| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2402 00000 0378 |
| Дугаар | 2025/ДШМ/72 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/72
2025 01 09 2025/ДШМ/72
С.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/2853 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар эсэргүүцлээр С.Тт холбогдох 2402 00000 0378 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С.Т, 1984 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “000” ХХКомпанийн захирал ажилтай, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москвагийн гудамж 000-000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 000000000/,
Яллагдагч С.Т нь “0000” ХХКомпанийн захирлаар ажиллаж байхдаа 2022 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй “000000” ХХКомпаниас 13 ширхэг падаанаар 727.269.090 төгрөгийн, мөн “000000” ХХКомпаниас 2 ширхэг падаанаар 771.170.908 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нийт 157.116.720 төгрөгөөр тус тус бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдуулжээ.
Нийслэлийн прокурорын газраас: С.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 07-р сарын 18-ны өдрийн 2308014571215 дугаар тогтоол (2хх86-88)-оор “С.Т нь “00000” ХХКомпанийн захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “000000” ХХКомпанийн нэр дээр нийт үнийн дүнгийн 1.5-2 хувиар тооцож 14 ширхэг падаанаар 800 сая төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлсэн, “00000” ХХКомпанийн нэр дээр 2 ширхэг падаанаар 771 сая төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлж санхүүгийн анхан шатны баримт, материалыг хуурамчаар үйлдэж улсын төсөвт их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бусадтай бүлэглэн “00000” ХХКомпанийн нэрээр 2 ширхэг падаанаар 771 сая төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлж санхүүгийн анхан шатны баримт, материалыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 94 дүгээр тогтоол(2хх130-132)-оор “ялагдагч С.Т-ын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашигласан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож”, мөн өдрийн 506 дугаар тогтоол(2хх132-133)-оор 2023 оны 08-р сарын 02-ны өдрийн 2308014571215 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад ’’...Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “00000” ХХКомпанийн захирлаар ажиллаж байсан С.Т нь 2022 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй “000000” ХХКомпаниас 13 ширхэг падаанаар 727.269.090 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 72.726.909,09 төгрөгөөр, “0000” ХХКомпаниас 2 ширхэг падаанаар 771.170.908 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 77.117.090 төгрөгөөр тус тус бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэсэн өөрчлөлт оруулж, 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 49 /2402000000378/ дүгээр тогтоолоор “яллагдагч Д.Б нарт холбогдох эрүүгийн 2301000030174 дугаартай хэргээс С.Т-т холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын хэргийн дугаар авч” шийдвэрлэсэн эрхийн акт авагдсан байна.
Дээрх баримтаас үзэхэд анх яллагдагч С.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1,18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд 2023 оны 07- р сарын 18-ны өдөр бүртгэн мөрдөн байцаалтын 2308014571215 дугаарыг авч, уг тогтоолыг 2023 оны 07-р сарын 24-ны өдөр С.Т-т танилцуулан эрх, үүргийг тайлбарлаж, мэдүүлэг авсан байх ба мөн дугаараар яллагдагч М.М, Д.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татаж(2хх97-117) мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 08-р сарын 15-ны өдрийн 4/1087 дугаар тогтоол(2хх121 -123)-оор эрүүгийн 2308014571215 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг өөрчлөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийг тогтоож, прокурорын хяналтын харьяаллыг өөрчлөн Нийслэлийн прокурорын газарт тогтоожээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос дээрх прокурорын тогтоол(2308014571215)-д өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн 506 дугаар тогтоолд уг тогтоолын огноог 2023 оны 08-р сарын 02-ны өдрийн гэж алдаатай бичсэн, улмаар хэргийг тусгаарлахдаа “...Д.Б нарын 2301000030174 дугаар хэрэг”-ээс гэж бичсэн нь Д.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийн дугаараас зөрүүтэй байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17, 29.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчин үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна.
Нөгөөтээгүүр яллагдагч С.Т ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцах, нотлох баримт шалгуулах хүсэлт, гомдол гаргах эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэж үзнэ.
Дээрх прокурорын алдаатай шийдвэрийг шүүхийн хэлэлцүүлэгт эсхүл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэнээс гадна хэрэгт эрүүгийн 2301000030174 дугаартай тогтоол авагдаагүйг тэмдэглэв.
2. Яллагдагч С.Тын “00000” ХХКомпаниас 13 ширхэг падаанаар 727.269.090 төгрөгийн, “Анарминж” ХХКомпаниас 2 ширхэг падаанаар 771.170.908 төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлж, санхүүгийн анхан шатны баримт, материалыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэх үйлдэл нь татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт үйлдлийн арга гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 94 дүгээр тогтоол үйлдсэн.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Б “...хуурамч цахим хаяг нээж, НӨАТ-ын баримт зарна гэж зар байршуулан 000000 ХХК гэх аж ахуйн нэгж холбогдож НӨАТ-ын баримт шивүүлсэн. Би тус аж ахуй нэгжээс нийт үнийн дүнгийн 1.5 хувиар тооцож мөнгийг авсан” гэх мэдүүлэг(1хх27-28), яллагдагч С.Т “...2017 онд 00000 ХХК-ийг аялал жуулчлалын чиглэлээр ганцаараа үүсгэн байгуулж 2019 оноос эхлэн Өмнөговь аймгийн Тавантолгой нүүрсний уурхайгаас Цагаанхад суурьшилын бүсэд ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед түлш худалдан авч байсан хүнээс НӨАТ-ын баримтаа хэрхэн шивүүлэх талаар асуухад Б гэж хүний дугаарыг өгсөн. Б гэх эмэгтэйгээр НӨАТ шивүүлэхээр болж компанийнхаа регистрийн дугаарыг өгөөд нийтдээ 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн НӨАТ шивүүлж, шивүүлсэн НӨАТ-ийнхөө 1.5-2 хувиар төлбөрөө тооцож Б-д шилжүүлэн өгч байсан...” гэх мэдүүлэг(2хх144- 145)-ийг өгсөн байтал прокурор хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн /Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан.../ болон төсөөтэй бусад гэмт хэргийн шинжийг зохих шалгуур тус бүрээр мөрдөн шалгаж нотлох ажиллагааг огт хийлгүйгээр гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн үндэслэл(хууль зүйн болон ямар нотлох баримтыг үндэслэл болгосноо)-ээ тусгалгүй хэргийн үйл баримтад хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл(эс үйлдэхүй)-г харилцуулан жиших, улмаар зүйлчлэл(субсумци) тохирох эсэх, тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөлийн талаар үндэслэл муутай, нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна.
Мөн дээрх тогтоолыг хохирогчид гардуулсан эсхүл танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд мөрдөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийн зөрчилтэй, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй, урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж шүүхийн харьяаллыг тухайлан зааж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдах ёстой.
Яллагдагч С.Т нь тухайн гэмт хэргийг хаана, хэзээ, ямар цаг хугацааны дотор үйлдсэн талаарх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй орхигдуулсан нь мөрдөгч, прокурор гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй, улмаар прокурор 327 дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгавал зохих байдал (гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг)-ыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг зөрчсөн байгааг анхаарвал зохилтой.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар заавал шалгахаар заан, гэмт хэрэг гарсан байдал, гэмт этгээдийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь үнэлж тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч, прокурор хийхээр хуульчилсан.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн 2023 оны 04-р сарын 10-ны өдрийн 07230009 дугаар магадлагаа(1хх35-94)-гаар “...000000 ХХКомпани нь 2022 оны 09-р сарын 01-нээс 2023 оны 03-р сарын 31 -ны өдрийн хооронд нэр бүхий 187 аж ахуй нэгж байгууллага, 28 иргэнд бараа үйлчилгээ борлуулсан мэтээр 1062 ширхэг төлбөрийн баримтын үйлдэж 2,592,689,739.00 төгрөгийн татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулах боломж олгосон байх магадлалтай байна. 0000 ХХКомпани 13 падааны 727,269,085.00 төгрөг/цэвэр дүн/, 72,726,903 төгрөг /НӨАТ/, нийт дүн 799,996,000 төгрөг”,
- Ц.Энхмаагийн 2023 оны 7-р сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай магадлагаа(1 хх127-152)-гаар “...2022.05.13-2022.12.31 хоорондох татварын бааз дахь мэдээллийг үндэслэн 0000 ХХКомпани нь 2130 ширхэг төлбөрийн баримтаар нэр бүхий 566 аж ахуй нэгж байгууллага, 35 иргэнд 51,574,323195.00 төгрөгийн борлуулалт хийснээр И-баримт үйлдэж, татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-ыг 5,157,431,493.00 төгрөгөөр бууруулах боломж олгосон байх магадлалтай байна. Бэсүд жонан ХХКомпани 2 падааны 771.170,908.00 төгрөг/цэвэр дүн/, 77,117,090 төгрөг /НӨАТ/, нийт дүн 848,288,000 төгрөг"
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Л.Алтанцэцэгийн 2023 оны 04-р сарын 19-ны өдрийн 038 дугаартай дүгнэлт(1хх95-126)-ээр “...шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2022 оны 09-р сарын 17-ны өдрөөс 2023 оны 03-р сарын 31-ний өдрийн хоорондох хугацаанд 000000 ХХКомпанийн төлбөрийн 1082 ширхэг И-баримтаар нийт 216 хуулийн этгээд, хувь хүн 25,926,902,263.64 төгрөгийн худалдан авалт тайлагнаж төсөвт төлөх НӨАТ-ыг 2,592,690,226.36 төгрөгөөр бууруулсан байна. 00000 ХХКомпани 13 падааны 727.269.090.91 төгрөг/борлуулалтын дүн/, 72,726,909 төгрөг /НӨАТ/, нийт дүн 799,996,000 төгрөг”,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Оюунгэрэлийн 2023 оны 11-р сарын 30-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт(1хх 157-227)-ийн 5 дугаар хавсралтад “...00000 ХХКомпани /2 баримт/-848.288.000,00 /үнийн дүн/, 77.117.090,00/НӨАТ/, 771.170.908,00 /цэвэр дүн/, 00000 ХХКомпани/14 баримт/-879.996.000,00/үнийн дүн/, 79.999.630,00/НӨАТ/. 799.996.357,00 /цэвэр дүн/, нийт худалдан авалт хийсэн баримтын дүн 1.728.284.000.00 /үнийн дүн/, 157.116.720,00/НӨАТ/. 1.571,167.265.00 /цэвэр дүн/” гэсэн нотлох баримт авагджээ.
Дээрх баримтаас үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол зөрүүтэй байдлыг тодруулаагүй, шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан нэр томьёо, агуулга, заалтуудыг мэдүүлэг авах замаар тайлбарлуулах нь тодорхой асуудлыг нарийвчлах боломж бий болгохоос гадна дүгнэлт өөрөө эргэлзээгүй болсныг илэрхийлэх нөхцөл бүрдэж, шүүхийн шатанд үнэлэх боломжтой юм.
5. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг хангах, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гарган ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгжих учиртай юм.
Иймд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, дээр дурдсан зөрчлийг арилгуулах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Очгэрэл эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 заалт бүхий шүүгчийн захирамжаар дээр дурдсан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцлээ дараах үндэслэлээр бичсэн. Шүүгчийн захирамжтай холбоотой 5 үндэслэлийг заасан байдаг бөгөөд хэргийн дугаартай холбоотой хэргийг анх Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх дугаараар нь тусгаарлаагүй өөр дугаараар тусгаарласан гэж шүүгчийн захирамжид дурдсан байдаг. Энэ хэргийн үндсэн хэрэг нь 4 хүнд холбогдох хэрэг бөгөөд тухайн хүмүүс Фейсбүүк болон цахим орчинд байршуулан татварын өртэй компаниудыг худалдан аваад татварын өрийг нь барагдуулж өөрсдийн нэр дээр шилжүүлэн авч. Улмаар 612 аж ахуйн нэгжүүдэд 25,000,000 гаруй төгрөгийн баримтыг хуурамчаар шивж өгсөн ба тухайн үндсэн хэрэг нь өргөн хүрээтэй байна. Мөн тухайн этгээдүүдээс баримтыг худалдан авч татвар төлөхөөс зайлсхийж байгаа этгээдүүдийг татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг тусгаарлан шийдвэрлэх нь зөв байна гэж үзсэн учраас тусгаарлаж тус тусдан шүүхүүдэд өгч шийдвэрлүүлж байгаа хэргүүдийн нэг нь 000000 ХХК-ний захирал С.Т-т холбогдох хэрэг юм.
Энэ хэрэг анх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт н.Б, н.Б нарт шивж өгсөн хүмүүстэй хамт бүлэглэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах Нийслэлийн прокурорын газарт тухайн хүмүүст холбогдох өргөн цар хүрээтэй хэрэгт нэгтгэгдэхээр Улсын ерөнхий прокурорын газраас хяналтын харьяалал тогтоолгохоор ирсэн хэрэг бөгөөд харьяаллаар ирсэн даруйд нэгтгэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тухай татвар төлөхөөс зайлсхийсэн С.Т-т холбогдох хэргийг тусад нь шийдвэрлэж шинэ дугаар авсан.
Шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлээр зүйлчилж яллагдагчаар татсаныг үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгосон” гэсэн нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Татвараас зайлсхийх гэмт үйлдлийн арга нь тухайн гэмт үйлдлээ татвараас зайлсхийх гэмт хэргийг үйлдэхдээ НӨАТ-ын баримтыг ашиглаж гэмт хэргийг үйлдсэн бөгөөд өөр бусад байдлаар хуурамч баримт бичгийг ашигласан зүйлгүй. Тухайн хуурамч баримтаар бараа үйлчилгээ аваагүй байтлаа авсан мэтээр тодорхойлуулж шивж байгаа нь татварын и-такст бүртгүүлснээр тухайн хүн орлогоо нуун дарагдуулж тухайн үнийн дүнгээр татварыг бууруулж татвараас зайлсхийж байгаа үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинж байна гэж үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг давхар зүйлчилсэн гэж прокурорын зүгээс хэрэгсэхгүй болгож дангаар нь зүйлчилж шүүхэд шилжүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч С.Т-ыг эрүүгийн 2302014571215 дугаартай хэрэгт Татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн, бусадтай бүлэглэн санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татсан хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4/1087 дугаартай тогтоолоор хэргийн хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоожээ.
Хяналтын харьяаллыг өөрчлөн ирүүлсэн хэргийг хүлээн авч яллагдагч Д.Б-г Х.А, Г.Б нартай бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн 0 дугаар баг Ширээн нуруу 00-0 тоот гэртээ байхдаа цахим орчинд буюу фэйсбүүкэд "НӨАТ зарна, шивнэ" гэх зар тавьж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй "000000" ХХК-ийн нэрээр Монгол Улсад татвар төлөгч нэр бүхий 216 аж ахуйн нэгж, хувь иргэнд бараа материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй атлаа санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэж 25,926,902,263.64 төгрөгийн үнэ бүхий 1119 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан буюу санхүүгийн анхан шатны баримтыг бараа материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын ерөнхий газрын https://tais.mta.mn/ цахим мэдээллийн санд зориуд худал тодорхойлон шивж 216 аж ахуйн нэгж, иргэнд орлогын албан татварт ногдох Монгол Улсад төлөх ёстой 2,592,690,226.36 төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэх эрүүгийн 2301000030174 нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллагдагч С.Тт холбогдох үйлдлийг тусгаарлах нь эрүүгийн 2301000030174 дугаартай хэргийг тал бүрээс бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн эрүүгийн 2402000000378 дугаараар хэргээр тусгаарласан болно.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг санаатайгаар бууруулсан гэж татвар ногдох орлого, орлогоос бусад хуульд хэсэгт заасан зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, тайлан мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх, зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах үйлдлийг ойлгоно.
Дээрх гэмт хэргийн үндсэн шинж болох татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг санаатайгаар бууруулж тайлагнахын тулд санхүүгийн анхан шатны хуурамч баримтыг ашиглаж л үйлдэгдэх бөгөөд санхүүгийн анхан шатны хуурамч баримтыг ашиглах нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн үйлдлийн арга нь болно.
3. Шүүгчийн захирамжид дурдсан дараагийн заалт нь гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэр цаг хугацаа орон зайг тогтоогүй гэсэн. Тухайн аж ахуйн нэгж нутаг дэвсгэрийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон бөгөөд хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь Татварын байгууллагад тайланг илгээснээр гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба яллагдагч С.Т нь 00000 ХХК-ны 2022 оны жилийн эцсийн тайланг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тайлагнаснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж яллах дүгнэлтэд дээрх байдлыг тодорхой тусгасан. Мөн дээрх үндэслэлээр яллагдагч С.Т-ын үйлдсэн Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй.
Прокуророос яллах дүгнэлтэд “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "00000" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Т нь 2022 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд...” гэх байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайг тодорхойлж бичсэн болно.
4 дэх заалтад санхүүгийн шинжээч мөрдөгчийн магадгаа зөрүүтэй дүгнэсэн гэж байдаг.
Хэрэгт "00000" ХХК-ны санхүүгийн баримтад шинжилгээ хийсэн: Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07230009 дугаартай мөрдөгчийн магадалгаа (1хх 35-94), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт (1хх 95-126), “0000" ХХК-ны санхүүгийн баримтад шинжилгээ хийсэн: Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн гаргасан 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаа (1хх 127-152), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт (1хх 157-227) тус тус авагдсан. Шүүхээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол зөрүүтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс ямар байдлаар зөрүүтэй байна гэснийг ойлгоогүй.
Хэрэгт авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07230009 дугаартай мөрдөгчийн магадалгаа, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус "0000" ХХК нь 00000 ХХК-аас 13 ширхэг падаанаар 799,996,000 (долоон зуун ерэн есөн сая, есөн зуун ерэн зургаан мянга) төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлсон,
2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаа, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус "0000" ХХК нь 00000 ХХК-аас 2 ширхэг падаанаар 848,288,000 (найман зуун дөчин найман сая, хоёр зуун наян найман мянга) төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлсон болохыг тус тус зөрүүгүйгээр тогтоосон.
Харин 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07230009 дугаартай мөрдөгчийн магадалгаа, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус "0000" ХХК нь 00000 ХХК-аас 13 ширхэг падаанаар худалдан авсан 799,996,000 (долоон зуун ерэн есөн сая, есөн зуун ерэн зургаан мянга) төгрөгийн үнийн дүнгийн НӨАТ-ын дүнг 72,726,903,00 (далан хоёр сая, долоон зуун хорин зургаан мянга, есөн зуун гурав), 72,726,909,09 (далан хоёр сая, долоон зуун хорин зургаан мянга, есөн зуун есөн төгрөг, есөн мөнгө) гэж 6,09 (зургаан төгрөг, есөн мөнгө)-ний зөрүүтэй,
2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаа, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус "0000" ХХК нь 0000 ХХК-аас 2 ширхэг падаанаар 848,288,000 (найман зуун дөчин найман сая, хоёр зуун наян найман мянга) төгрөгийн төгрөгийн үнийн дүнгийн НӨАТ-ын дүнг 77,117,090 (далан долоон сая, нэг зуун арван долоон мянга, ер) гэж зөрүүгүйгээр тодорхойлсон байна.
Дээрх 00000 ХХК-аас 13 ширхэг падаанаар худалдан авсан үнийн дүнгийн НӨАТ-ын дүнд үүсч буй 6,09 (зургаан төгрөг, есөн мөнгө)-ний зөрүү нь нийт үнийн дүнгээс НӨАТ-ын дүнг хувьчилж тооцон задгай тооны нарийвчлалаас хамаарсан зөрүү болно.
Мөн хэргийг прокурорт буцаасан үндэслэл болох мөрдөгчийн магадалгаа, санхүүгийн шинжээчийн дүгнэлтүүдэд гарсан зөрөөг шинжээчээс тодруулж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш бөгөөд шаардлагатай тохиолдолд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулж, шийдвэрлэх боломжтой юм.
5. Хэрэв шүүхээс анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалж, шинжээчийг оролцуулан тодруулсан ч дээрх зөрөө арилах боломжгүй, зайлшгүй дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд талуудын зөвшөөрснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дахин шинжилгээ хийлгэх боломжтой байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор зохицуулсан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Прокурорын зүгээс шүүх яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай бөгөөд, хүрэлцээтэй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/2853 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч С.Тт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтууд үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
1. Анхан шатны шүүхээс хэргийн прокурорт буцаахдаа өөр хэрэгт яллагдагчаар татагдсан яллагдагч Д.Б нарт холбогдох эрүүгийн 2301000030174 дугаартай хэргээс С.Т-т холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааны хэргийн дугаар авч шийдвэрлэсэн эрхийн акт авагдсан байхад хэрэгт дээрх хэргийн дугаартай тогтоол авагдаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 1 дэх заалт үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 94 дүгээр прокурорын тогтоолоор “...яллагдагч Д.Б нарт холбогдох эрүүгийн 2301000030174 дугаартай хэргээс С.Т-т холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааны хэргийн дугаарыг авч шийдвэрлэсэн эрх зүйн акт авагдсан байх боловч 23010000030174 дугаартай прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, нөгөөтэйгүүр яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, гомдол гаргах эрхийг хязгаарласан байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаж цуглуулж бэхжүүлэх нь зүйтэй.
2. Уг хэрэгт 2023.4.10-ны өдрийн 07230009 дугаартай магадлагаа /1хх 35-94/, 2023.7.06-ны өдрийн 07230018 дугаартай магадлагаа /1хх 127-152/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.4.19-ний өдрийн 038 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 95-126/, 2023.11.30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 157-227/ тус тус авагдсан байна.
Дээрх шинжээч нарын дүгнэлтүүдээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол зөрүүтэй байх ба дээрх хохирлын зөрүүтэй байдлыг тодруулаагүй байх тул энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаж үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байна.
Харин шүүгчийн захирамжид дурдсан: 2 гэж дугаарласан “...Яллагдагч С.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн гэмт хэргийн шинжийг зохих шалгуур тус бүрээр мөрдөн шалгаж, нотлох ажиллагааг хийгээгүй.” , мөн 3 гэж дугаарласан “....яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг тусгаагүй. ...” гэх ажиллагаануудыг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж энэ талаарх бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжид заасан 1, 4 гэж дугаарласан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/2853 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар эсэргүүцлийн зарим хэргийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ