| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0639/З |
| Дугаар | 128/ШШ2026/0735 |
| Огноо | 2026-08-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2026/0735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З******* О******* /РД:ЕМ*******/,
Хариуцагч: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт холбогдох төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/380 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд буцаан шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар З.О*******ыг шилжүүлэх тухай тушаалаар Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Шалгагч, ахлагч З******* О*******ыг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 0242 дугаар тусгай салбар (Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг)-ын захирагчийн мэдэлд Засгийн газрыг агентлагийн эрх зүйн байдлыг тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шилжүүлсэн[1].
2.2.Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/*** дугаар Ахлагч З.О*******ыг албан тушаалд томилох тухай тушаалаар Яаралтай тусламжийн тасагт Яаралтай тусламжийн сувилагчаар томилсон[2].
2.3.Монгол Улсын Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн МН/*** дугаар Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоо, цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Засгийн газрын Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2024 оны 238 дугаар тогтоолыг тус тус үндэслэн баталсан.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн МН/** дугаар тушаалын хавсралтаар З.О*******ыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн МН/*** дугаар тушаалыг үндэслэн томилсон.
2.4. Монгол Улсын Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2017 оны А/07 дугаар тушаалаар баталсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах нийтлэг журам-ын 3.7- зааныг тус тус үндэслэн хяналт шалгалтыг баталсан. /хавсралт 2 хуудас/ .
2.5. 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тэмдэглэлийн
Дөрөв. Хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй бусад асуудлын хүрээнд Тус эмнэлгийн шинээр томилогдсон албан хаагчдын материалтай танилцахад 1.Захирлын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Яаралтай тусламжийн тасагт яаралтай тусламжийн сувилагчаар томилогдсоны дараа 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн МН/** дугаар тушаалаар Сувилахуйн албаны даргаар томилогдсон З.О******* нь тухайн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын туршлага-д заасан шаардлагыг хангаагүй, удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдээгүй.
Тав. Дүгнэлтэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал нь албан хаагчдын олноор нь албан тушаал буруулан томилж, чөлөөлөх, шаардлага хангаагүй албан хаагчдыг албан тушаалд томилох зэргээр Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ.
Зургаа. Саналын 6-д Хуульд заасан төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага болох албан тушаалын тодорхойлолд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, удирдах албан тушаалын болон төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй ... З.О*******, нарыг тус эмнэлгийн удирдах албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх, мөн хуулийн 27дугаар зүйлийн 27.1.1-д Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэнээс, 27.1.2-д Төрийн жинхэнэ албаны нөөцөд болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас гэж заасныг тус тус зөрчсөн тул зөрчлийг арилгах гэж тэмдэглэсэн байна.
2.6. Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/2262 дугаар Зөвлөмж, чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Т.Нд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/11 дүгээр тушаалын хавсралтаар баталсан удирдамжийн хүрээнд танай эмнэлгийн цахим систем, түүнд хамааралтай холбогдох үйл ажиллагаа, албан хаагчдаас гаргасан гомдлын мөрөөр хийсэн дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх, үндсэн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор шалгалтыг дүгнэлтэд тусгагдсан дараах зөвлөмж, чиглэлийг хүргүүлж хэрэгжилтийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор танилцуулахаар албан бичиг хүргүүлсэн.
2.7.Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Т.Н нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, мөн хуулийн 23 дугаар зүйл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны даргын албан тушаалын тодорхойлолтын Тусгай шаардлага гэсэн хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2262 дугаар бүхий Зөвлөмж, чиглэл хүргүүлэх тай албан бичгийг үндэслэн Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг Сувилахуйн албаны дарга З.О*******д мэдэгдэж. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагааг хийж Оролцогчийн тайлбар, санал асуухад Санал байхгүй ээ гэсэн тул Сувилахуйн албаны дарга дэслэгч З. О*******д мэргэжлийн дагуу Яаралтай тусламжийн орон тоонд санал болгосон боловч ажиллах боломжгүй гэсэн тул 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлөх эсвэл Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар гэж шийдвэрлэн танилцуулсан байна.
2.8.Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МН/*** дугаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоо, цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсгийг тус тус үндэслэн баталсан.
2.9. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/380 дугаар Дэслэгч З.О*******ыг албан тушаалаас чөлөөлөх, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны Журам шинэчлэн батлах тухай 498 дугаар тогтоолын 2.1.4, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МН/*** дугаар тушаал, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаал, Эмнэлгийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.9, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3, 8.1.6-т заасныг тус тус үндэслэн тушаалын 1 дэх заалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан тус эмнэлгийн бүтцийн өөрчлөлтөөр Сувилахуйн албан дарга албан тушаалын орон тоо нь хасагдсан тул тухайн албан тушаалд ажиллаж байгаа дэслэгч З******* О*******ыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар заалтаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор тушаал гарсан байна.
2.10. 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр З.О******* хаан банкны дугаар дансанд ажлаас халагдсаны тэтгэмж болох 5,955,000 /таван сая есөн зуун тавин таван мянга/ төгрөгийг шилжүүлсэн.
2.11.Нэхэмжлэгч З.О******* нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04/12 дугаар Гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Загдхорол овогтой О******* миний бие 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, нас 40, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Сувилахуй зүйч мэргэжилтэй, сувилахуйн ухааны магистр зэрэгтэй, цэргийн дэслэгч цолтой.
Миний бие Хил хамгаалах байгууллагад 12 жил ажилласан, 2011-2012 онд Хилийн цэргийн 0243 дугаар ангид ариун цэврийн зааварлагч, 2012-2015 онд Хилийн цэргийн 0214 дүгээр ангид дүн бүртгэгч, бага эмч, 2015-2019 онд байгууллагын захиалгаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрын сургалтад, 2019-2025 онд Хилийн цэргийн 0101 дүгээр ангид сувилагч, дүн бүртгэгч, бага эмч, шалгагч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт сувилагч болон Сувилахуйн албаны даргын албан тушаалд тус тус ажилласан.
Ажиллах хугацаандаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн биелүүлж, сахилга, ёс зүйн зөрчилгүй ажиллаж ирсэн.
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу байгууллагын удирдлага харилцан тохиролцсоны дагуу сэлгэн ажиллахаар томилогдсон.
Гэтэл тус эмнэлгийн захирал нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цаашид хамтарч ажиллахгүй, ажлаа өг гэж мэдэгдсэн, улмаар Хүний нөөцийн албаны дарга, дэд хурандаа Д.Э*******, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Г нар нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бич гэж удаа дараа хууль бус шаардлага тавьсан. Эсвэл одоо ажиллаж байгаа албан тушаалаас хэд хэдэн цалингийн шатлал доогуур албан тушаалд ажилла, үгүй бол захиргааны санаачилгаар чөлөөлнө гэж ажлын байрны дарамт үзүүлсэн.
Төрийн албаны тухай 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт ...Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан ажиллуулах нөхцөл байдал үүсэн тохиолдолд анх илгээсэн төрийн байгууллагын саналыг авч, харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэнэ" гэж заасан байхад хуулийг илтэд зөрчин Хил хамгаалах ерөнхий газартай зөвшилцөж, тохиролцохгүйгээр эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Миний бие Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үндсэн ажилтан биш бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн сэн эмнэлэгт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу сэлгэн ажиллахаар томилогдсон, Төрийн тусгай албан хаагч, дэслэгч цолтой офицер ба орон тоо хасагдсан тохиолдолд намайг Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд буцаан шилжүүлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байсан.
Гэтэл энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр намайг үүрэгт ажлаас дур мэдэн чөлөөлсөн нь миний хөдөлмөрлөх эрхийг болон Төрийн албаны тухай, Цэргийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.
Намайг цэргийн албанаас чөлөөлөхдөө 2011-ээс 2026 оныг хүртэл төрийн тусгай албанд тасралтгүй 15 жил, дэд ахлагчаас дэслэгч хүртэл цолтойгоор ажилласан зүтгэлийг минь үгүйсгэсэн төдийгүй цэргийн тэтгэвэрт гарах хугацаа ойртож байсан үед орон тооны цомхотгол нэрээр үндэслэлгүйгээр халсан явдалд туйлын их гомдолтой байна. (тасралтгүй ажилласан байх, сүүлийн 5 жилийн цалингаас тэтгэврийн дундаж бодогддог хуулийн зохицуулалттай)
Энэхүү хууль бус шийдвэр нь зөвхөн нэг эмнэлгийн ажилтныг чөлөөлсөн биш цэргийн хүнд хэцүү албыг туулсан амьдралыг минь зүгээр л нэг баллуурдаж орхисон явдал болж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасны дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд буцаан шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захиралд даалгаж өгнө үү. гэжээ.
3.2 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлалын үндэслэлдээ: Нэхэмжлэгч З.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр татгалзаж байна:
1. Нэхэмжлэгч 3. О*******ыг тус эмнэлэгт сэлгэн ажиллуулаагүй, шилжүүлэн ажиллуулсан тул тус эмнэлэг сэлгэн ажиллуулахтай холбоотойгоор хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүрэг болон гэрээний үүрэг хүлээхгүй тул энэ үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
3.О******* нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тухайн үед Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Н.О*******д тус эмнэлэгт шилжин ажиллах өөрийн гараар бичсэн хүсэлт, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Х.Лхагвасүрэнд эзэмшсэн мэргэжлийн дагуу тус эмнэлэгт шилжин ажиллах хүсэлтээ илэрхийлсний дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар 3.О*******ыг шилжүүлэх тухай тушаалаар тус эмнэлгийн захирагчийн мэдэлд шилжүүлсэн.
Тухайн үед 3.О******* нь ахлагч цолтой, сувилагч мэргэжилтэй байсан тул Яаралтай тусламжийн сувилагч албан тушаалын шаардлагыг л хангаж байгааг өөрт нь танилцуулан зөвшөөрч тохиролцсоны дагуу тус эмнэлгийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг үндэслэн уг албан тушаалд шилжүүлэн томилсон. Тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн Тайлбарт заасан "албан ажлын зайлшгүй шаардлага"-аар 3.О*******ыг шилжүүлэн авах хэрэгцээ, шаардлага тус эмнэлэгт байхгүй байсан боловч өөрөө хүсэлт гаргасны дагуу эмнэлгийн захирал асан Н.О*******гийн тушаалаар тус эмнэлгийн Яаралтай тусламжийн сувилагч албан тушаалд авсан.
3. О******* нь төрийн албаны хууль тогтоомжийн дагуу тус эмнэлэгт сэлгэн ажиллаагүй тул Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон З.О******* нар Сэлгэн ажиллуулах гурван талт гэрээ байгуулаагүй бөгөөд тус эмнэлэг 3. О*******ыг албан тушаалаас чөлөөлөх гэж байгаа тул Хил хамгаалах ерөнхий газарт заавал урьдчилан мэдэгдэхэд, Хил хамгаалах ерөнхий газар түүнийг ажлын байраар хангах гэрээний үүрэг хүлээгээгүй болно.
2. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал асан Н.О******* нь "Сувилахуйн албаны дарга" албан тушаалын шаардлагыг хангахгүй байгаа 3. О*******ыг хууль зөрчин томилж, давуу байдал олгосон.
3. О******* нь "Сувилахуйн албаны дарга" албан тушаалын тодорхойлолтын Тусгай шаардлагад заасан "Төрөлжсөн сувилахуйн нарийн мэргэжил эзэмшсэн байх, мэргэжлийн Тэргүүлэх ба түүнээс дээш зэрэг хамгаалсан байх", "эмнэл зүйн тасагт 8-аас доошгүй жил ажилласан, ахлах сувилагч болон арга зүйч албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх" шаардлагыг хангахгүй байхад тухайн үед Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Н.О******* уг албан тушаалд хууль зөрчин томилж алба хаагчид давуу байдал олгосон нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрүүд, 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт шалгалтаар илэрсэн. Гаргасан алдаа, зөрчлийг засах Зөвлөмж, чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/2262 дугаар албан бичгээр тус эмнэлэгт ирүүлсэн тул эмнэлгийн захиргаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 3. О*******д албан тушаалаас чөлөөлөх, Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа Яаралтай тусламжийн сувилагч, Сувилахуйн арга зүйч албан тушаалд ажиллахыг санал болгож мэдэгдэх, сонсох ажиллагааг зохион байгуулсан боловч санал болгосон албан тушаалд ажиллахаас 3. О******* татгалзсан.
Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийж байх үед санал болгож байгаа ажлын байранд ажиллахаас татгалзаж байгаагийн улмаас эрх зүйн байдал нь дордох боломжтой байгааг анхаарахыг Захиргаа, хүний нөөцийн албаны дарга, дэд хурандаа Д.Э******* нэхэмжлэгч 3.О*******д зөвлөсөн боловч тэрээр Хил хамгаалах ерөнхий газарт шилжин ажиллах хүсэлтээ тухайн байгууллагад болон манай эмнэлэгт гаргаагүй болно.
3. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар "Дэслэгч 3. О*******ыг албан тушаалаас чөлөөлөх, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай" тушаалыг хууль тогтоомжид нийцсэн, үндэслэлтэй гэж үзэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ирүүлсэн дээрх зөвлөмж, чиглэлийн дагуу Эмнэлгийн захирал асан Н.О*******гийн 3. О*******ыг хууль зөрчин томилсон захиргааны актын алдааг засахаар эмнэлгийн захиргаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу 3.О*******д "Сувилахуйн албаны дарга" албан тушаалаас чөлөөлөх акт гаргах гэж байгааг мэдэгдэх, сонсох ажиллагааг хийж байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МН/*** дугаар тушаалаар манай эмнэлгийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тушаалыг тус эмнэлэг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, танилцахад нэхэмжлэгч 3.О******* ажиллаж байгаа Сувилахуйн албаны дарга" албан тушаалын орон тоог хассан байсан.
Эмнэлгийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаар 3.О*******ыг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд тухайн алба хаагчийн эдийн засгийн баталгааг хангах, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг нь нээлттэй болгох зэргээр алба хаагчид аль болох ээлтэй байдлаар, холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж эмнэлгийн захиргаа үзсэн тул 3.О*******ыг ажиллаж байгаа "Сувилахуйн албаны дарга албан тушаалын орон тоо нь хасагдсан" үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх, нэг удаагийн тэтгэмж олгох, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлд бүртгэх харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийг хэрэглэн албан тушаалаас нь чөлөөлж, түүнд 3 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээтэй буюу 5,955,000 /таван сая, есөн зуун тавин таван мянга/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон.
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нь 3.О*******ыг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэж, 3. О******* хууль ёсны эрхийг зөрчөөгүй бөгөөд харин ч шийдвэр гаргах ажиллагааг хийхдээ түүнийг сонсох, санал, тайлбараа гаргах, албан тушаалын шаардлага хангасан ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах талаар хуулиар олгосон эрхийг нь бүрэн хангасан бөгөөд аливаа хэлбэрээр хууль тогтоомж зөрчиж, дарамт үзүүлсэн асуудал байхгүй болно.
Иймд нэхэмжлэгч 3. О*******ыг албан тушаалаас чөлөөлсөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/380 дугаар Дэслэгч 3. О*******ыг албан тушаалаас чөлөөлөх, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцсэн, үндэслэлтэй гэж үзэж байгаа тул 3. О******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭЛ:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоо, цэргийн албан хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаал, уг тушаалд заасан бүтцийн өөрчлөлтөөр Сувилахуйн албаны дарга албан тушаалын орон тоо нь хасагдсантай маргаагүй.
4.3.Харин маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө ...хууль хэрэглээний хувьд Төрийн албаны тухай хууль биш Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн албаны хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэх байсан.., маргаан бүхий актад Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлийг тодорхой дурдсан бол маргахгүй. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ажиллуулахгүй бол Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд шилжүүлчих ёстой байсан..., З.О******* хүсэл зориг юу байсан бэ гэвэл намайг Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд шилжүүлчих байсан. Хил хамгаалах ерөнхий газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд цааш ажиллуулах уу? чөлөөлөх үү гэдгийг шийдвэрлэх юмгэж маргаан бүхийн актыг үндэслэл болон өөрийн сэргэх эрхийг тайлбарласан.
4.4.Дээрх тайлбарыг харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч ...маргаан бүхий актын хууль зүйн голлох үндэслэлээ ...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 гээд, ...З.О*******д албан тушаалын орон тоо хасагдсан учир Сувилахуйн албаны арга зүйчээр ажиллах уу? эсхүл цэргийн цолтой сувилагчаар ажиллах уу гэж санал болгосон. Уг нь З.О*******ыг анх яаралтай тусламжийн сувилагч гэх албан тушаалд шилжүүлж авсан. Өөрөө уг албан тушаалд ажиллаж чадахгүй гээд н.О******* захирал түүнийг дүн бүртгэл дээр нэг сар ажиллуулаад сувилахуйн албаны даргын албан тушаалд томилсон. Гэтэл Сувилахуйн албаны дарга, Сувилахуйн эрхэлсэн дэд захирал гэх албан тушаалын давхардал үүссэн. Чиг үүрэг давхардсан учир бүтцийн өөрчлөлт хийж уг хоёр албан тушаалыг нэгтгээд нэг албан тушаал болгосон буюу Сувилахуй эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг үлдээгээд албаны даргын албан тушаалыг хассан. Эхний ээлжид З.О*******ыг Сувилахуй эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилох боломжтой эсэхийг шалгахад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу тусгай шаардлагыг хангахгүй байсан. Мэргэжлээрээ ажилласан хугацаа хангахгүй, зэрэг, дэвтэй шаардлага хангахгүй, удирдах албан тушаалд гурваас доошгүй жил ажилласан байх зэрэг тусгай шаардлагуудыг хангахгүй байсан. Ийм учраас арга зүйчийн албан тушаалыг санал болгосон. Гэтэл З.О******* өөрөө ажиллахгүй гэсэн. Энэ талаарх нөхцөл байдлыг дурдаж Хил хамгаалах ерөнхий газарт ажлын байраар хангаж өгнө үү гэх агуулгатай бичиг илгээсэн. Харин 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой Хүний нөөцийн албаны дарга н.Батзолбоо дэд хурандаагаас ...албан бичигт 4 хүнийг ажлын байраар хангахгүй боломжгүй гэсэн агуулгатай хариу ирүүлсэн. Эдгээр 4 хүний дунд З.О******* нэр байсан. Тэгээд боломжгүй болсон учир 3 сарын тэтгэмжийг нь олгоод ажлаас нь чөлөөлсөн.Бид боломжтой бүхий л арга хэмжээг авсан.... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар хоёр байгууллагын удирдлага харилцан тохиролцсон тохиолдолд албан хаагчийн шилжүүлдэг. Манайхаас зөвшөөрөөд бичиг явуулсан ч нөгөө тал зөвшөөрөхгүй бол боломжгүй шүү дээ... хэмээн тайлбарласан.
4.5.Маргааны үйл баримтад холбогдох заалт болох Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;, 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах, 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж тус тус заасан.
4.6.Дээрх хуулийн зохицуулалтуудад Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч шалгаруулж авах үүрэгтэй бөгөөд ажилтан хуульд зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх, халагдах, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас авах нийтлэг баталгааг эдлэхээр хуульчилсан.
4.7.Хэрэгт авагдсан Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/1204 дугаар Архивын лавлагааны тэмдэглэгдсэн нэхэмжлэгч З.О******* ажилласан байдлаас үзвэл тэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн дэд захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлага зэргийг хангахгүй.
4.8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилласан байдалд нийцэх албан тушаалд томилогдон үргэлжлүүлэн ажиллах боломжит саналыг гаргасан ч нэхэмжлэгч З.О*******аас хүлээж аваагүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.
4.9.Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/132 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...дэслэгч З******* О*******ыг шилжүүлэн томилох сул орон тоо одоогоор байхгүй тул гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг уламжилъя... гэснээс үзэхэд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн...Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд шилжүүлчих байсан. Хил хамгаалах ерөнхий газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд цааш ажиллуулах уу? чөлөөлөх үү гэдгийг шийдвэрлэх юм...гэх үндэслэл хангагдах боломжгүй.
4.10.Мөн дээрх албан бичигт ...З******* О******* шилжих үедээ ахлагчийн албан ажиллаж байсан бөгөөд та бүхнээс ирүүлсэн саналын дагуу дэслэгч цол олгож, офицерын бүрэлдэхүүнд оруулсан... гэж байгаа нь хариуцагчийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дугаар дэмжлэг хүсэх тухай албан бичгээр ...Хил хамгаалах байгууллагад мэргэжлийн дагуу шилжин ажиллах хүсэлт болон удирдлагуудын хооронд харилцан зөвшилцсөнөөр шилжүүлэн авч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүсье... хэмээн нэхэмжлэгч З.О******* цэргийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх эрх бүхий албан тушаалтад нь зохих ёсоор уламжилсан, энэ үйл ажиллагааг ч маргаан бүхий тушаалын 4 дэх заалтад ...Дэслэгч О*******ыг ажлаас чөлөөлсөн тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэх, ... гэж үндэслэл болгосон нь зөв болжээ.
4.11.Өөрөөр хэлбэл Хил хамгаалах ерөнхий газар нэхэмжлэгчийн цэргийн цолны асуудлыг Цэргийн албаны тухай хуулийн зохих заалтын дагуу шийдвэрлэхээр байна.
4.12.Дээр дурдсан хариуцагчийн үйл ажиллагааг нэгтгэн авч үзвэл хариуцагч байгууллагын хувьд тус шүүхийн үндэслэх хэсгийн 4.5, 4.6-д заасан хуульд хийвэл зохих бүхий л арга хэмжээг авч ажилласан байх тул Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлаас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчмыг бүрэн хангасан байх тул уг тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүхээс дүгнэлээ.
4.13.Эцэст нь нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3.төрийн тусгай алба; буюу төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд түүний ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлаар захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг голлох хууль зүйн үндэслэл болгосон зөв байхаас гадна маргаан бүхий асуудалд эрэмбийн хувьд Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын хуулиас илүү гэж үзсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээж аваагүй болохыг дурдах нь зүйтэй.
4.14.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангадаагүй тул түүний урьд ажиллаж байсан Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд буцаан шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага хангагдах үндэслэлгүй, энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд буцаан шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР