Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/118

 

  2025            01             21                                       2025/ДШМ/118

 

У.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Эрхэмбаяр,

шүүгдэгч У.М-гийн өмгөөлөгч М.Даваадорж,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.М-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд  холбогдох 2208 00880 0104 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Уранчимэгийн У.М, 1989 оны 12 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “00000” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 00 дүгээр гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 000000000/,

Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 827 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч У.М нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Г.А-ийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Алтан гинж зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 00000000 дугаарын данс руу 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.М давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан гэх үндэслэлээр хорих ял оногдуулсан. ...Миний бие үйлдсэн хэргээ зөвшөөрч, маш их гэмшиж байна. ...Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. ....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасныг харгалзан үзэхийг хүсэж байна. ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс илүүтэйгээр гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. ....Иймд гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү....” гэжээ.

Шүүгдэгч У.М-гийн өмгөөлөгч М.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний үйлчлүүлэгч хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 500,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн. Анхан шатны шүүх “шүүгдэгч У.М-д хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй, урьд нь өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 3 удаа ял шийтгүүлсэн” гэж үзэж, миний үйлчлүүлэгчид 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, У.М-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Миний бие өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор О.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдалд тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч урьд нь 3 удаа ял шийтгэгдэж байсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршиг, удаа дараагийн хууль бус үйлдэл, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн хандлага зэргийг харгалзан үзэж, У.М-д 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.М нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Г.А-ийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Алтан гинж зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 00000000 дугаарын дансаар 500,000 /таван зуун мянган/ төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.А: “...Гинж зарна гэсэн зар хараад тэр хүнтэй холбогдсон. ...Гинжний мөнгө болох 500,000 төгрөгийг шилжүүлчээд буцаад залгах гэтэл утсаа авахгүй байсан. ...Тэгээд би уг зар байршуулсан пейж хуудас руу орох гэтэл миний “Аагий Аагий” нэртэй фейсбүүк-ийг блок хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

шүүгдэгч У.М сэжигтнээр: “....Би цахим орчинд алт, монет зарна гэж өөрийнхөө дугаарыг байршуулан иргэдийг залилдаг. ....500,000 төгрөгийг хуурамч зар байршуулж хүн залилж мөнгө авсан. ...Тухайн мөнгийг архи ууж дуусгасан. ...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст залилангийн хэргээр шалгагдаж байгаа. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх 32-33/,

хохирогч Г.А-ийн дансны хуулга 500,000 зарлага /хх 36/, хохирогчоос шүүгдэгч рүү 500,000 шилжүүлсэн баримт /хх 17/, шүүгдэгч хохирогч нарын хоорон дахь цахим зурвас бичвэр /хх 17-23/, хохирогчид 500,000 төгрөгийг төлсөн баримт /хх 132/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

2. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.Мг залилах гэмт хэргийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

3. Шүүгдэгч Р.Б “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь удаа дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх” эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж энэ байдалдаа огт дүгнэлт хийлгүйгээр дахин “Өмчлөх” эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч У.М-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ