| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2403007140872 |
| Дугаар | 2025/ДШМ/179 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/179
2025 02 04 2025/ДШМ/179
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
цагаатгагдсан этгээд Б.Д-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1002 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2403007140872 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д-,
Б.Д- нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тумбааш” худалдааны төвийн урд талын замд “Honda Civic” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Замын хөдөлгөөний дүрмээр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцох эрх, үүрэг зэргийг зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх ба мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэнэ гэдгийг ухамсарлаж, үүнийг урьдаас мэдэж байсан ба тухайн хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан эсхүл хор уршиг учрахыг урьдчилан мэдэх бодит боломжтой байсан боловч хайхрамжгүй байдлаас мэдэлгүй тэрхүү хор уршиг учрах нөхцөл байдалд хүргэсэн бол болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Дээрх хэргийн хувьд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэл жолооч Б.Д-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж магадалгаа гаргасан. Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудын хувьд жолооч нь аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох ёстой ба тээврийн хэрэгслийн явж байгаа чиглэлд хяналтаа тогтоож, болж байгаа үйл явдалд хариу арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх байдлаар анхаарал болгоомжтой тээврийн хэрэгслийг жолоодохыг үүрэг болгосон заалт юм. Явган зорчигч хэдийгээр явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх боловч жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Хавтас хэрэгт хохирогч Д.Д-ын “Би тухайн өдрийн өглөө 09 цагийн орчим Баянгол дүүрэг, Тумбаашийн урд замаар, замын хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарсан, тухайн үед 1,2 дугаар эгнээгээр явж байсан автомашинууд зогсож зам тавьж өгөхөөр нь урдуур нь алхаад 3 дугаар эгнээ рүү ороход гэнэт л нэг машин орж ирээд миний зүүн талаас мөргөөд би шидэгдэж газар унасан...” гэсэн мэдүүлэг авагдсан байна. Автомашины явж байгаа чиглэлд зэргэлдээ эгнээнд болон урд нь явж байгаа хоёр тээврийн хэрэгсэл хоёулаа хурдаа хасаж зогсоход жолооч тухайн замын зорчих хэсэг дээр аюул, саад учирсан буюу явган зорчигч гарч ирсэн байж болох нөхцөл байдал үүссэн гэдгийг урьдчилан мэдэх боломжтой, шаардлагатай үед ямар ч үйлдлийг хийхэд бэлэн анхаарал болгоомжтой хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой байтал явган зорчигчийг өнгөрүүлэхээр зогссон автомашиныг хайхрамжгүйгээр тойрон гарах үйлдэл хийсний улмаас явган зорчигчийг мөргөж, уг зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн нэг хүчин зүйл болох ба жолоочийг хайхрамжгүй байдлаар замын хөдөлгөөнд оролцсон гэм буруутай үйлдлийг үгүйсгэх үндэслэл биш юм. Цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар “замын хөдөлгөөнд аюул, хохирол учруулах ямар нөхцөл байдалтай оролцож байсан талаар нотлох баримт авагдаагүйн дээр тийм нөхцөл гараагүй, ...хөдөлгөөнд осолтой байдал бий болгох ямар нөхцөл байдал үүсгэсэн нь тогтоогдохгүй, ...аюул саад тулгарахыг мэдэх боломжтой байсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба явган зорчигч гарцгүй газраар хоёрдугаар эгнээнд явж байсан машины урдуур гэнэт гарч ирсэн нөхцөлд түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байжээ...” гэснээр хязгаарлаж шийдвэр гаргасан нь жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам, орчны нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үүргээс чөлөөлж Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалт үйлчлэхгүй гэж байгаатай нэгэн адил Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…нэг, хоёр дугаар эгнээний машин бүрэн зогсоогүй, удаан явж байсан. …” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Д-ын өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. дугаар зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж зааснаар зам тээврийн осол гаргах шалтгаан, нөхцөл үүсгэгдсэн гэж үздэг. Явган зорчигч 2 дугаар эгнээний машины урдуур гэнэт гарч ирсэн нөхцөл байдал нь урьдчилан мэдэх боломжгүй байсан. Явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасныг зөрчсөн. Энэ үйлдэл нь замын хөдөлгөөний осол гарах шалтгаан болсон. Б.Д- нь явган зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөр төлсөн, сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Б.Д- Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуульд сурдаг. Энэ жил төгсөх курсийн оюутан. Хэрвээ ял шийтгэл авсан нөхцөлд мэргэжлээрээ ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Прокуророос Б.Д-ыг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тумбааш” худалдааны төвийн урд талын замд “Honda Civic” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “Б.Д-д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Б.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, дүгнэлт хийхэд, Б.Д- нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тумбааш” худалдааны төвийн урд талын замд “Honda Civic” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад 3 дугаар эгнээ рүү шилжих үед 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийн урдуур хөндлөн, хойноос урагш чиглэлтэй явган зорчигч Д.Д- гарч ирэн Б.Д-ын жолоодож явсан “Honda Civic” загварын тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт мөргөгдөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-10/,
хохирогч Д.Д-ын “...би өглөө 09 цагийн орчим Тумбаашийн урд замаар замын хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарсан. Тухайн үед 1, 2 дугаар эгнээгээр явж байсан автомашинууд зогсож зам тавьж өгөхөөр нь урдуур нь алхаад 3 дугаар эгнээ рүү ороход гэнэт л нэг машин орж ирээд зүүн талаас мөргөөд би шидэгдэж газар унасан. ...” /хх 13/,
Б.Д-ын яллагдагчаар өгсөн: “...хорооллын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан, тэгэхэд урд явж байсан автомашин удаан яваад байхаар нь эгнээ байраа солиод 3 дугаар эгнээ рүү шилжиж ороод 2 дугаар эгнээнд явж байсан машины зүүн талаар гарах үед тэр машины урдуур явган зорчигч зам хөндлөн хойноос урагш чиглэлтэй алхаад явж байгаа харагдсан, би тэр хүнийг хараад тоормос гишгэсэн хэдий ч машин бүрэн зогсолгүй явган зорчигчийг машины баруун урд хэсгээр мөргөөд зогссон. ...” /хх 75/ гэсэн мэдүүлгүүд,
“...Жолооч Б.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.З, 12.3-т заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй. Явган зорчигч Д.Д нь мөн дүрмийн 5.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1623 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 63/,
“...“Honda Civic” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд тээврийн хэрэгслийн дугуйн тормоос бүрэн ажиллагаатай байна. ...” гэсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 783222 дугаар дүгнэлт /хх 46-51/ зэргээс үзэхэд Б.Д-ыг Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг батлан мөрдөж байгаа бөгөөд түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, тээврийн хэрэгсэл жолоодон яваа жолоочийн эрх, үүрэг, тэдний хөдөлгөөнд оролцох журмыг нарийвчлан заажээ.
Харин хохирогч Д.Д нь “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасныг зөрчсөн болох нь “...явган хүний гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч явсан...” талаар хохирогч болон цагаатгагдсан этгээд нарын өгсөн мэдүүлэг, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1623 дугаар мөрдөгчийн магадлагаа зэргээр тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба уг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, нотлох баримт болон хэргийн үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг зэрэгт автомашины тормосны ул мөрийг бэхжүүлж авсан ямар нэгэн тэмдэглэл байхгүйгээс Б.Д-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр... сонгож явна” гэсэн хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн явган зорчигч нь 1 болон 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийн урдуур халхлагдан 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү шилжин явж байсан тээврийн хэрэгслийн жолоочид харагдах боломжгүйгээр уг тээврийн хэрэгслийн урдуур нь гарснаас жолооч аюулыг харсан даруйд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан ч тээврийн хэрэгслийн хурдатгал, масс, инерцийн хүчний үйлчлэл зэрэг жолоочоос үл хамаарах физикийн хүч, техникийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж энэ аюулыг зайлуулах боломжгүй байсан зэргээс үзэхэд “...“Honda Civic” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-ныг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Энэ талаар анхан шатны шүүх “...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зурагт 110 м зайд явган хүний гарц байсан нь нотлогдсон. Явган зорчигч нь явган хүний гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарсан ба үзэгдэх орчинд буюу 110 метрийн зайд байсан явган хүний гарцаар зам хөндлөн гарах үүрэгтэй байсан. Мөн тухайн замын нөхцөл байдал нь дундуураа хайс, хашлагатай, тусгаарлах зурвастай байсан ба хайс, хашлага тасарсан, эвдэрсэн хэсгээр хохирогч зам хөндлөн гарч байсан нь мөрдөгчийн магадалгаанд заасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн зам хөндлөн гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.Д- нь тухайн нөхцөл байдал болох үед дүрмийн дагуу явсан ба түүнийг яллах дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаанд зааснаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотолж чадахгүй, шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан замын хөдөлгөөнд аюул, хохирол учруулах ямар нөхцөл байдалтай оролцож байсан талаар нотлох баримт авагдаагүйн дээр тийм нөхцөл гаргаагүй, мөн заалтын хөдөлгөөнд осолтой байдал бий болгох ямар нөхцөл байдал үүсгэсэн нь тогтоогдохгүй байх ба дээрх дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтын аюул саад тулгарахыг мэдэх боломжтой байсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба явган зорчигч гарцгүй газраар 2 дугаар эгнээнд явж байсан машины урдуур гэнэт гарч ирсэн нөхцөлд түүнийг урьдчилан мэдэх боломжгүй, шүүгдэгч нь зогсоох арга хэмжээ авсан хэдий ч хохирогчийг мөргөсөн үйл баримт тогтоогдсон” гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Итгэлийн “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1002 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Итгэлийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН