Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 140

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Т.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баянцагаан овогт Түмэнжаргалын Хүдэрчулуунд холбогдох эрүүгийн 1807003450129 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 6 дугаар 14-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 31 дүгээр гудамж 196 тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн УЕ81061471 дугаартай, Баянцагаан овогт Түмэнжаргалын Хүдэрчулуун.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Хүдэрчулуун нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед согтуугаар Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Төгөлдөрийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т.Хүдэрчулуунд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Хүдэрчулуун нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед согтуурсан үедээ Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Төгөлдөр рүү чулуу шидэн толгойн тус газарт онож дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хүдэрчулууны өгсөн: “Тухайн өдөр авгайн талын хүний байрын найранд очсон. 19 цагийн орчим гэртээ ирсэн. Тамхи дууссан байхаар нь авахаар дэлгүүр явсан. Явахад хэдэн залуучууд байсан. Дэлгүүрээс тамхи аваад гарахад хэдэн залуучууд намайг “тамхилаач” гэхээр нь би “үгүй, тамхиа авч татаж чадахгүй бол яах гэж тамхи татдаг юм бэ” гэж хэлэхэд “согтуу толгой чинь яах гээд байна аа” гэхээр нь би чулуу авч араас нь хөөгөөд гүйцээгүй. Хоёр залуу явж байхаар нь би нөгөө залуучууд байна гэж бодоод чулуу шидсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.Төгөлдөрийн өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Мөнхтөгөлдөрийн хамт “Хорго” худалдааны төвийн хажуугийн дэлгүүр орж нэгж авах гэж дэлгүүрт орох үед нэгж байхгүй байхаар нь буцаад бид 2 гэртээ харих санаатай Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр зам даваад явж байтал газар эрэгтэй хүн хэвтэж байгаад бид хоёрыг хараад босоод ирсэн юм. Тэгээд дээрх хүн нь чулуу аваад миний араас гүйгээд ирсэн. Энэ үед би айгаад буцаад төмөр зам даваад гүйж байтал нөгөө залуу араас гүйцэж ирээд толгойн тус газарт чулуугаар нэг удаа цохиж, намайг хөөж яваад үлдсэн юм. Ингээд би утсаар цагдаад дуудлага өгөөд цагдаагийн машинтай эмнэлэг дээр ирээд толгойд оёдол тавьсан.

...Би эмчилгээний зардалд Т.Хүдэрчулуун гэдэг хүнээс 100,000 төгрөг бэлэн авсан тул одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 05-06 дугаар тал/

Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч М.Мөнхтөгөлдөрийн өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ах Төгөлдөрийн хамт 22 цагийн үед дэлгүүр орохоор гарч яваад буцаад төмөр зам даваад гараад иртэл урд нэг хүн хэвтэж байснаа гэнэтхэн гартаа чулуу барьсан босч ирээд “ална аа” гээд шууд ах бид 2 руу дайрахаар нь айгаад зугатаагаад гүйсэн. Тэгтэл Төгөлдөр ахын ардаас нөгөө хүн хөөгөөд гүйхээр нь би гэр рүүгээ гүйгээд ээжийг дуудаад буцаад иртэл нөгөө хүн байхгүй Төгөлдөр ах ээж рүү залгаад Тайж гэр хорооллын дунд байна гэхээр нь явж очоод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №300 дугаар:

  1. “Төгөлдөрийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий  гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 31 дүгээр тал/

Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 33 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 36 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 38 дугаар тал/

“Төрийн банк”-ны дансны хуулга,

/хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Хүдэрчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Төгөлдөрт хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ “санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Хүдэрчулууныг М.Төгөлдөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Хүдэрчулуун нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянцагаан овогт Түмэнжаргалын Хүдэрчулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрчулууныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрчулуунд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Хүдэрчулуунд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Хүдэрчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хүдэрчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ