Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/116

 

  2025            01             21                                       2025/ДШМ/116

 

Р.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1245 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар эсэргүүцлээр Р.Бд  холбогдох 2408018791226 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Р.Б, 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт 0000 аймгийн 00000 сум 00 дугаар баг, Рашаант 00 дүгээр гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор 3 дахь заалтад тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 cap 15 хоног хорих ялаар тогтоож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаартай оногдуулсан ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах тухай шүүгчийн захирамжаар ялтан Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 cap 15 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 5 cap 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 240 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан Р.Бд зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 cap 16 хоногийн хугацааны ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 4 cap 16 хоногийн хорих ялаар сольж 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан тус тус хувийн байдалтай.

Шүүгдэгч Р.Б нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23 дугаар байрны орцны хажууд хохирогч Д.Д-г “надаас савтай шампунь аваад зарж архи авчирна гэчхээд худлаа ярьсан” гэх шалтгааны улмаас толгойн зүүн шанаа хэсэг рүү төмрөөр /таяг гэх/  1 удаа цохиж, түүний биед дагз ясны баруун талд шугаман хугарал, баруун талын дух, зулайн чамархай, дагз нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, нүүр цээжинд зулгаралт, цээж, зүүн бугалга, нуруу, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р-Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Б-д 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 56 /тавин зургаан/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Р.Б-аас 22,720,272 /хорин хоёр сая долоон зуун хорин мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлээ болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Р.Баас нэхэмжлэх эрхтэйг, хохирогч талд 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Рэгзэдмаа эсэргүүцэлдээ: “...Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “Улсын яллагчаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан 8,753,920 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах” саналыг гаргасныг нягталж үзэхэд Р.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт тухайн зардлыг нэхэмжлэхтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгдээгүй байх тул тухайн саналыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Гэмт хэргийн улмаас хохирогчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал болох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 8,753,920 төгрөгийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх талаар нэхэмжилсэн.

Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” болохыг тусгаагүй орхигдуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” тогтоох хэсэгтээ тусгана, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчиж, прокурорын гаргасан нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт тусгаагүй нь хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх заалтыг тусгуулан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор О.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Улсын яллагчаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан 8,753,920 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах” санал гаргасныг нягталж үзэхэд Р.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт тухайн зардлыг нэхэмжлэхтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгдээгүй байх тул тухайн саналыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй” гэж дүгнэсэн. Гэвч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасныг тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”-ийг тогтоох хэсэгтээ тусгана” гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж тус тус заасныг зөрчиж, прокурорын гаргасан нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй нь хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх заалтыг тусгуулан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн байна. ...” гэв.

Шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Р.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн атлаа энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй талаар хэлэх тайлбаргүй. Харин уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Прокурор нь Эрүүл мэндийн даатгалын санг төлөөлж, тухайн байгууллагаас гарсан зардлыг нэхэмжлэх эрхгүй. Гэтэл прокурор Эрүүл мэндийн даатгалын санг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй атлаа түүний өмнөөс зардал, төлбөр нэхэмжилсэн. Байгууллага нь байгууллагыг шүүхэд, эсхүл хэлцэлд төлөөлөх асуудлыг Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд зохицуулсан. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сан нарын хооронд төлөөллийн харилцаа үүсээгүй. Иймээс прокурорын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын санг төлөөлж болохгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “"оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;” хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, оролцогч гэх ойлголтод прокурор хамаарахгүй. Прокурорын эрх хэмжээ нь Прокурорын тухай хуулиар тусдаа хуульчлагдсан. Прокурор нь оролцогч гэх ойлголтод хамаарахгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг эдэлж оролцсон. Анхан шатны шүүх энэ асуудлыг нэг мөр болгож, “иргэний нэхэмжлэлийг гаргуулахгүй” хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Миний хувьд иргэний нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Б нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23 дугаар байрны орцны хажууд хохирогч Д.Д-г “надаас савтай шампунь аваад зарж архи авчирна гэчхээд худлаа ярьсан” гэх шалтгааны улмаас толгойн зүүн шанаа хэсэг рүү төмрөөр /таяг гэх/  1 удаа цохиж, түүний биед дагз ясны баруун талд шугаман хугарал, баруун талын дух, зулайн чамархай, дагз нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, нүүр цээжинд зулгаралт, цээж, зүүн бугалга, нуруу, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Д-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б: “...ГССҮТ-с над руу залгаад “Д.Дашийн /хохирогч/ дүү мөн үү ах чинь хагалгаанд орсон” гэхээр нь гэмтлийн эмнэлэгт ирэхэд ах тархины хагалгаанд орчихсон ухаангүй байсан. ... 2 хоногийн дараа ухаан орж ямар нэгэн зүйл санахгүй, 2 нүд нь л хөдөлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 08-09/,

гэрч Б.Ц: “...Р.Б нь Д.Д-ийн толгой руу таягаараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /1хх 11-12/,

гэрч Ж.Э: “...Р.Б нэг залуутай муудалцаад гартаа барьж байсан төмрөөрөө нэг удаа толгой руу нь цохисон. ...Тэр залуу хойшоо савж унасан. ...” гэх мэдүүлэг /1хх 18/,

шүүгдэгч Р.Б сэжигтнээр: “...Би Д.Д-тай маргалдаж төмөр таягаараа зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиход хойшоо саваад унасан. Д.Д тэр газраас босохгүй хурхираад унтаад байхаар нь орхиод явсан. ...” гэх мэдүүлэг /1хх 22-23/,

шүүгдэгч Р.Б яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 163-164/,

шинжээч эмчийн 2024.5.23-ны өдрийн 6661 дугаартай: “....Д.Д-н биед дагз ясны баруун талд шугаман хугарал, баруун талын дух, зулай чамархай, дагз, нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, нүүр цээжинд зулгаралт, цээж, зүүн бугалга, нуруу, баруун зүүн гуяанд цус хуралд гэмтэл тогтоогдсон. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох, савж унах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.. ...Гэмтлийн тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 25-26/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар: Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл: “...Д.Д нь /хохирогч/ 8,753,920 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. ... “ /1хх 219/,

Хэргийн газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Гартаа таяг барьсан эрэгтэй бараан өнгийн хувцастай эрэгтэй хүний толгойны зүүн тал руу төмрөөрөө нэг удаа цохиж, тухай цохиулсан хүн хашлага давж унаж байх бөгөөд тэрнээс хойш огт босоогүй байлаа. ...” /1хх 142-144/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд 1хх 56-66, 67-70, 75-77, 78-82, 92-93, 95-96, 99/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

2. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

            3. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох болон хорих төрлийн ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж, 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж заасан байх бөгөөд Р.Б-д холбогдох хэрэгт мөрдөгч, прокурор, шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр гаргаагүй байна.

            Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан заалт нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг  дэмжих эрхийн талаарх ойлголт бөгөөд тухайн хэрэгт төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж прокурор үзэж нэхэмжлэл гаргаагүй, гаргасан нэхэмжлэл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Прокурорын нэхэмжлэл, тайлбар, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна.” гэсэн заалтад нийцүүлж тухайн хуульд заасан шаардлагыг хангасан байвал зохино.

            Харин анхан шатны шүүх эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй гэж дүгнэсэн  /2хх 21/ атлаа шийтгэх тогтоолд энэ талаар тусгаагүй орхигдуулсан байх тул прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1245 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Анхан шатны шүүх удиртгал хэсэг буюу шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт /2хх 18/ урьд 5 удаагийн ял шийтгэлтэй гэж хэт ерөнхийлөн бичсэн, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүх хуралдааны тэмдэглэлийн /1хх 235/ захирамжлах хэсгийн 3 дахь заалтад эрхтэйг мэдэгдэж, гэж өгүүлбэр төгсгөөгүй байгаа зэргийг анхааруулан тэмдэглэж байна.

            Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь “цалингаа нэхэмжлэх хүсэлтэй байна” гэж ажилгүй байсан өдрүүдийн цалингаа нэхэмжилсэн мэдүүлэг /1хх 08-09/ өгсөн байхад энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй, шалгаж тодруулаагүй болохыг мөрдөгч, прокурорт анхааруулж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Р.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1245 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид гаргасан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ