Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 114/ШШ2026/0028

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б /РД:......./

Хариуцагч: ДУА ШГИХ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.С, гэрч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.           Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан ДУА-н ШГСИТХ ..... оны .... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б.Б-г ..... албан тушаалд эгүүлэн тогтоолгох, .... оны .... дугаар сарын ..... ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах шаардлагын хүрээнд тус шүүхийн шүүгчийн .... оны .... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2.           Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б.Б-г ... тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан буюу .... оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс .... оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлс болох 12,603,327 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай гэж тодруулсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.           ДУА-н .... хурлын ээлжит бус 14 дүгээр хуралдаан .... оны 06 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, хэлэлцэх асуудлын 4 дүгээрт тусгагдсан тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс гаргасан Шаардлага хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, ... дугаартай Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай 07 дугаар тогтоол гаргаж, тогтоолын 1 дэх заалтаар Б.Б-г Шарын гол ИТХ үүрэгт ажлаас огцруулжээ.

2.2.           Б.Б-с уг тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.           Нэхэмжлэгч Б.Б-т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Маргаан бүхий 07 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан журам, процессыг бүрэн мөрдөөгүй тул хуралдааны ажиллагаа хуульд нийцээгүй. Тогтоолд дурдсан үндэслэл нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд бодит нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчид тайлбар гаргах, нотлох баримт гаргах, өөрийгөө өмгөөлөх боломжийг бүрэн хангаагүй нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Хуралдааны ирц, санал хураалт, тогтоол батлах ажиллагаа нь хууль болон холбогдох журам, хуралдааны дэгийг хангаагүй бөгөөд маргаан бүхий тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий, бодит нөхцөлд нийцсэн байх захиргааны актын шаардлагыг хангаагүй. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл намайг эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн гэж үзсэн атлаа эрх бүхий хяналтын байгууллага, мэргэжлийн байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр дүгнэлт, шийдвэр байхгүй байна. Нэр бүхий 12 Төлөөлөгч нарын шаардлагад Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн холбогдох зүйл, заалтыг дурдсан боловч Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага эсхүл шүүхээс намайг гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хууль дээдлэх, төлөөлөгчдийн тэгш оролцоог хангах зарчим үйлчилдэг бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр урьдчилан гэм буруутайд тооцож албан тушаалаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй. Шаардлагад тусгасан асуудал нь бодит нотлох баримт, аудит, хяналт шалгалтын байгууллагын албан ёсны дүгнэлтээр нотлогдоогүй тул үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэх боломжгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Сонгуулийн дүнгээр байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан бөгөөд энэхүү хугацаанаас өмнө чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэл, журмыг заавал мөрдөх ёстой. Маргаан бүхий хууль бус шийдвэрийн улмаас би албан тушаалаасаа чөлөөлөгдөж, цалин хөлсөөр хохирсон.

Иймд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Б.Б-г ИТХД-н албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан буюу .... оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ..... оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлс болох 12,603,327 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

3.2.           Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд ажилладаг. Хурал нь олонхоороо ардчилсан зарчмаар шийдвэр гаргаж, тухайн шийдвэрийг хэрэгжүүлж, дагаж мөрддөг байгууллага юм. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.9-т зааснаар хурал нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өөрсдийн дэгтэй байдаг. Тухайн ..... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурал нь хурлын өөрсдийн баталсан дэгийн дагуу хурлын үйл ажиллагаагаа явагдсан гэж ойлгож байна. Уг дэгийг Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал .... оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хуралдаанаар дэгээ баталсан байдаг. Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Б.Б дарга өөрөө байсан. Дээрх хуралдааны дэгийн дагуу хуралдааны дэд даргыг сонгож, ажлын хэсгүүдийг байгуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө батлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Мөн ИТХ-ын хуралдаан болохоос өмнө ИТХ-ын зөвлөл нь хуралдаж шийдвэр гаргасан байдаг. Энэхүү хуралдаантай холбоотой шийдвэр гарсан байдаг. Энэ нь хуралдааны тов зарлах тухай гэсэн ИТХ-ын дарга Б.Б даргын өөрийнх нь гаргасан захирамж гарсан байдаг. Энэхүү захирамжаар ИТХ-ын хуралдаанаар 4 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Уг 4 асуудлын 4 дүгээр асуудал нь хэсэг бүлэг төлөөлөгчдөөс ирүүлсэн шаардлагыг хэлэлцэх тухай гэсэн зөвлөлийн захирамжтайгаар тухайн өдрийн хуралдаанд уг асуудлыг хэлэлцүүлсэн байдаг. Энэхүү 4 дэх асуудлыг хэлэлцүүлэхэд ИТХ-ын дэгийн дагуу төлөөлөгчдөөс уг асуудлын дагуу санал асууж, тайлбар гаргаж дуусгасан. Уг асуудалтай холбоотой шийдвэрийг тухайн өдрийн хурлын хуралдааныг удирдаж байсан Э.Д гэдэг хүн гарын үсэг зурж 07 дугаар тогтоол гарсан байдаг. Дээрх 07 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 07 дугаар тогтоол нь мөн хуулийн 35.1.2-т заасан ИТХ-д олгогдсон эрхийн дагуу байсан. Үүнд ИТХ-ын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах гэсэн заалтыг баримталсан байдаг. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48.1, 48.2-т заасны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэсэн заалтын дагуу олонхын саналаар уг тогтоолыг баталж шийдвэрлэсэн байдаг. Мөн хуулийн 48.2-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд ИТХ-ын дарга, бага хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд хуралдааны дарга, хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасны дагуу тухайн хуралдаан дарга энэхүү тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд тухайн тогтоолд хариуцагч талаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн процессын алдаа гаргасан зүйлгүй юм. Иймд тухайн өдрийн ИТХ нь хууль ёсны дагуу болж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 07 дугаар тогтоол нь хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. гэв.

3.3.          Гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... оны 05 дугаар сарын ....-нд нэр бүхий 11 төлөөлөгчид ИТХ-ын дарга Б.Б-д шаардлага хүргүүлсэн байдаг. Энэхүү шаардлагыг би өөрийн төлөөлөгчийн бланкаар албан шаардлагыг хүргүүлсэн. Үүнд Шарын гол сумын ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид болон миний бие нь ИТХ-ын дарга Б.Б-д хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг хүргүүлсэн. Үүнд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.3, 52.1.1, 52.1.3, 52.1.4-т тус тус заасныг үндэслэн эрх үүргээ хэрэгжүүлж, хууль дээдлэх зарчмыг баримтлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар уг шаардлагыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж төлөөлөгчдийг бүрэн эрхээр хангаж өгөхийг хүссэн албан бичгийн хамт шаардлагыг хүргүүлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг бол олонхын саналаар ардчилсан зарчмаар шийддэг. Мөн ИТХ-ын дарга гэдэг албан тушаал нь улс төрийн албан тушаал юм. Түүнийг ИТХ-ын төлөөлөгчид томилдог. Иймд ИТХ-ын даргыг томилдог эрх бүхий субъектэд нь асуудлыг тавьж ИТХ-ын төлөөлөгчдөөр асуудлыг шийдүүлэх нь зөв юм байна гэж үзэж, нэр бүхий 11 төлөөлөгч ИТХ-аар хэлэлцүүлэхээр асуудлыг оруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг олонхоороо шийдвэрлэж баталсан. Энэ нь ИТХ-ын өөрийнх нь бүрэн эрхэнд нь хамаарах зүйл юм. Иймд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж гуравдагч этгээдийн хувьд үзэж байна гэв.

3.4.          Гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан .... оны 06 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан. Хуралдааныг .... онд баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн дагуу зохион байгуулсан. Хурал эхлэхэд иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын даргад туслахаар хуралдааны дэд даргаар сонгогдсон. Хуралдаанд дэд дарга гэдэг статустайгаар оролцсон. Дэд даргын чиг үүрэг нь хуралдаанаас гарах шийдвэрийг тухайн хурлаас сонгогдсон бичиг баримт боловсруулах ажлын хэсэгтэй хамтарч боловсруулах, хуралдааныг удирдан зохион байгуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байдаг. Тус хуралдааны хэлэлцэх асуудлын 4 дүгээр асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс ирүүлсэн албан шаардлага гэсэн нийт 4 шаардлагыг хүргүүлсэн байсан. Үүнтэй холбоотой гарах тогтоолын төсөл тооцоо судалгаа, лавлагаа холбогдох материал зэрэг зүйл байгаагүй. Энэ талаар би бас сайн мэдэхгүй байна. Тухайн хэлэлцэх асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрийнх нь эрх, ашиг хөндөгдөх, өөртэй нь холбоотой асуудал яригдаж байгаа учраас хуралдааны дэд дарга буюу надад хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт тавьсан. Үүний дагуу би тухайн хурлыг удирдаж зохион байгуулсан. Хуралдаан даргалагч сонгох байсан гэдэг асуудлыг би мэдэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.               Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.               Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б.Б Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан буюу ....оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс .... оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлс болох 12,603,327 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай гэж тодорхойлсон бөгөөд тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн.

3.               Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий хуралдааны ажиллагаа хуульд нийцээгүй, ... бодит нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй, асуудал оруулахдаа хангах шаардлагыг хангаагүй, судалгаа, баримтгүй, асуудал оруулж хэлэлцүүлэх шаардлага хангаагүй байхад хуралдаанаар хэлэлцсэн нь хууль зөрчсөн, ...эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр урьдчилан гэм буруутайд тооцож албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.2-д заасныг зөрсөн, ... маргаан бүхий 07 дугаар тогтоолд хуралдааны дэд дарга Э.Д гарын үсэг зурсан нь хууль болон хуралдааны дэг зөрчсөн... гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Б-г иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.2, 48.1-д заасан журмын дагуу хэлэлцэж, олонхын саналаар хэлэлцэж баталсан, Худалдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай А/06 дугаар захирамжийн дагуу хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудал,... өөртэй нь холбоотой асуудал учраас уг асуудлыг дад даргад хурал удирдах эрхээ шилжүүлсэн, хуралдаан хууль болон дэг зөрчөөгүй, хуралдаан хуулийн дагуу явагдаж, Хурал хуульд заасан бүрэн эрхэд нийцүүлэн шийдвэр гаргасан... гэж тус тус маргадаг.

4.               Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бодитой дүгнэж, шийдвэрийн үндэслэлийг эргэлзээгүй тогтоож, талуудын маргаж буй асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд маргаан бүхий Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдаан хуульд заасан үндэслэлээр зарлагдсан эсэх, Нэр бүхий 12 төлөөлөгчөөс гаргасан Шаардлага хүргүүлэх тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн нь хууль зөрчсөн эсэх, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоол хууль зөрчсөн эсэх, ДУА-н ИТХ хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолд дэд даргад гарын үсэг зурах эрхтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай юм.

5.               Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдаан хуульд заасан үндэслэлээр зарлагдсан эсэх тухайд:

5.1.           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна., 46.3-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна. гэж тус тус заасны дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр хуралдаан[1][1]-аар 1. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, 2. Бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, 3. Засаг даргын 2026 оны арга хэмжээний хөтөлбөртэй танилцах, 4. Төлөөлөгч нараас ирүүлсэн Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг танилцуулах, 5. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдааны тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, дээрх 4 асуудлыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар шийдвэрлэжээ.

5.2.           Мөн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын .... оны 06 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот захирамж[2][2]-аар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдуулахаар товлож, хуралдаанаар 1. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, 2. Бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, 3. Засаг даргын .... оны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэх тухай, 4. Төлөөлөгч нараас ирүүлсэн Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг хэлэлцэх тухай гэж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ.

5.3.           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.2-д тус тус зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах, тухайн Хурлын хуралдааныг даргалах эрхтэй байхаар хуульчилжээ.

5.4.           Ийнхүү хуульд заасны дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдаан .... оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 24 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй буюу .... хувийн ирцтэйгээр хуралдаж, тус хуралдааныг Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Б.Болат даргалан явуулжээ.

5.5.           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, 35.1.3-д тухайн Хурлын хороог байгуулах, хорооны бүрэлдэхүүн, даргыг сонгох, өөрчлөх;, 46 дугаар зүйлийн 46.7-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно., 48 дугаар зүйлийн 48.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, олонхын саналаар батална., Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын .... оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 5.11-д Хуралдааны дарга, хуралдааныг удирдан явуулахад туслах үүрэг бүхий дэд даргыг сонгуулахаар нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж, санал хураалт явуулж, олонхын саналаар дэд даргыг сонгоно /дэд дарга нь хуралдаан удирдах явуулахад туслах чиг үүрэгтэйгээс гадна дэг сахиулна, холбогдох ажлын хэсгүүдийг зохион байгуулалтад оруулна/ гэж тус тус заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдээс хуралдааны дэд даргаар төлөөлөгч Э.Дамдиндоржийг сонгон томилж, баримт бичиг боловсруулах үүрэг бүхий 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталжээ.

5.6.           Ийнхүү Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарласан, хуралдааны бэлтгэх хангасан, баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулсан зэрэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна.

6.               Нэр бүхий 12 төлөөлөгчөөс гаргасан Шаардлага хүргүүлэх тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн нь хууль зөрчсөн эсэх, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоол хууль зөрчсөн эсэх тухайд:

6.1.           Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... хуралдаанд хэлэлцүүлэхээр асуудал оруулж байгаа бол холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос өмнө Хурлын төлөөлөгчдөд тараахаар хуульчилсан. Хэрэв тооцоо судалгаагүй, төсөлгүй бол хэлэлцэхгүй байхаар хуульд заасныг зөрчсөн гэж, хариуцагчийн төлөөлөгчөөс Б.Б өөрөө хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж ирсэн учраас хэлэлцсэн гэж тус тус маргадаг.

6.2.           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна:, 39.1.4-т Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;, 47 дугаар зүйлийн 47.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. гэж тус тус хуульчилжээ.

6.3.           Уг эрхийн хүрээнд төлөөлөгч Г.М-с .... оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот[3][3] Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /1хуудас/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-д шаардлага хүргүүлэх тухай ..... оны 05 дугаар сарын 26-ны өдрийн огноотойгоор нэр бүхий 12 төлөөлөгч гарын үсэг зурж, шаардлага[4][4] /2 хуудас/ гаргажээ.

6.4.           Тус шаардлагад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б нь хурлын хуралдаан явцад удаа дараа хууль зөрсөн асуудлыг дэмжин, хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн, төлөөлөгчдийн эв нэгдлийг хангаж ажиллаагүй, хуралдааны дэгийг сахиулж, удирдан зохион байгуулах чадвар сул, Засаг дарга болон бусад албан тушаалтны нөлөөнд орж хараат байдлаар шийдвэр гаргасан, хууль зөрчсөн асуудлыг сануулсаар байхад хүч түрэн баталсан зэрэг зөрчил гаргасан гэж үзэж 4 үндэслэл бүхий шаардлага гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаж байна гэжээ.

6.5.           Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Болат уг шаардлагыг хүлээн авч, зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хуралдаанд оруулахаар мэргэжилтэн Л.Э-д цохолт хийжээ.

6.6.           Үүний дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн .... оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр хуралдаанаар 1. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, 2. Бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, 3. Засаг даргын 2026 оны арга хэмжээний хөтөлбөртэй танилцах, 4. Төлөөлөгч нараас ирүүлсэн Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг танилцуулах, 5. Иргэдийн төлөөлөгчийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдааны тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, дээрх 4 асуудлыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хуралдааныг .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товложээ.

6.7.           Мөн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын .... оны 06 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдааныг .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдуулахаар товлож, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Төлөөлөгч нараас ирүүлсэн Шаардлага хүргүүлэх тухай асуудлыг 4 дүгээрт хэлэлцүүлэхээр товлосон байх бөгөөд тус асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мараан бүхий хуралдаанаар хэлэлцжээ.

6.8.           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй., 47.2-д Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй., Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын .... оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг[5][5]-ийн 4.5-д Хуралдаанд төлөөлөгч дангаараа буюу хамтран асуудал хэлэлцүүлэхээр санаачилбал уг асуудлын талаар тооцоо судалгаа хийж, ... эдгээр шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж тус тус заажээ.

6.9.           Өөрөөр хэлбэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь дангаар болон хамтран Хуралд хэлэлцүүлэхээр асуудал оруулж байгаа тохиолдолд тооцоо судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг бэлтгэж, Хурлын төлөөлөгчдөд танилцуулсан байх шаардлага тавигдах бөгөөд хэрэв уг шаардлагыг хангаагүй бол Хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар нарийвчлан зохицуулжээ.

6.10.        Гэтэл төлөөлөгч Г.М болон нэр бүхий 12 төлөөлөгчөөс гаргасан шаардлага нь хавсаргасан баримтгүй, тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөлгүй буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасан болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 4.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад хуралдаанаар хэлэлцсэн нь тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 4.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байх тул уг асуудлыг хэлэлцэж гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоол хууль бус болох нь тогтоогдож байна.

6.11.        Хэдийгээр тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн .... оны 06 дугаар сарын 09-ний өдрийн .... дүгээр хуралдаанаар төлөөлөгч Г.М болон нэр бүхий 12 төлөөлөгчөөс гаргасан Шаардлага нь хуульд заасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах-д тавигдах шаардлага хангаагүй байхад тус шаардлагыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч ийнхүү хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хуралдаанд асуудал оруулахаар дэвшүүлж буй төлөөлөгч нарыг хуульд заасан тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах шаардлагыг хангуулах үүргээс чөлөөлсөн агуулга биш юм.

6.12.        Өөрөөр хэлбэл төлөөлөгч нараас гаргасан Шаардлага-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үед уг Шаардлага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан боловч маргаан бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас өмнө Шаардлага дэвшүүлсэн төлөөлөгч нар нь уг Шаардлага-тай холбоотой асуудлаар холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гаргах, гарах шийдвэрийн төслийг бэлтгэх, хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах ажлыг гүйцэтгэж, өөрсдийн дэвшүүлсэн асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх, хуульд заасан шаардлагыг хангах боломжтой байсан боловч, ийнхүү хуульд заасан шаардлага хангаагүй нь Зөвлөлийн хурлыг буруутгах боломжгүй бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд асуудал оруулахад тавигдах шаардлага хангаагүй асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцсэн нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчиж, хурлаас хууль бус шийдвэр гарах үндэслэл болсон байх бөгөөд, уг асуудлыг шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоол нь тус хуулийг заалтыг зөрчсөн хууль бус тогтоол болжээ.

7.               Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар тогтоолд дэд даргад гарын үсэг зурах эрхтэй эсэх тухайд:

7.1.           Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хуралдааны дэд дарга Э.Д нь хуралдаан даргалах эрхгүй байтал хуралдааныг даргалсан нь хуралдааны дэг болон хууль зөрчсөн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчийн хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолд хуралдаан даргалагч бус хуралдааны дэд дарга гарын үсэг зурсан нь хууль, хуралдааныг дэг зөрчсөн... гэж тайлбарлан маргадаг.

7.2.           Маргаан бүхий хуралдааны 4 дэх асуудлыг хэлэлцэх үед хуралдааныг хуралдааны дэд дарга Э.Д даргалан явуулжээ.

7.3.           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хуралдааны дэд дарга гэх зохицуулалт байхгүй бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батлахаар хуульчилжээ.

7.4.           Үүний дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ..... оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийг баталсан байх бөгөөд дэгийн 5.11-д Хуралдааны дарга, хуралдааныг удирдан явуулахад туслах үүрэг бүхий дэд даргыг сонгуулахаар нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж, санал хураалт явуулж, олонхын саналаар дэд даргыг сонгуулан... /дэд дарга нь хуралдаан удирдах явуулахад туслах чиг үүрэгтэйгээс гадна дэг сахиулна, холбогдох ажлын хэсгүүдийг зохион байгуулалтад оруулна/ гэж журамлажээ.

7.5.           Дээрхээс дүгнэвэл хурлын дэд дарга нь хуралдаан удирдан явуулахад Хурлын даргад туслах чиг үүрэгтэй байхаар зохицуулсан байх бөгөөд тус иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хуралдаан даргалагчийг өөрчилж томилоогүй байхад Хуралдааныг Хурлын дарга бус хуралдааны дэд дарга даргалсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 5.11-д тус тус заасныг зөрчжээ.

7.6.           Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, олонхын саналаар батална., 48.2-д Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна. гэж тус тус зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулахаар хуульчилсан байна.

7.7.           Гэтэл маргаан бүхий хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолд хуралдааны дэд дарга Э.Д гарын үсэг зурсан нь мөн хуулийн 48.1, 48.2-д заасныг тус тус зөрчсөн байна.

8.               Дээрхээс дүгнэвэл Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын .... оны 06 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдааныг товлон зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын 1, 2, 3 дугаарт төлөвлөгдсөн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчөөгүй байх боловч, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын 4 дүгээрт тусгагдсан Шаардлага хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн, уг хэлэлцсэн асуудлаар 07 дугаар тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 4.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байхаас гадна уг асуудлаар гаргасан 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолд хуралдааны дэд дарга Э.Дамдиндорж гарын үсэг зурсан нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 5.11-д заасныг тус тус зөрчсөн байна.

9.               Иймд хуульд заасан шаардлага хангаагүй Шаардлага хүргүүлэх тухай тухай асуудлыг хэлэлцсэнээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-г уг албан тушаалаас огцруулж шийдвэрлэсэн нь хууль бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Б.Б-г Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн томилж, хууль бус тушаалын улмаас ажилгүй байсан хугацааны цалин 12.603.327 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид оргуулахаар шийдвэрлэлээ.

10.            Нэхэмжлэгчийн ажилгүй байсан буюу .... оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс .... оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлс болох 12,603,327 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагын дундаж цалин хөлс 12.603.327 төгрөг гэх дүнг нэхэмжлэгчээс нийгмийн даатгал төлөгдсөн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцоолсон гэх бөгөөд хариуцагчаас уг үнийн дүнтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

11.            Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоол хүчингүй болж, Б.Б нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалыг эрхлэх болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.9, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын .... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Б.Б-г Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Б-н ажилгүй байсан .... оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс .... оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлс болох 12,603,327 төгрөг хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР

 

 

 


 

 

[1][1] 1 дүгээр хавтаст хэргийн 153-160 дугаар хуудас,

[2][2] 2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас,

[3][3] 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас,

[4][4] 1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас,

[5][5] 2 дугаар хавтаст хэргийн 180-186 дугаар хуудас,