Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 124/ШШ2026/0032

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ....овогт Г.О, ............................... оршин суух,

            Хариуцагч: Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт  холбогдуулан гаргасан,

            “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Г.О миний өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тэтгэврийн тогтоолт, олголтын байцаагч Л.А нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Г.О нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Г.О миний өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            2. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 111 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Г.О-д хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байгааг мэдэгдэж өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

            3.Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр Г.О-д “ Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад хамаарахгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй” гэх хариуг өгснөөр тухайн нэхэмжлэлд урьдчилсан журмаар хянан шийдвэрлэсэн байх шаардлага хангагджээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:

14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан ба нэхэмжлэгч Г.О-аас шүүхэд 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлээ ирүүлсэн нь хуульд заасан хугацааны дотор байна.

   4. Нэхэмжлэгч Г.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Г овогтой О 1975 онд төрсөн, 51 настай бөгөөд 1998 оны 7дугаар сарын 28-нд охин Л. Ууганзаяа 2003 оны 06 дугаар сарын 23-нд охин Л.У, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Л.Т, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин Л.Унарыг тус тус төрүүлсэн.Энэ хугацаанд нийт 20 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бөгөөд миний бие 50 настай 4 хүүхэд төрүүлж өсгөсөн гэх хуульд заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох" -оор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 111 дугаар Өргөдлийн хариу өгөх тухай албан бичгээр Өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй тухай татгалзсан хариуг өгсөн. Үндэслэл нь хамгийн бага охин болох 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Л.Унь 6 нас хүрээгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэжээ. Уг татгалзлыг миний бие үндэслэлгүй гэж үзэж буй бөгөөд хуульд заасан шаардлагыг миний бие хангаж буй бөгөөд шударга ёсны зарчим хуулийн өөрийн зохицуулалтын зорилго зэргийг зөрчиж үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна. Мөн хамгийн бага хүүхэд нь 6 нас хүрсэн байх шаардлага нь үрчлэн авсан өргөмөл хүүхдэд хамааралтай шаардлага бөгөөд өөрийн төрүүлсэн хүүхдэд хамаарах шаардлага гэж үзэхгүй байна. Учир нь өндөр насны тэтгэврийг хуульд заасан тусгай нөхцөлөөр эрт тогтоолгох шаардлагыг хүүхэд үрчлэн авах замаар хуулийг ашиглаж, эрт тогтоолгох эрсдэлээс сэргийлж, хууль тогтоогчийн зүгээс үрчлэн авсан хүүхдэд 6 нас хүрсэн байх шаардлагыг тавьж буй бөгөөд энэхүү шаардлагыг өөрийн төрүүлсэн хүүхдэд хамаарахгүй шаардлага гэж үзэж байна. Гэтэл Увс аймгийн Нийгмийн даатгалын газар надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөлд дахин өргөдөл гаргасан ч татгалзсан юм. Иргэн Г.О надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож миний өндөр насны тэтгэврийг тогтоох асуудлыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Эхнэр маань 2024 оны 02 дугаар сарын 26-д 49 настайдаа 4 дэх хүүхдээ төрүүлсэн. Манай бага хүүхэд 2 нас 6 сартай, 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-д төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр авах эрхтэй болно гэж заасан. Манай эхнэр энэ шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байгаа. Энэ заалтыг Нийгмийн даатгалын газар ойлгохгүй байгаад гомдоод байгаа юм. 45-аас дээш насны эмэгтэйчүүд төрж болохгүй юм уу? хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн байх ёстой гээд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс эхнэрийг маань тэтгэвэрт гарах эрх нь үүсээгүй байна гээд байгаа юм. Хүүхэд 6 нас хүртэл хүлээвэл эхнэр маань 55 нас хүрээд угаасаа нас нь болчихно олон хүүхдийн хөнгөлөлт эдлэхгүй болчхоод байгаа юм. Би гомдолтой байна” гэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний үйлчлүүлэгчийн хувьд 1975 онд төрсөн, 4 хүүхэдтэй, 4 хүүхдийнх нь лавлагаа, холбогдох материалууд хавтаст хэрэгт авагдсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврийг тогтоолгоё  гэсэн хүсэлтийг гаргаад материал бүрдүүлээд явсан боловч Нийгмийн даатгалын газраас 2026 оны 4 сарын 8-ны өдрийн 111 дугаартай албан бичгээр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж хариу ирүүлсэн. Хариу ирүүлж байгаа үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ гэвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-д төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн, нийгмийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн гээд 50 насанд хүрсэн эмэгтэй байна гэх заалт дээр өөрөөр хэлбэл, хамгийн бага хүүхэд буюу 2024 оны 2 сарын 26-нд төрсөн У гэдэг хүүхэд чинь 6 нас хүрээгүй учраас энэ хуулийн шаардлагыг хангахгүй байна гэдэг татгалзал өгч байгаа юм. Үүний дагуу бодоод үзэх юм бол 2030 оны 2 сарын 26-ны өдөр У маань 6 нас хүрч энэ өдрөөс О гэдэг хүний тэтгэвэрт орох эрх нээгдэх байдлаар тайлбарласан. Энэ тайлбар  хуульд нийцээгүй буруу тайлбар гэж үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй гээд заасан. Өөрөөр хэлбэл өндөр насалж байгаа бол тэтгэвэрт гарах эрхийг заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйл дээр гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан. 17.2-т  хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заажээ. Үндсэн хуулийн заалтуудаас үзвэл, өндөр насалсан, олон хүүхэд төрүүлсэн, энэ эхийн хувьд болбол тэтгэвэр авах маань нэгд гэр бүлийг хамгаалж байна, хүүхдийн эрх ашгийг хамгаалж байна гэсэн ийм утга агуулга бүхий байх юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2.1.7 дээр өндөр насны тэтгэвэр гэдгийг мөн хуульчилчихсан. 5.1.3-ийн заалт бол үндсэндээ хамгийн гол заалт маань өндөр насны тэтгэвэр гэж байгаа учраас 50 нас байгаа юм. Ердийн байдлаар бас яагаад 5 жилээр татаж хөнгөрүүлж шийдэж байна вэ гэдгийгээ харах юм бол нэмэлт нөхцөлүүд тавиад байгаа л даа. Энэ дээр жишээлбэл төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөсөн, нийгмийн даатгалыг 20 жилээс доошгүй төлсөн гэж байгаа.Энэ нэмэлт нөхцөл болж байгаа хэсэг дээр л нийгмийн даатгалынхан маань буруу тайлбар хэлээд байгаа. Энэ 4 хүүхдээс бага нь 6 нас хүрээгүй байна гэдэг дээр маргаад байгаа юм.

Мөн хууль тогтоогчийн санаа бодол юу юм бэ гэдгийг хараад үзэхээр яг бичвэрийн хувьд үл ойлгогдох байдлаар ч гэдэг юм уу хууль тогтоогчийн санаа бодлыг илэрхийлж чадаагүй энэ хуулийн зүйл заалт байж байгаа учраас шүүхээс Улсын Их Хуралд бичиг явуулаад хариуг нь авсан. Анх Улсын Их Хурал дээр энэ хуулийг баталж байх үед ямар үзэл концепцоор явж байсан юм бэ гэдгийг тухайн үеийн Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав гуай тайлбарлаж хэлсэн байна лээ. Харин хүн амыг өсгөх бодлого, эхчүүдэд хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоож байгаа олон жилийн уламжлал зэргийг харгалзан олон хүүхэдтэй эхчүүд 20 жил ажиллавал 5 жилийн өмнө тэтгэвэрт гарахаар төсөлд тусгав гэх хамгийн гол санаа зорилго маань энэ. Хамгийн гол нь 6 нас хүрсэн гэдэг чинь өөр утга агуулгатай. Өөрөөр хэлбэл 6 нас хүрэлгүйгээр нас барчихсан гэдэг юм уу? эсвэл төрүүлсэн боловч өөрөө өсөж бойжуулалгүйгээр бусдад үрчлүүлчихсэн гэдэг юм уу? гэх мэтээр ойлгохоор байна. Улсын Дээд шүүхээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-ыг тусгайлан тайлбарлачихсан зүйл бол байхгүй. Гэхдээ олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3.2-д Энэ хуулийн 3.1.1-д заасан 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь 1 нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд байгалийн аюулт үзэгдэл, осол өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан, нэг ба түүнээс дээш настай хүүхэд хамрах ба харин эх нь төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй ээ гэж энэ харилцааг хамгийн их дэлгэрүүлж, хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан байна. Миний үйлчлүүлэгч бол 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, өөрөөр хэлбэл даатгалын гэрээний ёсоор нийгмийн даатгалын санд төлөх ёстой төлбөрийг бүрэн төлсөн. Даатгалын гэрээ бол нэг талаасаа Захиргааны гэрээ юм.Захиргааны ерөнхий хуулийн 52-т заасан захиргааны гэрээг биелүүлэхээс нөгөө тал маань үндэслэлгүйгээр татгалзаж байна.Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлогын 1 1.5-д гэр бүлийн хос 3 ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсөхийг урамшуулж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чигийг баримтална аа гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийн хувьд энэ бүх бодлогуудын эсрэг болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудыг үл хүндэтгэж, миний үйлчлүүлэгчийг тэтгэвэрт гаргахгүй байгаа нь хууль бус гэж маргаж байгаа” гэв.

Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа : “Улаангом сумын 12 дугаар багийн иргэн Г.О нь 1975 онд төрсөн. 51 настай. Мөн 1998, 2003, 2012, 2024 онд тус тус 4 хүүхэд төрүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д Төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насан хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж заасан.Тухайн иргэний хувьд төрүүлсэн болон дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн байх дээрх хуулийн заалт хангагдаагүй байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”:Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 55 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ гэж заасан.Г.Оы нийт 20 жил шимтгэл төлснөөс 14 жилийн хугацаанд шимтгэл төлсөн, 4 хүүхдийн 6 жил нэмэгдээд 20 жил болж байгаа. Бага хүүхэд Унь 6 нас хүрээгүй гэдэг үндэслэлээр тус хуулийн 5.1.3-д заасан шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүхээс нэхэмжлэл, хэргийн оролцогчдын  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч  тэтгэвэр, тэтгэмжийн хяналтын байцаагч, мэргэжилтэн О.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анараас О.Бг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан болно.  Иймд шүүх хуралдаанд О.Бг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

            2. Нэхэмжлэгч талаас “Г.О нь 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн” нөхцөлөөр хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох байтал охин Л.У6 нас хүрээгүй гэх үндэслэлээр тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус, 6 нас хүртэл өсгөсөн байх нөхцөл нь үрчлэн авсан хүүхдэд хамааралтай, 4 хүүхэдтэй 50 нас хүрсэн эхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт оруулах хуулийн зорилго зорилт байгаа, Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай хуулиар бага хүүхэд нь 1 нас хүрсэн байхаар зохицуулснаар  4 хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах харилцааг дэлгэрүүлж тайлбарлах боломжтой ” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

            3. Хариуцагч талаас “Г.Оы хувьд төрүүлсэн дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн байх дээрх хуулийн заалт хангагдахгүй байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

            4. Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас иргэн Г.Оы хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр гарах хүсэлтийг хянаад “Г.Оы дөрөв дэх хүүхэд 2024 оны 02 сарын 26-нд төрсөн бөгөөд “зургаан нас хүртэл өсгөсөн” гэсэн хуулийн заалтыг хангахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна”  гэх хариуг 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 111 дугаартай албан бичгээр өгч, өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

            5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

            5.1.3. төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж зохицуулсан.

            Нэхэмжлэгчийн хувьд 1975 онд төрсөн, 51 настай, нийгмийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн байх хуулийн шаардлагыг хангаж байгаа, 4 хүүхэд төрүүлсэн байна.

            Нэхэмжлэгчийн 4 дэх хүүхэд буюу бага хүүхэд 2024 онд төрсөн, 2 настай байх бөгөөд хуульд заасан “зургаан нас хүртэл өсгөсөн байх” гэх зохицуулалтын хэрэглээний талаар маргасан.

            Иймд шүүхээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хууль хэрэглээний талаарх  дүгнэлтийг хийв.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байна.

            Тус хуулийн 5 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр авах эрхийн талаар зохицуулсан ба даатгуулагч өөрт тохирох нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг тогтоолгохоор байна.

            6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр авах эрхтэй байхаар зохицуулсан тэтгэврийн төрлийн хувьд хэл зүйн талаас нь авч үзэхэд агуулга ойлгомжтой, тодорхой байна.

            Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эмэгтэй даатгуулагч дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн байх, нийгмийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн байх, 50 нас хүрсэн байх гэсэн гурван шаардлагыг зэрэг хангаж байвал ердийн тэтгэвэр тогтоох нас буюу 55, 65 нас хүрэхээс өмнө тухайн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр байна.

            Иймд нэхэмжлэгчийн хувьд дөрөв дэх хүүхэд 6 нас хүрээгүй тул дээрх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй гэж Нийгмийн даатгалын газраас үзэн өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

            7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2023 онд батлагдахаас өмнө 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль мөрдөгдөж байсан байх ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж одоогийн хуулийн заалттай адил агуулга бүхий зохицуулалттай байжээ.

            Шүүхээс Монгол Улсын Их Хурлын тамгын газраас 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн танилцуулга, хуулийн төслийг хэлэлцсэн чуулганы хуралдааны тэмдэглэлийг баримтаар гаргуулсан ба тэдгээрт “6 настай болтол өсгөсөн байх” нөхцөлтэй холбогдох танилцуулга, хэлэлцүүлэг, асуулт, хариулт тусгагдаагүй байна.

            8. Нэхэмжлэгч талын гаргасан “Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь 1 нас хүрсэн байхаар заасан нь энэ харилцааг хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан байгаа” гэх тайлбарын тухайд:

            Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах эх хамаарна:

3.1.1.дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх;

            3.1.2.шинээр "Эхийн алдар" одон авсан эх” гэж мөн зүйлийн 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” гэж тайлбарласан.

            Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д  “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараах одонгоор шагнана:

4.1.1.зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор;

4.1.2.дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор.

4.2.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одон бүхий эхэд хуульд заасан журмын дагуу мөнгөн тусламж олгоно” гэж заасан.

            Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай хууль нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахтай холбоотой харилцаанд үйлчлэхээр тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан бөгөөд тухайн хуулиар “Эхийн алдар “ нэгдүгээр болон хоёрдугаар одонгоор шагнах нөхцөлийг тодорхойлж тайлбарласан, өөрөөр хэлбэл эхийг "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнахад бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх шаардлагад хамаарах зохицуулалт юм.

            Иймд тус хуулийн  “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх” талаарх зохицуулалтыг Нийгмийн даатгалын сангаас олгогдох өндөр насны тэтгэврийн харилцаанд хамаатуулж  хэрэглэхгүй.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан өндөр насны тэтгэвэр нь  эмэгтэй даатгуулагчийн хувьд бусад төрлийн өндөр насны тэтгэврээс сонголт хийх боломж бүхий байх ба Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” ойлгохоор заасан.

            Тодруулбал, “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр авах эрхтэй байх”  илт тодорхой зохицуулалтыг  “хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн” гэх нөхцөлийг хангаагүй 50 наснаас дээш даатгуулагчийн хувьд “хүүхдээ 1 нас хүртэл өсгөсөн байх”-аар өргөжүүлэн тайлбарлах хууль зүйн боломжгүй, шүүхийн эрх хэмжээнд хамааралгүй болно.

            9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

5.1.1.тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн  65 насанд хүрсэн даатгуулагч;

5.1.2.тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй”  гэж ердийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах зохицуулалтыг тусгасан.

            Эдгээр зохицуулалттай харьцуулахад дөрөв ба түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 50 нас хүрээд өндөр насны тэтгэвэр  тогтоолгох нь ердийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох наснаас  илүү хөндөлттэй нөхцөл хадгалагдаж байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хэрвээ ердийн нөхцөлөөр буюу “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн  65 насанд хүрсэн даатгуулагч” гэх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох бол 58 нас 3 сар хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор байх бөгөөд бага хүүхдээ 6 нас хүртэл өсгөөд өндөр насны тэтгэвэрт гарахад 55 настай гарахаар байна.

10. Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оы Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгааг хууль бус болохыг тогтоож,  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АЛТАНЦЭЦЭГ