| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00311/И |
| Дугаар | 302/ШШ2025/00411 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00411
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******-д оршин суудаг, утас *****, Р.С;
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н газар (дарга М.А);
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын Н нэгдэлд нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Р.С,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хүний нөөц, хуулийн мэргэжилтэн ажилтай Б.Жанерке,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.С Б аймгийн Б сумын Н нэгдэлд нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие 1970 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б сумын Н нэгдэл нормчноор ажиллаж малчдын хашаа хороо барих, засах, ноос хураах, ялгах зэрэг ажлуудыг хийж байсан. 1991 оноос зах зээлийн харилцаанд шилжиж, нэгдэл хувьчлагдсан учир цаашид ажиллах боломжгүй болсон.
1.2.Миний бие энэ жил 55 нас хүрч хүнд нөхцөлд ажилласан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж, шаардлагатай материалуудыг бүрдүүлж ажилласан байдлын лавлагаа авахаар Б аймгийн архивын тасагт хандахад архиваас миний Б сумын Н нэгдэлд ажилласан 1988-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтууд гарч ирсэн.
1.3.Би эдгээр материалуудыг нийгмийн даатгалын байгууллагын холбогдох байцаагч нарт хянуулахад ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох чиглэл өгсөн.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн Б сумын Н нэгдэлд нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:
2.1.Хүсэлт гаргагч Р.С нь Б аймгийн Б сумын Н нэгдэлд нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан цалин хөлсний баримтуудад эцгийн нэр бичигдэхгүйгээр зөвхөн С гэж бичигдсэн байна. Мөн тус аймгийн архивын тасгаас хүсэлт гаргагч Р.Ст холбогдох Б аймгийн Б сумын Н нэгдлийн 1988-1990 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй гэсэн байна. Иймээс хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.
3.Хүсэлт гаргагчаас хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б сумын Н нэгдлийн 1988 оны, 1989 оны, 1990 оны цалин хөлсний баримтууд, хамт ажиллаж байсан Б.Х, Б.И, З.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 481 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12/419 дугаар албан бичгээр иргэн Р.С түүний эхнэр, 1988-1990 онуудад төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтуудын хуулбарыг шүүхэд хүргүүлсэн байна.
Мөн тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Р.Ст холбогдох Б аймгийн Б сумын Н нэгдлийн 1988-1990 оны цалин хөлсний баримтуудын хуулбар хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Р.Сийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч Х.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б сумын Н нэгдэл нормчноор ажиллаж байсан боловч нийгмийн даатгалын байгууллагын холбогдох байцаагч нарт хянуулахад ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох чиглэл өгсөн. Иймд миний Б аймгийн Б сумын Н нэгдэлд нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан цалин хөлсний баримтуудад эцгийн нэр бичигдэхгүйгээр зөвхөн С гэж бичигдсэн байна. Мөн тус аймгийн архивын тасгаас 1988-1990 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй гэсэн байна гэжээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаартай албан бичигт: Хүсэлт гаргагч Р.Ст холбогдох Б аймгийн Б сумын Н нэгдлийн 1988-1990 оны цалин хөлсний баримтуудын хуулбарлан хүргүүлэв. 1988-1990 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй гэсэн байна.
Энэхүү Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Б сумын Н нэгдлийн төв хэсгийн цалин хөлсний тооцооны бүртгэлээр 1988 оны цалин хөлсний баримтаар С 1988 оны 01-06, 10-11 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна. (хөмрөг-№3******),
Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Б сумын Н нэгдлийн 1989 оны цалин хөлсний баримтаар С 1989 оны 02-03, 6-7 , 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна. (хөмрөг-№3********),
Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Б сумын Н нэгдлийн төв хэсгийн 1990 оны цалин хөлсний тооцооны бүртгэлээр С 1990 оны 01-06 дугаар саруудад, 8-10 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна. (хөмрөг-№3*********);
8.2.Хүсэлт гаргагч Р.Стэй хамт мал маллаж байсан Б.Х (РД:Б*******)-ны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Б аймгийн Б сумын 2-р баг Хөлцөөт гэх газар оршин судаг, амьдралын шаардлагаар өвөлдөө аймгийн төвд ирж өвөлждөг. Миний бие 1965 онд Б аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг төгсөөд 1966-1990 онуудад Б сумын Н нэгдлийн хашаа бригадын даргаар ажиллаж байсан. Р.Сийг нэг сумын иргэний хувьд сайн танина. Р.С нь 1988-1990 онуудад Б сумын Н нэгдэлд миний удирдаж байсан хашаа бригадад нормчноор ажиллаж байсан нь үнэн. Бид тухайн үед нэгдлийн туслах ажил хийж, хөдөө малчдын хашаа хороо барьдаг байсан. Миний бие тухайн үед хашаа бригадын дарга байсны хувьд Р.Сийг Б сумын Н нэгдлийн хашаа бригадад нормчноор ажиллаж байсан үнэн гэсэн байна,
Мөн Б.И ()-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Б аймгийн Б сумын 4-р баг, Шар тохойт тал гудамж, 1-3 тоотод оршин суудаг, 1983-1987 онуудад Б сумын Н нэгдэлд малчнаар, 1988-1991 онуудад мөн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Хөлцөөт бригадын агентаар ажиллаж байсан. Р.Сийг нэг сумын иргэний хувьд сайн танина. Р.С нь 1988-1990 онуудад Б сумын Н нэгдлийн хашаа бригадад нормчноор ажиллаж байсан нь үнэн. Би тухай үед Р.Стэй ажил төрлийн холбоотой, хоорондоо байнгын харьцаатай байсны хувьд сайн мэднэ. Мөн бид хоёр 1988 оноос одоо хүртэл Б сумын төвд залгаа хашаанд амьдарч байгаа хөршүүд юм. Дээрх үндэслэлүүдээр Р.Сийн 1988-1990 онуудад Б сумын Н нэгдлийн хашаа бригадад нормчноор ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов;
мөн З.К (РД:Б****)-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1988-1990 онуудад Б сумын Н нэгдлийн хашаа бригадад нормчноор ажиллаж байгаад зах зээлд шилжиж нэгдэл тарснаас хойш өөр ажил эрхлэх болсон. 2001 оноос Өлгий сумын 4-р багт шүүж ирээд одоо тэнд амьдарч байна. Р.Сийг нэг сумын иргэний хувьд сайн танина. Р.С ь 1988-1990 онуудад Б сумын Н нэгдлийн хашаа бригадад нормчноор ажиллаж байсан нь үнэн. Бид тухайн үед нэгдлийн туслах ажил хийж, хөдөө малчдын хашаа хороо барьдаг байсан. Миний бие Р.Стэй 1988-1990 онуудад Б сумын Н нэгдлийн хашаа бригадад нормчноор хамт ажиллаж байсан гэсэн байна.
8.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12/419 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Р.Сийн 1988 оны 06 дугаар сарын 21-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №121 буюу ХААТР-1 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: Б аймгийн Б сумын Н нэгдэл; ажилд орсон: 1986 он; эрхэлдэг ажил: ноос ялгагч гэж бичигдсэн байна.
Мөн хүсэлт гаргагч Р.Сийн 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү С.М-ийн 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн Төрснийг бүртгэх анкет №11 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн овог нэр: Рапилагийн С; РД:Б*****; ажилладаг байгууллага гэдэгт: Н нэгдэл; эрхэлдэг ажил гэдэгт: нормчин гэж бичигдсэн байна.
Мөн хүсэлт гаргагч Р.Сийн 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин С.А-ийн 1990 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн Төрснийг бүртгэх анкет №0038 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн овог нэр: Р*-ийн С; РД:Б******; ажилладаг байгууллага гэдэгт: Н нэгдэл; эрхэлдэг ажил гэдэгт: хашаа бригадын нормчин гэж бичигдсэн байна.
9.Хүсэлт гаргагч Р.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх хууль ёсны нотлох баримтууд болох Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Б сумын Н нэгдлийн 1988-1990 оны цалин хөлсний баримтууд, мөн хамт ажиллаж байсан Б.Х нарын тодорхойлолт, түүний 1988-1990 онуудад төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтуудын бичилтүүдийг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Р.С Б аймгийн Б сумын Н нэгдэлд нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсгийг баримтлан хүсэлт гаргагч Р.С Б аймгийн Б сумын Н нэгдэлд нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Р.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК