Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 141

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

шүүгдэгч Д.Энхтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дэлгэрсүрэнгийн Энхтөгсөд холбогдох эрүүгийн 1807003430132 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр 09-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадамын 1 дүгээр гудамж 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  регистрийн УД86110915 дугаартай, Боржигон овогт Дэлгэрсүрэнгийн Энхтөгс.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.Энхтөгс нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах авто засвар дотор иргэн Ш.Батсүхийг ээжийг доромжиллоо гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар зүүн шанаан тус газарт нь цохиж зүүн хацар, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Энхтөгсөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Энхтөгс нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах авто засвар дотор иргэн Ш.Батсүхийг ээжийг доромжиллоо гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар зүүн шанаан тус газарт нь цохиж зүүн хацар, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхтөгсийн өгсөн: “Тухайн өдөр 21 цагийн үед бэр эгч ирсэн. Эгчийн утас дуугарч нэг хүнтэй хэрэлдэж байсан. Хүмүүс зөндөө байсан тул би гражаас нараад ярь гэж хэлсэн. Тэгсэн нэг хүний “гичий, янхан” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би “та хэнтэй хэрэлдээд байгаа юм бэ” гэж асуухад “ээжтэй хэрэлдэж байна” гэж хэлэхээр нь миний уур хүрч, хохирогчийг нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Батсүхийн өгсөн “...Би 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Приус засварын газраар орж өөрийн хүүхэд Баянбаттай уулзаж ажлын газрыг нь сонирхох санаатай уг засварын газарт ганцаараа очсон юм. Гэтэл энэ үед засварын газар дотор байх үед манай хадам ээж утсаар яриад намайг хаана байгаа талаар асуугаад “засварын газарт байна” гэж хэлсэн чинь намайг “банзал, гичий” гэх зэргээр хэл амаар доромжилж эхэлсэн учир утсаа салгаад авахгүй байж байгаад дахин дахин залгаад байхаар нь утсаа аваад намайг “гичий” гэх мэтээр хэлээд байхаар нь өөрийг нь “чи ч гэсэн гичий чамаас гарсан хүүхдүүд чинь мөн гичий” гэж хэлээд зогсож байтал Энхтөгс орж ирээд “та хэнтэй яриад байгаа юм бэ” гэхээр нь “ээжтэй” гэж хэлсэн. Гэтэл Энхтөгс “чи миний ээжийг яагаад доромжилж байна” гэж хэлээд зүүн шанаан тус газар гараараа цохиж, гараараа хаах үед дахин гаран дээр гараараа нэг удаа цохиж зодсон юм.

...надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №295 дугаар:

  1. “Батсүхийн биед зүүн хацар, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 26 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 46 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 47 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Энхтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Батсүхэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй түүний мөрдөн байцаалтад өгсөн “надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн Д.Энхтөгсийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Энхтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Энхтөгс нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дэлгэрсүрэнгийн Энхтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Энхтөгсийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Энхтөгсөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Энхтөгсөд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Энхтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Энхтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ