Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 139

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

гэрч З.Банзрагч, У.Доржнямбуу,

шүүгдэгч П.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000080073 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 50 тоотод оршин суух, 2004 онд Нийгмийн хамгааллын салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд Нийслэлийн 370 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн УД66072835 дугаартай, Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбат.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.Чинбат нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Соёлын төвийн” баруун талын байрнуудын дунд зогсож байсан С.Амарсайханы эзэмшлийн 76-60 УНО улсын дугаартай “Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж урд салхины шилийг гэмтээж 1,830,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Чинбатын өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн Соёлын төвд С.Амарсайханы Сонгуулийн сурталчилгаа болж байсан. Би тэр өдөр Ардчилсан намын байран дээр байсан. Намайг цонхоор харахад С.Амарсайхан ирсэн байхаар нь би түүнтэй уулзахаар гарсан. Учир нь миний тухай худал мэдээлэл нийтлэж Налайх дүүргийн айлуудад үнэгүй тараасан байсан. Энэ тухай би С.Амарсайханд хэлэхэд надад “Би тийм зүйл хийгээгүй” гээд намайг нэг удаа нулимахад би зөрүүлээд нэг удаа нулимсан, С.Амарсайхан намайг нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр дотогшоо ордон руу ороод, С.Амарсайхан тайз руу гарч, би хамгийн нүүрний эгнээнд суусан. Гэтэл С.Амарсайхан миний тухай, Ардчилсан намын тухай худал мэдээлэл ард иргэдэд ярихаар нь би С.Амарсайхантай тусдаа ганцаарчлан уулзах гээд ордны урд хүлээсэн. Тэр үеэр гэнэт цагдаагийн албан хаагчид ирж Соёлын төв ордынг хамгаалалтад авч, намайг цагдаа нар хүчээр авч явах гэж оролдсон. Тэгтэл гэнэт С.Амарсайханы ах нь хэдэн залуучуудтай ирээд намайг хоёроос гурван удаа цохиход тэнд байсан иргэдийг боль гэж хашгирахад тэдгээр залуучууд Соёлын төв ордны баруун талаар гарч явсан. Би С.Амарсайханы ахыг явсаны дараагаар Ардчилсан намын байр руугаа орсон. Тэр орой нь би хүмүүст зодуулсанаа баталгаажуулж эмнэлэг дээр очиж зураг авхуулсан. Энэ явдал болж өнгөрсөний зургаан сарын дараа Налайх дүүргийн цагдаагийн газраас намайг машины цонх хагалсан гэсэн хэргээр шалгаж байгаа гэж дуудсан. Энэ хэргийг прокурорын байгууллагаас шалга гэсэн заавар ирсэн гэж надад хэлсэн. Тэгээд түүний дараагаар намайг хорих 461 дүгээр ангид байхад надад гэнэт прокурор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт намайг яллаж, яллах дүгнэлт надад авчирч өгсөн. Би энэ ямар учиртай машин болохыг лавлахад С.Амарсайханы эзэмшлийн машин биш “Хаан” банкны эзэмшлийн машин байсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.Банзрагчийн өгсөн “2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би Налайхд дүүгийндээ ирсэн байсан. Тэр өдөр сонгуулийн ажил болж байхаар нь би гарж харах гээд байрны булан тойроод гарч ирэхэд саарал өнгийн машины шил тас гэсэн чимээ гарсан. Тэгээд би хартал П.Чинбат гуай цайвар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй машин руу чулуу нүүлгэж байсан. Би унаган Налайхын хүн учраас П.Чинбатыг танидаг, тэр өдөр П.Чинбат нилээн халамцуу байсан. Тэгэхэд нэг хүн П.Чинбатыг араас нь дуудахад  цаашаа гүйгээд явсан. Машины цонх тас буусан. Тэрийг би очиж хараагүй. Жолоочийг машин дээрээ очиход би очоогүй.  Би ордоноор тойрч гарч ирэхэд П.Чинбат нилээн халамцуу явж байсан. Бид уулзалдаагүй. 31 дүгээр байрны буюу ордны талбайн баруун талд би байсан. Харин П.Чинбат 31 дүгээр байрны голд зогсож байсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Доржнямбуугийн өгсөн: “Тэр өдөр Налайх дүүргийн Соёлын төв ордонд С.Амарсайханы уулзалт болсон. Би энэ уулзалтыг сонирхож  оролцсон. Ордны тайзан дээр С.Амарсайхан  иргэдтэй уулзаж байхад нүүрний эгнээнд сууж байсан нэг хүн зүй бус үйлдэл гаргаад байсан. Тэр өдөр ордон дотор их бүгчим байсан учраас би гадагшаа гарсан.  Намайг гадагшаа гарахад нэг хүн хашгирч байсан. Тэр хүн ордны баруун тал руу явахдаа чулуу аваад шидсэн. Тэр үеэр саарал өнгийн машины шил хагарсан битүү чимээ гарсан. Өдрийн 11 цагийн орчим байсан. Би ордонд 20 минут болсон. Тэр хүн чулуу шидээд хажуу талын байранд байсан намын байр руу орсон. Би уулзалт тарахаас нь өмнө явсан. Би шил хагарсаныг ойртож очиж үзээгүй. Шил хагарах битүү чимээ гарахаар харахад жолооч нь байхгүй саарал өнгийн машин байсан. Би чимээ гарсан учир очиж үзсэн. Намайг очиход тэнд жолооч нь байгаагүй. Энэ хэрэг болсоны дараа нь  намайг хэрэг болох үед тухайн газар явж байсан гэдгийг олж мэдээд, А.Жигжидсүрэн надтай уулзахад болсон явдлыг хэлсэн. Чулуу шидсэн хүн чинь энд сууж байгаа шүүгдэгч мөн байхаа цайвар өнгийн цамцтай, бууралдуу үстэй, намхан хүн байсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч С.Амарсайханы өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 40 минутын үед Налайх дүүргийн Соёлын ордонд иргэдтэй уулзахаар орж явах үед “Амарсайхан” гэж араас нэг эрэгтэй хүн араас 2-3 удаа орилж дуудсан. Би эргээд хартал Чинбат гэх нөхөр байсан ба би “ямар асуудал байна” гэхэд “наанаа байж бай уулзах асуудал байна” гэхээр нь “би уулзалтанд орох гэж байна, яаралтай асуудал юм уу” гэхэд “чиний уулзалт хэнд хамаатай юм бэ?, чи намайг сонин сэтгүүлээр бичүүлсэн байна, энэ замаа нээ, зам яах гэж хаалгасан юм, манай ардчилсан намын байранд хүн ирэхгүй, уулзалт хийж болохгүй байна, та нар яахаараа ордонд уулзалт хийдэг юм” гээд дайрч давшлаад байхаар нь “би уулзалттай байна” гээд цааш явтал араас гүйж ирээд “байж бай” гээд зүүн гараас татаад “чи яасан хүнийг сонинд бичүүлдэг юм, энэ замаа нээх юм уу, үгүй юм уу” гээд орилсон. Би тэгэхээр нь “бичүүлсэн эзнээ олж уулз, чамтай зууралдах цаг байхгүй” гэж хэлээд цаашаа явах гэтэл миний өөдөөс нулимсан ба миний зүүн шанаа тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би салаад ордон руу ортол араас дагаж орж ирсэн ба араас “би чамайг ална, хүн явж алуулна” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ордон руу ороод би заалны индэр дээр иргэдтэйуулзалт хийгээд байж байтал Чинбат урд талын нүүрний эгнээнд суучихаад “чи хогийн хулгайч, луйварчин” гэх зэргээр хэл амаар олны өмнө доромжилж миний нэр хүндэд халдсан. Иргэдтэй уулзах уулзалт цаг орчим болсон. Дундуур нь хүмүүс Чинбатыг заалнаас авч гарсан. Би ордонд уулзаад  байж байхад хэсэг хугацааны дараа манай жолооч Жигжидсүрэн гаднаас орж ирээд Чинбатыг “машины урд талын салхины шил хагалчихлаа” гэж хэлсэн. Би иргэдтэй уулзах яриагаа дуусгачихаад гараад хартал миний машины урд талын салхины шил хагарсан байдалтай байсан. Чинбат намайг хэл амаар доромжлоод “ална, хүнээр алуулна” гээд байсан ба эд хөрөнгөнд чинь халдана гээд ордноос гарсан. Чинбат миний тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалсан ба тухайн үед миний хүзүү хөшиж өвдөж, зүүн талын шанаагаар өвдөж байсан мөн толгой дүүрч өвдөөд байсан. Би ажил ихтэй байсан учир шүүх эмнэлэгт үзүүлж амжаагүй.”

...Чинбат нь нэгдүгээрт миний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан. Хоёрдугаарт миний эд хөрөнгөд халдсан. 2017 оны Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар хагалсан. Гуравдугаарт олон нийтийн өмнө хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, нэр төрд халдсан. Дөрөвдүгээрт намайг Сэрүүлэг сонинд өөрийг нь гүтгэж бичсэн гэж намайг гүтгэсэн. Тийм болохоор миний машины шилийг хагалсан хохиролыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Мөн амь насанд заналхийлсэн. Намайг цохиж, зодож, нулимаж, биед халдсан. Энэ асуудалд олон нийтийн дунд хэл амаар доромжилж, хулгайч дээрэмчинээр хэлж доромжилсон Чинбат гэх этгээдийг хуулийн дагуу шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26-28 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч А.Жигжидсүрэнгийн өгсөн “...Тэгээд Чинбат гарахаар нь хэсэг хугацааны дараа би араас нь гарсан ба Чинбат ордны гадна орилоод “Амарсайхан хэзээ ийм болчихсон юм бэ?, яагаад энэ зам хаагаад...” гэх зэргээр орилоод тэр хавьд зогсоод байсан ба би машины ойролцоо ордны баруун талд тамхи татаад зогсож байтал гэнэт манай машины цонхон дээрчулуу ойх шиг болохоор нь би машин руу очоод хартал манай 76-60 УНО улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил цуурчихсан байсан ба Чинбат машины урдхан талд орилж зогсож байснаа би араас нь “хөөе” гээд 2, 3 удаа орилоход над руу харалгүйгээр Ардчилсан намын байр руу яваад орчихсон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32-34 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.Ганбатын өгсөн “76-80 УНО улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр миний бие “Хаан” банкны зээлээр худалдан авсан. Тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан даруйдаа төрсөн дүү Амарсайханд шилжүүлэн өгсөн бөгөөд захиран зарцуулах, худалдан борлуулах, эдэлж хэрэглэх бүх эрх нь түүнд байгаа. Надад бол тухайн автомашины эзэмшил хамааралгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 52 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/хх-ийн 23-24 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,

/хх-ийн 48-50 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 60 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 61 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа,

/хх-ийн 68 дугаар тал/

Барьцаат зээлийн гэрээний хуулбар,

/хх-ийн 72-76 дугаар тал/

Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45 дугаар тал/ нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч П.Чинбат нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Соёлын төвийн” баруун тал буюу 31 дүгээр байрны  дунд ертөнцийн зүгээр зүүн тийш харсар байдалтай зогсож байсан “Ланд-200 маркийн 76-60 УНО улсын дугаартай С.Амарсайхан эзэмшлийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж урд салхины шилийг гэмтээж 1,830,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Амарсайханы “...Би иргэдтэй уулзах яриагаа дуусгачихаад гараад хартал миний машины урд талын салхины шил хагарсан байдалтай байсан...” гэх, гэрч З.Банзрагчийн “...Тэр өдөр сонгуулийн ажил болж байхаар нь би гарж харах гээд байрны булан тойроод гарч ирэхэд саарал өнгийн машины шил тас гэсэн чимээ гарсан. Тэгээд би хартал П.Чинбат гуай цайвар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй машин руу чулуу нүүлгэж байсан...” гэх, гэрч У.Доржнямбуугийн “...Намайг гадагшаа гарахад нэг хүн хашгирч байсан. Тэр хүн ордны баруун тал руу явахдаа чулуу аваад шидсэн. Тэр үеээр саарал өнгийн машины шил хагарсан битүү чимээ гарсан...” гэх мэдүүлгүүд болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, барьцаат зээлийн гэрээний хуулбар, авто машин техникийн үнэлгээний тайлан зэргээр хангалттай нотлогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Чинбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаар шүүгдэгч П.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Чинбат нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш /2018.7.06-ны өдөр/ 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: П.Чинбатыг хохирогч С.Амарсайханы машины шил хагалсан гэдгийг гэрч З.Банзрагч, гэрч У.Доржнямбуу нарын мэдүүлгээр нотолж байна. Гэтэл энэхүү хоёр гэрч нь Налайх дүүргийн иргэд биш, миний бодлоор эдгээр гэрчүүд нь С.Амарсайханы сонгуулийн ажиллагаанд ажилласан хүмүүс гэж дүгнэж байна. Тиймээс, хоёр гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байхыг хүсэж байна. ...Иргэний хуульд 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эд хөрөнгийн хувьд хохирол амссан хүн хохирогч байх ёстой. Иймд С.Амарсайхан бол анханаасаа машины эзэн буюу хохирогч биш юм гэж үзэж байна гэв. Иймд П.Чинбатыг цагаатгаж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь Ц.Доржнямбуугаас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, З.Банзрагчаас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус тус гэрчээр авсан мэдүүлэг /хх-35-36, 37-38/ тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно.” Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/96 тоот тушаалаар баталсан мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 12 дугаар бүлгийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт прокурор нь Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны А/57 тоот тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг хангасан зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг авах гэсэн хууль тогтоомжийн шаардлага хангаж мэдүүлэг авсан,

мөн гэрч С.Ганбатын “...Тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан даруйдаа төрсөн дүү Амарсайханд шилжүүлэн өгсөн бөгөөд захиран зарцуулах, худалдан борлуулах, эдэлж хэрэглэх бүх эрх нь түүнд байгаа. Надад бол тухайн автомашины эзэмшил хамааралгүй...” гэх мэдүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу хохирогчоор С.Амарсайханыг тогтоосон нь хуулийн шаардлагад нийцэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн  хоёр гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх, С.Амарсайхан нь машины эзэн буюу хохирогч учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах тухай дүгнэлтүүдийг хүлээн авах боломгүй байна.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн: хохиролыг шүүх хамтад нь шийдэж өгнө үү гэснийг хүлээн авч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Чинбатаас 1,830,000 төгрөгийг гаргуулах хохирогч С.Амарсайханд олгуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Чинбат нь  1707000080073 дугаартай хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбатыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Чинбат нь  1707000080073 дугаартай хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Чинбатаас 1,830,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Амарсайханд олгосугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.                              

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ