Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 434

 

“БСБ э” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн

төлөө газарт холбогдох зөрчлийн

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Мөнхтуяа

Шүүгчид:              Г.Банзрагч

                              Б.Мөнхтуяа

                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Хаш-Эрдэнийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 005548 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0597 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 558 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0597 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэг, Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Хаш-Эрдэнийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох “БСБ э” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдлоор хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 558 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “БСБ электроникс” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Зөрчил шалган шийдвэрлэх явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс  шинжээч томилон телевизорын гэмтлийн шалтгааныг тодруулахад тухайн телевизор нь шингэн зүйл буюу цэвэрлэгч болон саван шингэний найрлагад ордог химийн нэгдлээс гадны нөлөөтэй гэмтсэн гэдэг нь тогтоогдсон.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д “...тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлтээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил тогтоогдоогүй, харин Монгол хэлний тухай хуулиар тогтоосон зохицуулалтыг дагаж мөрдөөгүй болох нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гомдол гаргагчийн гаргаж өгсөн телевизорын дагалдах гарын авлага зэрэг нотлох баримтаар тогтоогдсон талаар тусгаж оролцогч нарт танилцуулсан.

5. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд тус компаний зүгээс гомдол гаргаагүй, эрх бүхий прокурорын байгууллагаас тухайн асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа гарсан талаарх ямар нэг шийдвэр байхгүй зэргээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж байгаа магадлалыг эс зөвшөөрч байна.

6. Иргэн А.Энхчимэг болон нөхөр С.Сүнчин нарын өргөдөл, гомдлоор “БСБ электроникс” ХХК-д холбогдох 1902000073 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг буртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилон гэмтлийн шалтгааныг тодруулахад тухайн телевизор нь шингэн зүйл буюу цэвэрлэгч болон саван шингэний найрлагад ордог химийн нэгдлээс гадны нөлөөтэй гэмтсэн гэдгийг тогтоосон. Тухайн телевизорын гадны нөлөөтэй гэмтсэн явдлыг “БСБ электроникс” ХХК нь “Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Монгол Улсын иргэн бүр ... монгол хэлээр мэдээлэл авах... нөхцөлөөр хангагдах эрхтэй”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна”, 6.1.1-д ...хуулийн этгээдийн үйл ажиллагаа...” гэсэн Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалтыг дагаж мөрдөлгүй бараа, бүтээгдэхүүнийхээ дагалдах гарын авлага, тайлбарыг гадаад хэл дээр худалдан борлуулснаас зөрчил үүссэн нөхцөл байдал тогтоогдсон байтал давж заалдах шатны шүүхээс тухайн компаний үйл ажиллагааг “компаний үйл ажиллагаа гэдэг ойлголтод компанийн ашгийн төлөөх бүхий л үйл ажиллагаа болон дотоод бүртгэлт, албан хэрэг хөтлөлт гэх зэргийг бүхэлд нь хамааруулан авч үзэх шаардлагатай” гэх байдлаар хэрэгт шууд хамааралтай бус дүгнэлт хийх замаар анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж шийдвэрлэснийг үндэслэл бүхий дүгнэлт гэдэгт санал нийлэхгүй байна.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 558 дугаар магадлалаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх процедуртай холбоотой хэм хэмжээг бодит байдлаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Д.Х-Э нь, иргэн А.Э, С.С нараас гаргасан “...“БСБ э” ХХК-иас худалдан авсан 49 инчийн “Панасоник” брендийн телевизорын уян зам баталгаат засварын хугацаандаа гэмтсэн байхад тус компанийн зүгээс манайд хамааралгүй, баталгаат хугацаа үйлчлэхгүй гэж, засварлаж өгөхгүй, хэрэглэгчийг хохироож байна” гэх гомдлын дагуу 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулснаар телевизорын тухайн гэмтэл нь гадны нөлөөтэй, худалдагчаас тогтоосон баталгаат хугацаанд хамаарахгүй болохыг тогтоож, харин “БСБ сервис” ХХК нь борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байдлаар өгөөгүй нь Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3,6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь Монгол хэлээр байна гэснийг зөрчсөн гэж үзэн, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаар Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “БСБ э” ХХК-ийг нэг мянган нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгожээ.

10. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр “телевизор”-т гадны хүчин зүйлийн нөлөөллөөр механик гэмтэл үүссэнийг тогтоосон ба уг гэмтлийг худалдан авагч нар өөрсдөө үүсгээгүй, үйлдвэрлэгч, худалдагчаас “гэмтэл”-тэй телевизор худалдсан гэж маргасны зэрэгцээ хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг “монгол” хэл дээр орчуулж дагалдуулж өгөөгүйгээс болж “телевизор”-ыг ашиглах авцдаа /мэдлэггүйгээс болж/ тухайн гэмтлийг учруулсан гэж маргаагүй, энэ нь тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зорилго болоогүй нь тогтоогджээ.

11. Түүнчлэн, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаагаар “БСБ э” ХХК нь Сингапур улсаас импортолсон “Паносоник” маркийн телевизорыг тус компанийн “М-1 ЭБ” дэлгүүрээс А.Э, С.С нарт худалдан борлуулахдаа тухайн телевизорын дагалдах үйлдвэрлэгчийн гарын авлага, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг “монгол хэл” дээр орчуулж өгөөгүй нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

12. Гэтэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий улсын байцаагч нь, хэрэглэгч иргэдийн гомдол, зөрчлийн хэрэг үүсгэсэн үндэслэл, зөрчил шалгах зорилгод хамаарахгүй өөр нөхцөл байдлыг илрүүлж, улмаар зөрчилд тооцож, шийтгэл хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

13. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “...“баталгаат хугацаа” гэж үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацааг”ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д “хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”, 7.2-т “үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө:.. 7.2.7.барааг зөв хэрэглэх тухай заавар” гэж тус тус зааснаас үзвэл, энэ тохиолдлын хувьд “телезизор”-ыг импортлон худалдан борлууж буй “БСБ э” ХХК нь тус барааны талаарх “зааварчилгаа”-г монгол хэл дээр өгөх үүрэгтэй.

14. Харин, “телевизор”-ын зөв хэрэглээний зааварчилгааг монгол хэл дээр бичгээр өгөөгүйгээс болж, энэ тохиолдлын хувьд тухайн телевизорт “баталгаат хугацаа”-ны дотор “гэмтэл” учруулсан гэж хэрэглэгч маргаагүй, тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болоогүй байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан хэрэглэгчийн эрхийг зөрчсөн мэтээр буруу дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

15. Түүнчлэн, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт монгол хэлээр хөтлөн явуулах үйл ажиллагаа, албан хэргийг тусгайлан заасны дотор 6.1.11-д “албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж” гэж зааснаас үзвэл, уг зохицуулалтын агуулга нь импортоор оруулж, Монгол улсад худалдан борлуулж буй барааны хувьд уг барааны “зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж” зэргийг монгол хэл дээр орчуулж дагалдуулах ёстой гэх утгыг шууд илэрхийлэхгүй байна.

16. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч П.Х-Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 558 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                          Ч.ТУНГАЛАГ