Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ20176/00223 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ20176/00223
Б.Батнямын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2016/01309 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дүгээр магадлалтай,
Б.Батнямын нэхэмжлэлтэй,
“Найдвар Од Аудит” ХХК-д холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Батнямын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээр 39.000.000 төгрөг төлөх шүүгчийн захирамжийн дагуу төлөлт хийж явж байгаад 2 жил төлөөгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулна гээд үнэлгээ хийлгэсэн. Монгол банк 80.000.000 төгрөгөөр үнэлээд байхад “Найдвар-Од Аудит” ХХК нь уг орон сууцыг 71.600.400 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үеийн ханш 80.000.000 төгрөг байхад 71.600.400 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй юм. Иймд “Найдвар-Од Аудит” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг 71.600.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот үнэлгээний тайлангаар уг орон сууцыг 71.600.400 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 51/5 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг үнэлүүлэх шинжээч томилсон тогтоолын дагуу уг байрыг 57.800.000 төгрөгөөр тухайн үед үнэлж байсан. Тэр үед бол засваргүй байсан. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51/02 дугаартай тогтоолын дагуу үнэлгээ хийхэд бага зэрэг засвар хийсэн байсан. 2014 оны эхний хагас жилээс өмнө бол орон сууцны үнэ нэг хэсэг өссөн байсан. Уг байрыг манай компани 71.600.400 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид тулсан үнэ гэж үзэж байна. 2015 онд бол орон сууцны үнэ маш их буурсан. Харин ч уг байрыг өндөр үнэлсэн гэж үзэж байгаа. Үнэлгээг тогтоохдоо Монгол Улсын хууль, заавар журам, стандарт, мөн Засгийн газрын 336 тоот тогтоолыг ханш уналттай барьж хийдэг ба зах зээлийн үнэлгээг 80 хувьд нь хүргэж үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2016/01309 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан Б.Батнямын нэхэмжлэлтэй, Найдвар-Од Аудит ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батнямын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Батнямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Батням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2016/01309 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Шүүх миний гаргасан хүсэлтийг хангахгүй шүүх хуралдааныг хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхэд уг хүсэлтэй гаргасан боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй шүүх хуралдааныг хийсэн тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Б.Батням нь хариуцагч “Найдвар од аудит” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 15/51/02 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11 дүгээр байрны 5 тоотын 2 өрөө орон сууцыг 71.600.300 төгрөгөөр үнэлж, 01 тоот шинжээчийн дүгнэлт гаргажээ /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/.
Хариуцагч нь орон сууцыг үнэлэхдээ олон улсын үнэлгээний арга болох зардлын, орлогын хандлагын болон зах зээлийн зэрэгцүүлэн тооцоолох аргуудыг ашигласан, энэ тухайгаа дүгнэлтэд тодорхой тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасан шаардлагад нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд “... орон сууцыг маш хямд буюу зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн...” гэх тайлбараа нотолж чадаагүй байна.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2016/01309 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батнямын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ