Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 302/ШШ2025/00105

 

 

 

 

 

 

2025 01 31

302/ШШ2025/00105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Даймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Ж, Хаяг: Даймаг, Т сум, 5 дугаар баг, Хөх толгой гэх газарт оршин суух,

 

Хариуцагч: Д аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга А.Г/. Хаяг: Даймаг, Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Д аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч нар:

Нэхэмжлэгч А.Ж, түүний өмгөөлөгч С.Н,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Гд холбогдуулан тус газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие Даймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Асрамжийн төвийн нягтлан бодогчоор 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж туршилтын хугацаатай томилогдон ажиллаж эхэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем-ийн сургалтад томилолтоор оролцож, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн юм.

1.2 Гэтэл ажил олгогчоос намайг ажилд томилсон тушаалаа миний ажилд орсон өдөр болох 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гаргаагүй, ажилд томилсон тушаал шийдвэрийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргаж, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай түр томилсон тушаал гаргасан. Туршилтын хугацааг шууд 6 сараар тогтоохыг Хөдөлмөрийн тухай хуульд хориглосон байна.

1.6 Намайг ажилд томилсон тушаалдаа 6 сарын хугацаагаар түр томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би уг албан тушаалд тасралтгүй 6 сар 15 хоног ажилласны дараа намайг ажлаас чөлөөлсөн. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тодорхой бус юм. Би энэхүү ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж ирсэн.

1.3 Хэрэв ажил олгогчоос намайг ажлын байрны шаардлагаа хангаагүй гэж ажлаас чөлөөлсөн бол холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргаж, улмаар уг дүгнэлтийг надад мэдэгдэж, танилцуулсны дараа ажлаас чөлөөлөх ёстой. Тухайн ажлын байрны шаардлагыг би хангаагүй байсан бол анх яагаад намайг туршилтын хугацаагаар томилсон юм бэ? Мөн даргын зөвшөөрөлгүйгээр төлөвлөөгүй зардлыг гаргаж хууль зөрчсөн гэсэн ба даргын гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр нягтлан бодогч хэзээ ч гүйлгээ хийж чадахгүй тул түүний тайлбар үндэслэлгүй. Намайг байнгын ажлын байранд томилсон бөгөөд 7 дахь сардаа ажиллаж байгаа надад хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ ажил олгогч зөрчсөн. Үүний улмаас ажилтан миний эрх ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй.

1.4 Төрийн албаны ёс зүйг баримталж ажиллаагүй гэсэн ба би ёс зүйн зөрчил гаргасан бол Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллага болгон ёс зүйн дэд хороотой байдаг бөгөөд төрийн албан хаагч нарын ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар дүгнэлт гаргадаг юм. Би ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацаандаа үүрэгт ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бол үргэлжлүүлэн ажиллуулах ёстой. Гэтэл намайг түр хугацаагаар ажиллаж байгаа тул шууд ажлаас чөлөөлж болно гэж үзээд ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус юм.

1.5 Иймд Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Схариу тайлбар, татгалзал:

2.1 Даймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/223 дугаартай захирамжаар Асрамжийн төвийн бүтэц орон тоог шинэчлэн баталж, үүгээр нягтлан бодогчийн орон тоог шинээр нэмж баталж өгсөн. Төрийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах зарчмыг хангах үүднээс урьд нь уг орон тоог хавсарган гүйцэтгүүлэх хэлбэрээр хариуцуулан ажиллуулж байсан байдлаар явуулж ирсэн. Төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй, түргэн шуурхай явагдах зарчимтай. Уг зарчмын дагуу нягтлан бодогчийн орон тооны сонгон шалгаруулалт явагдах хүртэл нэхэмжлэгч А.Жыг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус газрын даргын Б/25 дугаартай тушаалаар 6 сарын хугацаатай, туршилтын хугацаатай түр томилон ажиллуулсан.

2.2 Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулж болох тухай зохицуулсан. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулах эрх зүйн үндэслэлийг зохицуулж өгсөн. Хуульд туршилтын хугацааг 3 сар, шаардлагатай тохиолдолд нэмж 3 сарын хугацаатай сунгах буюу нийтдээ 6 сарын хугацаатай байж болох тухай зохицуулсан. Анх А.Жыг ажилдаа авахдаа түр хугацаагаар ажилд томилж байгаа талаар сануулсан бөгөөд уг орон тоог олон нийтэд ил тод, нээлттэй зарлаж сонгон шалгаруулалт хийж тухай ажилд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан нягтлан бодогчийг томилох тухай хэлж байсан байна. Мөн түүнийг түр томилсон тушаалын 3 дахь заалтад А.Жтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг хүний нөөц,дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэнд үүрэг болгосон байсан.

2.3 Нэхэмжлэгч А.Жыг туршилтын хугацаанд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусаж байгаатай холбогдуулан газрын даргын дэргэдэх орон тооны зөвлөл хуралдаад нэхэмжлэгч А.Жын хийсэн ажилтай танилцаад, ажиллах хугацаанд үр дүнтэй ажилласан алдаа, дутагдал гаргасан эсэх, цаашид энэ хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой эсэх талаар хуралдсан байдаг. Уг орон тооны зөвлөлийн хурлаар А.Ж нь тухайн ажлын байранд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан.

2.4 Тэрээр ажилласан зургаан сарын хугацаандаа даргын зөвшөөрөлгүй, төлөвлөөгүй зардал гарган байгууллагад өр тавьсан, төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж ажиллаагүй, ажлын тайланг хэлэлцэх явцад байгууллагын нууцын хэмжээнд байх санхүүгийн тайланг өөрийн төрсөн ах Б.Мд фейсбүүк чатаар явуулсан зэрэг алдаа, зөрчил, дутагдлууд гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ажил үүргийн тухай тусгасан байдаг. Тус хуульд ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх гэж зохицуулсан байдаг. Гэтэл А.Ж нь байгууллагын нууцын хэмжээнд байх албаны нууцыг задруулсан нөхцөл байдал тогтоогдсон.

2.4 Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитаас 2024 оны 9 дүгээр сард Асрамжийн төвийн 2022, 2023 онуудын санхүүгийн хяналт, дотоод аудитаас шалгалт хийгдсэн. Гэхдээ тухайн үед Айдынбек, Фарида нар нягтлан бодогчоор ажиллаж байсан байна. Нягтлан бодогч нарын буруутай ажиллагаанаас болж аудитаас акт тавигдсан байдаг.

Харин А.Жын ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа гаргаагүй гэсэн дүгнэлт гарсан гээд нэхэмжлэгч тал худал мэдээлэл гаргасан байна. Харин А.Жын ажилласан хугацаанд 2024 он бөгөөд аудит 2 жилд нэг удаа хийгддэг тул 2026 оны аудитаар хянагдах ёстой. Өөрөөр хэлбэл А.Жын хийсэн хугацааны ажилд аудит хийгдээгүй болно.

2.5 А.Жыг ажлаас халахаас өмнө түүний ажиллаж байгаа орон тоонд сонгон шалгаруулалт явуулна, та тухайн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой хэмээн сануулан хэлж байсан. Үүнээс гадна Сангийн Сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Төсвийн ерөнхий, ахлан нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1 дэх хэсгийн 2.1.5 дахь заалтад Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх гэж заасан шаардлагыг нэхэмжлэгч А.Ж нь хангахгүй байсан учраас өөрөө тухайн албан тушаалд тэнцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд сонгон шалгаруулалтад ороогүй гэдгийг нотолж байна. Энэ хүнийг ажиллуулахад яагаад анхнаасаа шаардлага хангаагүй хүнийг ажиллуулсан талаар тайлбарлах байхаа. Үүнтэй холбоотой тайлбар гаргахад манай байгууллагын зүгээс ажилгүй иргэдийг түр хугацаагаар ч болов уу ажиллуулах, дадлагажуулдаг бөгөөд нэхэмжлэгчийг ч сонгон шалгаруулалт явагдах хүртэл түр хугацаагаар ажиллуулсан болно.

2.6 Удирдлагын зүгээс одоо мөрдөгдөж байгаа хууль, журмыг баримтлан хэн нэгэнд давуу байдал бий болгохгүйгээр тус албан тушаалыг олон нийтэд ил тод зарлан байгууллагын цахим хаягаар 5 хоног мэдээлж, нийт оролцсон иргэдээс тавигдах шаардлагыг илүү хангасан, 8 жил нягтлан бодогчоор ажилласан албан хаагчаар сул орон тоог нөхөж, нягтлан бодогчоор томилон ажиллуулж байна. Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдгийг бас дурдсан. Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцааг үүссэнээр тооцдог. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд тусгасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс А.Жын ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй.

2.7 Нэхэмжлэгч А.Жыг цаашид үргэлжлүүлэн ажиллахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь тэрээр ажилласан хугацаанд хариуцсан ажилдаа эзэн байж чадаагүй, байгууллагын нууцыг задруулсан зэрэг ноцтой алдаа дутагдлууд гаргасан байдаг. Үүнээс гадна Сангийн сайдын баталсан журамд заасан нягтлан бодогчийн шаардлага хангаагүй тул түүнтэй холбогдох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байдаг.

2.8 Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А.Жыг ажилд түр томилох тухай Б/25 дугаар тушаал, мөн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А.Жыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 дугаар тушаал, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан А.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчийн №D20....гаартай Нягтлан бодогчийн бакалаврын диплом,ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас А.Жд олгосон сертификат зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Даймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн №31 дүгээр хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өмгөөлөгч С.Нттай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар албан бичгээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Томилолт болон нэхэмжлэгчийн ХААН банкны 000000000 тоот дансны хуулганы хуулбар зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4.Хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/26 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, тус газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А.Жыг ажилд түр томилох тухай Б/25 дугаар тушаал, мөн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А.Жыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 дугаар тушаал, Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн тэмдэглэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024.10.31-ний өдөр ажлын байрны нээлттэй зарын пост,Э-тайлан, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам холбогдох хэсгийн хуулбар, олон нийтийн сүлжээгээр бичсэн зурвасын казах хэл дээр бичсэн зурвасыг монгол хэл дээр орчуулсан орчуулга, Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/20 дугаартай албан бичгээр тус газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.С д олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШЗ2025/00365 дүгээр захирамжаар хангасны дагуу Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Серикжаны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/52 дугаар албан бичгийг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7.Нэхэмжлэгч А.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... ажил олгогчоос намайг шинээр батлагдсан орон тоо болох тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлангаар 6 сарын туршилтын хугацаагаар томилсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд би уг албан тушаалдаа тасралтгүй 7 дахь сардаа ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуудаж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Би туршилтын хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал,зөрчил гаргаж байгаагүй бөгөөд намайг түр томилсон хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчоос намайг байнгын ажлын байранд томилсон атлаа, хугацаа дууссан гэж чөлөөлсөн тушаал нь хууль бус шийдвэр тул урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэж тайлбарлажээ.

 

8.Хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Снэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...анх нэхэмжлэгч А.Жыг ажилд авахдаа түр хугацаагаар томилж байгаа талаар сануулсан. Түүнд уг орон тоог олон нийтэд ил тод, нээлттэй зарлаж сонгон шалгаруулалт хийж тухайн ажилд тавих шаардлагыг хамгийг илүү хангасан нягтлан бодогчийг томилох тухай хэлж байсан. А.Ж нь түр ажилласан хугацааны тайланг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд мэргэшлийн түвшин, ур чадвар гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Даргын зөвшөөрөлгүйгээр төлөвлөөгүй зардал гарган байгууллагад өр төлбөр тавьж ажил гүйцэтгүүлэн төлбөр төлөх аргагүй нөхцөл байдал хүргэсэн.Төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж ажиллагаагүй, ажлын тайланг хэлэлцэх үед байгууллагын нууцын хэмжээний санхүүгийн тайланг ах нь болох Б.Мд фейсбүүк чатаар дамжуулан байгууллагын нууцыг задруулсан, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн зэрэг ноцтой алдаа дутагдлууд гаргасан. Сангийн сайдын баталсан журамд заасан нягтлан бодогчийн шаардлага хангаагүй тул А.Жын түр ажиллах хугацаа нь хуулийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон байгаатай холбогдуулан тухайн өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж маргажээ.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов:

- Нэхэмжлэгч А.Ж нь Олон улсын Эдийн засгийн бизнесийн их сургуулиас 2023 онд Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн болох нь тухайн сургуулиас олгосон 0000001 дугаартай бакалаврын дипломоор тогтоогдож байна.

-Даймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн А/223 дугаартай захирамжаар Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн орон тоог баталсан болох нь талуудын тайлбар, хариуцагч байгууллагаас тухайн орон тоонд сонгон шалгаруулалт зарласан зар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй байна.

-Харин уг маргаан бүхий нягтлан бодогчийн орон тоонд ажил олгогч буюу хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Жыг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилж, хөдөлмөрийн гэрээг 6 / зургаан / сарын хугацаагаар байгуулан ажиллахыг Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн үүрэг болгосон байжээ.

-Гэвч нэхэмжлэгч А.Жыг ажил олгогчоос 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн албан тушаалд томилсон тушаал гаргасан атлаа түүнээс өмнө буюу 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр түүнд томилолтын хуудас олгож Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас зохион байгуулсан Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем-ийн сургалтад хамруулж түүнд ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас Сертификат олгож, түүний ХААН банкны 000000000 тоот дансанд 2024.08.29-ний өдөр ХХҮЕГазраас, томилолт гэж 655,800 төгрөг орсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

-Улмаар нэхэмжлэгч А.Жыг хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалт,тус газрын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь заалтуудыг үндэслэж тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн орон тоонд түр хугацаагаар томилогдон ажиллаж байсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

-үүний дараа маргаан бүхий орон тоо болох Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн орон тоонд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сонгон шалгаруулалт зарлаж өөр хүн авч томилогдон ажиллуулж байгаа болох нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

-Ажилтнаас ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн эрхийн актыг эс зөвшөөрч Даймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хандан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №31 дүгээр тэмдэглэлээр урьдчилан шийдвэрлүүлсэн байна.

10. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлагдсан бүтэц, орон тоонд багтаж буй Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн байнгын ажлын орон тоонд А.Жыг анхлан томилж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, ажилтныг ажилд түр томилсон ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасандаа тус тус нийцээгүй байна.

11. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа аль хэдийнээ үүссэн байхад хариуцагчаас түр хугацаагаар томилсон гэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчсөн эрхийн акт байна гэж шүүх дүгнэлээ.

12. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй. Гэтэл ажил олгогч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь ажилтан А.Жтай нягтлан бодогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ба түр томилсон тушаалын 2 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг зургаан сараар байгуулан ажиллахыг Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэнд үүрэг болгосон гэсэн тайлбарыг бичгээр гэрээ байгуулахад нь саад болсон хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй тул ажил олгогчийг хуульд заасан ажилтантай Хөдөлмөрийн гэрээгээ бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

13. Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь заалтыг үндэслэл болгосон боловч уг дотоод журмаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч А.Ж нь тус байгууллагын дотоод журмын тухайн заалтыг зөрчсөн гэж шүүхээс дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй болно.

14. Ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажиллуулах байнгын орон тоонд хууль зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулаад, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтад зааснаар талууд харилцан тохиролцсон, түр томилсон хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 тоот тушаалаар, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

15 Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилтан А.Ж нь мэргэшлийн түвшин, ур чадвар гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Даргын зөвшөөрөлгүйгээр төлөвлөөгүй зардал гарган байгууллагад өр төлбөр тавьж ажил гүйцэтгүүлэн төлбөр төлөх аргагүй нөхцөл байдал хүргэсэн.Төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж ажиллагаагүй, ажлын тайланг хэлэлцэх үед байгууллагын нууцын хэмжээний санхүүгийн тайланг ах нь болох Б.Мд фейсбүүк чатаар дамжуулан байгууллагын нууцыг задруулсан, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн зэрэг ноцтой алдаанууд-ыг гаргасан энэхүү асуудлын талаар Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн, Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн хурлаар тус тус яригдаж тогтоогдсон гэж хоёр өдрийн тэмдэглэл болон Э тайлангийн хуулбар, фейсбүүк чатаар ирүүлсэн гэх зураг зурвас зэргийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Гэвч тус газрын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2024.10.28-ны өдрийн хурлаар Асрамжийн төвийн нягтлан бодогчийн орон тоонд түр ажиллаж байгаа А.Жын 6 сарын хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажлын тайланг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч А.Жын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажилласан тайланг 2024.10.29-ний өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэхдээ А.Ж нь зарим зүйл дээр олзуурхууштай хэрэгжүүлсэн ажлууд байгаа юм чиг байна. Энэхүү 6 сарын хугацаанд их юм сурсан байна. .Сонгон шалгаруулалтад ороод дахиад орж ирж болно гэж ажлыг дүгнэсэн атлаа түүнийг уг хурлаар мэргэшлийн түвшин, ур чадвар гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх тайлбар нь үндэслэлгүй болно.

16. Тус хурлаар А.Жыг туршилтын хугацаагаар түр томилсон, одоо туршилтын хугацаа дуусаж байгаа тул ажлаас чөлөөлж, тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай яригдаж түүнийг ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн байх тул хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Э тайлангийн хуулбар, фейсбүүк чатаар ирүүлсэн гэх зураг зурвас зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

17. Хариуцагчаас Сангийн Сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Төсвийн ерөнхий, ахлан нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1 дэх хэсгийн 2.1.5 дахь заалтад заасан Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх гэсэн шаардлагыг нэхэмжлэгч А.Ж нь хангахгүй байсан учраас өөрөө тухайн албан тушаалд тэнцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд сонгон шалгаруулалтад ороогүй гэж тайлбарладаг боловч ажил олгогчоос ажилтан А.Жыг уг үндэслэлийг зааж ажлаас чөлөөгүй байгаа учраас шүүхээс түүнд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Нөгөө талаар тухайн шаардлага нь ажил олгогчоос ажилтныг ажилд томилохоос өмнө тавигдах шаардлага бөгөөд энэхүү маргааны хувьд ажил олгогч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас ажилтан А.Жыг Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд томилсон байжээ.

18. Мөн ажилтны ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой.

19. Хариуцагч буюу ажил олгогчоос ажилтныг ажилд томилсон эрхийн актадаа Даймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн А/223 дугаартай захирамжаар Асрамжийн төвийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж үүгээр нягтлан бодогчийн орон тоо нэмж батлагдсан ба уг орон тоонд нэхэмжлэгч А.Жыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 50.1.2 дахь заалтыг хариуцагч тус аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга нь баримталж туршилтын хугацаагаар томилсон байна.

20. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтаар ажил олгогчоос ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулж болохоор заасан ба туршилтын хугацаагаар ажиллуулахдаа мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж 64.2-д Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус хуульчилсан байна.

21. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг туршилтын хугацаагаар томилж ажиллуулахдаа 3 сараас илүүгүй хугацаагаар, талууд харилцан тохиролцвол гэрээний хугацааг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болох ба энэхүү хугацаагаар ажилтныг томилохдоо түүний мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож хөдөлмөрийн гэрээ байгуулах зорилготой байна.

22. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээний зургаан сарын хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалт,78.1.9 дахь заалтыг баримталж ажилтан А.Жыг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь заалтуудад заасныг ажил олгогч зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

23. Иймд тус газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн орон тоо хэвээр байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар ажилтан А.Ж нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагчаас нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхийг нь зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

24. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Жыг ДХөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Жын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Даймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Даймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ