Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01922

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01922

 

 

 

 

Фоурсийсон бэлл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01418 дугаар шийдвэртэй, Фоурсийсон бэлл ХХК-ийн нэхэмжлэлтэй К.Султанбект холбогдох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч Фоурсийсон бэлл ХХК нь 2017 оны намар хариуцагч К.Султанбектэй худгийн ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Манай компанийн зүгээс 50 метр худаг гаргаж, хөлсийг 5 000 000 төгрөг гэж тохиролцсон. К.Султанбек нь тохиролцсоны дагуу хөлсийг төлөөгүй. Төлбөрийг нэхэхээр би өмгөөлөгч хүн хуралтай байна, завгүй байна гэдэг байсан. Улмаар гэрээгээ бичгийн хэлбэрээр байгуулах гэж очсон боловч тухайн гэрээнд гарын үсэг зураагүй. Одоо мөнгөө нэхэхээр би хуульч хүн, чи яаж ч чадахгүй шүү гэх байдлаар ёс бус зан хандлага гаргаж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч 4 000 000 төгрөг болгож багасгасан гэжээ.

Хариуцагч К.Султанбек шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сард Хандгайтын зусланд захиалгаар амины хаус барьж дуусгаад худаг ухуулахаар болсон. Худаг ухах зарлалуудын дагуу утастсан бөгөөд хамгийн хямдаар буюу 1 метрийг 80 000 төгрөгөөр ухна гээд Ивээл ус ХХК-ийн захирал н.Отгонбаатар гэгч хүн ирж уулзсан. Ой дотор худгийн зөвшөөрөл гаргуулж чадах эсэхийг асуухад зөвшөөрөл гаргуулж чадна гэсэн. Үүний дагуу зуслангийн газарт очиж усны цэгээ хэмжиж тогтоосон. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр н.Отгонбаатар над руу утастаж танай зөвшөөрөл хоёулаа гарчихлаа гэхэд нь нэг цонхон дээр очиж худгийн Лицензийн төлбөрөө төлж, зөвшөөрлөө аваад чамтай худаг ухуулах гэрээгээ хийнэ гэж хэлсэн. Гэтэл маргааш нь хотод ажилтай явах үед н.Отгонбаатар над руу утастаж манайхан худгаа ухахаар очиж яваа шүү гэсэн. Түүнд зөвшөөрлөө аваагүй байгаа шүү дээ гэхэд би авчихсан, санаа зоволтгүй гэж хариулсан. Худгийн лицензийн төлбөр 300 000 төгрөг хаана төлөх вэ гэхэд төлсөн гэж хариулсан. Тэгэхээр нь ажилтай байна, эхнэртээ хэлье эхлээд Хандгайт руу оччих гэж хэлсэн. Худаг ухах ажилчид техниктэйгээ орж, ирээд эндээс эхлээд ухаж бай гэж н.Отгонбаатар захирал биднийг явуулсан, зөвшөөрлөө аваад ирнэ гэсэн. Нэгэнт хүнд техникүүдтэй манай зуслангийн зам эвдээд ороод ирсэн тул эхнэр маань аргагүй байдалд орж Өвөргүнтийн зусландаа худаг ухуулахаар болсон. Эхнэр маань амьдардаг байшиндаа ус оруулахын тулд байшингийн ойролцоо ар талд нь н.Отгонбаатарын цэг авсан газарт ухуулах гэхэд ажилчид нь энд ухах боломжгүй ээ гээд байшингаас хойшоо машины зам давж өнгөрөөд 5 метрийн зайд ухсан. Орой ажил тараад 19 цагт ирэхэд ажилчид нь 25 метр орчим ухчихсан байсан. Маргааш нь 11 цагийн үед н.Отгонбаатар эхнэрийн хамт ирээд худаг ухах тухай гэрээ хийхийг санал болгосон. Түүнээс Худаг ухах лиценз зөвшөөрлийг үндэслэн гэрээ хийгдэнэ ээ, зөвшөөрөл хаана байна гэхэд маргааш авчирч өгнө гэж хариулж байсан. Энэ үед зуслан хариуцсан байгаль орчны байцаагч ирж зөвшөөрөл шалгасан. н.Отгонбаатар тэр үед нэг хүн рүү утастаж, байцаагчтай яриулаад, гар утсаараа нэг юм үзүүлсэн. Тэр өдөр ажилчид нь 50 метр ухаж дууслаа дараа мотор, насосыг нь тавьж өгнө гээд явсан. н.Отгонбаатар надаас худаг ухсан гээд 5 000 000 төгрөг нэхсэн. Би н.Отгонбаатараас зөвшөөрөл хаана байна вэ, чи зөвшөөрөлгүй худаг ухаад явчихлаа, би зөвшөөрлийн үндсэн дээр гэрээ хийх ёстой, эс тэгвэл энэ худгийг зөвшөөрөлгүй ухуулсан гээд Нийслэлийн байгаль орчны байцаагч торгоод зогсохгүй худгийг хааж, лацаддаг учиртай, Ус бол улсын өмч юм, гүний ус ашигласан төлбөрөө уг зөвшөөрлийн үндсэн дээр НБОГ-тай гэрээ хийж төлбөр төлөх ёстой гэж хэлсэн. Тэгтэл н.Отгонбаатар худаг ухсан 50 метрийн турбагаа авна гэхэд нь трубагаа аваарай гэсэн. Үүнээс хойш бид уулзаагүй, утсаар ч яриагүй. Тухайн үед миний 2 худгийг зөвшөөрлийн асуудлаар Хангарьд ордонд байрлах НБОГ-т өргөдөл өгөхөд хариугаа 6-н буудалд байрлах нэг цонхоор аваарай гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К.Султанбекээс 4 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Фоурсийсон бэлл ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч К.Султанбек давж заалдах гомдолдоо: Ус хэрэглэгчид худаг гаргах зөвшөөрөл-ийг Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар иргэн өөрөө очиж авах ёстой атал нэхэмжлэгч хариуцагчид 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Өвөргүнтийн зусланд худгийн зөвшөөрөл гарсан гэж худал хэлж, худаг ухаж эхлээд 2 дахь өдрөө уг зөвшөөрөл гараагүй болох нь хариуцагчид тодорхой болмогц худаг ухах ажлаа дуусгалгүй явсан юм. Худаг гаргах зөвшөөрөл авах үүргийг нэхэмжлэгчид ногдуулсан гэсэн тайлбар хийгээгүй юм. Үүнийг шүүгч ойлгоогүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ гэдгийг шүүгч үндэслэл болгосон. Гэтэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэжээ. Энд нэхэмжлэгч ажлаа дуусгалгүй хаяж явсан. Тухайн үед ухсан цооногоос нь ус гараагүй, хэдэн метр гүн газар ухсан нь тодорхойгүй. Дээрх хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлс хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэжээ. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд юу ч шилжүүлж өгөөгүй. Иргэний хуулийн 346 дугаар зүйлд Хөлс төлөх тухай, 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэжээ. Энд нэхэмжлэгч ядахдаа өрөмдсөн цооногтоо мотор тавьж ус гаргаж үзүүлж, ажлаа үр дүнтэй дуусгасан бол мөнгөө нэхэмжлэх болно. Гэтэл хэдэн метр гүн ухсан нь тодорхойгүй, дусалсан ус ч үгүй, нэг зэвтэй төмөр турба газраас цухуйж байна. Ажлын ямар ч үр дүн байхгүй байхад хөлсийг 100 хувь төл гэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй.

Хэргийн 26 дугаар талд авагдсан тэмдэглэлд Өрөмдмөл худгийн паспортын анхны бичилтийг худаг гаргасан аж ахуйн нэгж хийж НБО-ны газраар баталгаажуулан худаг эзэмшигчид хүлээлгэн өгнө. Паспортыг худаг гаргаж шавхалт, туршилт хийж ашиглах боломжтой болгож ашиглалтад хүлээн авсан үеэс хөтөлнө гэжээ. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ухсан газраа усны шавхалт, туршилт хийгээгүй, худгаа хүлээлгэж ч өгөөгүй болно. Нийслэлийн нэг цонхны үйлчилгээгээр дамжуулж НБОГ-аас авах ёстой худаг гаргах зөвшөөрөл гараагүй байхад худаг ухуулах зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж болох 150 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн талаар гомдол гаргасныг шүүгч намайг худаг гаргах зөвшөөрөл хөөцөлдөж явсан гээд байгааг ойлгохгүй байна. Уг зөвшөөрөл гарсан үед би өөрөө нийслэлийн нэг цонхны үйлчилгээгээр хариугаа аваад төлбөрөө тэнд төлөх ёстой байсан. Гэрээний ажлаа 100 хувь гүйцэтгээгүй байхад төлбөрийг 100 хувь нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангасан шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Фоурсийсон бэлл ХХК нь хариуцагч К.Султанбект холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх явцад 4 000 000 төгрөг болгон багасгаж шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Фоурсийсон бэлл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд худгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу захиалагч хөлс төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчийн зүгээс худгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой хэмжээнд цооног ухсан, гэвч ус гараагүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийг татгалзсан.

Талуудын ажил гүйцэтгэх гэрээнээс үзвэл худгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон агуулгатай байхад нэхэмжлэгч цооног гаргах үүрэгтэй байсан гэж, хариуцагч худаг гаргахаар тохиролцсон гэж өөр өөр тайрбарлан маргаж байгаа боловч зохигчдын өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл талуудын амаар байгуулсан гэрээний дагуу хэдий хэмжээний, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлцсэн эсэх, ухсан цооногоос ус гарч байгаа эсэх зэрэг нь баримтаар тогтоогдоогүй. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй, нотлох баримт бүрэн бүрдээгүй нөхцөлд шүүх хуралдааныг хойшлуулж баримтыг бүрдүүлэх боломжтой байхад шүүх энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ