Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 538

 

          

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтлөн,

улсын яллагч Б.Жаргал

насанд хүрээгүй хохирогч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч эгч Э.Нямсүрэн

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч:

Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705015000383 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Техник Технологийн Политехникийн коллежийн цайны газарт суралцагч Г.Бийг хичээл тасаллаа гэж цахилгааны утсаар бөгс рүү нь ороолгосон,

мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Техник Технологийн Политехникийн коллежийн хичээлийн байранд суралцагч Г.Бийг бусадтай ярьж  хичээл үймүүллээ гэж цахилгааны утсаар зодож бие махбодын зовиур үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцсан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би Бийн ангийн багш байгаа юм. Б хичээл үймүүлж, таслаад байхаар нь сургуулиас хөөгдчих байх гэж бодоод цахилгааны утсаар би ороолгож хувийн арга хэмжээ авсан. Энэ миний буруу.  Хохиролд 100.000 төгрөг өгсөн гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би одоо хичээлдээ зүгээр явж байгаа. Б багш бид хоёрын харилцаа хэвийн зүгээр байгаа. Би багшдаа гомдолгүй гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Э.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Би Бийн үеэл эгч нь байгаа юм. Би адилхан багш хүн. Б багшид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 08 цаг 30 минутаас 13 цаг 30 минут хүртэл үйлдвэр сургалтын хичээл орж байсан. Тэгэхэд манай анги даасан багш Д.Б хичээл орж байсан ба би хажууд сууж байсан ангийн хүүхэдтэйгээ юм ярьж байхад багш Б хүрч ирээд намайг хүүхэдтэй ярилаа гээд  кабелийн утсаар цохиж миний зүүн гарын тохойнд оносон.Тэгээд цохиулаад миний гар янгинаад өвдөөд байсан ба хэсэг хугацааны дараа гайгүй болчихсон.  Би тэгээд орой нь хичээлээ тараад гэртээ харьсан. Маргааш нь хичээлдээ яваад өдөр 13 цаг 35 минутанд хичээлээ тарчихаад гар өвдөөд янгинаад, тохойгоороо олигтой тэнийхгүй болохоор нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Үзүүлэхэд миний зүүн гарын тохойны дотор талд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна гэж эмч хэлээд миний гарыг гипсдэж өгсөн. Тэгээд би гэртээ харьж хоночихоод маргааш өглөө нь хичээлдээ очоод сууж байхад багш Бтой таарахад гар чинь яасан юм гэж надаас асуухаар нь та цохичихсон шүү дээ гэж хэлэхэд юм хэлэлгүй явсан санагдаж байна. Б багш хичээлээс хоцрохоор монтажны утсаар ороолгодог, ер нь ангийн багш Б хүүхдүүдийг хичээлээс хоцрох, таслах, үймүүлсэн, даалгавар хийгээгүй тохиолдолд гар хүрдэг. Ихэвчлэн монтажны утсаар зоддог. Намайг хажуу хүүхэдтэй ярьсан шалтгаанаар цохиж зоддог. Намайг багш үймүүлээд байсан болохоор эхлээд 2-3 удаа боль, үймүүлэхгүй хичээлээ хий гэж шаардсан. Тэгээд миний хажуу талд сууж байсан хүүхэд надаас юм асуухаар нь хариулахад багш намайг зодсон. Эмчилгээний мөнгө 100.000 төгрөгийг нэхэмжилж байна. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Нямсүрэн мөрдөн байцаалтанд: Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой гэртээ ирэхдээ гар өвдөөд байна, багш миний гар руу цохисон гэж хэлсэн. Тэгээд маргааш нь манай дүү зүүн гарын тохойны хэсгээ гипсдүүлсэн ирсэн. Би маргааш нь дүүгийнхээ сургуулийн сургалтын менежер болон ангийн багштай нь уулзсан. Б багштай уулзахад би санаандгүй байдлаар Бийг цохисон. Энэ явдал миний буруу гээд байсан. Өмнө нь 2-3 удаа цохиж зодсон гэж манай дүү хэлж байсан. Гэхдээ гар хөлийг нь хугалж бэртээж байгаагүй, манай нөхөр энэ талаар 2017 оны 09 дүгээр сарын үеэр сургуулийнх нь сургалтын менежертэй уулзаад хэлэхэд сургалтын менежер дахиад ийм асуудал гаргахгүй багшдаа арга хэмжээ авна гэж хэлсэн.  /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Хан-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: Өвөл байсан байх. Би хичээлээс хоцорч орсон. Намайг ангид ороход манай ангийн хүүхдүүд схем зураад сууж байсан. Тэр үед багш Бийг чимээгүй бай гээд цохих гэхэд Б гараараа хаагаад ээ багшаа гэхэд багш гар руу нь 1 билүү 2 цохисон байх. Тухайн үед Б гараа бариад байсан юм. Багш хүүхдүүдийг хоцрох, шуугин, хараалын үг хэлэх үед цохидог байсан. Зодож байгаагүй. /хх-ийн  20/ гэх мэдүүлэг,   

 

Насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөр мөрдөн байцаалтанд: Тухайн өдрийг санахгүй байна. Бид хичээлтэй байсан. Б багш хичээл орж байхад Б хажуудаа сууж байсан хүүхэдтэй яриад байсан юм. Багш өрөөнөөсөө гарч ирээд Бийг цохих гэхэд Б гараараа хаагаад гараа цохиулсан. Багш цахилгааны утсаар Бийг цохисон, Б гараараа хаасан, гар эвгүй болчихлоо гэж байсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Оюунтуяа мөрдөн байцаалтанд: Би энэ асуудлыг дараа нь мэдсэн. Бийн эгч гээд нэг хүүхэн ирж танай багш утсаар хүүхэд цохисон байна. Хүүхдийн биед хүрсэн байна гэсэн. Тэгэхээр нь би таны мэдээллийг хүлээн авлаа, багшдаа хэлж анхааруулна, ёс зүйн асуудал гаргасан байна гээд танхимын эрхлэгчтэй би хамт Быг дуудаж хэлсэн. Хүүхдийн биед хүрч болохгүй дахин ийм асуудал гаргахгүй шүү гэхэд Б ойлголоо, би дахин ийм асуудал гаргахгүй гэсэн /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтанд: 2017 оны намар байх хэзээ гэдгийг санахгүй байна. Б гэртээ ирэхдээ багш намайг загнаад ороолгосон гэж хэлсэн. Боос асуухад хичээлийн завсарлага болоод найзуудтайгаа хамт цайны газарт байхад хичээлдээ ор, дахин ийм асуудал гаргахгүй шүү гээд загнасан гэсэн. Тэгээд би сургуулийн  менежертэй  нь очиж уулзсан. Тэр үед сургуулийн менежер нь  би багшдаа хэлж анхааруулна, дахин асуудал гаргахгүй гэж байсан. Тухайн үед цахилгааны утсаар бөгс рүү нь ороолгосон гэж ярьж байсан /хх-ийн 68/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14663 дугаартай: Г.Бийн биед зүүн тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинжээч томилсон тогтоолд 2017 оны 11 дүгээр сарын 20-нд багшдаа тогны утсаар цохиулсан гэх ба болсон хэрэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр П.Бын мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагаас  11 цаг 40 минутын хооронд БЦ 1а ангид хичээл орж байсан. Хичээл орж байхад Б тойрсон ширээн дээр сууж байгаад босч явах, бусдад хичээл явуулахад саад болоод байсан. Тэгэхээр нь ширээн дээр байсан дранк мод аваад бөгс орчим руу нь 1 удаа цохисон. Тэр үед Б гараараа хааж таарсан учир тохой орчим руу цохигдох шиг болсон ба Б гараа бариад ёолоод, багшаа өвдөж байна гээд хэлэхэд нь тохой нь бадаарч байгаа байх гэж бодоод тоолгүй өнгөрсөн. Цохих үедээ яагаад үймүүлээд байгаа юм гэж хэлээд цохисон. Маргааш би өөр ангиудад хичээл ороод өөрийнхөө БЦ 1а ангитай уулзаж амжаагүй. 11 сарын 22-ны өдрийн  өглөө Б гараа гипсдүүлчихсэн ирсэн ба яагаад гараа гипсдүүлсэн талаар асуухад таны цохисноос болж миний тохой орчимд яс нь цуурсан байна гэж хэлсэн. Өдөр байж байтал Бийн эгч нь, нөхөртэйгөө ирж уулзаж гомдол саналтай, захирал дээр чинь орно, цагдаа шүүхээр явна гэж хэлэхээр нь би ойлгож байна, үнэхээр тийм байгаа бол явах газраар нь явж болно, эм тарианы мөнгийг би гаргаад өгье гэж хэлсэн байгаа. Тэр үед эгч нь гэх эмэгтэй надтай уулзаад би ч гэсэн адилхан багш, цагдаа шүүхээр яваад яахав, та ГССҮТ-н бичиж өгсөн эмийг аваад өгчих гэж надад хэлэхээр нь би бичгийг нь авч зөвшөөрсөн. Тэгээд эгч нь Бид  10 хоногийн чөлөө өгөөч, хөдөө явуулах гэсэн юм гэхээр нь надад тийм олон хоногийн чөлөө өгөх боломж байхгүй, сургалтын албаны менежертэй уулз гэхэд эгч нь менежертэй уулзах гэж яваад 30-40 минутын дараа хүрч ирээд сургалтын албаны менежер чинь таны зөв, тань дээр ямар ч буруу өгөхгүй байна, гомдолтой байгаа учир гомдолоо гаргаж явна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь эгч нь дахиж утсаар яриад Б бид хоёр гомдол гаргаж цагдаа дээр явж байна, таныг дуудах байх шүү гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр дуудагдсан байгаа. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор П.Бын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 32/, ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, нийгмийн даатгалын хуулбар /хх-ийн 36-39/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.Б нь 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Техник Технологийн Политехникийн коллежийн цайны газарт суралцагч Г.Бийг хичээл тасаллаа гэж цахилгааны утсаар ороолгосон,

мөн сургуулийн хичээлийн байранд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр суралцагч Г.Бийг бусадтай ярьж  хичээл үймүүллээ гэж цахилгааны утсаар зодож бие махбодын зовиур үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцаж,

улмаар Г.Бийн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

насанд хүрээгүй хохирогч Г.Бийн”...багш Б хүрч ирээд намайг хүүхэдтэй ярилаа гээд  кабелийн утсаар цохиж миний зүүн гарын тохойнд оносон...” /хх-ийн 15/, гэрч Э.Нямсүрэнгийн”...Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой гэртээ ирэхдээ гар өвдөөд байна, багш миний гар руу цохисон гэж хэлсэн..”/хх-ийн 19/, насанд хүрээгүй гэрч Ц.Хан-Эрдэнийн”...багш Бийг чимээгүй бай гээд цохих гэхэд Б гараараа хаагаад ээ багшаа гэхэд багш гар руу нь 1 билүү 2 цохисон байх...” /хх-ийн  20/,  насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн”... багш өрөөнөөсөө гарч ирээд Бийг цохих гэхэд Бадамдож гараараа хаагаад гараа цохиулсан...”/хх-ийн 21/, гэрч Б.Алтангэрэлийн”...Б гэртээ ирэхдээ багш намайг загнаад ороолгосон гэж хэлсэн...Тухайн үед цахилгаан утсаар бөгс рүү нь ороолгосон гэж ярьж байсан /хх-ийн 68/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14663 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч П.Бын мөрдөн байцаалтад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б тойрсон ширээн дээр сууж байгаад босч явах, бусдад хичээл явуулахад саад болоод байсан. Тэгэхээр нь ширээн дээр байсан дранк мод аваад бөгс орчим руу нь 1 удаа цохьсон. Тэр үед Б гараараа хааж таарсан учир тохой орчим руу цохигдох шиг болсон” /хх-ийн 29/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар П.Б нь Техник технологийн дээд сургуулийн цахилгааны 1а ангийн  суралцагч 16 настай Г.Бийг “хичээл тасаллаа, бусадтай ярьж үймүүллээ” гэсэн шалтгаанаар 2017 оны 9 дүгээр сард, 2017 оны  дүгээр сарын 20-ны өдрүүдэд цахилгааны утсаар ороолгож, дранк модоор цохисны улмаас зүүн тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон.

 

П.Б нь Техник технологийн дээд сургуульд багшилдаг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх-ийн 36-39/ тогтоогдож байх бөгөөд багшлах, сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн П.Б багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж насанд хүрээгүй суралцагч Г.Бтой удаа дараа хэрцгий харьцаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүх, Прокуророос П.Бод холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж,

шүүгдэгч П.Быг Багш, сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн хүн, хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэгт, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас П.Быг хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй  гэж мэдүүлж  байх тул П.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Багшлах, сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн хүн, хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон шүүгдэгч П.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

 

Эдгээр нөхцөл байдлууд болон П.Бын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүний гэм буруутайд тооцогдсон дээрхи гэмт хэргүүдэд тус тус торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тугчин овогт Пүрэвдоржийн Быг Багш, сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн хүн, хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийг нэмж нэгтгэн түүний ялыг нийт есөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. П.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тззний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ