| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/00140/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Н.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Насантогтохын Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002580113 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эгч, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Мөнхийн 10 тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай эцэг эхийн хяналтад өгч шийдвэрлэсэн, регистрийн ЕЙ97061216 дугаартай, Боржигин овогт Насантогтохын Төгөлдөр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 05 дугаар сарын 01-ний оройн 22 цагийн орчимд Налайх дүүргийн 1 хороо Энгэршандын 1а-5 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчийн кассны лангууны ард тавьсан иргэн Б.Орхонтуулын Samsung Galaxy A-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.620.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Төгөлдөр нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын 1а-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” гэх хүнсний дэлгүүрт 21:10 цагийн орчим орж үйлчлүүлэх явцдаа кассын дэргэд байсан Б.Орхонтуулын 2017 оны 05 сард 1.100.000 төгрөгийн үнээр худалдаж авч байсан Samsung Galaxy A5 маркийн гар утсыг авсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Төгөлдөр мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Орхонтуулын өгсөн: “Samsung Galaxy A5 маркийн шаргал өнгөтэй гадуураа өнгөгүй резинэн гэртэй гар утсаа хулгайд алдсан бөгөөд 2017 оны 05 сард 1.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-13 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн: “2018 оны 05 сарын 01-ний орой 21 цаг 10 минутын үед өөрийн эгч Орхонтуулын худалдагчаар ажилладаг Налайх дүүргийн 1-р хороо Энгэршандад байх Баянзүрх хүнсний дэлгүүрт хамт байж байтал гаднаас нэг бүдүүн, үсээ халимаг самнасан, улаан өнгийн шоотой цамц өмссөн, дотуураа цагаан өнгийн фудболктой 20-25 насны үл таних эрэгтэй хүн орж ирсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч П.Төмөрбаатарын өгсөн: “2018 оны 05 сарын 02-ны өдөр үсээ хажуу самнасан, бүдүүн, 20-25 насны залуу орж ирээд ахаа та энэ утсыг сэлбэгэнд аваач гэж хэлсэн. тэгээд нөгөө утсыг харсан чинь урд талынх нь дэлгэц хагарсан байдалтай, дарахад анивчаад байсан бөгөөд самсунг А5 маркийн гар утас байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл, тогтоол, /хх-ийн 5-8 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтаас дүгнэхэд Шүүгдэгч Н.Төгөлдөр нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын 1а-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” гэх хүнсний дэлгүүрт 21:10 цагийн орчим орж үйлчлүүлэх явцдаа кассын дэргэд байсан Б.Орхонтуулын 2017 оны 05 сард 1.100.000 төгрөгийн үнээр худалдаж авч байсан Samsung Galaxy A5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдахын зэрэгцээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд Samsung Galaxy A5 маркийн гар утсыг 1.620.000 төгрөгөөр үнэлсэн боловч хохирогч Б.Орхонтуул нь 2017 оны 05 сард 1.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс 1.100.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Насантогтохын Төгөлдөрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Төгөлдөрт хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Н.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Төгөлдөрөөс 1.100.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Орхонтуулд олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Төгөлдөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ