| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2026/0026/з |
| Дугаар | 124/ШШ2026/0033 |
| Огноо | 2026-09-07 |
| Маргааны төрөл | Татвар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 124/ШШ2026/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК, /.................................................... баг/,
Хариуцагч: Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч С.С, Х.Б нарт холбогдуулан гаргасан,
“НА-15250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай татварын маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч татварын улсын байцаагч С.С, Х.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас нь Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч С.С,Х.Б нарт холбогдуулан НА-15250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч С.С, Х.Б нар нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-15250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар “Э” ХХК-д 19,522,773 төгрөгийн нөхөн татвар, 7,809,109 төгрөгийн торгууль, 12,528,544 төгрөгийн алданги, нийт 39,860,426 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
3. Увс аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл маргаан бүхий актыг “Э” ХХК-ийн гомдлоор хянаад 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг шүүхээс хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
4. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ю.С миний бие “Э” ХХК-г 2022 онд худалдан авсан. Гэтэл өмнөх эзэн болох Б.Эын эзэмшилд үйл ажиллагаа явуулж байх үед буюу 2021 оны 12 сард М ХХК-аас 195,227,727,27 төгрөгийн НӨАТ худалдан авалт хийсэн нь санхүүгийн баримтаар нотлогдохгүй байна гэж 2025 оны 12 сарын 30-ны өдрийн НА-15250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 19,522,773 төгрөгийн нөхөн татвар, 7,809,109 төгрөгийн торгууль, 12,528,544 төгрөгийн алданги, нийт 39,860,426 төгрөгийн төлбөр ногдуулсан. Миний бие уг актыг эс хүлээн зөвшөөрч татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч НА-15250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. “Э” ХХК-ыг 2021 онд эзэмшиж байсан Б.Э нь одоо Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тухайн үед НӨАТ-ын баримт худалдан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд надад компани худалдахдаа энэ талаар хэлээгүй, мөн санхүүгийн баримтаа бүрэн хүлээлгэн өгөөгүй болно. Гэтэл үүнийг харгалзан үзээгүй над дээр төлбөр тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд НА-15250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Манай талаас нөхөн ногдуулалтын актыг хуульд заасан шаардлагад нийцэхгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, “Э” ХХК-ийн хувьд нөхөн ногдуулалтын актаар 19,522,773 төгрөгийн буюу 10%-ийн нөхөн татвар тавьсныг ойлгож байгаа. Харин 7,809,109 төгрөгийн торгууль тавьсан, үүнийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар ногдуулсан гэж ойлгож байна. Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг заасан. Зөрчлийн хувьд торгууль ногдуулж болох дээд хязгаар нь 2 жил. 2021 оны 12 дугаар сард худалдан авсан НӨАТ-ын буцаан олголтын падаан хуурамч байсан гэх үндэслэлээр 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр торгууль ногдуулж байгаа нь хууль бус юм. Түүнчлэн, 12,528,544 төгрөгийн алданги тооцсон. Нөхөн ногдуулалтын актыг 10%-иар тооцсон учир тухайн үнийн дүнд эргэлзэх зүйл байхгүй, харин энэ торгууль болон алдангийг яаж бодсон юм бэ? Ямар хуулийг баримталж, ямар аргачлалаар бодсон талаар баримт байхгүй. Хүү, торгууль, алданги нь үндсэн татварын 50%-иас хэтрэхгүй гэх зарчмыг баримтлаагүй. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар нөхөн ногдуулалтын актад холбогдох баримт бичгүүдийг 4% хэвлээд хаана, хэнд хүргүүлэх талаар тодорхой заасан. Үүний дагуу тухайн 4 баримтыг хүргүүлсэн гэж үзэхэд хэрэгт байгаа баримт нь улаан тамгатай байх боломжгүй байтал томилолт, бусад холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан. Архиваас авсан бол хуулбар үнэн даруулж хийнэ. Хяналт шалгалтын баримтаас авч хийсэн бол яаж буцааж авах юм бэ? гэдгээс асуултууд гарч байна. Би үүнийг сүүлд өнгөт каноноор канондоод нотлох баримтын шаардлага хангуулахгүйгээр хийсэн байна гэж харж байна. Мөн сүүлд гаргаж өгсөн баримтуудыг гаргаж өгч болох ч хавтаст хэрэгт ороход тодорхой шаардлага хэрэгтэй. Жишээлбэл, томилолт, удирдамж зэргийг шүүх албан ёсоор аваагүй, мөн эдгээр хүмүүс нотлох баримт гаргаж өгөх хүсэлтээ албан ёсоор илэрхийлж хүсэлт гаргаагүй учир тухайн баримтуудыг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эдгээр баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Миний үйлчлүүлэгчид актыг мэдэгдэж, хүргүүлээгүй. Хэдийгээр саяны дэвтэрт тэмдэглэсэн боловч дунд нь шал өөр 2 дугаар орж ирсэн. Уг нь шүүхэд хүсэлт гаргаж дэвтэртээ үзлэг хийлгэх ёстой. Захиргааны актыг гарсны дараа тухайн актыг заавал мэдэгдэх үүрэг нь захиргааны байгууллагад байдаг. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь заалтад заасны дагуу 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэн гэж хуульчилсан. Миний үйлчлүүлэгчийг гардаж авна уу гэж ярьсан уу гэхээр ярьсан гэж байна. Тухайн үед ярилцсан тухай баримт байхгүй буюу өмнөх 11 дүгээр сарын Ярилцлагын тэмдэглэлүүд байна. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д зааснаар татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эрх нь баталгаажаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй гэж заасан. Тийм учраас 12 дугаар сарын 30-наас өмнө ярилцсан ярилцлагаараа үүнийг танилцуулсан гэх боломж байхгүй. Зөрчлийн тухай хуулийн зорилгод “энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд татварын ерөнхий хуулийг зөрчсөн талаарх асуудлуудыг зөрчил болгож оруулсан. Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах ёстой. Актад Зөрчлийн тухай хуулийг огт бичээгүй, харин Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийг бичсэн байсан. Хууль хэрэглээний хувьд Татварын ерөнхий хууль бус Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх нь зөв байсан гэж харж байгаа. Миний үйлчлүүлэгчийн тухайн үйл ажиллагааг компанийг худалдаж аваагүй байсан үед ногдуулсан торгуулийг ойлгож байна. Гэхдээ тухайн буруу үйлдэл болсон гэдэгт огт маргаагүй, харин миний үйлчлүүлэгч тухайн асуудлыг 2024 онд шалгаж эхлэхэд л мэдсэн. 2024 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод байцаалт өгөхдөө анх мэдсэн байх. Мэдээгүй байсан буюу үүнээс өмнөх хугацаанд нь алданги тооцож байгаа нь шударга ёсны зарчмыг хангахгүй байна. Алдангийг тухайн зөрчил илэрсэн гэдгийг мэдсэн үеэс буюу 2024 оны 4 дүгээр сараас тооцож явах нь үндэслэлтэй. Мөн 19,522,773 төгрөгийн 50%-иар л хүү, торгууль, алданги нь ногдох бол үүнийг хүлээн зөвшөөрөхөөр байтал улсад төлөх ёстой байсан татвараас нэг дахин илүү буюу 20 гаруй сая төгрөг төлөхөөр болцон нь татвар ногдуулалтын хувьд шударга ёсны зарчмыг хангахгүй байна. Тийм учраас Зөрчлийн тухай хуулийг баримталж торгууль ногдуулах болон алдангийн хувьд миний дээр хэлсэн үндэслэлүүдийг харгалзан үзээд тухайн торгууль, алдангийг 50% хүртэл буулгаж шийдвэрлэх боломжтой” гэв.
6.Хариуцагч татварын улсын байцаагч Х.С, Х.Б нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Э” ХХК-ний 2021.01.01-2021.12.31-ний өдрийг дуусталх хугацааны татварын эрсдэлд суурилсан хялбаршуулсан хяналт шалгалтыг 2025.11.05-2025.12.30-ны хооронд хийж гүйцэтгэж 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №НА-15250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 19,522,773.00 төгрөгийн нөхөн татвар, 7,809,109.00 төгрөгийн торгууль, 12,528,544.00 төгрөгийн алданги, нийт 39,860,426.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт гаргасан. 2021 онд 195,227,727.27 төгрөгийн нэмэгдсэн өртгийн худалдан авалтын падаан нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй зөрчилд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. “Э” ХХК-ний 2021 оны санхүүгийн баримтад татварын хяналт шалгалтыг хийхэд 2021 оны 12 сард “М” ХХК-аас 195,227,727.27 төгрөгийн үнийн дүнтэй 2ш НӨАТ-н худалдан авалтын падаан авсан нь санхүүгийн баримт, анхан шатны баримт, материалаар нотлогдоогүй. Иймд тус компани НӨАТ-н худалдан авалтын хуурамч падаан авч төсөвт төлөх татвараа бууруулсан нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон.“Э” ХХК-ний захирал Ю.С нь миний бие зөрчил гарсан тухайн үед компанийн захирал байгаагүй. Иймд энэ зөрчлийг миний бие хариуцахгүй, №НА-15250000023 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох гэх нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 12 сарын 07-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээ хийсэн байна.Худалдагч: .............. оршин суух .............. регистрийн дугаартай ....... овогт Б-ийн Э. Худалдан авагч: .:............................. оршин суух ...................... регистрийн дугаартай ...............овогт Ю-ийн С. Энэхүү компанийн эрх шилжүүлэх гэрээний 6.1, мөн худалдах, худалдан авах гэрээний 6.1-д гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр компанитай холбоотой эрх шилжүүлэгчийн эрх, үүрэг шилжүүлсэн хэмжээгээр дуусгавар болж эрх шилжүүлэн авагч нь шилжүүлэн авсан хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээнэ гэж заасан байна.Гомдол гаргагчийн харилцан хамаарлын мэдээллийн тухайд: Гэр бүлийн харилцан хамаарлын мэдээлэл: ............ регистрийн дугаартай ....... овогт Ю.С.ын эхнэр ........ регистрийн дугаартай . овогт Б. М. Компанийг худалдагч талын .....регистрийн дугаартай .... овогт Б-ийн Э нь ........ регистрийн дугаартай ...... овогт Б-ийн М-ийн төрсөн дүү болох нь мэдээллээр нотлогдож байна. Мөн “Э” ХХК-ний 2021.01.01-2021.12.31-ны хоорондох Голомт банкны ............ тоот дансны хуулгыг шалгаж үзэхэд 2021.11.19- ний өдөр нүүрс тээврийн үнэ гэсэн утгатай 10,000,000.00 төгрөгийг Ю овогтой С-ын Хаан банкны хувийн данс руу гаргасан нь Ю.С нь 2021 онд уг компанитай холбоотой байсныг нотолж байна.Татварын ерөнхий хуулийн 27.1. Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ:27.1.1 татвар төлөгчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ болон эхнэр /нөхөр/, хамтран амьдрагч, тэдгээрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү; гэж заасан тул иргэн Ю.С, Б.Э нар нь хоорондоо харилцан хамааралтай этгээд болох нь нотлогдож байна. “Э” ХХК-ний нөхөн ногдуулалтын актын хувьд Татварын алба нь хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн болохоос хувь хүнд хариуцлага хүлээлгэсэн асуудал биш юм. Мөн иргэн Ю.С нь “Э” ХХК-ийг 2022 онд худалдан авах үедээ татварын албанд хүсэлт гаргаад уг компанид хяналт шалгалт хийлгэж байгаад худалдан авах эрх нь бүрэн байсан ч энэ эрхээ эдлээгүй. Татварын хяналт шалгалтын нөхөн татварын акт нь хуулийн этгээдийг шалгаж байгаа үед зөвхөн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээр тухайн хуулийн этгээдэд хяналт шалгалт хийгдэх үед хувьцааны дийлэнх хувийг эзэмшиж, эрх эдэлж, үүрэг хүлээх этгээд хуулийн этгээдийг бүрэн төлөөлнө гэсэн үг. Иймд иргэн Ю.С нь 4018915 регистрийн дугаартай “Э” ХХК-н хууль ёсны төлөөлөгч мөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаа, Татварын албаны ТУНС программаас авсан лавлагаа болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна” гэжээ.
7.Хариуцагч татварын улсын байцаагч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Татварын ерөнхий хуульд татварын хяналт шалгалтын акт нь нөхөн татвар, торгууль, алданги гэсэн хэсгээс бүрдэнэ гэж заасан учраас нөхөн татвар, торгууль, алдангийн нийлбэр дүн нь 39,860,426 төгрөг болсон. Торгууль нь нөхөн татварынхаа 40% байдаг. Харин алданги нь Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасан байгаа.Тухайн акт нь “М” гэх компаниас хуурамч падаан авч ашигласан, тухайн хуурамч падаанаа буцаан авч залруулга хийж манайд тайлагнаагүй, өөртөө ашигтай байдал үүсгэж, төрд хохирол учруулсан. Татварын хяналт шалгалтаар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг. “Э” гэх компани нь хуулийн этгээд учраас бид хуульд заасны дагуу хяналт, шалгалт хийгээд худалдан авсан падаан нь анхан шатны санхүүгийн ямар нэгэн баримтаар нотлогдохгүй, тайландаа залруулга хийж засаагүй учраас тус акт тавигдсан” гэв.
8. Хариуцагч татварын улсын байцаагч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Нэмэлтээр гаргах тайлбаргүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэл, хэргийн оролцогчид, түүний төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Маргаан бүхий акт буюу татварын улсын байцаагчийн 2036 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-152500000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар “ 2021 оны 12 сард “М” ХХК-аас 195,227,727.27 төгрөгийн үнийн дүнтэй 2 ширхэг НӨАТ-ын худалдан авалтын падаан авсан нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1, 14.1.1, 14.4, 14.5 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн зөрчил илэрсэн гэж үзэн “Э” ХХК-д 19,522,773 төгрөгийн нөхөн татвар, 7,809,109 төгрөгийн торгууль, 12,528,544 төгрөгийн алданги, нийт 39,860,426 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Э” ХХК-ийг 2022 онд худалдан авахад санхүүгийн баримтаа бүрэн хүлээлгэн өгөөгүй.Тухайн компанийг 2021 онд эзэмшиж байсан Б.Э Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзэлгүй төлбөр тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй, мөн торгууль, алдангийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, торгууль, алдангийн хэмжээ нөхөн татварын 50 хувиас хэтрэхгүй байх зарчмыг хангаагүй, актыг нэхэмжлэгчид 7 хоногийн дотор дуудаж гардуулах ёстой, нэхэмжлэгчид гардуулаагүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19-д зааснаар торгууль ногдуулах ёстой” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
4. Хариуцагч талаас “ “Э” ХХК нь “М” ХХК-аас авсан НӨАТ-ын худалдан авалтын падаан санхүүгийн баримтаар нотлогдоогүй төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчилд нөхөн татвар, торгууль, алдангийг хуульд зааснаар ногдуулсан, хуулийн этгээдэд ногдуулснаас хувь хүнд ногдуулаагүй,актыг ирж авах талаар ярихад Улаанбаатар хотод байгаа гэсэн тул гэрийн хаягаар шууданд хугацаанд нь хийсэн, нэхэмжлэгчээс актаа аваад маргаан таслах зөвлөлд гомдол гаргаад одоо шүүхийн шатанд маргаан үүсгээд хэлэлцэж байна ” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
5. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3-д “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:
15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; гэж,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж тус тус заасан.
“Э” ХХК 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор илгээх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь уг тайланг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр илгээсэн талаар Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдагдсан ба энэ талаар маргаангүй.Энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа болох 4 жилийг тооцоход маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан нь хуульд заасан хугацааны дотор байна.
6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно:
14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” , 14.4-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ” ,14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан.
“Э” ХХК-ийн хувьд “М” ХХК-аас 2021 оны 12 дугаар сард 195,227,727.27 төгрөгийн 2 ширхэг хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг авч, 2021 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчил гаргажээ.
7. Нэхэмжлэгч компаниас тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, хий бичилттэй падаан ашиглагдсан эсэх талаар маргаагүй,харин торгууль, алдангийн хэмжээ буруу талаар маргаж байна.
8. Татварын ерөнхий хуулийн /2019 он, шинэчилсэн найруулга/ 6 дугаар зүйлийн 6.1.14-д "нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг хэлнэ гэж тодорхойлсон, мөн хуулийн 84 дүгээр зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулж, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно” гэж, мөн зүйлийн 84.1.5-д “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй” гэж заасан байна.
Татварын нөхөн ногдуулалтын актаар 19,522,773 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан ба үүний 40 хувь 7,809,109 төгрөгөөр тооцож торгууль ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.5-д заасантай нийцжээ.
9. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно” гэж заасан ба Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалаар татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.038 хувь,2023 оны А/13 дугаар тушаалаар 0.039 хувь, 2024 оны А/15 дугаар тушаалаар 0.049 хувь, 2025 оны А/11 дугаартай тушаалаар 0.051 хувь байхаар тогтоосон.
Мөн түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно:
73.2.1.татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор “ гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч “Э” ХХК-аас 2021 оны 12 дугаар сард “М” ХХК-аас НӨАТ-ын хий бичилттэй падаан авч төлөх татварын хэмжээг бууруулсан зөрчил гаргасан байх бөгөөд уг зөрчилд нөхөн татвар ногдуулж байгааг татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар гэж үзэхээр байх тул татварын байцаагч алдангийг тооцсон нь үндэслэлтэй.
Алдангийн тооцооллын хувьд дээр дурдсан Сангийн сайдын тушаалын хүрээнд зөв бодогдсон байна.Иймд нэхэмжлэгч талын “ Ю.Саас тухайн зөрчлийг мэдсэн үеэс буюу 2024 оноос алдангийг тооцох” тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй.
10. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй Татварын ерөнхий хуулийн агуулгад торгууль, алдангийн хэмжээ нөхөн ногдуулсан татварын 50 хувиас хэтрэхгүй байх талаарх зохицуулалт тусгагдаагүй тул нэхэмжлэгч талын “ Торгууль, алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зарчмыг хангаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд 7.5 дахь заалтыг “Алдангийн нийт дүн нь хугацаандаа төлөөгүй татвар, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэх агуулгатайгаар 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмсэн боловч 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан болно.
11. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:
5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;
5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;
5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан гэжээ.
“Э” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан илгээж байсан, татвар төлөх үүрэг бүхий этгээд мөн байна.
Түүнчлэн “Э” ХХК нь 2018 онд 1 гишүүнтэйгээр байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар Б.Э томилогдож байсан байх ба 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийг Ю.Сд шилжүүлэн Ю.С гүйцэтгэх захирлаар томилогдон улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэрээний 6.1-д “гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр компанитай холбоотой эрх шилжүүлэгчийн эрх, үүрэг шилжүүлсэн хэмжээгээр дуусгавар болж, эрх шилжүүлэн авагч нь шилжүүлэн авсан хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээнэ” гэж заажээ.
Иймд татварын нөхөн ногдуулалтын актаар тогтоосон, татвар, торгууль, алдангийг “Э” ХХК төлөх үүрэг үүсэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “өмнө нь компанийг эзэмшигч хүн татварыг төлөх ёстой” гэх тайлбар үндэслэлгүй.
Харин компанийн эрх шилжүүлэх гэрээний 5.1-д “Худалдан авагч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна” гэж заасан байх тул нэхэмжлэгчээс өөрт хохирол учирсан гэж үзвэл гэрээний нэг талаас хохирлоо нэхэмжлэх эрхийг хэрэгжүүлэх боломжтой юм.
12. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдахдаа, дагалдуулан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж,уг хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, гэж заасан, мөн түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулснаар зарим төрлийн татварын зөрчлүүдэд Зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй болсон байна.
Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгайлан заажээ.
Иймд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан “ Зөрчлийн тухай хуулийг хэрэглээгүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.
13. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ”, 42.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ”, 42.8-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно” гэж заасан.
Дээрх хуулийн агуулгаас үзэхэд татварын байцаагчаас нөхөн ногдуулалтын актыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулах, уг хугацаанд гардуулах боломжгүй, гардан аваагүй бол шуудангийн хаягаар илгээх зохицуулалттай.
Хариуцагчаас “Ю.С Улаанбаатар хотод байгаа гээд татварын байцаагчийн дуудлагад ирэхгүй байсан” талаар тайлбар гаргасан боловч Ю.Сд маргаан бүхий акт гарсны дараа гардан авах талаар мэдэгдсэн тухай баримтгүй, Ю.Саас гардан авах боломжгүй, шуудангаар актыг хүлээн авах талаар хүсэлт гаргаагүй байна.
Хэдийгээр хугацааны хувьд маргаан бүхий актыг гарсан өдөр шуудангийн хаягаар хүргүүлсэн нь хуулийн зохицуулалттай зөрчилдөж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хөндөөгүй ба “Э” ХХК-аас маргаан таслах зөвлөл, шүүхэд гомдлоо гаргажээ.
Иймд нэхэмжлэгч талын “маргаан бүхий актыг гардуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
14. Дээр дурдсан үндэслэлүүдээр Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж заасан эрхийн хүрээнд хариуцагч улсын байцаагч нараас “Э” ХХК-д холбогдуулан татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч С.С, Х.Б нарт холбогдуулан гаргасан “ НА-15250000023 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ