Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ20176/00209

 

Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож,  Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00905 дугаар шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 2025 дугаар магадлалтай,

Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй,

Ц.Баярмаад холбогдох,

Өмчлөгчөөр тогтоолгох, торхон байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай үндсэн,

Гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Д.Алтантуяа түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Ц.Баярмаа түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Баярмаатай тохиролцож Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18б тоот хашаа, байшинг 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13.000.000 төгрөгөөр авахаар болж нийт 11.000.000 төгрөг төлсөн. Ц.Баярмаа тухайн газрыг 227 м.кв, 200 м.кв талбайгаар хуваасан байдаг. 2010 онд бид хашааг бүтнээр нь худалдах, худалдан авах тухай эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 845 дугаар захирамж гарсан. 2012 онд Ц.Баярмаа нь Д.Алтантуяад холбогдуулан “Хашаа байшин зарсан хэлцлийг хүчингүй болгуулах, хэлцлээр шилжүүлсэн хашаа, байшинг буцаан авах тухай” нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү худалдан авсан газар, байшинтай холбоотой хийгдсэн улсын бүртгэлийн асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101 дүгээр шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18б тоот хаягт байрлах 427 м.кв газрыг 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаа, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа, 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц.Баярмаа, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Баярмаа, Г.Батнуурын нэр дээр тус тус бүртгэсэн Г-2203005793, Н-2203021843 дугаартай улсын бүртгэлүүдийг болон тэдгээрийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 00349830 дугаартай гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжийн Ц.Баярмаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоох асуудлаар иргэний шүүхэд хандах нь  зүйтэй гэж  шийдвэрлэсэн.  Иймд намайг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18б тоотод байх 427 м.кв газар, 37.4 м.кв хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, уг газар дээр Г.Батнуурын нэрийг барин манай хашааг дур мэдэн хувааж, 2015 онд барьсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Баярмаа шүүхэд гаргасан тайлбар болон  сөрөг нэхэмжлэлдээ: 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Алтантуяа нь 6x8 харьцаатай өвлийн байшин, 427 м.кв талбай бүхий газраас 226 м.кв талбайг автомашины гараашийн хамт 13.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 11.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгөөгүй. Д.Алтантуяа өөрийгөө хохирсон гэх боловч үнэн хэрэгтээ би цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Маргаж буй газар, байшинг би хууль ёсоор өмчилсөөр ирсэн. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үед төлөхөөр тохирсон ба уг үүргийг зохих ёсоор, шударгаар биелүүлсэн боловч үлдэгдэл төлбөрийг өгөөгүй тул гэрээнээс татгалзах тухай удаа дараа мэдэгдсэн. Иймд 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн харилцан тохиролцсон гэрээнээс татгалзаж байгааг баталж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18б тоотод байх гэр бүлийн хэрэгцээний 427 м.кв газар, уг газар дээр байрлах 37.4 м.кв талбайтай байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Алтантуяа сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тухайн газрыг худалдан авч мөнгө төлсний үндсэн дээр орж амьдарч байгаа бөгөөд хүний газрыг хулгайлж, дээрэмдээгүй. Бичиг баримтаа шилжүүлж өг гэсэн шаардлага тавихад барьцаанд тавьдаг, эсвэл өөр хүний нэр дээр шилжүүлдэг. Бид адилхан эрх үүрэг хүлээж тухайн гэрээг байгуулсан. Баярмаа гэрээний үүргээ биелүүлээгүй байж гэрээний үүргээс татгалзах эрхгүй, гэрээнээс татгалзаж байгаа гэсэн мэдэгдлээ надад өгөөгүй. Гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 186, 223, 229 заасныг зөрчсөн байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00905 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан  Д.Алтантуяаг  Улаанбаатар  хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн  сэлбийн  4 дүгээр гудамж, 18б тоотод  байрших  226 м.кв талбай бүхий газар, 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр  тогтоож,  үлдэх 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох болон 2015 оны 09 дүгээр сард барьсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Баярмааг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18б тоотод байрших 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлээс 226 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох болон 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Харилцан тохиролцсон гэрээ”-ээс татгалзаж байгааг батлуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Баярмаагаас 222.950 төгрөг гаргуулан Д.Алтантуяад олгож, Д.Алтантуяагаас 70.200 төгрөг гаргуулан Ц.Баярмаад, 70.200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 2025 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00905 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Должингийн Алтантуяаг  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18б тоотод байрших 226 м.кв талбай бүхий газар, 37.4 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үлдэх 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 09 дүгээр сард барьсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасныг баримтлан Цэвэгжавын Баярмааг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 18б тоотод байрших 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлээс 226 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох болон 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Харилцан тохиролцсон гэрээ”-ээс татгалзаж байгааг батлуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Алтантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн Д.Алтантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00905 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025 дугаар магадлалуудыг эс зөвшөөрч, доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэр болон магадлалаар хэргийг хянан шийдвэрлэхдээ:

1. 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж, 186 тоот хаягт байрлах 226 м.кв газар, түүн дээр байрлах 6*8 хэмжээтэй граш бүхий өвлийн 2 давхар байшинг 13.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2013 оны 743 дугаар шийдвэрээр 226 м.кв газрын байшингийн хамт худалдаж авсан гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнээд хүчин төгөлдөр болсон.

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 845 дугаар шүүгчийн захирамжаар 200 м.кв газарт Ц.Баярмаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоолгох тухай шаардлагыг Д.Алтантуяа нь хүлээн зөвшөөрсөн, мөн хуулийн хүчин төгөлдөр болсон” гэж тус тус дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анх 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан харилцан тохиролцооны гэрээгээр 427 м.кв хэмжээтэй газрыг байшингийн хамт 13.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилан 7.000.000 төгрөгийг урьдчилж өгч, байшиндаа орсон, гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байдаг.

Гэтэл гэрээнд тухайн үедээ бус сүүлд нь засвар хийж, худалдаж байгаа газрын хэмжээ өөрчлөгдсөн байдаг. Энэхүү засвар сүүлд нөхөж зассан болохыг энгийн нүдээр хархад л мэдэгдэж байдаг бөгөөд Ц.Баярмаа нь санаатайгаар газрын хэмжээг засварлаж, тал төлбөр төлсөн гэдэг үндэслэлээр Д.Алтантуяаг хуурч засварласан байгаад огт дүгнэлт хийгээгүй, гэрээнд хэн засвар хийсэн, хэзээ зассан, яагаад зассан бэ гэдэг нөхцөл байдлуудыг тодруулж, гэрээний гол зүйл болох газар түүний хэмжээний талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээс хууль зүйн хувьд ямар нөхцөл байдал үүсч байна вэ гэхээр Ц.Баярмаа нь газар байшингаа 13 сая төгрөгөөр зарахаар гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн хирнээ өөрийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг болон гэрээнд хийсэн засвараа ашиглан шүүхээс янз бүрийн шийдвэр, захирамж гаргуулах замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, 200 м.кв газрын өмчлөгч болж үлдэж байгаа юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад зааснаар үзэхэд анх 427 м.кв хэмжээтэй газар гэснээсээ буцаж, 227 м.кв-аар тохирсон мэтээр гэрээг зассанаас ийнхүү маргаан үүсч байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзсэнгүй.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 743 дугаар шийдвэрт 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн харилцан тохиролцооны гэрээнд засвар орсон байгаа талаар огт дүгнээгүй, хэлцэл хүчинтэй эсэхэд зөвхөн дүгнэлт хийсэн байхад уг гэрээг үндэслэн 427 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохоор одоо маргаж байгаа иргэний хэрэгт энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм.

Гэрээнд орсон засварын талаар хэрэгт авагдсан баримтуудыг дурдвал гэрч нарын мэдүүлгүүдээр гэрээнд заасан 7 сая төгрөгийн урьдчилгаагаа авчхаад газрын гэрчилгээ гараагүй байхад дахин нэмж 4 сая төгрөгийн урьдчилгаа авахын тулд хашаагаа суллаж, 200 м.кв газар дээр амьдарч байсан хамаатнуудаа нүүлгэж өгч байсан үйл баримт тогтоогддог тул энэ нөхцөл байдалтай холбогдуулаад хархад анхнаасаа 427 м.кв-аар гэрээ, байгуулагдсан нөхцөл байдал бүрэн тогтоогдох боломжтой юм. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 845 дугаар захирамжаар иргэн Ц.Баярмаагийн Д.Алтантуяад холбогдуулан гаргасан “газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоох” тухай нэхэмжлэлтэй иргэний хянан шийдвэрлэсэн болохоос уг 200 м.кв газрын өмчлөгч, эзэмшигч нь Ц.Баярмаа гэдгийг тогтоогоогүй юм. Түүнчлэн Д.Алтантуяа би тухайн үед Ц.Баярмаагийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бус харилцан тохиролцож эвлэрсэн бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэл дээр нь тусгагдаж, эвлэрлийн гэрээг бичгээр авав гэсэн боловч шүүгчийн захирамж гарахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж гэж гаргаж, эвлэрлийн гэрээг хэрэгт хавсаргаагүй юм.

Мөн тухайн үед бол Ц.Баярмаагийн нэр дээр газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан боловч одоо бол уг 200 м.кв газрын өмчлөгч биш болж, улсын бүртгэл хүчингүй болсон байхад өмчлөх эрхэд саад болж буй үйлдлийг таслах зогсоох шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж амьдрал дээр хэрэгжих боломжгүй байхад дээр шүүгчийн захирамжийг шийдвэр, магадлалын гол үндэслэл болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Миний бие Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Баярмаа, Г.Батнуур нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлүүд болон улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын Ц.Баярмаад өмчлүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101 дүгээр шийдвэрээр дээрх бүгдийг хүчингүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр одоо хуулийн хүчин төгөлдөр болсон байгаагаас хархад хариуцагч Ц.Баярмаа миний өмчлөх эрхтэй 200 м.кв газрыг хууль бусаар авахаар оролдож байна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалуудад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Ц.Баярмаад холбогдуулан “...427 м.кв газар, 37.4 м.кв байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, уг газар дээр баригдсан байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүсчээ.

Зохигчдын хооронд 2008 оны 12 дугаар сарын 10-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18б тоотод байрлах 226 м.кв газар, 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцыг худалдан авахаар харилцан тохирчээ /хавтаст хэргийн 10 дугаар тал/.

Гэрээнд зааснаар Д.Алтантуяа нь эд хөрөнгийн үнэд нийт 13.000.000 төгрөг төлөхөөс 11.000.000 төгрөгийг төлсөн ба газар, байшинг эзэмшиж ашиглаж байгаа, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Нэхэмжлэгчийн “...427 м.кв газар худалдан авсан” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 2025 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Алтантуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр төлсөн 140.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ