Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01898

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01898

 

 

 

 

Л.Бадамхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/01525 дугаар шийдвэртэй Л.Бадамхандын нэхэмжлэлтэй Б.Баяраад холбогдох нэмэлт зардал 2 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхболд хариуцагч Б.Баяраа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүлсэн нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Баяраатай 2008 оны 12 дугаар сард танилцаж, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хамт амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Нандинхүслэн, 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Номин нар төрсөн, хүүхдүүд эхийн асрамжид байдаг бөгөөд 2011 онд шүүхэд нэхэмжлэл гарган шүүхээс Б.Баярааг охин Б.Нандинхүслэнгийн эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1045 тоот шийдвэр, охин Б.Номинг тэжээн тэтгүүлэхээр 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 446 тоот шийдвэр тус тус гарсан. Би охидоо мэдлэг боловсролтой, зан төлөвшилтэй хүн болгож өсгөхийн тулд хүүхдийг хөгжүүлэх сургууль, сургалт, дамжаанд аль болох хамруулахыг бодож охин Б.Нандинхүслэнг Шилдэг бүрэн дунд сургуульд суралцуулж /2 700 000 төгрөг/, Хүүхдийн ордны загвар зохион бүтээгч загвар өмсөгчийн дугуйлан /250 000 төгрөг/, Жакс финанс ХХК-ийн Поверфүлл энглеш гадаад хэлний сургалт /89 900 төгрөг/, Хос мастер шатрын академи шатрын сургалт /320 000 төгрөг/, охин Б.Номинг Дэггүй жаалууд цэцэрлэг /440 000 төгрөг/, Тояа хүүхэд хөгжлийн академийн Соробан сампин-баруун тархи хөгжүүлэх сургалт /320 000 төгрөг/, Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн Оюуны хөгжлийн дугуйлан /145 000 төгрөг/, БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгийн найрал дууны дугуйлан /45 000 төгрөг/, сургаж нийт 4 309 900 төгрөгийн төлбөр төлсөн. Иймд охидын эцэг болох Б.Баяраагаас төлбөрийн 50 хувь буюу 2 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баяраа шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Бадамханд нь охидоо үнэтэй сургууль, сургалт, дамжаанд суралцуулах талаар надтай нэг ч удаа санал солилцож зөвлөлдөж байгаагүй бөгөөд охидтойгоо нэг ч удаа уулзалдаж байгаагүй. Л.Бадамханд нь Төрийн албанд ажилладаг бөгөөд 2 охиноо өөрийн асрамжид авч өсгөж хүмүүжүүлнэ гэж өргөдөл гаргаж 2 охиноо өөр дээрээ авсан. Тухайн үед шүүхээр асрамжийн асуудлыг шийдвэрлэх үед охиноо өөр дээрээ авах талаар ээжид нь хэлж байсан боловч манай аав, ээжийн байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлчих, тэгвэл охиноо чамд өгнө гэж хэлж байсан. Мөн 2015 онд Л.Бадамханд нь шүүхэд нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх ихэнх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан бөгөөд шүүх хурлын дараа Л.Бадамханд надруу утсаар мессеж бичиж чамаас энэ байдлаар дахин мөнгө нэхнэ гэж дарамталж байсан. Л.Бадамхандын шүүхэд өгсөн баримтыг танил талаа ашиглан хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байна. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том охин 6 настай, бага охин 5 сартай, эхнэр хүүхдээ хараад гэртээ суудаг би ганцаараа ажил эрхэлдэг бөгөөд сард 1 100 000 төгрөгийн цалин авдаг. 2 охины тэтгэмжид 200 000 төгрөг сар бүр төлдөг бөгөөд цалин хөлс хаана ч хүрдэггүй. Дээрх мөнгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн материалд нотлох баримтаар ихэвчлэн тодорхойлолтыг хавсаргасан байх бөгөөд тодорхойлолтыг санхүүгийн баримт болохгүй гэж үзэж байна. 122 дугаар цэцэрлэгийн төлбөр шилжүүлсэн баримтыг хувь хүний данс болох Тулга Жаргалсайхан гэх хүний данс руу шилжүүлсэн байх бөгөөд баримттай холбоотой эргэлзээтэй асуудлууд олон байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баяраагаас 1 350 000 төгрөг гаргуулж Л.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баяраагаас 36 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бадамхандад олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Баяраа давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэсэн заалт хэрэгжиж байгаа. Гэтэл улсын сургуульд ерөнхий боловсролыг эзэмших бүрэн боломж бүрдсэн байтал сайн дураар хувийн сургуулийг сонгосон. Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 28.2 дахь хэсэгт Мөн зүйл, хэсэгт заасан Онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжид байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөлийг нэгэн адил хамааруулна. Хувийн сургуульд сургах нь онцгой зайлшгүй нөхцөл байдал биш. тансаг байдалд хамаарах асуудал. гэж тайлбарласан. Миний бие эхнэр, 6 настай охин, 7 сартай охины хамт амьдардаг бөгөөд эхнэр одоогоор хүүхдээ хараад гэртээ суудаг, ажил хийдэггүй. Нэг хүний орлого хаанаа ч хүрэлцдэггүйн улмаас улсын сургуульд хүүхдээ бүртгүүлж байгаа. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Бадамханд хариуцагч Б.Баяраад холбогдуулан хүүхдийн сургалтын болон хичээлээс гадуур хамрагдсан дугуйлан дамжааны төлбөрт нийт 4 300 000 төгрөгийг зарцуулсан гээд 50 хувь болох 2 150 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Л.Бадамханд, Б.Баяраа нарын дундаас 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Нандинхүслэн, 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Номин нар төрсөн, эхийн асрамжид амьдарч, эцгээс нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлдэг үйл баримт нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ, шүүхийн шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 5-6, 15-16 дугаар тал/

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг хүүхдүүдийг мэдлэг боловсролтой, төлөвшилтэй, зөв хүн болгож өсгөхийн тулд сургууль, сургалт, дамжаанд хамруулахад нэмэлт зардал гарсан гэж тодорхойлсон.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2 дахь хэсэгт заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.

Зохигчдын дундаас төрсөн охин Б.Нандинхүслэн нь Шилдэг бүрэн дунд сургуульд суралцаж, сургалтын төлбөрт 2 700 000 төгрөг төлсөн болох нь сургуулийн тодорхойлолт, кассын орлогын ордер, Улаанбаатар банкны шилжүүлгийн баримт зэргээр нотлогдсон. /хх-ийн 10, 21-23 дугаар тал/

Нэхэмжлэгч нь тухайн хүүхдийг төлбөртэй сургуульд суралцуулах талаар хариуцагчтай харилцан тохиролцож, эцгээс нь зөвшөөрөл аваагүй байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, боловсрол эзэмшүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүргийг хүлээнэ гэсэн зохицуулалтын хүрээнд адил тэнцүү үүрэгтэй байх зарчмыг үндэслэж шүүх сургуулийн төлбөрийн 50 хувь буюу 1 350 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх нэмэлт зардал нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т эцэг, эх нь хүүхдэдээ суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүрэгтэй уялдан нэгэнт гарсан зардал болно.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу ерөнхий боловсролын сургуулиас гадуур дугуйлан дамжаа, хувийн цэцэрлэгт явсны төлбөрийг нэхэмжлэгчээс зайлшгүй гарах зардал, онцгой нөхцөл байдалд хамаарахгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/01525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ