Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01920

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01920

 

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01602 дугаар шийдвэртэй, Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Хос далай ХХК, Х.Баяндалай нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 86 103 137 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хос далай ХХК болон Х.Баяндалай нар нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ12/244 тоот зээлийн шугамын гэрээгээр 450 000 ам долларыг жилийн 13.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хос Хас ХХК, иргэн Ц.Батжаргалын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон Хос далай ХХК-ийн Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 18677296271263 тоот дугаартай 20.000 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2 удаа сунгасан. Зээлдэгч нар үндсэн зээлд 450 000 ам.доллар, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 570 480.29 ам.долларыг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хос Хас ХХК үндсэн зээлийн үлдэгдэл 16 109.34 ам.долларыг төлж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлсэн бөгөөд зээлдэгч Хос далай ХХК, иргэн Х.Баяндалай нар зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөгүй байна. Иймээс зээлийн хүүгийн төлбөрт 33 707.45 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 193.08 ам.доллар, нийт 35 900.54 ам.доллар буюу 86 103 137.12 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 658 666 (70200) төгрөгийн хамт гаргуулж, зээлдэгч зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд Хос далай ХХК Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 18677296271263 тоот дугаартай 20.000 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Баяндалай шүүхэд гаргасан тайлбартаа: Хос Далай ХХК болон Хос Хас ХХК-иуд хамтран ажиллахаар болж улмаар 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 450 000 ам.долларыг хамтран зээлж №ЗГ-12/244 дугаар гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд бид төлбөрийг хуваарийн дагуу төлсөөр ирсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сард хамтран зээлдэгч Хос Хас ХХК-иас зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө суллан авч дахин хөрөнгө босгох хэрэгтэй тул барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг Хаан банк ХХК-д гаргасан. Харин Хаан банк ХХК-аас барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхэд хамтран зээлдэгчийн санал, зөвшөөрөл шаардлагатай гээд Хаан банкнаас хуулийн хэлтсийн дарга Хосбаяр /албан тоотын төсөл бэлдчихсэн ирсэн/, Хос Хас ХХК болон манай компани гэсэн 3 талын төлөөлөл уулзаж дараах нөхцөлийг тохирсон. Манай компани 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцан төлсөн бөгөөд Хос Хас ХХК зээлийн гэрээний хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулан барьцаа хөрөнгийг суллуулахаар болсон.

Төлбөрийг өөрсдөд оногдох хэсгээр хувааж төлсөн тохиолдолд хамтран зээлдэгчийн барьцааг чөлөөлүүлэхийг зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2017/12 дугаар албан тоотыг Хос Хас ХХК болон Хаан банк ХХК-д хүргүүлсэн. Хос Хас ХХК зээлийн гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр болох 16 109.34 ам.долларыг төлж Хаан банк ХХК-аас барьцаа хөрөнгөө суллуулсан байсан. Үүнийг бид эс зөвшөөрч тухайн үед Хаан банк ХХК-д мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Хаан банк ХХК тохиролцсон нөхцлийг зөрчиж, бидний тавьсан болзол болох гэрээний хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийг зөвшөөрсөн байхад уг төлбөрөөс өөр төлбөрийг төлүүлэн барьцааг чөлөөлсөн нь буруу болсон. Хэдийгээр барьцаа хөрөнгөөс хамтран зээлдэгч Хос Хас ХХК-ийн хөрөнгийг чөлөөлүүлсэн боловч анх байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Тиймээс 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2017/12 албан тоотод дурдсан хэмжээний төлбөрийг хүлээн зөвшөөрөх бөгөөд харин үлдэх төлбөрийг хамтран зээлдэгчээс гаргуулах нь зөв. Тодруулбал зээлийн хүүг төлүүлээгүй нь нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн буруутай үйлдэлтэй холбоотой. Зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг суллаж улмаар хамтран зээлдэгчийн төлбөрийн төлөх хувь хэмжээнд хөндлөнгөөс буюу нэг талд нь үйлчилж ийм хууль бус зүйл хийсэн нь өнөөдрийн маргааныг үүсгэсэн. Иймээс хамтран хариуцагчаар Хос Хас ХХК-ийг татан оролцуулах нь зүй ёсны юм. Түүнчлэн анхнаасаа хоёр компанийн хамтран ажиллахаар бизнесийн зориулалтаар хамтран зээлсэн зээлийг иргэн Х.Баяндалай надад хариуцуулахаар шаардаж буй нь буруу, уг зээлээс хувьдаа ямар нэгэн байдлаар зарцуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хос далай ХХК, Х.Баяндалай нараас 61 070 621.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 18677296271263 тоот дугаартай 20.000 м.кв талбайтай, 000300531 дугаар гэрчилгээтэй, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658 666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хос далай ХХК, Х.Баяндалай нараас улсын тэмдэгтийн хураамжинд 463 303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Баяндалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг нар давж заалдах гомдолдоо: Зээл олгосон Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамж 25 хаягт орших Хаан банк ХХК-ийн захирал Д.Баттөмөр Б.Байгальмаад шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Б.Байгальмаагийн оршин суугаа хаяг тодорхойгүй мөн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4, 62.1.5, 62.1.6-д заасан нэхэмжлэлийн шаардлага хангаагүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчийн / хуулийн этгээдийн / оршин суугаа хаягт нь байхгүй хаягаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан заалтыг зөрчсөн, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой атал шүүх хэргийг авч шийдвэрлэсэн буруу юм. Энэ нь магадалгаа шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгааныг дурдсан 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар салбарын н.Энхээгийн тодорхойлолтоор батлагдана. /хх-ийн 28 дугаар тал/

Нэхэмжлэл гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар нэхэмжлэлд хариуцагчаар татсан хуулийн этгээд болох Хос далай ХХК-ийн зээлийн хүү 33 707.45 ам.доллар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2193.08 ам доллараа хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн / Монгол банкны албан ханш болох 1 ам долларыг / хэдэн төгрөгөөр Монгол төгрөгт шилжүүлэн тооцож нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлага багасгасан үнийн дүнг 25 039 710.77 төгрөгөөр хэдэн ам.долларын зээлийн хүү , нэмэгдсэн хүүд шилжүүлэн тооцож хассаныг тодорхой заагаагүй.

Шүүх шийдвэрийн 1 дэх заалтандаа зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү болох нийт хэчнээн ам.доллар /1 ам.доллар/-ыг төгрөгт шилжүүлэн тооцож, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн нийт ноогдох ам доллар буюу 61 070 621.34 төгрөгөөр тооцож гаргуулах болсон талаар тодорхой заагаагүй нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хос далай ХХК-ийн ерөнхий захирал Х.Баяндалай мөн тус компани нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө Гранд оффисийн 38 тоот хаягт байрлалтай үйл ажиллагаа явуулдаг болох нь Улсын бүртгэлийн 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000159174 тоот гэрчилгээгээр тогтоогдсон.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хос далай ХХК зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар зээлийн эцсийн үлдэгдэл 16 109.34 ам.доллар байсан бөгөөд уг зээлийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч нараас зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүүг төлөх тухай албан ёсны гэрээг дүгнэсэн болон тооцоо нийлсэн акт байхгүй байгаа тул дээрх зээлийн хүү ,нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй.

Одоогийн байдлаар Хос хас болон Хос далай ХХК-иуд нь Хаан банк ХХК-д үндсэн зээл болох 450 000 ам.доллар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү торгуульд 570 480.29 ам.доллар нийт 1 020 480.29 ам.доллар буюу төгрөгт шилжүүлэхэд 2 447 499 517.93 төгрөг төлсөн.

2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ханшаар / 1 ам.доллар нь 1395 төгрөг / тооцоход 627 750 000 мянган төгрөг төлөх ёстой бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ханшаар тооцоход / 1 ам.доллар нь 2398 төгрөг / 1 079 100 000 мянган төгрөг болж байгаа бөгөөд ханшийн зөрүүнд 451 350 000 төгрөгийг илүү төлсөн, үндэслэлтэй харагдаж байна.

Үүнээс гадна 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ханшаар бодоход 795 820 004 хүүгийн төлбөр төлөх байтал 2018 оны 3 дугаар сарын 19 ний өдрийн ханшаар тооцож бодоход 1 368 011 735 төгрөг болно. Ханшийн зөрүүгээр тооцоход 572 191 731 төгрөг илүү төлсөн байна. Нийт 1.023.541.73 төгрөг төлсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эрүүл мэндийн улмаас акттай тухайгаа шүүгчийн туслах н.Отгончимэгт утсаар мэдэгдэж, эмнэлгийн магадалгаагаа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн дагуу шүүх хуралдаанаас өмнө 13 цаг 20 минутад н.Алтанцэцэг гэдэг хүнээр явуулсан боловч цайны цагтай байсан тул хүлээлгэж байгаад 13 цаг 30 минутад уг хүсэлтийг шүүгчийн туслах хүлээн авсан атлаа 13 цаг 30 минутад шүүх хуралдааныг хийсэн. Шүүгч Ц.Оюунбилэг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг гүтгэж 13 цаг 50 минут хүртэл хүлээсэн мэтээр шүүхийн шийдвэрт хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Миний өгсөн хүсэлт, эмнэлгийн магадлалыг зориудаар хавтаст хэрэгт хийгээгүй байгаагаас үзэхэд шүүгч хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргах гэсэн хувийн сонирхолдоо хөтлөгдөж шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй, шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцож, мэтгэлцэх зарчмыг хаан боогдуулж харьяалалын биш хэргийг авч шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн 1602 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хаан банк ХХК нь хариуцагч Хос далай ХХК, Х.Баяндалай нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86 103 137 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад 61 063 426 төгрөг болгон багасгасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хос далай ХХК, Хас Хос ХХК болон Х.Баяндалай, Ц.Батжаргал нар нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ12/244 тоот зээлийн шугамын гэрээгээр 450 000 ам долларыг жилийн 13.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хос Хас ХХК, иргэн Ц.Батжаргалын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон Хос далай ХХК-ийн Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 18677296271263 тоот дугаартай 20.000 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалуулсан байна.

Хэрэгт талуудын хооронд байгуулсан үндсэн зээлийн гэрээ авагдаагүй, зээлийн шугамын гэрээ бүрэн гүйцэт биш байгаагаас тэдний гэрээний тохиролцоог болон эрх, үүргийг дүгнэх боломжгүй болжээ. /хх-ийн 9-10 дугаар тал/

Хариуцагч зээлийн гэрээгээр хүүг хангалттай илүү төлсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэгч зээлийн гэрээний хүүг төлөх үүрэг шаардаж маргаж байхад шүүх маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Өөрөөр хэлбэл, хэрэгт зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг талууд хэрхэн тооцох талаар тодотгон тохирсон баримтгүй байхад нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн гэрээний хүүг шаардах эрхтэй гэж үзсэн нь учир дутагдалтай юм.

Зээлийн гэрээнд Х.Баяндалай нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгч банк зээлийн гэрээний үүргийг Хос далай ХХК, Х.Баяндалай нараас шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд анхан шатны шүүх хариуцагч, хамтран хариуцагч нарыг хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг буруутгах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Жон Белл нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Тусгай активын газрын захирал албан тушаалтай Ж.Хосбаярт банкийг төлөөлөх итгэмжлэлийг бусдад дамжуулах эрхтэйгээр олгож, Ж.Хосбаяр нь мөн өдөр хуулийн зөвлөх ажилтай Б.Байгалмаад Хаан банкийг төлөөлөх итгэмжлэлийг олгосон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.5, 62.6 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 6-8 дугаар тал/

Шүүх хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хариуцагчдын аль нэгний хаягаар буюу Х.Баяндалайгийн оршин суугаа Хан-Уул дүүргийн хаягаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг зөрчөөгүй. Хэргийн харьяаллын талаарх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн /хх-ийн 45, 70-71 дүгээр тал/, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг буюу хэргийн харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч 2018 оны 06 сарын 27-ны өдөр буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчжээ. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байгаа ч ямар үндэслэлээр хэдий хугацааны хүүг хассан, үлдэгдэл тооцоог буюу зээлийн хүүг хэрхэн тооцсон талаар талууд мэтгэлцэх учиртай.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 08 цаг 30 минутад шүүх хуралдаантай, шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэн, нотлох баримтаар нотолсон атал түүнийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн. /хх-ийн 89-90 дүгээр тал/

Хэргийн 91 дүгээр талд шүүгчийн туслах шүүх хуралдааныг хойшлуулах шалтгаан арилсан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар ярьсан тухай тэмдэглэл авагджээ. Уг тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ирэх эсэхийг лавласан, төлөөлөгч очиж чадахгүй, боломжгүй байгаагаа илэрхийлсэн байх ба холбогдох баримтаа хүргүүлсэн боловч шүүгчийн туслах хүлээн аваагүй талаар тайлбарласан зэргээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх нь эргэлзээтэй байна.

Эдгээрээс дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 463 303 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ