Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01891

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01891

 

 

б

 

Ц.Зулзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01247 дугаар шийдвэртэй Ц.Зулзаяагийн нэхэмжлэлтэй С.Бат-Өлзийд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр 160 000 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Зулзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Зулзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2004 онд С.Бат-Өлзийтэй танилцаж, 2006 онд гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Батмөрөн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Нандин-Эрдэнэ нар төрсөн. С.Бат-Өлзий нь ар гэрийн амьдралаа дээшлүүлж ажиллах зорилгоор Солонгос улс руу явснаар бидний амьдралын таарамжгүй харилцаа эхэлсэн бөгөөд холбоогүй болсон. 2010 онд даавууны үйлдвэрт гэрээт ажилтнаар ажилд орохоор Солонгос улсад очиж, хамт амьдарсан. Энэ хугацаанд нөхөр С.Бат-Өлзий нь өөр эмэгтэйтэй холбогдож, гадуур хонох, хэл амаар доромжлох, зодох болсон. С.Бат-Өлзий дахин уучлалт гуйж, бид дахин хамт амьдарсан. Ингээд бид 2013 оны 11 дүгээр сард эх орондоо ирж 2014 оны 01 дүгээр сард дундын эд хөрөнгө болох хашаа байшинг худалдаж авсан.

Монгол улсад ирээд амьдрах хугацаанд С.Бат-Өлзий нь байнга архи ууж, найз нөхөдтэйгөө гадуур хонож, өөр хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болж, таарамжгүй харилцаа үүссэн. 2015 оны 3 дугаар сард С.Бат-Өлзий дахин Солонгос улс руу ажиллахаар яваад удалгүй тус тусынхаа амьдралыг бодъё, чи хоёр хүүхдээ тэжээж чадахгүй бол асрамжийн газар өгөөд зайлаад өг... гэх зэргээр хэл амаар доромжлоод, бид холбоогүй болсон. Одоо С.Бат-Өлзий нь Солонгос улсад эхнэр, хүүхэдтэй болон амьдарч байгааг түүний ээж, дүү нар нь хэлсэн.

Иймээс бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Батмөрөн, охин Б.Нандин-Эрдэнэ нарыг миний асрамжид үлдээж, 2015 оны 3 дугаар сараас эхлэн тооцож хүүхдийн тэтгэлэг, хүү Б.Батмөрөнгийн сургалтын төлбөр болох нэг жилийн 160 000 төгрөгийг 2024 он хүртэл тооцон гаргуулах, мөн бидний дундын үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 31-0512в тоотод байрлах, 78 м.кв талбайтай байшин, 420 м.кв талбайтай газраас хүү Б.Батмөрөн, охин Б.Нандин-Эрдэнэ бид гуравт ногдох хэсгийг гаргуулах буюу дээрх хөрөнгийг бидэнд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бат-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: С.Бат-Өлзий миний бие 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Солонгос улс руу гэрээт ажилтнаар явсан бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эх орондоо ирсэн. Тухайн үед Ц.Зулзаяа нь намайг холбоогоо тасалсан гэх боловч тээрээр өөрөө холбоогоо тасалж, н.Энхбаатар гэх залуутай суух дээрээ тулчихсан байсан. Ц.Зулзаяаг нь Солонгос улсад даавууны үйлдвэрт ажилд орохоор ирснийх нь дараа залуучууд түүн рүү залгадаг байсан. Монгол улсад 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хамт ирсэн. Би 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээгээр ажиллахаар дахин сонгогдсон. Хаан банкны 5037473275, 5028408740 гэсэн дансууд руу байнга мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд хүүхдүүддээ тусалж дэмждэг. Харин Ц.Зулзаяа энэ хоёр шээсийг чинь асрамжид өгөөд би өөрөө сайхан явмаар байна... гэж байнга уурладаг байсан. Миний том хүү та хурдан ир, ааваа хэцүү байна гэдэг. Мөнгө явуулахаар Ц.Зулзаяа шоудаад л дуусгана. Тэгээд үр хүүхдүүдийг хоол ч үгүй, гал ч үгүй 2, 3 хоног орхиод явчихна. Ц.Зулзаяагийн утас руу залгахад согтуу хүмүүс цаана нь сонсогддог. Энэ болгоныг би үр хүүхдээ л өнчрүүлэхгүй гэсэндээ их тэвчсэн.

Тухайн хашаа байшинг өөрийн хөдөлмөрлөж олсон 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр банкны зээлийг төлж дуусгасан. Иймд хашаа байшин, газрыг Ц.Зулзаяад өгөхгүй. Ц.Зулзаяад приус маркийн 0648 УБЧ улсын дугаартай автомашин авч өгсөн. Түүний амьдралын хэрэглээнд жилийн хугацаанд 12 000 000-13 000 000 төгрөг шилжүүлсэн. Утсаар ярих болгонд мөнгө, утас явуул гэж хэлдэг. Утас аваад явуулахад хулгайд алдсан дахиад явуул гэдэг байсан. Хүүтэйгээ ярихад ээжээсээ айгаад худал ярьдаг болсон. Хүүхдүүдээ нэг, нэгээр нь асрамждаа авах хүсэлтэй байна. Миний хүү Ц.Зулзаягийн нөхөр гэх цагдаагаас айгаад миний төрсөн дүү н.Отгонзаяагийнд амьдарч байна. Өсөж яваа эрэгтэй хүүхэд буруу зам руу орчих вий гэж санаа зовж байна. Иймд гэр бүлээ цуцлуулах хүсэлттэй байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт С.Бат-Өлзий, Ц.Зулзаяа нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Батмөрөн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Нандин-Эрдэнэ нарыг эх Ц.Зулзаяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Нандинцэцэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, хүү Б.Батмөрөн, охин Б.Нандин-Эрдэнэ нарыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18/-тай бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоосон эцэг С.Бат-Өлзийгөөр сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 31-0512в тоотод байрлах, 78 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, Ү-2202021122 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18642316011539 дугаартай, 420 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг Ц.Зулзаяа, Б.Батмөрөн, Б.Нандин-Эрдэнэ нарын өмчлөлд үлдээж, Ц.Зулзаяагаас 5 000 000 төгрөг гаргуулж, С.Бат-Өлзийд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн сургалтын зардалд 160 000 төгрөгөөр тооцож, 2018 оноос 2024 он хүртэл хугацааны сургалтын зардал гаргуулах тухай Ц.Зулзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг С.Бат-Өлзийд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Зулзаяад тус тус мэдэгдэж, нэхэмжлэгч Ц.Зулзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 079 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 162 750 төгрөгийг нөхөн гаргуулж, хариуцагч С.Бат-Өлзийгөөс 94 950 төгрөгийг гаргуулж, тус тус улсын орлогод оруулж, 156 429 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Зулзаяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хүүхдээс санал асуухдаа хөндлөнгийн өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч байлцуулахгүйгээр асуусан нь хууль зөрчсөн. Мөн түүнчлэн хариуцагч С.Бат-Өлзийгийн өмчлөлийн хашаа байшин, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлж, бодит үнийг тогтоож, эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх ёстой байсан атлаа 2014 онд худалдаж авсан 20 000 000 төгрөгөөр үнэлсэн нь учир дутагдалтай тул энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаагүй. Мөн хэргийн хэргийн материалтай танилцуулаагүй бөгөөд хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Зулзаяа нь хариуцагч С.Бат-Өлзийд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр 160 000 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Ц.Зулзаяа, С.Бат-Өлзий нар нь 2006 онд гэр бүл болон хамтран амьдарч 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Батмөрөн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Нандин-Эрдэнэ нарыг төрүүлсэн, хариуцагч 2015 оны 3 дугаар сараас Солонгос улсад ажиллаж амьдарч, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 16, 18-19 дүгээр тал/

Анхан шатны шүүх гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваан шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт нийцсэн. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, бусдын эрх ашгийг хөндөөгүй болно.

Хүүхдийн асрамжийн тухайд хариуцагч хүүхдүүдийг нэг нэгээр нь авна гэх тайлбар гаргажээ. Хэргийн баримтаас үзвэл, охин Б.Нандин-Эрдэнэ бага насны хүүхэд, хүү Б.Батмөрөн нь ээжтэйгээ амьдрах санал өгсөн. 2015 оноос өнөөг хүртэл хариуцагч С.Бат-Өлзийг Солонгос улсад амьдарч байгаа нөхцөлд хүү Б.Батмөрөнг түүний асрамжид өгөх боломжгүй. Иймээс, хоёр хүүхдийн асрамжийг эхэд нь тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 болон 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг зөрчөөгүй болно. Шүүх дээрх байдлаар асрамжийн асуудлыг шийдвэрлэж, хүүхдийн саналыг авахдаа өмгөөлөгч байлцуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй. /хх-ийн 43-47 дугаар тал/

Талуудын маргаж байгаа Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 31 гудамж, 0512 В тоот хаягт байршилтай, 78 м.кв талбайтай хувийн орон сууц, 420 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө болох нь 2014 оны 02 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон. /хх-ийн 20-21 дүгээр тал/

Дээрх үл хөдлөх хөрөнгө С.Бат-Өлзийгийн нэр дээр бүртгэлтэй байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т нийцжээ. Хариуцагч уг хөрөнгийг хуваарьт хөрөнгө гэж маргах боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй байна.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваан шийдвэрлэхдээ зохигчдын гаргасан тайлбарт үндэслэн үл хөдлөх хөрөнгийн үнийг 20 000 000 төгрөгөөр тооцож үнэлээд хамтран эзэмших дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хувийн сууц болон хашааны газрыг 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж зохигч тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хэн аль нь хөрөнгийн үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачлагаар үнэлгээ тогтоох боломжгүй тул талуудын гаргасан тайлбарын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаас сургалтын зардалтай холбоотой хэсгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв ба нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж оролцсон, шүүхээс түүнд эрх үүргийг тайлбарлан танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан, хурлын товыг хуульд зааснаар мэдэгдэж 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон боловч төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч өөрөө шүүх хуралдаанд оролцоно гэсэн тайлбарыг гаргаж хуралдааныг хойшлуулж байжээ. /хх-ийн 121-125 дугаар тал/

Шүүх дараагийн шүүх хуралдааныг боломжит хугацаагаар буюу 1 сар орчим хугацаагаар хойшлуулж, хариуцагчид хэргийн материалтай танилцах тухай болон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар удаа дараа мэдэгдэж байсан боловч тэрээр шүүхэд хүрэлцэн ирээгүй байна. /хх-ийн 132-133,134-139 дүгээр тал/ Шүүх хуралдааны товыг лавлах, хэргийн материалтай танилцах үүргээ хэргийн оролцогч өөрөө биелүүлээгүй, эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэх үндэслэл болохгүй.

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ