| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2211 00242 0295 |
| Дугаар | 2025/ДШМ/117 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/117
2025 01 21 2025/ДШМ/117
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Гармаа,
яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Баяржаргал,
хохирогч М.Г, түүний өмгөөлөгч Э.Уянга
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/1905 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч М.Г-ийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох 2211 00242 0295 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б, 1969 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 0000000/,
Яллагдагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “00000” ХХК-ний 50 хувийн хувьцааг худалдана гэж өөрийн эзэмшилд байгаагүй хуулийн этгээдийн нэрийг барьж иргэн М.Г-ээс 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,
мөн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны ойр орчимд хохирогч М.У-ээс “000000” банк бус санхүүгийн байгууллагаа зарах гэтэл татварын үлдэгдэлтэй байгаад байна 50,000,000 /тавин сая/ төгрөг зээлчих 2 цагийн дотор буцаагаад өгчихнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч 47,000,000 /дөчин долоон сая/ төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “0000” оффисын өрөөнд нь “00000” нэртэй төмрийн үйлдвэрийн 50 хувийн хувьцааг худалдан авахаар 500,000,000 төгрөгийг бэлнээр хохирогч М.Г, дүү М.Х-ийнн хамт Б.Б-д хүлээлгэж өгсөн талаар хохирогч М.Г, гэрч М.Х нар нь удаа дараа мэдүүлсэн байна.
Харин гэрч Б.Б мэдүүлэхдээ “..500,000,000 төгрөгийн алтыг миний оффис дээр авч ирж өгсөн. Тэр үедээ М.Г надад би таны төмрийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллая гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Би чиний надад өгөх мөнгөөр чинь хаягдал төмөр болон БНХАУ-с тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл худалдаж авна гэж хэлсэн чинь М.Г зөвшөөрч дээрх тушаасан алтныхаа мөнгийг надаас авалгүй дансанд үлдээгээд явсан. Тэгээд түүнд өгөх байсан мөнгөөрөө би төмрийн хаягдлаас төмөр авч 400 орчим сая төгрөгөөр тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авсан..” гэж мэдүүлжээ.
Үүнээс үзэхэд хохирогчоос нэхэмжилж буй 500,000,000 төгрөгийн эх үүсвэрийн талаар яллагдагч, шүүгдэгч нар хэрэгт 2 өөр мэдүүлсэн байна. Хохирогч М.Г нь 500.000.000 төгрөгийг бэлэн аваачиж өгөөд Б.Б-ийн дэвтэр дээр гарын үсэг зурж, тэмдэглэж авсан гэж мэдүүлсэн. Харин Б.Б нь 500,000,000 төгрөгийн алт авч ирж, түүнийхээ мөнгийг авахгүй тухайн мөнгийг надад үлдээгээд явсан, түүнийг нь үйлдвэрийн ажиллагааг сайжруулахаар тоног төхөөрөмж, хаягдал төмөр авсан гэж 500,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж мэдүүлсэн байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Б нь энэ мөнгөнөөс хохирогч М.Гт 495,000,000 төгрөгийг буцааж төлсөн, энэ нь баримттай гэж мэдүүлсэн боловч тухайн мөнгөн гүйлгээг бүрэн шалгасан ажиллагаа, нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд нь хэний юуг нотолж, тогтоож байгаа, дансны хуулганы аль хэсэг нь яллах болон цагаатгах талын баримт болох нь тодорхойгүй, тэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар байх бөгөөд үүнийг тодруулж шалгаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, хохирол, хор уршгийг бүрэн тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоохоор заасан байна.
Прокуророос яллагдагч Б.Б-г 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчимд хохирогч Ж.У-с “000000” ББСБ-гаа зарах гэтэл татварын үлдэгдэлтэй байгаад байна. 50,000,000 төгрөг зээлчих 2 цагийн дотор буцаагаад өгчихнө гэж 47.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хохирогч Ж.У-н мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэргээс үзэхэд “..Б.Б, С.Соёлзул нар худал мэдүүлж байна. Тухайн мөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр С.С надаас “манайх 00000000” ББСБ-гаа зарах гэтэл татварын үлдэгдэлтэй байгаад байна. Түүнийгээ дараад ББСБ-гаа зарчхаад мөнгийг тань 2 цагийн дотор буцаагаад өгчихье гэхээр нь би Алтжин бөмбөгөр дотор байх Хаан банкны АТМ-ээс өөрийн 00000000 дугаартай данснаас 0000000 дугаартай С.Соёлзулын хаан банкны данс руу 20,000,000 төгрөгөөр хоёр удаа, 7,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 47,000,000 төгрөгийг “У-с зээлэв” гэсэн утгаар шилжүүлсэн..” гэж мэдүүлжээ. Гэтэл яллагдагч Б.Б нь Ж.У-с 47,000,000 төгрөгийг авсан гэх мэдүүлэгнотлох баримт байхгүй байна.
Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтад “хохирогч Ж.У-с 2024 оны 10 сарын 28-ны өдөр гараар бичсэн хүсэлтдээ “Б.Б-ийн найз Д.М-тай харилцан тохиролцож 20.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны данс болох 00000000 дугаарын дансандаа шилжүүлж авснаар Б.Б-тэй хийх тооцоо 100 хувь төлөгдсөнийг хүлээн зөвшөөрч, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ж.Уранчимэг залилуулсан хэргийн хохирол төлөгдсөн гэж байгаа боловч хэргийг хэн үйлдсэн / Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1/ болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөв тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Гийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн прокурорт буцаах тухай захирамждаа “...хохирогчоос нэхэмжилж буй 500,000,000 төгрөгийн эх үүсвэрийн талаар яллагдагч, шүүгдэгч нар хэрэгт 2 өөр мэдүүлсэн байна. Хохирогч М.Г нь 500,000,000 төгрөгийг бэлэн аваачиж өгөөд Б.Б-ийн дэвтэр дээр гарын үсэг зурж, тэмдэглэж авсан гэж мэдүүлсэн. Харин Б.Б нь 500,000,000 төгрөгийн алт авч ирж, түүнийхээ мөнгийг авахгүй тухайн мөнгийг надад үлдээгээд явсан, түүнийг нь үйлдвэрийн ажиллагааг сайжруулахаар тоног төхөөрөмж, хаягдал төмөр авсан гэж 500,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж мэдүүлсэн байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Б нь энэ мөнгөнөөс хохирогч М.Г-т 495,000,000 төгрөгийг буцааж төлсөн, энэ нь баримттай гэж мэдүүлсэн боловч тухайн мөнгөн гүйлгээг бүрэн шалгасан ажиллагаа, нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд нь яллах болон цагаатгах талын баримт болох нь тодорхойгүй, тэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар байх бөгөөд үүнийг тодруулж шалгаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, хохирол, хор уршгийг бүрэн тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоохоор заасан байна” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтууд болох гэрч М.Х-н мэдүүлэг /1хх 74/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1хх 76/ гэрч зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээнүүд /1хх 105-123/, гэрч Д.М-ны мэдүүлэг /1хх 139/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /3хх 103/, гэрч М.Г-ын мэдүүлэг /3хх 105/, хохирогчийн мэдүүлэг баримтуудаар яллагдагч Б.Б нь өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж “00000” ХХК-н хувьцааг худалдана гэж хуурч мэхлэн хохирогчид 500,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д зааснаар Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж хохирогчид учруулсан хохирлыг бодитоор тогтоосон. Тиймээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ гэрч М.Х, Б.Д, М.Г, Д.М, хохирогч М.Г нарыг оролцуулан хэргийн хохирол хор уршиг, хэргийн бодит байдлыг тогтоон дүгнэлт хийх боломжгүй.
М.Г хохирогч нь яллагдагчийн учруулсан хохирол хор уршгийг арилгуулахаар хуулийн байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хандсан ба 2 жил гаруйн хугацаанд яллагдагч нь дансны хуулга болон бусад баримтуудаа өгөх боломж байсан.
Гэтэл гэнэт шүүхийн хэлэлцүүлэгт М.Г-т 495,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн баримт байгаа гэж илт худал мэдүүлэг гаргасныг шүүх үнэлж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй юм.
Хохирогч өнөөдрийг хүртэл хохирсоор байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, түүний өмгөөлөгчийн тайлбар мэдүүлэгт дурдсан “..дотно харилцаатай байсан, сургууль төгсөөд Солонгосын визэнд орохоор мөнгө зээлсэн..” гэх мэт зүйлийг бичсэн ярьсан зүйлд их гомдолтой байгаа бөгөөд анхнаасаа мөрийтэй тоглож маш их өрөнд орж олон хүмүүсийг хохироочхоод дахин хохирогчийг хуурч, 2 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, зугтаж явчхаад шүүхэд илт худал мэдүүлэг өгч нэр төрд халдаж гүтгэж байгаад маш их бухимдаж, гомдолтой байгаа. Миний үйлчлүүлэгч 2020 онд энэ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тэрээр өөрт учирсан хор уршгийг арилгуулж чадалгүй 5 жил өнгөрч байна.
Тиймээс миний үйлчлүүлэгчийг хохироосон үйлдлийг шүүхээр хянан хэлэлцэхдээ дээр дурдсан гэрч нарыг хохирогчийн хамт хуралдаанд оролцуулан хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/1905 дугаартай захирамжийг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие М.Г 1990 онд Баянхонгор аймагт төрсөн. Одоогоор миний хүүхэд эмчилгээтэй байгаа тул гадаад улсаас шүүх хуралдаанд оролцож байна. Миний бие 2019 онд Б.Б-д 500,000,000 төгрөг өгсөн бөгөөд түүнээс хойш маш их хохирсон. Өнгөрсөн шүүх хуралдаанд миний бие оролцож чадаагүй ба миний өмгөөлөгч өвчтэй байсан тул оролцоогүй. Гэтэл Б.Б тус шүүх хуралдаанд илт худал мэдүүлэг өгсөн байсан. Энэ явдалд миний бие маш их гомдолтой байна. Хоёр тусдаа хэрэг шалгагдаж байгаа. Миний бие уул уурхайн бизнес эрхэлдэг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй. Би Б.Бэс “Лел Металл” ХХК-ийг худалдаж авах гээд 500,000,000 төгрөгийг бэлнээр өгч хохирсон. Нөгөөтээгүүр, миний эх н.Д Б.Б-тэй хамтарч хэсэг хугацаанд алт, метал худалдан авах ажил хийж байсан. Б.Б “М.Г-ийн эх н.Д-д мөнгө өгсөн” гэж мэдүүлсэн байсан. Эдгээр хүмүүсийн бизнес тухайн үедээ 2 сар үргэлжлээд хэн хэндээ мөнгөний өглөггүй дууссан. Хэрэгт миний болон миний эхийн мөнгө өгсөн, авсан асуудал тодорхой тусгагдсан. Гэтэл Б.Б “М.Гийн эх н.Д-д мөнгө өгсөн” гэж худал хэлж байгаад гомдолтой байна. Хоёрдугаарт, Б.Б “М.Г 2017 онд сургууль төгсчихөөд ямар ч мөнгөгүй байж 500,000,000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. Миний бие 2008 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын салбар сургуульд урилгаар сурч, улмаар 2012 онд шилдэг төгсөгч болсон. Түүнчлэн сургууль төгссөн цагаасаа томоохон байгууллагуудын захиргаа, хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж, өөрийн компаниа байгуулж, 10 гаруй жил тасралтгүй ажилласан. ...” гэв.
Яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хохирлын хэр хэмжээг бүрэн тогтоох ёстой. Нэгдүгээрт, хэргийн материалд яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс 495,000,000 төгрөг буцааж өгсөн тухай баримт хавсаргасан. Хоёрдугаарт, “00000” ХХК-ийн 195 хуудас санхүүгийн баримт хавсаргасан. Уг 195 хуудас баримт нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол гарах хүртэл “00000” ХХК-ийг Б.Б гэх хүн ажиллуулж, хөрөнгийг нь захиран зарцуулж, үйл ажиллагаа явуулж, татвар төлж, цалин олгож байсан болохыг нотолсон баримт юм. Анхан шатны шүүх өсөн, авсан мөнгийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй. Хохирогч “500,000,000 төгрөгийг нэг эмэгтэйн хамт хар торонд хийж өгсөн” гэж мэдүүлсэн. Гэтэл 500,000,000 төгрөгийг 20,000 төгрөгийн дэвсгэртээр 1 цүнхэнд хийхэд эрэгтэй хүн даахгүй. Миний бие нэг удаа үйлчлүүлэгчийнхээ хохирлыг барагдуулах гээд 340,000,000 төгрөгийг аваачиж өгөхөд хэцүү байсан. Гэтэл хохирогч “500,000,000 төгрөгийг уутанд хийгээд авч очсон” гэж мэдүүлж байгааг ойлгохгүй байна. Энэ мэт эргэлзээтэй байдлууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон тул анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж шийдвэрлэсэн нь зүйтэй. Хоёрдугаарт, 2 дахь хохирогчийн хувьд Б.Б-ийн эхнэр тухайн хохирогчоос мөнгө авсан асуудал байдаг. Миний бие хэрэг бүртгэлтийн шатанд тухайн хохирогчтой миний үйлчлүүлэгч олон жил мөнгө өгөлцөж авалцдаг байсан талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан. Улмаар тухай хохирогч өгсөн авсан тооцоогоо 20,000,000 төгрөгөөр дуусгавар болгоё гэсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх уг нөхцөл байдалд “эхнэр нь мөнгө авсан бөгөөд үүнийг Б.Б төлсөн байна. Гэхдээ гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог шалгалгүй орхигдуулсан байна” гэж үзсэн. Хохирогч “би олон жил бизнес хийж байгаа” гэж тайлбарлаж байна. Гэтэл түүний өөрийн мэдүүлэгт “өөрийн эх, ах, эгчийн мөнгийг өөрийн мөнгөтэй нийлүүлж, 500,000,000 төгрөг болгож, хар торонд хийгээд Б.Б-д өгсөн” гэж мэдүүлсэн. Энэ хэрэг урьд нь шүүхээс прокурорт буцаж байсан бөгөөд тухайн үед анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа “уг мөнгөний эх үүсвэрийг тогтоох, Б.Б-с гаргаж өгсөн баримтуудад хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай” гэж тусгасан байсан. Миний үйлчлүүлэгч энэ талаар “гэр бүлээсээ салахгүйн тулд уг асуудлыг нууж явсаар өдийг хүрлээ. Би өгсөн мөнгөнийхөө баримтуудыг гаргаж өгсөн” гэж тайлбарласан. Анхан шатны шүүх уг нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Гармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн шалгаж тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэлээр захирамжилж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичээгүй бөгөөд прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Б.Бд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
1. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа хохирогчоос нэхэмжилж буй 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн эх үүсвэрийн талаар яллагдагч хохирогч нар хэрэгт 2 өөр мэдүүлсэн, яллагдагч Б.Б нь энэ мөнгөнөөс хохирогч М.Г-т 495,000,000 /дөрвөн зуун ерэн таван сая/ төгрөгийг буцааж төлсөн гэж мэдүүлсэн боловч тухайн мөнгөн гүйлгээг бүрэн шалгаагүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 1 дэх заалт үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Б нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчоос нэхэмжилж буй 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс хохирогч М.Г-т 495,000,000 төгрөгийг буцааж төлсөн, төлсөн нь баримттай гэж мэдүүлсэн боловч тухайн мөнгөн гүйлгээг бүрэн шалгаж тодруулаагүй, нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, ямар дүнгээр хохирол тооцох эсэх талаарх баримтуудыг эх сурвалжтай ялгаа заагтайгаар нарийвчлан тогтоох зэргийг шалган тодруулах нь ач холбогдол бүхий бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаж бэхжүүлэх шаардлагатай байна.
Мөн хохирогч М.Г нь гэрчээр болон хохирогчоор мэдүүлэхдээ “...Б.Б-д 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг бэлнээр өгсөн. ...” 1хх /15-16/, яллагдагч Б.Б нь гэрчээр мэдүүлэхдээ “...М.Г нь 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн үнэ бүхий алтыг миний оффис дээр авчирж өгсөн. ...” /1хх 18, 137/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд яллагдагч Б.Б нь хохирогч М.Гт 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг бэлнээр өгсөн үү, эсхүл 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн үнэ бүхий алтыг өгсөн үү гэдгийг тодруулан шалгах шаардлагатай.
2. Прокуророос яллагдагч Б.Б-г 2022.9.09-ний өдөр хохирогч Ж.У-с “50,000,000 төгрөг зээлчих 2 цагийн дотор буцаагаад өгчихнө” гэж 47,000,000 төгрөг шилжүүлэн авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх шилжүүлсэн байна.
Хохирогч Ж.У “...С.С надаас 47,000,000 төгрөг зээлсэн. ...” гэж мэдүүлжээ. Гэтэл яллагдагч Б.Б нь хохирогч Ж.У-с 47,000,000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг, нотлох баримт байхгүй, хохирогч Ж.У залилуулсан гэх хэргийг хэн үйлдсэн болохыг шалгаж тодруулаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 2 дахь заалт үндэслэлтэй.
Тодруулбал, гэрч С.С, яллагдагч Б.Б, хохирогч Ж.У нараас дахин мэдүүлэг авч хохирогч Ж.У-с авсан гэх 47,000,000 төгрөгийг хэн авсан, хэрхэн зарцуулсан, зэргийг шалган тодруулах нь ач холбогдол бүхий бөгөөд уг гэмт хэрэгт хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөв тогтоож энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.
Мөн яллах дүгнэлтийн хавсралтад /3хх 179/ 1.12-т хохирогч М.У-ийн мэдүүлэг /2хх 219-220/, 1.13-т гэрч Н.Энхцэцэгийн мэдүүлэг /2хх 228/, гэрч С.Б-ны мэдүүлэг /2хх 230/, С.С-ын Хаан банкны 00000000 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 249-250, 3хх 01-03/ гэж бичсэн байх боловч 2 дугаар хавтаст хэрэг нь 192 хуудас байх бөгөөд прокуророос анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн албан тоот дээр /3хх 181/ 2 дугаар хавтаст хэрэг 192 хуудас гэж бичигдсэн байна.
Дээрх яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 2 дугаар хавтаст хэргийн хуудас, хэрэг шүүхэд шилжиж ирсэн 2 дугаар хавтаст хэргийн хуудасны зөрүүг арилгуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/1905 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч М.Г-ийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/1905 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч М.Г-ийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Б.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ