| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00075/И |
| Дугаар | 302/ШШ2025/00161 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар , |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2025/00161
| 2025 02 21 | 130/ШШ2025/00161 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.С. Хаяг: Баймаг, Нсум, 9 дүгээр баг, Цтосгонд оршин суух, одоогоор Б аймгийн Тсуманд оршин суух хаягтай,
Хариуцагч: Н.Е. Хаяг: Баймаг, Н сум, 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух үндсэн хаягтай,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг өөрийнхөө асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.С, түүний өмгөөлөгч С.Н,
Хариуцагч Н.Е /Улаанбаатар хотоос цахимаар/
Орчуулагч М.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Н.Ед холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хоёр хүүхдийг өөрийнхөө асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие Н.Етай 2014 оны 07 дугаар сард гэр бүл болж, гэрлэлтэй 2015 оны 12 дугаар сард бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болсон. Энэхүү гэр бүл болсны дараа 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Е.А нар төрсөн бөгөөд хоёр хүүхэдтэй.
1.2 Би тус аймгийн Нсумын 9 дүгээр баг буюу Цтосгонд нярав ажилтай. Нөхөр маань 2022 оны 4 дүгээр сард бидний орхиод Улаанбаатар хотод ажил хийхээр явж түүнээс хойш ирээгүй. Бид хоёр тусдаа амьдраад 3 жил болж байна.Бид хоёр одоо хайр сэтгэлгүй болсон. Хоёулаа гэрлэлтийг цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа болно.
1.3 Энэхүү тусдаа амьдарсан хугацаанд нөхөр Н.Е нь нэг ч төгрөгийн туслалцаа дэмжлэг үзүүлж байгаагүй ба би хоёр хүүхдээ өөрөө асарч байгаа. Нэгэнт дахин нийлэх ямар ч боломжгүй болсон тул бид хоёр гэрлэлтийг цуцлуулахыг зөвшөөрч байна.
1.4 Иймд шүүхээс хүсэх нь нөхөр Н.Е бид хоёрын гэрлэлтийг цуцалж хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч Н.Е хариу тайлбар, зөвшөөрөл:
2.1 Миний бие Баймгийн Тсумын 5 дугаар багт амьдардаг байсан ба эхнэр Т.Стэй 2015 оны 7 дугаар сард гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. Эхнэр Т.С нь тус аймгийн Цтосгонд ажилд орж улмаар нүүж очиж тэндээ амьдарч байсан. Харин одоо Баймгийн Тсуманд оршин сууж байгаа.
2.2 Эхнэр бид хоёр 2022 оноос эхлэн хоорондоо маргалдаж улмаар 2022 оны 4 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа болно.Би хоёр хүүхэдтэй боломжтой үед уулзаж гэртэй ирээд явдаг. Эхнэр бид хоёр хоёулаа гэрлэлтийг цуцлуулахыг зөвшөөрч байгаа болно.
2.3 Харин би хоёр хүүхдийн асрамжийн мөнгийг хуульд заасан хэмжээгээр төлөх болно. Иймд эхнэр Т.С бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсье гэв.
/
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх,000000000дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Е.Жы 000000000 дугаартай,Е.Арийн00000000дугаартай тус тус төрсний гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 30 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Баймгийн Ногнооннуур сумын Цтосгоны Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 болон 07 тоот албан бичгээр олгосон тодорхойлолт, Баймгийн Цтосгоны захирагчийн албаны захирагчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт зэрэг нотлох баримтыг нэхэмжлэгчээс,
4. Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаар гэрлэгсдийн хүүхэд нь болох Е.Ж, Е.Ар нарын саналыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан тэмдэглэлийг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэгч Т.С даарах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...нөхөр Н.Етай 2015 онд гэр бүл болж, гэр бүл болсноос хойш хоёр хүүхэдтэй болсон.Гэтэл нөхөр Н.Е нь 2022 оны 4 дүгээр сард бидний орхиж яваад түүнээс хойш тус тусдаа амьдарч байгаа болно.Бид хоёр нэг нэгэндээ гэсэн ямар ч сэтгэлгүй болсон. Нөхөр ч гэсэн гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байна гэжээ.
8.Хариуцагч Н.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: бид хоёр 2015 оны 7 дугаар сард гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. Бид хоёр 2022 оны 4 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд эхнэр маань намайг гэр бүлээс гадуурх хүнтэй явалддаг гэж хардаж маргалдаж түүнээс болж тус тусдаа явсан. Одоо бид хоёр хайр сэтгэлгүй болсон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хоёр хүүхдүүдтэй тэтгэмжийн мөнгийг боломжоор өгөх болно гэж тайлбарлажээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1 Нэхэмжлэгч Т.С, хариуцагч Н.Е нар нь 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болох нь 8331000047 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, тэдний дундаас 2016 оны 7 дугаар сарын 12-ний өдөр хүү Е.Ж, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Е.Ар нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээ, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.
9.2 Гэрлэгчид 2014 оны 7 дугаар сард гэр бүл болсноос хойш сайн сайхан амьдарч байсан боловч 2022 оны 4 дүгээр сараас гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж тус тусдаа явж түүнээс хойш тусдаа амьдарч байгаа байдал болон нэхэмжлэгчээс шүүхэд гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргааны асуудлаар хандсанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдахад гэрлэгчид гэрлэлтээ үргэлжлүүлэхээс татгалзсан учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон мөн гэрлэгчдэд гэрлэлттэй цуцлуулахыг харилцсан зөвшөөрч байгаа тул гэрлэгчид болох Т.С, Н.Е нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
9.3 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох,... асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан.
9.4 Гэрлэгчид 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсноос хойш 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Е.Ж, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Е.Ар нар төрсөн ба тэд одоо нэхэмжлэгч буюу эхтэй хамт тус аймгийн Цтосгонд амьдарч байгаа болох нь тус тосгоны захирагчийн тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогдож байгаа ба Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйл, 35 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
9.5 Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж, мөн зүйлийн 4.5-д Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ гэж заасан тул шүүх хүүхдийн эрх ашгийг нэн түрүүнд авч үзэх үүрэгтэй ба хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн нас буюу бага насны, эсхүл насанд хүрээгүй байдал, цэцэрлэгт хүмүүжигдэж, эсхүл сургуульд сурч байгаа зэргээс шалтгаалан тухайн насны хүүхдийн хөгжил, хүмүүжлийн онцлогийг харгалзан үзэх ёстой байдаг.
9.5 Гэтэл хариуцагч Н.Е нь хүүхдийн асрамжийн болон тэжээн тэтгэх үүргийн хувьд маргаагүй , зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд болон шүүх хуралдаанд илэрхийлсэн байна.
10. Иймд дээрх үйл баримтаас дүгнэж гэрлэгчид Т.С, Н.Е нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 12-ний өдөр хүү Е.Ж, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Е.Ар нарыг эх нь Т.Сийн асрамжид үлдээж, тэд нарыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг нь Н.Егаар сар бүр тэжээн тэтгүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хуулиар хориглосон байдаг тул зохигчид нь хүүхдийг хэзээ, хаана, ямар хугацаагаар эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн асуудлыг хэрхэн ярилцаж шийдвэрлэж байх талаар харилцан ойлголцож, тодорхой болгох эрх нь нээлттэй байх тул эцэг, эхийн хэн аль нь хүүхэдтэйгээ түүний оршин сууж буй газарт очиж хүссэн цагтаа чөлөөтэй очиж уулзах эрхээ хэрэгжүүлэхэд нь харилцан саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт үүрэг болгож шийдвэрлэв.
11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т.С, Н.Е нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Е.Ж, 2017 оны 12 дугаар сарын 17-ний өдөр төрсөн охин Е.Ар нарыг эх нь болох Т.Сийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Е.Ж, 2017 оны 12 дугаар сарын 17-ний өдөр төрсөн охин Е.Ар нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Егаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Е.Ж, охин Е.Ар нарыг өсгөн хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хэн аль нь тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба эцэг, эхийн хэн аль нь хүүхдүүдтэйгээ хүссэн цагтаа чөлөөтэй уулзах эрхээ хэрэгжүүлэхэд нь харилцан саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Т.С, хариуцагч Н.Е нарт үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Егаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Сд олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ