Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 589

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн ЭрүүгийнOK хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч П.Золбаяр, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Сохо мебель” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 147 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:УП89022830/, Шилт овогт Палчингомбын Золбаярт холбогдох эрүүгийн 1805012370596 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

П.Золбаяр нь 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны гадна иргэн С.Батсайханы эзэмшлийн Canon 5D марк-3 загварын зургийн аппаратыг “хэд хоног түрээслээд өгье”  гэж хуурч аван 6.395.880 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт:  2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр амаар гэрээ хийж авсан.  Би 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор гэрээ байгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нөгөө компани нь чанарын шаардлага хангахгүй байна гэж үндэслэлээр хүлээж аваагүй. Надад ямар нэгэн байдлаар залилх зорилго байгаагүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Батсайхан мөрдөн байцаалтанд”...надтай нэг группт хамт ажилладаг байсан П.Золбаяр 2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлээд миний Canon 5D марк-3 зургийн аппаратыг 150.000 төгрөгөөр түрээслэе гэж гуйгаад байсан юм. Тэгээд би эхлээд зөвшөөрөхгүй байж байгаад Золбаярыг гуйгаад болохгүй болохоор нь таньдаг юм чинь гээд итгээд өөрийнхөө аппаратыг 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байдаг 57 дугаар байр болох гэрийнхээ гадна өгсөн юм. Золбаяр тэр үед өөрийнхөө машинтай ирж миний зургийн аппаратыг авсан. Би Золбаярт харуулж байгаад зургийн аппаратынхаа сериал дугаарынх нь зургийг дарж авч баримтжуулсан. Тэгээд тэрнээс хойш Золбаяр удаахгүй маргааш өгнө гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Харин би Золбаярыг их дэлгүүрийн тэнд байдаг ОК  нэртэй ломбарданд миний зургийн аппаратыг 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг өөрөөс нь олж мэдсэн...”  /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Г.Алтанхуяг мөрдөн байцаалтанд: “Манай ломбарданд Золбаяр нь Canon 5D марк-3  зургийн аппаратыг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3.300.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан юм. Золбаяр нь өөрөө бичиг баримттайгаа ирж тавьсан. Би хууль бус эд зүйл гэдгийг мэдээгүй. Золбаяр надад хэлэхдээ өөрийнхөө албаны аппарат гэж хэлсэн...” /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27/, П.Золбаяр, С.Батсайхан нарын хоорондоо харьцсан мессеж /хх-ийн 40/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 39/,

 

Сэжигтнээр П.Золбаяр мөрдөн байцаалтанд: “Би 2018 оны 01 дүгээр сарын эхээр хуучин хамт ажилладаг байсан Батсайханаас Canon 5D марк-3 загварын хар өнгийн зургийн аппаратыг нь 2 долоо хоногийн хугацаатай өдрийн 50.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож авсан юм. Тэгээд би зургийн аппаратыг нь авснаасаа хойш тухай бүр нь түрээсийн мөнгөө шилжүүлж байсан. Зургийн аппаратыг нь би реклам зар сурталчилгааны зураг авах гэж түрээслэж авсан. ...надад мөнгөний хэрэг гараад Батсайханы аппаратыг Ок ломбарданд тавьчихсан юм...” /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор П.Золбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 55/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

П.Золбаяр нь 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны гадна иргэн С.Батсайханы эзэмшлийн Canon 5D марк-3 загварын зургийн аппаратыг “хэд хоног түрээслээд өгье” гэж хуурч аваад уг аппаратыг “ОК” ломбарданд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3.300.000 төгрөгийн барьцаанд тавьж бусдад 6.395.880 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Батсайханы”... Золбаярыг гуйгаад болохгүй болохоор нь таньдаг юм чинь гээд итгээд өөрийнхөө аппаратыг өгсөн...ОК  нэртэй ломбарданд миний зургийн аппаратыг 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг өөрөөс нь олж мэдсэн...” /хх-ийн 20/, гэрч Г.Алтанхуягийн”...манай ломбарданд Золбаяр нь Canon 5D марк-3 загварын зургийн аппаратыг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3.300.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан...”/хх-ийн 22/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27/, утасны мессеж /хх-ийн 40/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 39 /зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч П.Золбаяр мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...надад мөнгөний хэрэг гараад Батсайханы аппаратыг “ОК” ломбарданд тавьчихсан юм...” /хх-ийн 30/ гэсэн мэдүүлгээр давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр “П.Золбаярыг ялимгүй зүйлээр яллаж болохгүй, түүний холбогдсон энэ асуудал бол иргэд хоорондын гэрээний харилцаа байх тул П.Золбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргалаа.

 

Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуульд заасан хууль тогтоомжийн ойлголтыг ойлгох бөгөөд П.Золбаярын холбогдсон Батсайханы Canon 5D марк-3 загварын зургийн аппаратыг “хэд хоног түрээслээд өгье” гэж хуурч аваад уг аппаратыг “ОК” ломбарданд 3.300.000 төгрөгийн барьцаанд тавьсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна. 

 

Иймд түүний өмгөөлөгчөөс гаргасан П.Золбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хүлээж авах боломжгүй юм.

 

Харин улсын яллагчаас П.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь  хуулийн үндэслэлтэй байх тул,

Прокуророос П.Золбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч П.Золбаярыг бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөрөөс хохирогч С.Батсайхан болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол барагдуулсан 2 хуудас баримт  гаргаж хэрэгт хавсаргуулав.

 

Уг баримтанд иргэний нэхэмжлэгчээр шүүхийн шатанд тогтоогдсон ОК ломбарданд гэрээний дагуу төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр барагдуулж Canon 5D марк-3 загварын зургийн аппаратыг авч мөн энэ өдөр биет байдлаар хохирогч С.Батсайханд буцаан өгснөө нотариатаар баталгаажуулсан баримт үйлдсэн байна.

   

Түүнчлэн уг баримтанд 7 сая төгрөг мөнгөн хэлбэрээр төлөгдсөн мэт 7 сая төгрөгийг барагдуулсан гэж бичигдсэн байх  боловч тухайн зургийн аппаратны  эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн 6.395.880 төгрөгийг оруулан тооцсон, бодит байдал дээр шүүгдэгч П.Золбаяр нь хохирогч С.Батсайханд 604120 төгрөг өгчээ.

 

Иргэний нэхэмжлэгч байгууллага болон хохирогч С.Батсайхан нараас “нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн бичгийн хүсэлт тус тус шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч П.Золбаярыг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс “бусдыг хуурч эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон П.Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч П.Золбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч П.Золбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

  1. Шилт овогт Палчингомбын Золбаярыг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч П.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. П.Золбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Золбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ