Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00113

 

 

 

 

 

 

 

 

2025 02 05

302/ШШ2025/00113

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Жаймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Жаймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А/. Хаяг:Жаймаг, Б сумын 5 дугаар баг /

Хариуцагч: А ХХК. Хаяг: Жаймаг, Нсумын Ц тосгонд үйл ажиллагаа явуулах 

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 681,800 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 681,800 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.А ХХК нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 681,800 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

1.2.Иймд А ХХК-ийн дутуу төлсөн шимтгэл болох 681,800 төгрөгийг төлүүлж аймгийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд:

2.1.А ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 681,800 төгрөгийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс нэхэмжлэгч Жаймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 681,800 төгрөгийг Жаймгийн Нийгмийн даатгалын газарт төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Жаймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаартай албан бичгээр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 20,913 төгрөгийн тал нь болох 10,456.50 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй

6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А ХХК нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 681,800 /гурван зуун хорин мянга есөн зуун жаран/ төгрөгийг Жаймгийн Нийгмийн даатгалын газарт төлж өгч, нэхэмжлэгч Жаймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 20,913 төгрөгийн тал нь болох 10,456.50 /арван мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ