| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2026/0024/з |
| Дугаар | 124/ШШ2026/0031 |
| Огноо | 2026-08-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 124/ШШ2026/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ББЦТС” ХК, ............................................. байрлах,
Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан,
“Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай", 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Т.З, Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “ББЦТС” ХК-аас Увс аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай", 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагаар “ХЦТС” ХХК-ийн нэр бүхий 7 албан хаагчдад 11,816,771 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосныг, 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагаар “ББЭХС” ТӨХК сахилгын шийтгэлтэй нэр бүхий 52 албан хаагчид 98,028,163 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон гэх зөрчлийг таслан зогсоож, биелэлтийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг шаарджээ.
3.Нэхэмжлэгч албан шаардлагыг эс зөвшөөрч 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Ерөнхий аудиторт гомдол гаргасан байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1108 дугаар албан бичгээр “албан шаардлагууд нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж байгаа тухай” хариу ирүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан “дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах” зохицуулалтад нийцсэн байна.
4.Нэхэмжлэгч “ББЦТС” ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Аудитын албан шаардлагын 3 дахь хэсэгт дурдсан “ХЦТ ХХК нь сахилгын шийтгэлтэй нэр бүхий 7 албан хаагчдад 11,816.7 мянга, ББЭХС ТӨХК нь нэр бүхий 52 албан хаагчдад 98,028.2 мянга, нийт 59 албан хаагчид 109,844.9 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон гэж Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026.03.13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026.03.13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026004НА-СТА-ТӨҮГ дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг тус тус ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн аудитын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн “31.1.Төрийн аудитын байгууллагын албан хаагч дараах үүрэг хүлээнэ: 31.1.1. шалгагдагч этгээдэд аудитын төрөл, зорилго, аудит хийх хамрах хүрээ, хугацаа, талуудын эрх, үүргийн талаар танилцуулах;”, Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаартай тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-ын 16 дугаар зүйлийн “16.6. Аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт энэ журмын 3.3.3, 16.4-т заасан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг тухайн аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор батална.” гэж заасны дагуу аудитын төлөвлөгөө, зорилго, хамрах хүрээг урьдчилан танилцуулаагүйг дурдаж байна. Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаартай тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-т заасантай нийцээгүй дүгнэлт хийсэн байна. “ББЭХС” ТӨХК-ийн хамтын гэрээ Улаангом сумын ЗДТГ-т 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж, тус гэрээний 9.3-т зааснаар 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчлэхээр байна. Мөн “ ХЦТС” ХХК-ийн захиргаа, ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж, бүртгэгдсэнээс хойш тус гэрээний 1.2-т зааснаар 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.Тиймээс “ХЦТС” ХХК нь сахилгын шийтгэлтэй нэр бүхий 7 албан хаагчдад 11,816.7 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь Хамтын гэрээний 3.19-д заасны дагуу олгогдсон ба “ББЭХС” ТӨХК нь нэр бүхий 52 албан хаагчдад 98,028.2 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь Хамтын гэрээний 3.20-д заасны дагуу олгосон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн “2.3.Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ:
2.3.1.энэ хууль;
2.3.2.Монгол Улсын бусад хууль;
2.3.3.захиргааны хэм хэмжээний акт;
2.3.4.салбар, салбар дундын хамтын хэлэлцээр;
2.3.5.хамтын гэрээ;
2.3.6.хөдөлмөрийн гэрээ;
2.3.7.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ.” гэж заасан буюу албан шаардлагад дурдсан гүйцэтгэх захирлын А/86 тушаалаас дээр дурдсан “Хамтын гэрээ” давуу хүчинтэй үйлчлэхээр байна.Түүнчлэн Гүйцэтгэх захирлын А/86 тушаалаар баталсан журмын 4.б хэсгийн заалт нь “удаа дараа” гэсэн урьдчилсан нөхцөл тавьсан байна. УДШ-ийн 2012 оны 01 дугаартай “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал”-д дараах байдлаар хууль зүйн нэр томьёог хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд "хөдөлмөрийн сахилгын хариуцлага", "сахилгын зөрчил" гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна. Бүгд Найрамдах Монгол Ард улсын дээд шүүхийн бүгд хурлын 1991 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай” тогтоолын 10.Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан "Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн" гэдэгт хөдөлмөрийн сахилгыг 3 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Харин удаа дарааг тодорхойлж буй зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байхыг шаардана.” гэж заасан. Эдгээр тогтоол, зөвлөмж хүчин төгөлдөр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Хамтын гэрээ, УДШ-ийн зөвлөмжид нийцүүлэн ажилчдад үр дүнгийн урамшуулал олгосон тул зөрчилд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414 УВА-2026004НА-СТА- ТӨҮГ дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага болон 06/53/2071092 УВА- 2026004НА-СТА-ТӨҮГ дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэв.
5. Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 6.3-д “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.3.1-д “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11,12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх” гэж заасан бүрэн эрхийн Төсвийн тухай хуулийн 8.9-д заасан цаглаварт хугацаанд жил бүр төсвийн, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдүүдийн тухайн жилийн санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудит хийдэг. Санхүүгийн тайлангийн аудитыг АДБОУС 200 “Санхүүгийн аудитын зарчим”, АДБОУС 2000 “Санхүүгийн аудитын стандартын хэрэглээ”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”, 2021 оны А/70 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайлангийн аудитын заавар аргачлал”-ын дагуу гүйцэтгэдэг.Төрийн аудитын тухай хуулийн 4.1.7-д “аудитын төлөвлөгөө" гэж аудит хийх үндэслэл, аудитын зорилт, хамрах хүрээ, арга зүй, цаг хугацаа, хөтөлбөрийг багтаасан эрх бүхий этгээдийн баталсан баримт бичгийг” гэж заасан байдаг. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаар тушаалаар “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-ын 4.2.8-д “аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулах, аудитын тайлангийн төсөлд шалгагдагч байгууллагаас санал авах”, Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлд элийн болон нийцлийн аудитын тайлангийн төсөлд санал авах”, 18.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ” гэсэн заалтууд нь бодлогын хүрээнд нийцлийн болон гүйцэтгэлийн аудит хийхэд мөрдөгддөг. Хуулийн дагуу хийгдэх санхүүгийн тайлангийн аудитын хувьд аудитын төлөвлөлтийн өмнөх үе шатанд батлагдсан загварын дагуу санхүүгийн тайлангийн аудит хийх хуулийн хугацаа, аудитын зорилт, хамрах хүрээ, Төрийн аудитын байгууллага болон төсвийн захирагчийн харилцан хүлээх эрх үүрэг, хариуцлагыг тусгасан ажлын захидлыг хүргүүлж, гэрээ байгуулж, цахимаар нийт төсвийн захирагчдыг хамруулан санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийдэг. Төрийн аудитын газрын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “ББЦТС” ХК-тай Санхүүгийн тайлангийн аудит хийх №004 дугаар гэрээг байгуулж, 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар “Санхүүгийн тайлангийн аудит хийх тухай” албан бичгээр удирдлагын захидлыг хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж заасны дагуу санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу аудитаар илрүүлсэн зөрчлүүдтэй холбогдуулан төлбөрийн акт болон албан шаардлага өгөх болсонтой холбогдуулан сонсох ажиллагааг хийдэг. Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг асуудлын бүртгэл хөтөлж шалгагдагч байгууллагад танилцуулдаг. “ББЦТС” ХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийг асуудлын бүртгэлийн маягтаар хөтөлж 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан бөгөөд ББЦТС ХК-ийн Ховд түгээх салбарт №13 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар албан бичгээр, ББЦТС ХК-д №04 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 209 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. “ББЭХС” ТӨХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн болно. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасны дагуу “Ховд цахилгаан түгээх” ХХК нь сахилгын шийтгэлтэй нэр бүхий 7 албан хаагчдад 11,816.7 мянга, “ББЭХС” ТӨХК нь сахилгын шийтгэлтэй нэр бүхий 52 албан хаагчдад 98,028.02 мянга, нийт сахилгын шийтгэлтэй 59 албан хаагчдад 109,844.9 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон” зөрчилд 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/53А2071092-УВА-2026/004НА-СТА-ТӨҮГ дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн 01/48/А2070414УВА-2026-004НА-СТА-ТӨҮГ дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Шалгагдагч байгууллагын зүгээс "Сахилгын шийтгэл хүлээсэн ажилтанд үр дүнгийн урамшуулал, шагнал олгохгүй байх нь сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа үйлдэл" гэж тайлбарлан албан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.2-д “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын эл ногдуулна" гэж заажээ. Үүнд:
123.2.1 өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;
123.2.2.нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
123.2.З үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
123.2.4.албан тушаал бууруулах;
123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэж сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг тодорхой зааж өгсөн байна.
Дээрх заалтаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэсэн заалт нь зөвхөн хуулийн 123.2-т заасан шийтгэлүүдийг нэг зөрчил дээр зэрэгцүүлж хэрэглэхийг хориглосон зохицуулалт үзэж байна. Сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн дагуу шийтгэл ногдуулахын зэрэгцээ, байгууллагын дотоод журмын дагуу урамшуулал олгохгүй байх нь урамшуулал авах "шалгуур нөхцөлийг хангаагүй” гэж үзэх эрх зүйн үр дагавар бөгөөд сахилгын шийтгэл давхардуулсан үйлдэл биш гэж бид үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт "Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно”, 123.9 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан хугацаанаас өмнө ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцож болох бөгөөд энэ тухай ажилтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ’ гэж заасан байна. Мөн “ХЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан “Ажилтнуудад сарын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4.1-д “Сарын үр дүнгийн шагналыг дараах нөхцөлд олгохгүй”, 4.1.1-д “Сахилгын зөрчил гаргаж хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдсан”, ББЭХСТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/86 дугаар тушаалаар баталсан “Ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгээр шагнал олгох журам”-ын 4-д “Доор дурдсан шалтгаан нөхцөлийн улмаас үр дүнгийн шагнал олгохгүй” б. "Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдсан" гэж тодорхой заасан байна. Энэ нь тухайн байгууллагын дагаж мөрдөх үүрэгтэй, хүчин төгөлдөр хууль, дотоод хэм хэмжээ мөн гэж бид үзсэн. Иймд Увс аймаг дахь Төрийн аудитын газраас өгсөн 01/48/А2070414 (УВА- 2026/004/НА-СТА-ТӨҮГ) , 06/53/2071092 (УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ) дугаартай албан шаардлагууд нь Төрийн аудитын байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, тогтоосон журам, стандартын дагуу үүссэн зөрчлийг таслан зогсоох, дахин давтан гаргуулахгүй байх аудитын шийдвэрүүд тул шалгагдагч байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Аймгийн аудитын газраас ХЦТсалбарын нэр бүхий 7 ажилтанд 11,816,711 төгрөг үр дүнгийн урамшуулал олгосон гэх, “ББЦТС” хувьцаат компанийн 52 ажилтанд 98,028,163 төгрөг төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон гэх албан шаардлага тавьсан. Нийтдээ 59 албан хаагч сахилгын шийтгэл хүлээсэн ба тухайн сардаа сарын үр дүнгээ авахгүй байгаа, манай журам болон хамтын гэрээн дээр заагаад өгчихсөн байгаа. Аймгийн аудитын газраас тухайн сахилгын шийтгэл авагдсанаас хойш нэг жилийн хугацаанд үр дүнгийн урамшуулал авахгүй гэсэн шаардлагыг тавьсан. ХЦТС болон ББЦТС 2 компанид тавигдсан албан шаардлага дээр хамтад нь ярья гэж бодож байна. Адилхан хуулийн заалтаар албан шаардлага тавьсан байсан. Тэгэхээр аймгийн аудитын газраас манай компани дээр албан шаардлага тавихдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна. Мөн хуулийн 123.8-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөж ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлд тооцно гэсэн үндэслэлээр албан шаардлага хүргүүлсэн байна. Аудитын газраас ирүүлсэн албан шаардлага нь тухайн ажилтны сахилгын шийтгэлд авсан сараас хойших жилийн хугацаанд үр дүн олгож болохгүй гэж албан шаардлага тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. ХЦТ салбарын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн Хамтын гэрээний 3.19-д сахилгын нэг төрөл шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ноогдуулахгүй байх зарчмаар сарын үйл ажиллагааны үр дүн болон жилийн үйл ажиллагааны үр дүнгийн ноогдох хувиар олгоно гэж заасан. ББЦТС хувьцаат компанийн үр дүн олгох журмын 4б-д Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд шагнал олгохгүй гэж заасан байна. Энэ журмын дагуу сахилгын шийтгэл хүлээсэн сардаа тухайн ажилтан шагнал буюу сарын үр дүн олгоогүй. “ББЦТС” хувьцаат компанийн хамтын гэрээний 3.20- дахь заалтын дагуу сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ноогдуулахгүй байх зарчмаар сарын үйл ажиллагаа болон жилийн үр дүнгийн шагналыг ноогдох хувиар олгоно гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ны 33 дугаар тоот Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалт тайлбарлах тухай тогтоол байдаг. Энэ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэдэгт нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэсэн байдаг. Иймд “ББЦТС” хувьцаат компанийн 52 ажилтан “ХЦТС” компанийн 7 ажилтанд сарын үр дүн олгосон гэх албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйл зүйлд хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын хэм хэмжээнд тавигдах шаардлагыг заагаад өгчихсөн байдаг. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Ажил олгогч, Ажил олгогчийн төлөөлөгч хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах зорилгоор ажилтны төлөөлөгчтэй хамтын хэлэлцээ хийх, ажилтантай харилцан тохирч хөдөлмөрийн гэрээ, түүний дагалдах гэрээг байгуулах бөгөөд хөдөлмөр, нийгмийн хамгааллын харилцааны асуудлаар хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоох, 12.2-т хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дараах шаардлагыг хангасан байна 2.1-т Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомж бүрэн нийцсэн байх, хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулахгүй байх, харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх ёстой гэж заасан байна. Салбарын болон ажил мэргэжлийн онцлог, ажил олгогч болон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас шууд нөлөөлөх бусад хүчин зүйлийг харгалзсан байх,12.3-д хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно. 4-д Хамтын гэрээ, хамтын хэлэлцээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зарим зохицуулалт хүчин төгөлдөр бус байх нь түүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж заагаад байгаа юм. Аймгийн Аудитын газраас ирүүлсэн албан шаардлага нь “ББЦТС” хувьцаат компанийн ажилчдыг төрийн албан хаагчидтай адилтган үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8 гэсэн заалтыг дурдаж албан шаардлага ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албаны ангиллыг тодорхой заагаад өгчихсөн байдаг. Төрийн албыг доор дурдсанаар ангилна,
• төрийн улс төрийн алба,
• төрийн захиргааны алба,
• төрийн тусгай алба,
• төрийн үйлчилгээний алба 6.2-; 6.1.2 1.3-д заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ гээд заагаад өгчихсөн. Энэ хуулиар бол манай компанийн ажилчид төрийн албаны ангилалд орохгүйг дурдаж хэлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д сахилгын нэг зөрчил, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ноогдуулахгүй гэсэн заалт байдаг. Аудитын газрын албан шаардлага нь тухайн ажилтан сахилгын нэг зөрчилд давхар сахилгын зөрчил хүлээлгэж, жилийн хугацаанд үр дүн олгож болохгүй утга агуулга бүхий албан шаардлага ирүүлсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аудитын газраас ирүүлсэн албан шаардлагын утга санааг махчилж ойлгох юм бол сахилгын шийтгэл авсан ажилтан нь нэг жилийн хугацаанд сарын үр дүнгийн шагнал авах боломжгүй болох эрсдэл байна. Дээр дурдсанчлан манай компанийн хамтын гэрээ, сар жилийн үр дүнгийн урамшуулал олгох журамд үр дүн олгож болно гэсэн тодорхой заалтууд байгаа. Албан шаардлагаар цаашид манай компанийн ажилчдын нийгмийн асуудал болон эрх ашгийг ноцтой хөндөж байгаа тул Аудитын газраас ирүүлсэн 2026 оны 3 сарын 13-ны албан шаардлагуудыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ББЭХС” төрийн өмчит компани манай аудитын 2 албан шаардлагыг хүчингүй болгуулах болуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ дээр тайлбар өгье. 1 дүгээрт аудитын үйл ажиллагааг урьдчилсан танилцуулаагүй, процессын алдаа гаргасан гэх. Бид 2026 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр тус компанитай санхүүгийн тайлангийн аудитын гэрээг хийсэн. Үүний дараа 2 дугаар сарын 10-нд албан захидлыг хүргүүлж, цахимаар аудитын нээлтийг хийж, зорилго, хамрах хүрээгээ тодорхой танилцуулчихсан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж, мэдэгдлүүд хүргүүлсэн. Нэхэмжлэгч тал ББЭХС, ХЦТсистемийн талуудаас мэдэгдэлтэй танилцсан тухай албан бичгийг 3 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн байдаг. Аудитын нотлох баримт хангалтгүй гэх асуудлын хувьд манайх нэхэмжлэгч талын бидэнд ирүүлсэн санхүүгийн анхан шатын баримтууд, цалин урамшууллын цэс, мөн гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалуудад шууд үндэслэсэн болно. Тэдний гаргаж өгсөн аудитын журмын шаардлага хангасан маргаангүй баримтуудаар зөрчил бүр нь бүрэн нотлогдож байгаа. 3 дугаарт хуулийн эрэмбэ болон хамтын гэрээний тухайд, 2020 онд Нямтуул захиралтай байхдаа баталсан ажилтнуудад жил, сарын үр дүнг олгох журам байдаг. Нэхэмжлэгчийн баталсан журмын 4Б-д хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдсан гэж таслалаар зааглан бичсэн байдаг. Энд дурдсан сахилгын шийтгэлтэй байх гэдэг нь урамшуулал олгохгүй байх бие даасан шалгуур мөн бөгөөд заавал удаа дараа зөрчил гаргасан байхыг шаардахгүй юм. Түүнээс гадна хамтын гэрээ гэдэг нь ажилтны эрхийг хамгаалах зохицуулалттай хэдий ч төсвийн болон бусад хуулиар тогтоосон төрийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлага, хууль ёсны сахилга батыг давж, төрийн өмчид хохиролтой байдлаар үйлчлэх ямар ч хууль зүйн боломжгүй гэж үзэж байгаа. 4 дүгээрт давхар шийтгэл ноогдуулсан тухайд, Улсын Дээд шүүхийн 2012 оны 01 дүгээр тогтоолыг тайлбарласан байна. Энэ тогтоолын 2.4-ийг авч үзвэл сахилгын шийтгэлийг удаа дараа үйлдээд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухай тайлбарласан тийм заалт байна гэж ойлгосон. Мөн нэхэмжлэгч тал өнөөдөр аудитын шийдвэр хууль бус, үндэслэлгүй гэж маргадаг. Гэтэл бодит байдал дээр 2026 оны 6 сарын 24-ний өдөр манай Төрийн аудитын газарт 532 дугаарт албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигтээ сахилгын шийтгэлтэй 52 албан хаагчид 98 сая төгрөг урамшуулал олгосон алдааг залруулсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж биелэлтийг хавсаргасан байдаг. Нэгэнт шалгагч байгууллага албан шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураараа залруулчхаад одоо эргээд шүүхэд аудитын шаардлага хууль бус байна гэж маргаж байгаа нь бас хууль зүйн логикийн хувьд ойлгомжгүй байгаа. Мөн манай байгууллагаас гаргасан албан шаардлагууд нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дугаар зүйлд хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж байгаа юм. Монгол Улсад хөдөлмөрийн харилцаа эрхэлж байгаа бүх албан байгууллага, төрийн өмчит компани Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ дээр 5 санкц байгаа. Ганцаарчилсан хэлбэрээр сануулах, олон нийт, нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20%-аар бууруулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах гэсэн байгаа. Сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгохгүй байх нь давхар 123.7-г сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэсэн заалттай зөрчилдөж байна гэж тайлбарлаад байх шиг байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд энэ 5 заалтыг л хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж тодорхой зааж өгсөн байдаг. Хэрэв нэг зөрчилд торгочхоод дахиад сануулах арга хэмжээ хөдөлмөрийн хуулийн дагуу авсан болбол энийг сахилгын шийтгэлийг давхардуулан олгосон гэж ойлгож байна аа. Мөн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн байдаг. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.9-т ажил олгогч нь энэ хуулийн 123.8-д заасан хугацаанаас өмнө ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцож болох бөгөөд энэ тухай ажилтанд бичгээр эсвэл цахимаар мэдэгдэнэ гэсэн байдаг. Хэрэв энэ 50 гаруй албан хаагчдад энэ журмын дагуу үр дүнгийн урамшуулал олгохоор байсан болбол төсвийн захирагч буюу гүйцэтгэх захирал нь энэ хуулийг баримтлаад хэрэв ямар нэгэн гэм хор учруулаад өөрийнхөө дүрэм журмыг зөрчөөд ажлын хариуцлага алдаад мэдээж ийм сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Энэ гэм хорыг арилгасан гэж үзэх юм бол хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.9-ийг баримтлаад сахилгын шийтгэлгүйд тооцоод дараа нь үр дүнгийн урамшуулал олгох тийм процесс гаргаж ажиллах байсан гэж манайх үзэж байгаа юм” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид бүхэн эрх зүйч гэхээсээ илүү ахлах нягтлан бодогч, баруун бүсийн цалингийн нягтлан бодогчтой бас яг тулгалтаа хийж түүвэр хийж байхдаа танилцуулсан. Цалин бодож байгаа хүмүүс учраас тайлбарласан. Хэрвээ танайх 2 сар 20%-аар цалин хасан сахилгын шийтгэлийг оногдуулсан бол 3 дахь сараас тухайн ажилтны сахилгын шийтгэлгүйд тооцоод тухайн хүндээ цахимаар юм уу албан бичгээр мэдэгдчихсэн бол цаашаа энэ хүн үр дүнгийн урамшууллаа аваад явах эрх нь бол нээлттэй гэдгээ бас маш сайн тайлбарлаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласнаар тухайн ажилчдын эрх ашгийг хөндөж байгаа асуудал бол биш. Бид нар харин ч эсрэгээрээ тэр хүмүүсийг хамгаалж байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тэр тушаалыг хүчингүй болгохгүй бол жилийн хугацаанд сахилгын шийтгэлтэй ажилтнаараа явахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заачихсан байгаа. Хэрвээ 123.9-д зааснаар тухайн ажилтандаа цахимаар буюу албан бичгээрээ мэдэгдсэн бол энэ хүний хувьд ч гэсэн сахилгын шийтгэлгүй ажилчин болоод цаашаа хөдөлмөрийн харилцаагаа гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнгээр аваад явах ийм боломжтой байсан гэдгийг нь бас тухайн албан тушаалтнуудад тухай бүрд нь тайлбарлаж явсан. Тийм болохоор манай албан шаардлага бол хуульд нийцэж байгаа гэж үзэж байгаа.” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхий аудитор нь албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг батална гэж заасан байгаа. Манай албан шаардлага өгөх төлбөрийн акт тогтоох журам нь нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэн баримт бичиг. Энэхүү журмын 4.2.1-д заасны дагуу бид бүхэн хууль тогтоомж, гэрээ хэлцэл зөрчсөн алдаа зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн. Энэ үндэслэлээр албан шаардлагаа тогтоосон. Манай албан шаардлагын хувьд ажилчдын эрх ашгийг хөндөж байгаа шийдвэр бол биш. Хүчин төгөлдөр байгаа хууль, дүрэм журам, дотоод хэм хэмжээгээ мөрдөж ажиллаач ээ, дараа энэхүү зөрчлөө давтан битгий гаргаарай гэдэг албан шаардлага байгаа. Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг 1 жилийн хугацаа болоогүй байхад үр дүнгийн урамшуулал олгосон гэдэгт бид нар албан шаардлага, хууль дүрэм журмаа мөрдөж ажиллана уу. Энэхүү зөрчлөө давтан битгий гаргаарай гэдэг албан шаардлага хүргүүлсэн” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. “ББЦТС” ХК-аас “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлага, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
3.Нэхэмжлэгч талаас “сарын урамшууллыг “ББЭХС” ТӨХК-ын хамтын гэрээ болон “ХЦТС” ХХК-ийн захиргаа, ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээнд тус тус заасны дагуу олгосон. Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хэм хэмжээ тогтоосон актуудын хувьд хамтын гэрээ нь гүйцэтгэх захирлын тушаалаас давуу хүчин чадалтай. Гүйцэтгэх захирлын А/86 дугаар тушаалаар баталсан журмын 4.б хэсгийн заалт нь “удаа дараа” гэх урьдчилсан нөхцөл тавьсан байх ба хөдөлмөрийн тухай хуулийн дагуу “удаа дараа” гэж сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш хугацаагаар гаргасан байхыг ойлгоно” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
4.Хариуцагч талаас “ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны А/86 дугаар тушаалаар батлагдсан “Ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгээр шагнал олгох журам”-ын 4-д “хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдсан” бол шагнал олгохгүй гэж заасан, мөн “ХЦТС” ХХК-ийн захирлын 2019 оны А/42 дугаар тушаалаар батлагдсан журамд сахилгын зөрчил гаргаж хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдсан бол сарын үр дүнгийн шагналыг олгохгүй гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг сахилгын шийтгэлгүйд тооцохоор заасан тул хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцсоны дараа урамшуулал авах эрхтэй болно...”гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
5.Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагаар “ББЭХС” ТӨХК нь сахилгын шийтгэлтэй нэр бүхий 52 албан хаагчид 98,028,163 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123,8, 123.9, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.5, 20.2.7, ББЭХСТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний А/86 дугаар тушаалаар батлагдсан “Ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгээр шагнал олгох журам”-ын 4.б-д заасныг зөрчсөн гэж, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагаар “ХЦТС” ХХК нь дээр дурдсан хуулийн заалтууд мөн “ХЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний А/42 дугаар тушаалаар батлагдсан “Ажилтнуудад сарын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4.1-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэн тус тус дүгнэн цаашид зөрчил гаргахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн байна.
6. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай “Эрчим хүчний салбарын төрийн өмчит зарим компанийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор "ББЭХС" ХК, "А" ХК-ийг тус тус "ЦДҮС" ХК-д нэгтгэж, Увс аймгийн "ЦТС" ХХК, "ХЦТС" ХХК, "ДУЦС" ХХК-ийг нийлүүлэн "ББЦТС" ХК-ийг байгуулсан байх ба өөрчлөн байгуулалтад хамрагдсан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа компанид шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайдад даалгажээ.
7. “ББЦТС” төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар баталсан.
8. “ББЭХС” ХК болон “ХЦТС” ХХК-ийн санхүүгийн баримт “ББЦТС” ХК-д шилжин ирсэн байх бөгөөд төрийн аудитын газраас санхүүгийн тайланд хийсэн аудитаар “сарын үр дүнгийн урамшууллыг сахилгын шийтгэлтэй ажилтанд олгосон нь хууль тогтоомж зөрчсөн зөрчил” гэж үзэн зөрчлийг давтан гаргахгүй байхыг “ББЦТС” ХК-ийн захирал нягтлан бодогч, ХЦТ салбарын дарга, нягтлан бодогч нарт даалгаж, албан шаардлага гаргасан нь эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт байна.
Иймд “ББЦТС” ХК нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.
9. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасан бөгөөд захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаж байх ёстой.
10.“ББЭХС” ХК нь 2025 онд нэр бүхий 52 албан хаагчид, “ХЦТС” ХХК нь 2025 онд нэр бүхий 7 албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулж, тухайн албан хаагчдад сахилгын зөрчил гаргасан сарын үр дүнгийн урамшуулал олгохгүйгээр бусад саруудад үр дүнгийн урамшууллыг олгосон бөгөөд урамшуулал олгосон эсэх, сахилгын шийтгэл ногдуулсан болон нийт олгогдсон урамшууллын мөнгөн дүнгийн тооцооллын талаар талууд маргаангүй.
11.Харин сахилгын шийтгэл хүлээсэн ажилтанд сарын үр дүнгийн урамшууллыг олгож байгаа нь хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэх зөрчил мөн эсэх талаар талууд маргаж байна.
12.Маргаан бүхий хоёр албан шаардлагад баримталсан хуулийн зохицуулалт, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны баталсан журмын агуулга адил тул нэгдсэн нэг дүгнэлт хийх нь зүйтэй.
Албан шаардлагад дараах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн.Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “123.2.Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:
123.2.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;
123.2.2.нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
123.2.3.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
123.2.4.албан тушаал бууруулах;
123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”,
123.8-д “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно”, 123.9-д “Ажил олгогч энэ хуулийн 123.8-д заасан хугацаанаас өмнө ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцож болох бөгөөд энэ тухай ажилтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:
20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”,
20.2.7.аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө туслалцаа авах гэж заасан.
13.“ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний А/86 дугаар тушаалын 2-р хавсралтаар “ББЭХС ТӨХК-ийн ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгээр шагнал олгох журам”-ыг баталсан.
Тус журмын дөрөв дэх хэсэгт “Доор дурдсан шалтгаан нөхцөлийн улмаас сарын үр дүнгийн шагнал олгохгүй.Үүнд: б/Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдсан” гэж заасан.
“ХЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/42 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар “Сарын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан.
Уг журмын 4 дэх хэсгийн 4.1-д Сарын үр дүнгийн шагналыг дараах нөхцөлд олгохгүй.
4.1.1 Сахилгын зөрчил гаргаж хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдсан” гэжээ.
Нэхэмжлэгч талаас хамтын гэрээний зохицуулалтын хүрээнд урамшууллыг олгосон талаар тайлбарласан.
“ББЭХС” төрийн өмчит хувьцаат компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2023-2024 оны хамтын гэрээ хэрэгт авагдсан бөгөөд тус гэрээний 3 дахь хэсгийн 3.20-д “Сахилгын нэг төрөлд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ногдуулахгүй байх зарчмаар сарын ажиллагааны болон жилийн үр дүнгийн шагналыг ногдох хувиар олгоно” гэж, “ХЦТС” ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо 2024-2025 онд байгуулсан хамтын гэрээний III бүлгийн 3.19-д “Сахилгын нэг төрөлд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ногдуулахгүй байх зарчмаар сарын ажиллагааны болон жилийн үр дүнгийн шагналыг ноогдох хувиар олгоно” гэж тус тус заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ:
2.3.1.энэ хууль;
2.3.2.Монгол Улсын бусад хууль;
2.3.3.захиргааны хэм хэмжээний акт;
2.3.4.салбар, салбар дундын хамтын хэлэлцээр;
2.3.5.хамтын гэрээ;
2.3.6.хөдөлмөрийн гэрээ;
2.3.7.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ” гэж, мөн зүйлийн 2.4-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй”, 2.5-д “Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ” гэж тус тус зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог;
4.1.8-д "хамтын хэлэлцээр" гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог ойлгохоор тодорхойлсон байна.
Түүнчлэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээртэй холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн дараах зохицуулалтууд мөрдөгдөж байна.Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.Хамтын гэрээ, аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийг харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр ажлын 10 өдрийн дотор ажилтны төлөөлөгч, эсхүл ажил олгогчийн төлөөлөгч хүргүүлнэ.
32.2.Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын таван өдрийн дотор хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
34 дүгээр зүйлийн 34.1.2.салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал;
37 дугаар зүйлийн 37.1.Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно:
37.1.1.үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ;
43 дугаар зүйлийн 43.2.Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
43.2.2.хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх;
14. “ББЭХС” төрийн өмчит хувьцаат компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2023-2024 оны хамтын гэрээний хувьд уг гэрээнд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргаар гарын үсэг зуруулсан, 2024 оны 04 сарын 01-ний өдөр бүртгэв гэж тэмдэглэгдсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад бүртгүүлээгүй нь Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 343 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.
Хамтын гэрээг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар хүчин төгөлдөр байх шаардлагыг хангахгүй байх нөхцөл үүсгэнэ.
15. Хамтын хэлэлцээрийн тухайд 2025 онд Эрчим хүчний салбарт “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр” мөрдөгдөж байсан талаар Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5607 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.
“Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр”-ийн Найм дахь хэсгийн 8.1-д “…Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй бол талууд энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө” гэж зохицуулсан байх ба хэлэлцээрийн Гурав дахь хэсгийн 3.202-д “Сахилгын нэг төрөлд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ногдуулахгүй байх зарчмаар сарын болон жилийн үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдэл хөлсийг ногдох хувиар олгоно” гэж заасан байна.
Дээрх үр дүнгийн нэмэгдэл хөлстэй холбогдох зохицуулалт хамтын гэрээнд тусгагдсанаас гадна “ББЭХС” ТӨХК-ийн ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгээр шагнал олгох журам /2020 оны А/86 дугаартай тушаалын хавсралт/-ын хоёр дахь хэсгийн 5-д “Хамтын гэрээний 3.20 дахь заалтын дагуу сахилгын нэг төрөлд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ногдуулахгүй байх зарчмаар сарын үйл ажиллагааны болон жилийн үр дүнгийн шагналыг ногдох хувиар олгоно” гэх заалт тусгагдсан. Мөн журмын Дөрөв дэх хэсгийн 4.б-д “Хөдөлмөрийн сахилга удаа дараа зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдсан бол сарын үр дүнгийн шагнал олгохгүй” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагаас нь сарын үр дүнгийн шагнал буюу урамшууллыг сар бүр тодорхой хувиар олгодог байх ба ажилтан сахилгын шийтгэл хүлээсэн тухайн сард урамшууллыг олгодоггүй байх бөгөөд бусад сардаа зөрчилгүй ажилласан тохиолдолд тухайн сардаа ногдох урамшууллыг ажил олгогчоос олгож байгаа нь дээр дурдсан журмын зохицуулалт, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт заасан “сахилгын нэг төрөлд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ногдуулахгүй байх зарчмаар сарын үйл ажиллагааны болон жилийн үр дүнгийн шагналыг ногдох хувиар олгоно” гэх заалтын агуулга, нөхцөлтэй нийцсэн гэж үзэх ба “сахилгын арга хэмжээ авагдсан бол сарын үр дүнгийн шагнал олгохгүй” гэх зохицуулалт тухайн сардаа олгогдохгүй агуулга илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл,Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцохоор заасан нь “жилийн хугацаанд олгогдох сар бүрийн урамшууллыг олгохгүй байх” агуулгыг илэрхийлээгүй, хуульд энэ талаар тусгагдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар хориглоогүй бусад асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээр, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулах бөгөөд сахилгын шийтгэл хүлээгээгүй бусад сард сарын үйл ажиллагааны урамшууллыг олгож байгаа нь ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангахад чиглэгдэж байх тул хууль, тогтоомж зөрчсөн гэх үзэхгүй.
16. Хэдийгээр “ББЭХС” төрийн өмчит хувьцаат компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2023-2024 оны хамтын гэрээг хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй боловч тухайн маргаанд нэхэмжлэгчийн зүгээс мөрдөх ёстой гэж үзсэн хэм хэмжээний талаарх зохицуулалт хамтын хэлэлцээрт агуулгаараа бүрэн тусгагдсан, уг зохицуулалт сарын үйл ажиллагааны урамшуулал олгох журамд давхар тусгагдсан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-д зааснаар хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүргийн хүрээнд урамшууллыг олгосон байна.
17. Төрийн албан хаагчийн хувьд “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.7-д “Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй” гэж тодорхой зохицуулсан байдгийг Төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудад төсөөтэй хэрэглэх боломжгүй бөгөөд ашгийн төлөө хуулийн этгээд хувьд ажилтнуудад ямар шагнал урамшууллыг ямар нөхцөлөөр олгох нь хуулийн этгээдийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, холбогдох хамтын гэрээ, хэлэлцээрээр тодорхойлогдоно.
18. “ХЦТС” ХХК-ийн 2024-2025 оны хамтын гэрээний хувьд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
19..Иймд хариуцагч аудитын байгууллагаас байгууллагын журам, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн хууль эрх зүйн эрэмбэ, уялдаа, зохицуулалтын агуулгыг бүрэн үнэлээгүйгээс аудитын шаардлага нь бодит нөхцөлд тохироогүй,хуульд нийцээгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч талын маргаж буй үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй.
Дээр дурдсан дүгнэлтүүдээр маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хуульд заасан ашиг сонирхлыг хөндсөн байх тул Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай", 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
20. Хариуцагч талаас “ББЦТС” ХК-ийн 2026 оны 06 сарын 24-ний өдрийн 532 болон болон тус компанийн ХЦТсалбарын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 231 дугаар албан бичгээр тус тус албан шаардлагыг хүлээн зөвшөөрч биелэлтийг ирүүлсэн гэж тайлбарлаж байх ба зөвлөмжийн биелэлтийн талаар хариу мэдэгдсэн нь шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй болно.
21. Увс аймаг дахь Төрийн аудитын газар болон “ББЭХС” ТӨХК-ийн хооронд 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Санхүүгийн тайланд аудит хийх гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгч талаас гаргасан “аудитын төлөвлөгөө, зорилго, хамрах хүрээг урьдчилан танилцуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй болохыг тэмдэглэв.
22. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ББЦТС” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлага, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 70,200 /далан мянга хоёр зуун төгрөг/төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ББЦТС” ХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ