Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 431

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ө аймгийн Ц сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

                Даргалагч, шүүгч:           Ч.Тунгалаг,                         

                Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                          Б.Мөнхтуяа,

                                                          Д.Мөнхтуяа,

                Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

                Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Ө аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2018-799 дугаартай дуудлага худалдааны “Хаягдлын далангийн” зүүн талд байрлах 8 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0471 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц, Б.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Ө аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ө аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамж болон 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018-799 дугаартай дуудлага худалдааны Хаягдлын далангийн зүүн талд байрлах 8 га газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0471 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “Т” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь хариу тайлбартаа “Газрын дуудлага худалдааг Газрын биржийн цахим систем /www.mle.mn/ хуудсаар явуулах цагийн тохиргоог Газар зохион байгуулалт Геодези зураг зүйн газраас хийсэн ба дуудлага худалдааг 9.00 цагт эхлүүлж, 15.00 цагт үнийн санал авах хугацааг дуусгаж, 60 секунд хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулахаар, 17.00 цагт ялагчийг тодруулж дуудлага худалдааг зогсоохыг даалгасан байдаг” хэмээн мэдүүлсэн бөгөөд Газрын биржийн цахим системд /www.mle.mn/ үнийн санал өгсөн мэдээллээс 15:06:30 цагт хамгийн сүүлийн үнийн саналыг хүлээн аваад программ хаагдсан болох нь харагддаг. /Хавтаст хэргийн 60 дугаар хуудас/

4. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заажээ. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/121 дүгээр “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” тушаалын 2 дугаар зүйл “Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д оруулсан тохируулга, өөрчлөлтийн дагуу газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулахыг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамалд тус тус үүрэг болгосугай” гэж заасан нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй заалтыг агуулсан тушаал байна.

5. Дээрх дүгнэлтээс харахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/121 дүгээр “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” тушаал нь захиргааны хэм хэмжээнд тавигдах шинжийг бүрэн агуулсан. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67 дугаар зүйлийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй” гэж заасан байх бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/121 дүгээр “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” тушаал хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр болоогүй улмаас хүн, хуулийн этгээдэд эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй юм.

6. Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан 2018-799 тоот газрын дуудлага худалдаа нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актад үндэслэн явагдсан тул тус дуудлага худалдааг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т заасны дагуу “хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6-д “цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно” 9.9.9-д “цахим дуудлага худалдааг энэ журмын 9.9.6-д заасан хугацаанд зогсоосноор оролцогчдоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг, минут, секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна” хэмээн “газрын дуудлага худалдааг 17:00 цаг хүртэл явуулах”-аар журамлажээ.

8. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/121 дүгээр “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн, хуулиас давсан зохицуулалттай байгаа нь манай компанийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

9. Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан 2018-799 тоот газрын дуудлага худалдаа нь хууль бус захиргааны акт болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.

10. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/121 дүгээр “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” тушаал нь хуулиас давсан зохицуулалттай байгаа үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7242 дугаар захирамжаар хэм хэмжээний акт тул давж заалдах шатны шүүхэд хандах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1415 дугаар захирамжаар хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй, хүчин төгөлдөр болоогүйн улмаас иргэн хуулийн этгээдэд эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй байх тул хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 3-2/93 дугаар албан бичгээр “тус тушаал нь хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй байна” гэсэн хариуг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

11. Хавтаст хэргийн 172-р хуудас, 186-р хуудаст шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байх ба тус тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б “2016, 2017 онуудад удаа дараа Засаг даргад хүсэлт гаргасан гэдэг, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Т” ХХК-тай холбоотойгоор 4 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулсан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах боломжгүй гэсэн тогтоол гарсан байгааг авч ирсэн” гэх тайлбарыг гаргасан боловч хавтаст хэрэгт тухайн нотлох баримт байхгүй, шүүх хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна.

12. Шүүгч нь хариуцагч болон нэхэмжлэгчийн тайлбарт ямар нэг дүгнэлт хийгээгүй түүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг цуглуулаагүйгээс шүүхийн “шийдвэр үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй байна.

13. Хавтаст хэрэгт хэд хэдэн итгэмжлэл авагдсан байдаг бөгөөд хэргийн оролцогчид нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгосон итгэмжлэлээсээ татгалзсан эсэх талаар ямар нэг баримт байдаггүй. Гэтэл шүүх нь хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцох мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “мэтгэлцэх” зарчим зөрчигдсөн байна.

14. Хавтаст хэргийн 183 дугаар хуудаст авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...2018-799 тоот газрын дуудлага худалдааг зохион байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасныг зөрчсөн буюу захиргааны байгууллага нь дуудлага худалдааны зарыг олон нийтэд “мэдэгдэх” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Захиргааны актад тавигдах Формаль эрх зүйн “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам баримтлах” шаардлагыг хангаагүй байна” хэмээн дурдсан байхад шүүгч нэхэмжлэгчийн дээрх тайлбарт дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

15. Хавтаст хэргийн 14-р хуудаст хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан баримт, 37-р хуудаст, 112-р хуудаст хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт авагдсан байх бөгөөд шүүгч нь хариуцагчид нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т, 22.4-т заасан “хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлэг танилцуулах” үүргээ биелүүлээгүй.

16. Хавтаст хэргийн 89-р, 129-р хуудаст хэргийн оролцогчдын хүсэлт авагдсан байх бөгөөд шүүгч нь тус хүсэлтүүдийг шийдвэрлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн.

17. Анхан шатны шүүх хэргийг шийдээд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэр нь 2 өөрөөр бичигдсэн болно. Учир нь талуудад эхэлж гардуулсан шүүхийн эхний шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцогчдыг “нэхэмжлэгч “Т” ХХК-ийн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О /Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар оролцов/ нарийн бичгийн дарга Э.У нар оролцов” гэж тэмдэглэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э надад дахин гардуулсан. Эхэлж гарсан шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж зааснаар шийдвэрт оруулсан өөрчлөлтөө зассан байтал хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүй дахин 08 тоот шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

18. Иймд шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

20. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 799 дугаар бүхий 8 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, дуудлага худалдаагаар худалдах үйл ажиллагаа явагдсан, энэхүү дуудлага худалдааг цахимаар зохион байгуулахыг хэргийн оролцогчид бүгд мэдэж байсан, энэ талаар маргаагүй, харин нэхэмжлэгчээс “журамд заасны дагуу 17 цагт хаагдана гэж ойлгож, 16 цаг өнгөрөөд үнийн санал өгөх гэсэн боловч тус программ нь аль хэдийн дуудлага худалдаа “дууссан” горимд шилжин, ялагчийг тодруулсан гэсэн бичиг гарсан байсан, бидэнд 15 цагт үнийн санал өгөх талаар тайлбарлаж хэлээгүй, дуудлага худалдааны цахим журмын мэдээлэл дэлгэцэнд байхгүй байсан” гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс “цахим журмыг мэдэх бүрэн боломжтой байсан” гэж тус тус маргажээ.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар захиргааны шүүх нь нэхэмжлэлийн үндэслэл, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоох үүрэгтэй, энэ тохиолдолд шүүхүүд маргааны гол үйл баримтад эрх зүйн бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүйгээс хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

22. Тодруулбал, тухайн өдөр дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулахтай холбогдуулан нэхэмжлэгч “15 цагт үнийн санал хүлээлтийн горимд шилжих” тухай мэдээллийг “мэдэх бүрэн боломж”-той эсэхэд гол нотлох баримт цуглуулах, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу болжээ.

23. Сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/182 дугаар захирамжаар цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан байх бөгөөд цахим дуудлага худалдааны программын дэлгэцэнд ямар, ямар мэдээлэл байсан, нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд оролцох эрх болон цахим програмд нэвтрэх эрхийг хэрхэн олж авсан, ийнхүү эрх авахдаа болон бүртгэлийн явцад холбогдох мэдээллийг мэдэх боломжтой эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна.

24. Хариуцагчийн “дуудлага худалдаанд оролцогч нь “www.mle.mn” гэсэн хаягаар нэвтэрч холбогдох мэдээллийг авах талаар өөрийн албан байгууллагын цахим хаягт тодорхой бичиж байршуулсан, хэн ч үзэх, харах бүрэн боломжтой” гэх тайлбартай холбогдуулан нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан холбогдох мэдээллийг олоогүй эсэх үйл баримтыг тогтоох шаардлагатай.

25. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар “Газрын биржийн цахим системд тохируулга хийх” тухай  шийдвэр гаргаж, тушаалын 1-ийн В-д “үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж, хүлээлтийн хугацаанд үнийн санал ирээгүй нөхцөлд ялагчийг тодруулахаар зохицуулжээ.

26. Сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/113 дугаар захирамжаар дуудлага худалдааг цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цахим системд тохируулга хийх тушаал гарч, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ц сумын Засаг даргын Тамгын газрын цахим хаягт дуудлага худалдааны зар оруулсан, дээрх “www.mle.mn” хаягт байсан мэдээлэл, тухайлбал, газрын биржийн цахим системд “үнийн санал авах хугацаа-2018.08.16-ны 09.00-15.00” гэсэн мэдээлэл дэлгэцэнд байсан эсэхийг тодруулж, /хэрэгт авагдсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөр нотлох баримтаар давхар батлагдаагүй/  нэхэмжлэгчийн “мэдээлэл дэлгэцэнд байгаагүй” гэх үндэслэл нь бодит байдалд нийцэх эсэх талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай.

27. Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6-д “цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно”, 9.9.7-д “энэ журмын 9.9.6-д заасан хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамж ашиглан ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрт мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

28. Улмаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргаас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр А/121 дүгээр тушаал гаргахдаа дээрх журмын 9.9.6-д заасныг үндэслэн, цахим системийн тохируулга хийж, 60 секундийн хүлээлтийн горимд шилжих, хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулах тухай зохицуулжээ. Хариуцагч болон гуравдагч этгээдээс энэхүү тушаалыг “захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан, дотогш чиглэсэн захиргааны акт” гэж, нэхэмжлэгчээс “хэм хэмжээний акт тул захиргааны байгууллагаас нийтэд мэдээлэх үүрэгтэй байсан” гэж маргаж байна. Иймээс хэргийн үйл баримтад холбогдуулан, захиргааны байгууллагаас гаргасан цахим системд тохируулга хийх тухай тушаал маргааны гол үйл баримтад хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

29. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхой дүгнэлт хийж, холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай, учир нь энэхүү маргааны гол үйл баримт нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дуудлага худалдаатай холбогдож байгаа, нэхэмжлэгчээс газрын дуудлага худалдаа дууссан өдрөөс хойш “цахим журам баталсан” тушаалтай маргаагүй, 2018 оны 12 дугаар сарын 21-ний 18/46 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад гомдол гаргасан зэрэгт дүгнэлт хийх шаардлагатай.

30. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0471 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

         ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ