| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00491/И |
| Дугаар | 302/ШШ2025/00539 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 302/ШШ2025/00539
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: А . Хаяг: Б аймаг, Ө сум, 01 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А нь шүүхэд Б аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч А 1988 онд А аймагт цэцэрлэгийн хүмүүжүүлэгч сургуулийг төгссөн ба тэрээр тус аймгийн Т сумын уугуул иргэн байна. Сургуулиа төгсөж ирээд Т сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар 10-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажилласан байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.Тус аймгийн Т сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн эсэх нь эргэлзээтэй.Энэхүү тушаалаар ажлаас чөлөөлсөн тухай түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй гэдэг асуудлаар зөрчил гарч, шүүхээр тогтоолгох шаардлага гарч байна.
1.2 Иймд А н тус аймгийн Т сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байх тул хүсэлтийг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж хариу тайлбар татгалзал:
2.1 Хүсэлт гаргагч А 1988 онд ажилд томилогдсон болон 1993 онд ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд нь байхгүй байна. Хөдөлмөрийн дэвтрээс өөр бичгийн нотлох баримт байхгүй учраас шүүхэд хандсан байх гэж бодож байна. Хүсэлт гаргагчаас тус аймгийн Н газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандаж, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны А хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай “Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, уг тушаалын хавсралт, Т сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай “Гарын бэлэг өгөх тухай” тушаал, А дахь багшийн сургуулиас А д олгосон цэцэрлэгийн хүмүүжүүлэгч мэргэжлийн 3086 дугаартай диплом, мөн сургуулиас нээж олгосон А н 250647 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, Х , А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б , А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчаас 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгч С эд 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл, Т сумын хүүхдийн цэцэрлэгийн түүх номын хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн хэсгийн монгол хэлээр орчуулсан орчуулгын товчооноос орчуулсан орчуулга зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 711, 712, 713, 714 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12/656 дугаартай албан бичгээр ирүүлсэн А н ХААТР маягтууд, Б аймгийн Н газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 519 дугаартай албан бичгээр ирүүлсэн 159 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 250 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн АДХГЗ-ны АБХ-ийн 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 100 тоот, Т сумын хүүхдийн цэцэрлэгийн 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот тушаалуудын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Н газрыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр татан оролцуулахад тус газрын даргын 2025.06.20-ны өдрийн 530 дугаар албан бичгээр тус газрын Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... 1988 онд А аймагт цэцэрлэгийн хүмүүжүүлэгч сургуулийг төгсөж ирээд Т сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар 10-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажилласан байсан. Гэтэл тус аймгийн Т сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн эсэх нь эргэлзээтэй.Энэхүү тушаалаар ажлаас чөлөөлсөн тухай түүний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй асуудлаар зөрчил гарч, шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн гэж тодорхойлжээ.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж гийн хариу тайлбар татгалзал: Үүнд:... хүсэлт гаргагч А н ажилласан талаарх Хөдөлмөрийн дэвтрээс өөр бичгийн нотлох баримт байхгүй учраас шүүхэд хандсан байх ба тэрээр тус аймгийн Н газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандаж, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэж маргажээ.
8.Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтад онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх 10 үндэслэл бүхий заасны 133.1.1 дэх заалтад эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор заасан ба хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь заалтад эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтоох 14 үндэслэл бүхий заасны 135.2.6 дахь заалтад хүний ажиллаж байсан байдлыг тогтоохоор хуульчилсан байх тул хүсэлт гаргагчаас тус аймгийн Т сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1 Хүсэлт гаргагч А болон Х нар хууль ёсны эхнэр, нөхөр болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар, тэдний дундаас 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Б , 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү А нар төрсөн болох нь мөн системээс гаргасан төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна
9.2 Хүсэлт гаргагч А нь БНМАУ Дээд тусгай дунд боловсролын улсын хорооны А дахь багшийн сургуульд 1988 онд Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн ангид элсэн орж 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр улсын шалгалтын комиссын 05-р шийдвэрээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгч мэргэжлээр төгссөн болох №3086 дугаартай Дипломоор нотлогдож байна.
9.3 БНМАУ Дээд тусгай дунд боловсролын улсын хорооны А дахь багшийн сургуулиас 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон №250647 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд: Овог С , нэр А , 1969 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч мэргэжилтэй, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэг гэдэгт А гэж, хөдөлмөрийн дэвтэр олгосон А дахь багшийн сургууль гэж тус тус бичигдэж, хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зураг нааж, тус сургуулийн тамга дарж баталгаажуулсан ба уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Багшийн сургуулийн захирлын 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 74 тоот тушаалаар А дахь багшийн сургуульд оюутнаар элсүүлэв, АБЯ-ны сайдын 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 110 тоот тушаалаар Багшийн сургуулийг төгссөн тул Б аймгийн АБХ-ийн мэдэлд шилжүүлэв гэж бичиж тус сургуулийн тамга дарж баталгаажуулсан ба энэ нь хүсэлт гаргагчийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч мэргэжлийн №3086 дугаартай Дипломтой тохирч байна.
-Уг дэвтрийн 6-7-р хуудсанд байгаа ажлын тухай мэдээнд аймгийн А хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 100 тоот тушаалын 2-р хавсралт ёсоор Т сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр томилов гэж бичигдэж, Б аймгийн А хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан ба энэ нь тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны А хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай “Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, уг тушаалын хавсралттай тохирч байна.
9.4 Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 250 дугаартай албан бичгээр ирүүлсэн
-Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны А хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай “Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 2 дахь заалтад Сургууль-хүүхдийн цэцэрлэгт 1988-1989 оны хичээлийн жилд ажиллах багш-хүмүүжүүлэгчдийн хуваарийг хоёр дугаар хавсралтаар баталсан ба уг тушаалын 2 дугаар хавсралтад Т сумын хүүхдийн цэцэрлэг эрхлэгч Турымтай, хүмүүжүүлэгчид ... А /шинээр/ гэж бичигдсэн байв.
-Т сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай “Гарын бэлэг олгох тухай” тушаалын нэг дэх заалтад тус цэцэрлэгийн хүмүүжүүлэгч ажилтай А өөр газарт шилжих болсон тул гарын бэлэгт 500 төгрөг цэцэрлэгийн төсвөөс гаргахыг ня-бо О.Шаукейд зөвшөөрсөн байна.
9.5 Б аймгийн Н газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 519 дугаартай албан бичгээр ирүүлсэн 159 дугаартай архивын лавлагаанд: Т сумын “Хүүхдийн цэцэрлэг” нь тухайн үед Улсын байгууллага байсан тул /1991-1994/ онд цалингийн сангаас 13,5 хувиар төлөх Н шимтгэлийг төр хариуцаж байсан учир уг хугацааг шимтгэл төлснөөр тооцно гэжээ.
9.6 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12/656 дугаартай албан бичгээр ирүүлсэн А н 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хөтөлсөн ХААТР-1 (А) маягтын 13-рт мэргэжил цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, 14-рт ажилладаг байгууллагад хүүхдийн цэцэрлэг, ажилд орсон он 1988, эрхэлдэг ажил хүмүүжүүлэгч, ажил эхэлсэн он 1988, оршин суух сум Т гэж бичигдсэн.
9.7 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 онд нийтлэгдсэн Т сумын хүүхдийн цэцэрлэгийн түүх номын 8-р хуудсанд: 1985 онд 90 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. 1985-1993 онуудад 90 хүүхэд байв. Эрхлэгч нь Т , багш нар: ... , А байв. ... гэж, тус номын 29-р хуудсанд Сархытын А : ... 1988 онд А аймгийн Багшийн сургуулийг төгсөөд 1988-1993 онд Т сумын цэцэрлэгт багшаар ажилласан. Үүний дараа Ө сумын 5 дугаар цэцэрлэгт үргэлжлүүлэн ажиллаж, нийтдээ 28 жил багшилсан гэж түүхийн номд бичигдсэн байдал болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.
9.8 Хэдийгээр хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэрт нь түүнийг ажлаас чөлөөлсөн эсэх талаарх ажлын тухай мэдээ бичигдээгүй мөн тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй Т сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалуудад ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа боловч ажил олгогчийн 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот тушаалаар өөр газарт шилжих болсон гэсэн үндэслэлээр түүнд тус цэцэрлэгээс бэлэг олгож шийдвэрлэсэн эрхийн актыг үндэслэн тухайн цаг хугацаандаа цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
10.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар хүсэлт гаргагч А н Б аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон тул шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан А н Б аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ