Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 539

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 Гд холбогдох эрүүгийн 1805025980606 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г  2018 оны 5 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аморе зочид буудлын орчим иргэн Ж.Бтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа прокурорын санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө найз Адьшаажавтай пабаас гараад явж байтал Тумбааш сауны ойролцоо  хэсэг залуус бөөгнөрчихсөн нэг хүүхэн дунд нь ёо ёо гээд орилоод байхаар нь би хөөё юу болоод байна гэтэл нөгөө залуус бид хоёр дээр хүрч ирээд үгийн зөрүүгүй бид хоёр руу дайрахад Адьшаажав нэг хэсгийг нь болиулаад цааш түлхэж байх хооронд эхлээд шар өнгийн подволк өмссөн дунд зэргийн нуруутай нэлээд гэдэстэй залуу миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд энэ үед би нүүрээ гараараа дарж доош тонгойтол цээж рүү өшиглөөд байсан. Миний хоёр нүд хөхөрч хавдсан, баруун талын шанаа хавдаад хөхөрсөн, баруун талын хавирга хөдөлж болохгүй өвдөөд байсан. Мөн гар хөлний хэсэг газар шалбараад хөхөрсөн байсан. Тухайн үедээ цээжний зураг, КТГ имерай шинжилгээ хийлгэхэд баруун талын 3 хавирга хугарсан гэсэн хариу гарсан. ...дээрх гэмтлүүдийг шар подволктой залуу надад учруулсан тэр залуу эхлэхэд миний нүүр рүү цохихоор нь би нүүрээ дараад  доош тонгойход цээж рүү өшиглөөд мөн цохиод байсан. /хх-ийн 12/,

Надад гэмтэл учруулсан залуу миний хохиролыг барагдуулсан бөгөөд түүнээс хохиролын мөнгө болох 2000000 төгрөг бэлнээр авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй бид хоёр сайн дураараа эвлэрсэн. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Адьшаажав мөрдөн байцаалтад: Би өөрийн найз Бгийн хамт 2018 оны 5 дугаар сарын 3-ны шөнө 02 цагийн үед байх модны хоёрын дунд замаар явж байхад 10-15 хүний нэг эмэгтэй хүн ёооёо гээд орилохоор нь манай найз Б юу болоод байгаа юм бэ гэж асуухад нөгөө залуучууд нь чамд ямар хамаатай юм бэ гэж хүрч ирээд бид хоёрыг зодсон. Тухайн үед Б цагдаа дуудна гэж хэлээд утсаа гаргаад ирэхэд нэг залуу нь гар утсыг нь аваад шидчихсэн. Тэгэхээр нь би дундуур нь ороод та нар яаж байгаа юм бэ гэж хэлэхэд намайг боож унагаад нүүр рүү  өшиглөсөн.  /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Хосбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр миний төрсөн өдөр болоод Баянгол дүүргийн 17 дугаар хороо Аморе гэх караокед манай найз Г, Шүрхүү, Өсөхбаяр, Гончигсүрэн, Ганцэцэг, Ундармаа, Түмэн-Өлзий Болд нарын хамт орцгоосон. Тэгээд байж байгаад  тамхи татах гээд караокены гадаа бөөнөөрөө гараад зогсож байсан чинь нэг хоёр хүнтэй Өсөхбаря, Ганаа, Гончиг гурав маргалдаад барьцалдаж аваад зууралдаад  цохилцсон. /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо Аморе нэртэй караокед манай найз Хосбаярын төрсөн өдөр болсон. Тэгээд караоке дотор сууж байсан чинь нэг нь гадаа юм болоод байна гэхээр нь гараад очсон чинь зодоон болж байсан. /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Ганцэцэг мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө би найзуудтайгаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо Модны 2-ын Аморе нэртэй караокед сууцгаасан...бид нар 3 цагийн үед  караокены гадаа гараад бөөгнөрөөд зогсож байсан чинь караоке руу хоёр эмэгтэй орилоод орсон. Тэр үед хоёр эрэгтэй хүн нэг юм хэлээд байсан чинь Өсөхбаяр зүгээр яваарай гэсэн чинь өөдөөс нь нөгөө хүн хараал хэлсэн чинь Өсөхбаяр нөгөө хүн дээр гүйж очоод бариад авсан. Тэгээд барьцалдаад авсан чинь Өсөхбаяр дэгээдээд газар унагаасан нөгөө хүнийг. Тэр үед бид нар очоод салгасан. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Д.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 02-ноос 2018 оны 5 дугаар сарын 3-нд шилших шөнө би тэр ахыг зодож гэмтэл учруулсан. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5883 дугаартай: Ж.Бгийн биед цээжний баруун талын 4, 5,6 дугаар хавирганы хугарал, зовхи, хамарт цус хуралт, өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.Г-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 29/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 32/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г  2018 оны 5 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аморе зочид буудлын орчим иргэн Ж.Бтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Бгийн”...эхлээд шар өнгийн подволк өмссөн дунд зэргийн нуруутай нэлээд гэдэстэй залуу миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд энэ үед би нүүрээ гараараа дарж доош тонгойтол цээж рүү өшиглөөд байсан...” /хх-ийн 12/, гэрч Д.Адьшаажавын”...Б юу болоод байгаа юм бэ гэж асуухад нөгөө залуучууд нь чамд ямар хамаатай юм бэ гэж хүрч ирээд бид хоёрыг зодсон” /хх-ийн 16/, гэрч Ц.Хосбаярын”...нэг хоёр хүнтэй Өсөхбаяр, Ганаа, Гончиг гурав маргалдаад барьцалдаж аваад зууралдаад  цохилцсон” /хх-ийн 17/, гэрч Д.Гантулгын”...караоке дотор сууж байсан чинь нэг нь гадаа юм болоод байна гэхээр нь гараад очсон чинь зодоон болж байсан...”/хх-ийн 18/, гэрч Ж.Ганцэцэгийн”... Өсөхбаяр зүгээр яваарай гэсэн чинь өөдөөс нь нөгөө хүн хараал хэлсэн чинь Өсөхбаяр нөгөө хүн дээр гүйж очоод бариад авсан. Тэгээд барьцалдаад авсан чинь Өсөхбаяр дэгээдээд газар унагаасан нөгөө хүнийг...” /хх-ийн 20/ гэх мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5883 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд Д.Гантулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би тэр ахыг зодож учруулсан...” /хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Д.Гд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ