Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00162

 

 

 

 

 

 

 

2025 02 21

302/ШШ2025/00162

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ж аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Н.М. Хаяг: Ж аймаг, Т сум, 03 дугаар багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Ардын армийн 119 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.М нь анх шүүхэд Ардын армийн 119 дүгээр ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал цэргийн албан хаасан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргасан байна.

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагаа тодруулж Ардын армийн 119 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаат цэргийн алба хааснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч Н.М нь Ж аймгийн Тсумын уугал иргэн бөгөөд тэрээр 1981 онд Эрхүүгийн улсын багшийн дээд сургуульд орж 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Орос хэл ба уран зохиолын багш мэргэжлээр төгссөн байна. Сургуулиа төгсөж ирээд цэрэгт татагдаж нэг жилийг хугацаагаар цэргийн албаа хаасан байна.

1.2 Гэтэл Батлах хамгаалах төв архиваас олгосон хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд түүнийг БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Ж аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 0119 дүгээр ангид цэргийн алба хааж,ангийн захирагчийн 1988.10.10-ны өдрийн 281 дүгээр тушаалаар 1988.10.10-ны өдөр тасалбар болгон цэргийн албанаас халагдсан гэсэн байна. Хүсэлт аргагч Н.М нь ОХУ төгссөн дээд боловсролтой учраас тухайн үед үйлчилж байсан Цэрэгийн үүрэгтний хуулиар 1 жилийн хугацаатай цэргийн албаа хаах үүрэгтэй байсан байна.

1.3 Батлан хамгаалах төв архиваас олгосон хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд Н.М нь цэргийн жинхэнэ албыг 11 сар 25 хоног хаасан байдалтай бичигдсэнээс болж түүний цэргийн алба хаасан хугацаа нь өндөр насны тэтгэврийн хугацаанд орохгүй тэрээр хохирч байна.

1.4 Хэдийгээр шүүхийн зүгээс авсан лавлагаанд мөн адил тэгж бичигдсэн байгаа боловч уг албан бичгээр ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлд авсан байх тул тухайн хугацаанаас 1988 оны 10 дугаар сарын 10-ны хүртэл Ардын армийн 0119 дүгээр ангид цэргийн албан хаасан болохыг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар,Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06/1551 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, хүсэлт гаргагчаас өмгөөлөгч Я.Сд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 /гурван/ жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл, Эрхүүгийн Улсын Багшийн дээд сургуулиас Орос хэл ба уран зохиолын мэргэжлээр төгссөн КВ№00000дугаартай Дипломын орос хэл дээр болон монгол хэл дээр орчуулгатай хамт, № 00000 дугаартай Цэргийн батлах зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг лавлагаа, Цэргийн батлах, Дипломын эх хувь, мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025.02.14-ний өдөр гаргасан Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлага тодруулсан тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47,48,49 дугаартай мөн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 152 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/58 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагч болон түүний эхнэрийн ХААТР маягтууд, Батлан хамгаалахын төв архивын даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай албан бичиг,уг албан бичгээр ирүүлсэн 08/397 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 08/43 дугаартай албан бичиг, Батлан хамгаалахын төв архивын даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай албан бичгээр ирүүлсэн 05/789 дугаартай хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаа,уг албан бичгээр ирүүлсэн 08/397 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хүсэлт аргагч Н.М нь ОХУ төгссөн дээд боловсролтой учраас тухайн үед үйлчилж байсан Цэрэгийн үүрэгтний хуулиар 1 жилийн хугацаатай цэргийн албаа хаах үүрэгтэй байсан байна. Батлан хамгаалах төв архиваас олгосон хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд Н.М нь цэргийн жинхэнэ албыг 11 сар 25 хоног хаасан байдалтай бичигдсэнээс болж түүний цэргийн алба хаасан хугацаа нь өндөр насны тэтгэврийн хугацаанд орохгүй тэрээр хохирч байна. Шүүхийн санаачилгаар авсан тухайн үед хөтөлсөн цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлд авсан байх тул тухайн хугацаанаас 1988 оны 10 дугаар сарын 10-ны хүртэл Ардын армийн 119 дүгээр ангид цэргийн албан хаасан болохыг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэжээ.

6. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/43 тоот албан бичигт: Нуригийн Махаббатын Ардын армийн 119-р ангид 1987-1988 онд цэргийн алба хаасан талаарх лавлагаа нь Батлан хамгаалах яамны Төв архиваас боловсруулагдах тул тус архивд хандана уу гэсэн ба Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай албан бичгээр Н.Мын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетыг хуулбарлан ирүүлсэн бөгөөд хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар Н.М БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Ж аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албан татагдан Ардын армийн 119 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар 1988.10.01-ний өдөр 0000 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэж лавлагаа олгосон байжээ.

7.Гэвч Нуригийн Махаббат нь Ж аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албан татагдсан талаар бичигдсэн боловч цэргийн бүртгэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдэж БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар 1988.10.01-ний өдөр бус Ардын армийн 119 дүгээр ангийн захирагчийн 1988.10.10-ны өдрийн 281 дүгээр тушаалаар 1988.10.10-ны өдөр цэргийн 00000 дугаар батлахтай халагдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд

7.1 Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай албан бичгээр Н.Мын цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад: Нури Махаббат, 1963.03.11-ний өөр төрсөн, яс үндэс Казах, Үндсэн захиргаа Толбо, гэрийн хаяг Ттөв, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө 8 жилийн дунд сургуульд Орос хэлний багш, хаана, ямар сургууль, курс сурсан эсэх дээр ЗХУ Эрхүү хотын багшийн дээд сургуулийн орос хэлний факультет, мэргэжил орос хэлний багш, ам бүл 8, Аав Нури 8 жилд багш, 55 настай, эх Күлзада 50 настай гэрт, 5-19 насны 5 дүүтэй гэж бичигдэж, хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж Ж аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет мөн цэргийн батлахын дугаар 0000 гэж тус тус бичигдэж, цэргийн бүртгэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан талаар бичигдсэн байв.

7.2 Хүсэлт гаргагч Н.М нь цэргийн алба хаахаас өмнө 1981 онд Эрхүүгийн улсын багшийн дээд сургуульд элсэж 1986 онд тус дээд сургуулиас Орос хэл ба уран зохиолын багш мэргэжлээр төгссөн болох нь 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон 00000000 дугаартай Дипломоор нотлогдож байна.

7.3 Хэдийгээр хүсэлт гаргагч Н.М нь БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Ж аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан талаар мөн түүний 0000 дугаартай Цэргийн батлахын 4-р хуудсанд 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанд татагдсан талаар, мөн 7-р хуудсанд ангийн дансанд 1988.10.21-ний өдөр бүртгэгдсэн талаар тус тус бичигдсэн байгаа боловч анхлан хөтлөгддөг цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад бүртгэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан талаар бичигдсэн байх тул шүүхээс уг бичгийн нотлох баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цэрэгт татагдсан байна гэж дүгнэлээ.

7.4 Батлан хамгаалахын төв архивын даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 99 дүгээр албан бичгээр ирүүлсэн 08/789 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: Н.М нь БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Ж аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албан татагдан Ардын армийн 119 дүгээр ангид алба хааж байгаад Ардын армийн ангийн захирагчийн 1988.10.10-ны өдрийн 281 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанаас халагдаж байгаа учир 1988.10.10-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэжээ.

7.5 Энэ нь хүсэлт гаргагчид Ж аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон №0000 дугаартай Цэргийн батлахын эхний хуудсанд овог Нурый, нэр Махаббат, 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, яс үндэс казах, МХЗЭ-ийн гишүүнд элссэн он 1979, бүрэн дунд боловсролтой талаар бичигдэж, батлах олгосон цэргийн хэлтсийн дарга гэдэг дээр Цэргийн хэлтсийн дарга Дээд хурандаа К.С гэж бичиж тус хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

-Уг дэвтрийн 4 дүгээр хуудсанд 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанд татагдсан талаар бичигдэж тус аймгийн Цэргийн хэлтсийн дарга нь татаж гарын үсэг зурж тус хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан.Дэвтрийн 12-р хуудсанд Цэргийн тангаргийг 1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 198 дүгээр ангид өргөв. Штабын дарга х/у Ш.Т  бичиж тус ангийн тамгыг дарж баталгаажуулсан байгаа боловч дэвтрийн 14-рт хуудсанд Төлөв даруу зантай. Ажилсаг хичээнгүй, үнэн ч шударга.Хамт олны дунд нэр хүндтэй, өгөгдсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг гэж 119 дүгээр ангийн дарга П.ПП улс төрийн орлогч Х.Б, Штабын дарга Ц.Б гэж тус тус бичиж татаж гарын үсэг зурж 119 дүгээр ангийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

-Мөн дэвтрийн 5-р хуудсанд Цэргийн албанаас халсан тухай бичигдсэн хэсэгт Ангийн захирагчийн 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 281 дүгээр тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Ж аймагт явуулав гэж бичиж 119 дүгээр ангийн дэд хурандаа Т.П гэж бичиж татаж гарын үсэг зурж тус ангийн тамгыг дарж баталгаажуулсантай тохирч байна.

-Дэвтрийн 28-р хуудсанд шинэчлэн бүртгэлтэд бүртгэгдсэн тухай гэдэг дээр 1986.09.04-ний өдөр, 1987.01.09-ний өдөр,1988.10.16-ний өдөр, 1989.01.11-ний өдөр, 1990.01.17-ний, 1991.01.15-ний, 1993.01.05-ны өдөр, 2010.01.11-ний өдрүүдэд тус тус бүртгэсэн тухай тэмдэглэл үйлдэж тухайн тэмдэглэл үйлдсэн эрх бүхий албан тушаалтнуудаас тус тус татаж гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан.

7.6 Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/58 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Н.Мын 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хөтлөгдсөн ХААТР-1(А) маягтын 16-рт хэсэгт цэргийн албан хаасан байдал гэдэг дээр хаасан гэж бичигдсэн байв.

8. Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагч Н.М нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь нотлогдон,тогтоогдсон тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж түүний Ардын армийн 119 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Хүсэлт гаргагч Н.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ардын армийн 119 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлаа тогоолгохоор шүүхэд хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь.

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.М нь Ардын армийн 119 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ж аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ