Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0769

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Д.Лгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Л ирүүлсэн хүсэлтийг хүлээн аваад, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/539 дүгээр захирамжаар миний газрын холбогдох хэсгийг хүчинтэйд тооцож, **** дугаар нэгж талбар бүхий газрын кадастрын зургийг газрын кадастрын системд сэргээхийг Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлээ буцаасантай холбоотой үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Л Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаар захирамжийн иргэн Д.Л холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/539 дүгээр Газар эзэмших эрх сэргээх тухай захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаар захирамжийн хавсралтын 20 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцож, дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Д.Л холбогдох хэсгийг хүчинтэйд тооцож кадастрын системд сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Д.Л Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаар захирамжийн иргэн Д.Л холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Н.ДАМДИНСҮРЭН