46 тоот албан бичгээр “Галба-өөш, долоодын говийн сав газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 115 дугаартай 2025 онд ус ашиглах дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй тухай албан бичгийг хүлээн авсан. ... 2025 оны 07 сард багтаан техник-эдийн засгийн үндэслэл болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотголыг хийж баталжуулахаар ажиллаж байна. Техник-эдийн засгийн үндэслэл болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотголыг батлагдсаны дараа холбогдох газраас 2025 оны ус ашиглах дүгнэлтийг гаргуулан зөвшөөрөл авч гэрээ байгуулан ажиллах болно” гэх тайлбар хүргүүлсэн  /1 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал/-ээр;

ИТХ ХХК-ийн Усны газарт хүргүүлсэн “Ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гаргуулах тухай” 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 25/39 дугаар албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал/-ээр

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол бүртгэх тухай” т/104  дугаар тушаал /2 дугаар хавтаст хэргийн 59-64 дахь тал/-аар тус тус гомдол гаргагч хуулийн этгээд нь 2025 онд усыг ашиглах зөвшөөрөл аваагүй байсан болох нь тогтоогдож байна.

Иймээс М сумын Засаг даргатай Ус ашиглах гэрээ байгуулсныг Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-т заасан шаардлагыг хангасан, ус ашиглах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл ИТХ ХХК-ийг Галба өөш долоодын сав газрын захиргааны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар ус ашиглуулах дүгнэлтийн 8-д нийт хоногт 72,33м3/хон ус ашиглахаар тооцоолсон байна /2 дугаар хавтаст хэргийн 53-55 дахь тал/-ээр Үүнээс үзэхэд дээрх хуулийн зохицуулалтаар 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаанаас, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймгийн байгаль орчны газраас ус ашиглах зөвшөөрлийг авч, гэрээ байгуулж ус ашиглахад тавигдах шаардлагыг бүрэн хангаснаар  Ус ашиглах эрхийн бичгээр ус ашиглах эрх үүсэх байжээ.

4.2. Усны тухай хуулийн 161.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана. 161.4.7.усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох; гэж тус тус заасны дагуу Усны газарт хандаж зөвшөөрөлгүй ус ашигласнаас үүдэн усны нөөцөд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн байна.

Усны нөөцөд учруулсан хохирлыг дахин шинжилгээ хийсэн шинжээчийн 16/2026 дугаар дүгнэлтээр  ИТХ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвшөөрөлгүй  ашигласан усны хэмжээг 2025 оны 1, 4, 5 дугаар сарын “АЦ уурхай”-н усны тоолуур шалгасан тухай акт, 2025 оны 6, 7, 8 сарын усны тоолуурын баталгаажуулалтыг үндэслэн нийт 18,626.0 м3  гэж тогтоож, Усны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/160 дугаар тушаалын  3 дахь хэсэгт зааснаар газрын доорх усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласнаас усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцоолсон нь үндэслэлтэй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 121-124 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 30-36 дахь тал/

            Усны нөөцөд учруулсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцохтой холбоотой  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А/31 хамтарсан тушаалаар батлагдсан “Хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирол тооцох аргачлал”-ын 2.4 дүгээр зүйлийн 2.4.6-д хүснэгт 2.12 дугаарт Усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээг сав газраар буюу “Г” газрын доорх усны суурь үнэлгээг 10,730 төг/шоометрээр тогтоосон байна.

Гэсэн хэдий ч усны нөөцөд учруулсан хохирол тооцоход боломжит хувилбар сонгох тухай Усны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/160 дугаар тушаалын 3-т “Энэ тушаалын 2 дахь заалтад зааснаар бусад тохиолдолд газрын доорх усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тогтооход Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ” болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр”-ийг үндэслэн” гомдол гаргагчид эерэг үйлчлэл бүхий аргачлалаар тооцсоныг буруутгах боломжгүй юм.

Дээрхээс үзэхэд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн манай компани хэдэн метр куб ус ашиглах байснаас хэдийг нь ашигласан, усны нөөцөд хэдий хэмжээний хохирол учирсан болохыг тогтоогоогүй, шууд тоолуурын заалтаар хохирлыг тогтоох боломжгүй гэж маргасан нь  үндэслэлгүй байна.

4.3. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлээр Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг зохицуулсан байх ба 49 дүгээр зүйлийн 2. “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 4/”усны нөөцөд учруулсан хохирол”; 3.”Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.”, 4.”Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно: 4/усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор тус тус хуульчилсан. Иймээс усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус заасан хуульд нийцүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

 

5. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... эсхүл усыг зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр ... ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгож, 223,288,488 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байх тул ИТХ ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Гомдол гаргагчаас татварын албанд 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ус ашигласны төлбөрт төлсөн 35,229,405.36 төгрөгийг буцаан гаргуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд маргааны үндэслэлд хамааралгүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, 28.11, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ИТХ ХХК-ийн Дорноговь аймгийн Байгаль орчны газрын ... байцаагч Э.Оийн 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 1 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.БОЛОРЦЭЦЭГ