| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0577/З |
| Дугаар | 128/ШШ2026/0772 |
| Огноо | 2026-09-03 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0772
| 2026 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 128/ШШ2026/0772 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ДА ХХК,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.О,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О, Д.А,
Маргааны төрөл: Ашигт малтмалын ашиглалтын *** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг засварлахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ДА ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2173 дугаар шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох, ДА ХХК-ийн эзэмшлийн *** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 52 жил, 4 сар гэж засварлаж бичилт хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү засвар хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ШГ ХК болон ДА ХХК-иуд Бурхантын алтны шороон ордын ашигласан талбайн технологийн хаягдал бүхий хайгуулын шугам 10-15 хоорондох эфелийг ашиглах 36 га талбайг шилжүүлэх тухай гэрээг байгуулж, улмаар 1995 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 025 дугаар ашиглалтын лицензийг хэсэгчлэн шилжүүлэх тухай өргөдлийг 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байна.
3. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын (хуучин нэрээр) 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар шийдвэрээр Бурхантын 32 гектар уурхайн эдэлбэрийг ДА ХХК-д шилжүүлж, 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар ашигт малтмал ашиглалтын лицензийн гэрчилгээг 52 жил 4 сарын хугацаагаар ДА ХХК-д олгожээ.
4. Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2173 дугаар Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх тухай шийдвэрээр ДА ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосон байна.
5. Нэхэмжлэгч ДА ХХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 26/01 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж ...*** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 52 жил 4 сар болгож хугацааг анхны хугацаагаар сунгаж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.
6. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/333 дугаар албан бичгээр ...Улсын Их Хурлаас 2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор МВ-005507 дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон өдрөөс хойш 30 жилийн хугацаагаар гэж системд бүртгэсэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна гэсэн хариуг өгчээ.
7. Нэхэмжлэгч ДА ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...ДА ХХК-д Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдөр *** дугаартай Ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээг Дархан-Уул аймгийн ШГ сумын Бурхант нэртэй газар 32 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 52 жил 4 сарын хугацаатай олгосон юм. Гэтэл Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2173 тоот Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх тухай шийдвэр гарч уг шийдвэрээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинэчлэн олгохдоо *** тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дээр хугацааг 30 жилээр олгожээ.
2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдаж түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар тус газар нь зөвхөн шинэчлэн бүртгэх ажиллагаа явуулах эрхтэй байсан болохоос тусгай зөвшөөрлийн хугацааг бууруулах хууль зүйн үндэслэлгүй байсан билээ. Түүнчлэн, тус байгууллагын зүгээс манай ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 22 жил 4 сараар багасгах талаар ямар нэгэн мэдээлэл бидэнд өгөөгөөгүй, сонсох ажиллагаа явуулаагүй учраас тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дээр хугацаа бууруулан тэмдэглэсэн талаар бид саяхныг хүртэл анзаарч мэдээгүй байсан юм.
Ийнхүү манай эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 52 жил 4 сар байсныг 30 жил болгон 22 жил 4 сарыг хассан нь хууль зүйн үндэслэлгүй байх ба ингэснээр захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх болон хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг алдагдуулж, манай бизнесийн үйл ажиллагаа явуулах хугацааг богиносгож, тэр хэмжээгээр олох байсан орлого, үр өгөөжийг бууруулж хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
Иймд бид Ашигт малтмал, газрын тосны газарт хандан манай эзэмшиж буй *** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг буцаан 52 жил 4 сар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газар 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1/333 тоот албан бичгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ДА ХХК нь ШГ ХК-ийн эзэмшиж байсан 1995 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас тодорхой хэсгийг нь өөртөө шилжүүлэн авах гэрээ хийгээд түүний дагуу 2003 оны 03 дугаар сарын 11-нд Ашигт малтмал хэрэг эрхлэх газраас шийдвэр гарсан байгаа. Энэ шийдвэрийн дагуу Бурхантын 32 гектар уурхайн эдэлбэрийг ДА ХХК-д шилжүүлье гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу гэрчилгээ олгогдсон. Мөн 2003 оны 03 дугаар сарын 21-нд *** дугаар бүхий гэрчилгээ олгогдсон байгаа. Энэ гэрчилгээ дээр тусгай зөвшөөрлийн хугацааг 52 жил 4 сар гэж заасан. Яагаад 52 жил 4 сар гэж заасан бэ гэхээр тухайн үед буюу 1997 оны хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын лицензийг 60 жилийн хугацаагаар олгодог байсан байна. ДА ХХК авснаасаа хойш 8 жил өнгөрчихсөн байсан учраас хугацааг нь хасаад 52 жил 4 сараар болгосон. Тусгай зөвшөөрлөө авчхаад байж байтал 2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдаад түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарсан. Журмын тухай хуулийн 1 дүгээр заалтаар шинэчлэн бүртгэнэ гэж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэж заасан. Энэ журмын дагуу ДА ХХК хүсэлтээ өгөөд шинэчлэн бүртгэлд бүртгүүлэхэд Ашигт малтмалын газраас 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 2173 дугаартай шийдвэр гаргасан. Шинэчлэн бүртгэх тухай гээд шинэчлэн бүртгүүлэхээр ирүүлсэн өргөдлийг кадастрын бүртгэлийн төвд хүлээн авч хянан үзээд тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгосугай гэсэн заалттай. Өөр онцгой хугацаа заасан ч юм уу, өмнөх тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулж байгаа заалт байхгүй. Энэ шийдвэрийн дагуу гэрчилгээ олгогдсон. Энэ гэрчилгээ дээр хугацааг 52 жил 4 сар байсныг 30 жил гэж заасан. Гэрчилгээг захиргааны акт гэж тодорхойлоод нэхэмжлэл гаргасан ч захиргааны бие даасан акт биш гэсэн захиргааны шүүхийн шийдвэр байгаа. Тэгэхээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу гэрчилгээ нь захиргааны бие даасан акт биш болж байна. Тэгэхээр шийдвэртэйгээ уялдаж захиргааны акт болох юм байна. 30 жилийн хугацаа болгоод яагаад өөрчилчхөв гээд харахаар нэгэнт олгогдчихсон байсан тусгай хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хугацааг бууруулах эрх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар болон түүний кадастрын хэлтэст хуулиар олгогдоогүй. Өөрийнх нь гаргасан ямар ч шийдвэр дээр хугацааг өөрчилсөн тухай шийдвэр байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэсэн байгаа. Хариуцагчаас ДА ХХК-д 52 жил 4 сар болгон сэргээж өгнө үү гэсэн албан бичгийн хариу үндэслэлээ тайлбарласан албан бичиг илгээсэн. Уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэсэн буюу агуулгаараа хуульд шинэчлэн батлагдсан 2006 оны хуульд ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухай 30 жил болгож заасан байгаа түүнд нийцүүлсэн гэсэн агуулга бүхий тайлбар өгч байна гэж ойлгосон. Яг тэгж бичээгүй. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр заалтыг уншихаар уг хуульд с заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэсэн өгүүлбэр нь бүртгэх процессыг хэлээд байгаа буюу тухайн хуульд заасан журмын дагуу бүртгэнэ гэж байгаа болохоос биш тухайн хуульд заасан хугацаанд нийцүүлэн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна гэсэн заалт ерөөсөө биш. Процессын хувьд уг хуулийн журмыг баримтална гэсэн агуулга бүхий байгаад байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага 2173 тоот шийдвэр гэрчилгээгээ аваад хугацаа 30 жил болгосныг мэдээд хугацаа дууссаны дараа судлаад үзэхэд 30 жил гэсэн заалт гарч ирсэн. Ингээд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт манай хугацааг андуурчихжээ, техникийн алдаа гарсан байна үүнийг засаж өгөөч гэсэн байдлаар албан бичиг явуулсан. Тайлбар ирүүлэхдээ тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосон байна засаж өөрчлөх боломжгүй гэж ирүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохын хүрээнд тухайн албан бичгийг татгалзал гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч эс үйлдэхүй байна гэсэн агуулга бүхий бүрдүүлбэр хангуулах шүүгчийн захирамж ирсэн учраас ДА ХХК-ийн зүгээс албан бичиг юм байна, захиргааны акт биш учраас 52 жил 4 сар болгож өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг Ашигт малтмалын хэрэг эрхлэх кадастрын хэлтэс нь гаргаж байгаа юм байна. Ийм учраас эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоод гэрчилгээний хугацааг 52 жил 4 сар болгож өөрчлөлт оруулахыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: ...Дархан-Уул аймгийн ШГ сумын нутагт байрлах Бурхант нэртэй газарт орших ашигт малтмалын ашиглалтын 207А дугаартай тусгай зөвшөөрлийг 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ШГ ХК-д олгож, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар шийдвэрээр ДА ХХК-д хэсэгчлэн шилжүүлж шинээр *** дугаар тусгай зөвшөөрлийг олгожээ.
Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шинэчлэн батлагдаж, мөн тус өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх тухай 2173 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн ШГ сумын нутагт байрлах Бурхант нэртэй газарт орших 31.97 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу ДА ХХК нь Дархан-Уул аймгийн ШГ сумын нутагт байрлах Бурхант нэртэй газарт орших ашигт малтмалын ашиглалтын 5507A дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн байна.
Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-д заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж заасан байна. Тодруулбал шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 30 жилээр тооцож, шинэчлэн бүртгэсэн байна.
ДА ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн ШГ сумын нутагт байрлах Бурхант нэртэй газарт орших ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албан /хуучин нэрээр/-д гаргасны дагуу ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг бүртгэхдээ анх олгосон огноог 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тооцон шилжүүлэн бүртгэсэн байх тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2173 дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх тухай шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох, ДА ХХК-ийн эзэмшлийн *** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 52 жил 4 сар гэж засварлаж бичилт хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, засвар хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ШГ ХК-д Дархан-Уул аймагт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 195 га талбайг 1995 онд олгосон байдаг. 1997 оны буюу одоо хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн 18.8-д тусгай зөвшөөрлийн хугацааг 60 жил гэж заасан байдаг. ШГ ХК-иас ДА ХХК-д 195 га талбайнхаа 32 га талбайг шилжүүлэх тухай өргөдөл гаргасан байдаг. Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч хянан шалгаад хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан гэж үзээд хэсэгчлэн 195 га газраас нь 32 га газрыг нь ДА ХХК-д 2003 онд буюу 8 жилийн дараа шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхдээ тусгай зөвшөөрлийнх нь гэрчилгээ дээр 60 жилээсээ 8 жилийг нь хасаад 52 жил 4 сар гэдэг тэмдэглэгээг тусгай зөвшөөрөл дээр бичиж тэмдэглэсэн байдаг. Ингээд Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдан гарснаар 1997 оны хууль хүчингүй болсон. Шинэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өмнө нь лиценз, тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудыг 2006 оны хуульд нийцүүлж шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил улс орон даяар явсан бөгөөд үүний дагуу Кадастрын хэлтсийн даргын нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа шийдвэр гарсан. Тухайн шийдвэр дээр ДА ХХК-ийн нэрийг шинэчилсэн бүртгэлд бүртгүүл гэсэн шийдвэр байсан. Энэ шийдвэрийн дагуу нэхэмжлэгч компани болох ДА ХХК нь төрийн захиргааны байгууллагад шинэ хуулийг дагаж мөрдөх журмын дагуу шинэчилсэн хуульд нийцүүлэн бүртгэлээ шинэчилье гэсэн хүсэлт өргөдлөө гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу хүсэлтийг шийдвэрлэж, 2007 онд шинээр 30 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байгаа. 52 жил 4 сар нь хүчингүй болсон хуулийн хугацаа байгаа юм. Үүнийг олгохдоо 1995 оноос хойш 30 жил гээд тооцохоор 2025 он дуусгаад нэхэмжлэгч нарт тайлбарлан хэлж кадастрын системд бүртгэж явуулсан байдаг. Нэхэмжлэгч компанийн хувьд гэрчилгээгээ аваад өөрсдөө улсын бүртгэлийн сангаас шүүж үзэхэд, 2007 оны гэрчилгээг өөрсдөө бүртгүүлсэн байсан. Тэгэхээр ДА ХХК нь миний харж байгаагаар анхны гэрчилгээ, сүүлд олгосон гэрчилгээ гээд 2 тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байгаад байна. 2 дугаарт нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн хугацаагаа 30 жил болоод дуусчихлаа гэдгээ мэдэж байсан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө өргөдлөө гаргана гэж хуульчилсны дагуу 2023 онд манай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгаж өгөөч гэсэн өргөдлөө төрийн захиргааны байгууллагад албан ёсоор гаргасан байдаг. Төрийн захиргааны байгууллага тухайн өргөдлийг хүлээн авч хянан шалгах эрх зүйн шүүлт, магадлан шалгах ажиллагааг хийсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 28.1.3-д заасан баримт бичиг дутуу, хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүртгэхээс татгалзаж буцаасан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч тал 2025 онд манай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гэдгээ мэдэж байгаа нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна. Шинэ батлагдсан хуульд нийцүүлээд гарахаар 52 жил 4 сар гэдгээр засах ямар ч боломж байхгүй. Өөрсдөө шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлээд зөвшөөрөөд 30 жилийн гэрчилгээгээ авчихсан кадастрын бүртгэлийн системд 30 жилээр орчихсон, ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусаж байгаагаа мэдээд хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаад явж байсан. Өргөдөл нь хуулийн шаардлага хангаад буцаагдчихсан. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх хугацаа дууссан үндэслэлээр шууд хугацааг нь дуусгаад бүртгэсэн юм байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно; 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, Ашигт малтмалын тухай (1997 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 8.Өргөдөл гаргасан этгээд лицензийн эхний жилийн төлбөрийг хийснээс хойш ажлын 3 өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын алба нь лицензийг 60 жилийн хугацаатайгаар олгож, лиценз болон уурхайн талбайг лицензийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж тэмдэглэнэ, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-т заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ., 3 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөл /лиценз/ эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнийг энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно гэж заажээ.
2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан 1995 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 025 дугаар ашиглалтын лицензийг эзэмшигч ШГ ХК нь ДА ХХК-д ашиглалтын лицензийг хэсэгчлэн шилжүүлэх тухай өргөдлийг гаргаж, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар шийдвэрийг үндэслэн *** дугаар ашигт малтмал ашиглалтын лицензийн гэрчилгээг Ашигт малтмалын тухай (1997 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 8-д заасан хугацаагаар тооцон 52 жил 4 сарын хугацаагаар ДА ХХК-д олгожээ.
2.1. Улмаар 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэн найруулга болон тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуульд заасан журмын дагуу Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын (хуучин нэрээр) 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2173 дугаар Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх тухай шийдвэрээр ДА ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосон байна.
3. Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2173 дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх тухай шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тусгай зөвшөөрлийн хугацааг 52 жил 4 сар гэж тодорхойлон заахгүй орхигдуулснаар тус акт нь илт хууль бус гэж тайлбарлаж байна.
3.1. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох захиргааны актын утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ.
3.2. Гэвч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2173 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн шийдвэр байх бөгөөд тус шийдвэрт тусгай зөвшөөрлийн хугацааг заагаагүй нь түүнийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл болохгүй.
4. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2006 оны 07 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэхээр зохицуулсан ба 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан 60 жилийн хугацаагаар олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тоолох эсэх талаар зохицуулаагүй байна.
4.1. Хэрэгт авагдсан 2003 болон 2007 онд тусгай зөвшөөрлүүдийн хавсралтаас үзвэл анх олгосон огноог 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэсэн байх ба Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн тоолох талаар нарийвчлан зохицуулаагүй учир нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгосон өдрөөс тооцон тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд журмын дагуу 30 жилээр шинэчлэн бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцжээ.
5. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 2023 онд хандаж байсан талаар тайлбарласан бөгөөд шүүх энэ талаарх баримтыг цуглуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
5.1. Учир нь нэхэмжлэгч *** дугаар ашигт малтмал ашиглалтын лицензийн гэрчилгээний хугацааг 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар үргэлжлүүлэн тооцуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү асуудлыг дүгнэн шийдвэрлэхэд нэхэмжлэгч 2023 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хандаж байсан эсэх нь хэрэгт хамааралгүй байна.
6. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан ДА ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2173 дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх тухай шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох, ДА ХХК-ийн эзэмшлийн *** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 52 жил, 4 сар гэж засварлаж бичилт хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү засвар хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН