| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2403007480903 |
| Дугаар | 2025/ДШМ/178 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/178
2025 02 04 2025/ДШМ/178
Б.Ч-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч С.Батжаргал,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Одгэрэлийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Ч-т холбогдох эрүүгийн 2403007480903 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч-,
Шүүгдэгч Б.Ч- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-ын уулзвар замд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 50 минутын орчимд “Ssangyong Korando” загварын ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, 10.5-т “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэж, 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;” гэж, 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, ...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа буюу хохирогч С.Ц-ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ч-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Б.Ч-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Б.Одгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгдэгч Б.Ч- нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 заалт зөрчиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагч цагдааг замын тусгаарлах зурвасын харалдаа урагшаа уулзварын гол хэсэг рүү чиглээд явган хүний гарцын цагаан шугам өнгөрөөд явж байхад араас нь мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай. Эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй байхад шүүхээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлийн дагуу хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. …” гэжээ.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ гэмт хэрэг болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн. Шүүгдэгч Б.Ч- өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогчдод хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэж ялаас чөлөөлсөн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ч-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Ч- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-ын уулзвар замд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 50 минутын орчимд “Ssangyong Korando” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, 10.5-т “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэж, 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;” гэж, 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, ...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа буюу хохирогч С.Ц-ийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөг бяцарсан зөрүүтэй далд хугарал, дух баруун чамархай, нуруу, баруун ташаа, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч С.Ц-ийн “...би ***-р пост дээр өглөө 07 цагийн үед ирээд ажил үүргээ гүйцэтгэж байсан. **** дугаар пост руу яваад буцаад *** дугаар пост буюу 32-ын уулзвар руу хойноос урагшаа явж байтал миний ар талаас нэг машин мөргөсөн. Тухайн үед машинд мөргүүлээд газарт унаад ухаан балартсан, нэг мэдэхэд л машин доор орчихсон байсан. Би замын тусгаарлах зурвасын харалдаа урагшаа уулзварын гол хэсэг рүү чиглээд явган хүний гарцын цагаан шугам өнгөрөөд явж байгаад ар хэсгээсээ мөргүүлсэн. ...”/хх 19-20/,
гэрч Г.Бын: “...би Ч-ийн машины урд суудалд суугаад баруун тийшээ түгжрэл хараад явж байтал гэнэт түс, тас гээд явчихсан. Би машинд хүн мөргүүлчихлээ гэж бодсон. Ч- бид 2 машинаас буугаад хартал нэг хүн машины баруун хойд дугуйны дотор талд байсныг татаж гаргаж ирсэн. ...” /хх 24/,
гэрч Б.Бын “...би ажлынхаа Ч- ахын машинд Б--аа ахтай хамт суугаад нисэх орох гээд 32-н уулзвараас хойноос урагшаа урууддаг чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байсан. ...хальт харахад 2 дугаар эгнээнээс зүүн гар тал руугаа эргэж байсан. ...гэнэт түс гэсэн чимээ гараад гадаа хүмүүс хүн мөргөчихлөө гээд орилоод машин зогссон. ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,
“...С.Ц-ийн биед зүүн дунд чөмөг бяцарсан, зөрүүтэй далд хугарал, дух баруун чамархай, нуруу, баруун ташаа, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12333 дугаар дүгнэлт /хх 32-34/,
“...Жолооч Б.Ч- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 10.5, 1.3, 3.4-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулангийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1685 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 43/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Ч- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Ч- нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед зам дээр үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа С.Ц-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн болон хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Шүүгдэгч Б.Ч-ийн хувьд, дээрх хуульд заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохиролд 20.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл, шаардлагуудыг хангасан байх бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл журмыг зөв хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Одгэрэлийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Одгэрэлийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН