Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0219

 

“Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р-ийн давж заалдах гомдлоор, “Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжийн хавсралтын /4, 5/ “Ц-Ө” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчээс Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 м.кв, үйлчилгээний зориулалттай газар дээрээ аялал жуулчлалын төв, зочид буудал байгуулахаар 2015 онд Жайка төслөөс санхүүжилт хүсэж, 2017 оны 06 дугаар сард Төрийн банкнаас 600 сая төгрөгийн санхүүжилт авсан, энэ нь бидний хүндэтгэн үзэх шалтгаан юм гэж маргадаг боловч энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн байгаа юм. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд ...хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

...анхан шатны шүүхээс талуудыг байлцуулан газрын үзлэг хийхэд өнөөдрийг хүртэл маргаан бүхий 2 газар дээр нэг ч шон хатгасан, барилга байгууламж барьсан зүйл огт байхгүй хоосон газар байсаар байтал төсөл хэрэгжиж зээл авахыг хүлээсэн асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж буй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий дээрх 2 газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан газрын үзлэгийн зураг болоод шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Түүнчлэн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Б.Б, Д.М нар нь нэхэмжлэгчээс кольцо авсан гэх боловч газрын байрлалыг буруу заасаар байтал шүүхээс бүрэн шалгалгүйгээр мэдүүлгийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ойлгомжгүй байна.

...шүүхээс захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийгээгүй гэж буруутгаж байгаа боловч уг хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл мэдэгдэх хуудсанд тусгавал зохих бүхий л нөхцөл байдлыг бүгдийг тусгаж, “Ц-Ө” ХХК-ийн захирал Д нь өөрийн биеэр ирж мэдэгдлийг гардан авч, тайлбарыг бичгээр ирүүлсэн.

...шүүх нотлох зарчмыг үл биелүүлэн хэт нэг талыг барьж, маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

...Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн эзэмшлийн 000309867 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалт бүхий 1000 м.кв газар, 000309869 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалт бүхий 500 м.кв газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгожээ.

Энэхүү захиргааны шийдвэр нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөллийг үүсгэсэн захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, “4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу захиргаанаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, ялангуяа сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах тохиолдолд уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар урьдчилан мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тодруулж, нөхцөл байдлыг тогтоосны эцэст шийдвэр гаргах ёстой талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хэдийгээр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмших эрхийг цуцлах талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулсан байх боловч нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК нь мэдэгдлийн хариуг хуулийн хугацаанд өгч, эзэмшиж буй газруудаа зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдгээ илэрхийлсэн байхад хариуцагчаас “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэж байсан бол нэхэмжлэгчээс тэр талаар тодруулж, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК нь тухайн газруудаа хэрхэн эзэмшиж, ашиглаж байгаа, газар ашиглахтай холбогдуулан тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаарх нөхцөл байдлыг тогтоогоогүй, түүнд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг бүрэн олгоогүй байх тул хариуцагчийг “...урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлж, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/303 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-д барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар 1 га газрыг 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 000309867 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10213 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-тай нэг жилийн хугацаагаар байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг дүгнэн гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгажээ.

Мөн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 0.05 га газрыг 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 000309869 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-тай нэг жилийн хугацаагаар байгуулж, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг дүгнэн гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг дүгнэн, маргаан бүхий 2 газрыг эзэмшүүлэх гэрээг тус бүр 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл байгуулж, газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг нь нэг жилээр сунгасан байгаагаас үзвэл хариуцагчаас газар эзэмшигчийг газар эзэмших гэрээний үүргээ биелүүлж, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан гэж үзжээ.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-тай хамгийн сүүлд буюу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээнээс хойш хугацааг тооцоход “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулсан атлаа 2017 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр 2 жилийн хугацаа болоогүй байхад цуцалсан шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Учир нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг дүгнэн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж, гэрээний хугацааг сунгасан нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа гэсэн итгэл, үнэмшлийг төрүүлсэн байна.

Хэрэв хариуцагчаас нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийг маргаан бүхий газруудыг эзэмших эрхтэй болсноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байсан бол 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээгээ дүгнэхдээ энэ талаар мэдэгдэх, эсхүл тухайн үед газраа хэрхэн ашиглаж байгаа талаар тодруулан шалгаж, зориулалтын дагуу ашиглаагүй бол гэрээг сунгахгүй байх боломжтой байсан. Гэтэл дээрх арга хэмжээг авалгүйгээр газар эзэмшигчийг газар эзэмших гэрээний үүргээ биелүүлж, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан гэж үзэж гэрээг шинэчлэн байгуулсан хэрнээ 6 сарын дараа газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Мөн захиргааны байгууллагаас сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн явуулсан үйл ажиллагаа, түүнд холбогдох үйл баримт, нөхцөл байдлыг тогтоосны дараа шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд “...нэхэмжлэгчийг маргаан бүхий газруудыг зориулалтын дагуу газраа ашигласан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах байсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах үедээ тухайн газруудыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болохыг хөдөлбөргүй тогтоосны эцэст шийдвэр гаргах ёстой атлаа энэхүү үүргээ сүүлд нь шүүхээр шинжээч томилуулах замаар нөхөн гүйцэтгүүлэхээр шаардсаныг хүлээн авах боломжгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР

    ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН