Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0768

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.А нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х.

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б.А төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байхад Завхан аймгаас үеэлүүд золгохоор ирсэн хүмүүсээ дагуулан бүтэн сайн өдөр хамаатнуудаараа очиж золгуут хийлгэх явцад айраг ууснаас болж нойр булчирхай өвдөж, хурц байдлаар гүйлгэж байсан тул 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа очиж чадахгүй тухайгаа ахлах аудитор В.Ж холбогдон биеийн байдал муу байгаа талаар хэлсэн. Мөн чөлөө хүсэхэд даргад хэлье, биеэ эмчид үзүүлээрэй гэсэн. Харин би тухайн үед бие гайгүй болох байх гэж бодтол, биеийн байдал сайжраагүй учраас, өрхийн эмчийн бичиж өгсөн эм тариагаар гэрээр эмчилгээ хийлгэсэн.

1.2.Ингээд 2026 оны 03 дугаар сарын 05-ны өглөө ажилдаа ирэхэд дарга П.П, менежер Б.Б нар нь таныг ажиллуулахгүй, ажлаас халах саналыг Үндэсний Аудитын газрын Тамгын газрын дарга Б.Б хүргүүлсэн гэсэн. Ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй. Энэхүү өдрөөс хойш огт ажил хийлгээгүй, тушаал шийдвэр гартал ажиллуулахгүй гэж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.

1.3.Ийм байдлаар ажиллуулахгүй гэсэн атлаа, ямар үндэслэлээр арга хэмжээ авч байгаа талаар тодруулахад дээрээс ирэх хариу хүлээ гэсэн. Би өдөр болгон шахуу ямар хариу ирж байгаа болох, ажлаа хийх хүсэлтээ байгаагаа илэрхийлж, ажил дээрээ ирж, хариу иртэл ажил үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч боломжгүй гэх хариу өгсөөр байсан тул 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний Аудитын газарт өргөдөл гаргасан.

1.4.Хариу ирээгүй байсан учир 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Үндэсний Аудитын газарт, Хүний нөөцийн Ахлах аудитор н.Лхагвадулам, Хууль, эрх зүйн газрын менежер н.А нартай уулзсаны дараа 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цахим шуудан /e-mail/-гаар ирсэн ажлаас халсан талаарх Ерөнхий аудиторын тушаалтай танилцахад намайг олон хоног ажил тасалсан мэт үндэслэлгүй гаргасан. Мөн ахлах Аудитор В.Ж хэлснийг чөлөө авсанд тооцохгүй, эрх бүхий этгээд биш гэх тайлбартайгаар тушаал гаргасныг мэдсэн.

1.5.Үүнээс үзэхэд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны Б/82 дугаар тушаалыг гаргахдаа анхнаасаа л миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, огт үндэслэлгүй зүйлүүдийг тусгаж, 2 сарын дараа тушаал гаргасан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, хууль зөрчсөн гэж үзнэ.

1.6.Монгол Улсын Төрийн албаны зөвлөл ... Монгол улсын Ерөнхий аудиторын 2026 оны Б/82 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн таныг төрийн албанаас халсан нь Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандах талаар хариуг өгсөн.

1.7.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хоёр.Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.Орхон аймаг дахь Төрийн аудитын газраас Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан 2026 оны 03 дугаар сарын 05-ны 142 дугаар албан бичиг, мөн оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар албан бичгүүдээр Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын Аудитор Б.А нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа зөрчлийг давтан гаргаж, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй боловч, ажлын цагийн бүртгэлийг хийсэн ноцтой зөрчил гаргасан, мөн ажил таслах үедээ согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг нь тогтоогдсон тул холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож өгөх агуулга бүхий хүсэлт, холбоотой материалуудыг ирүүлсэн.

2.2.Тус хүсэлтийг үндэслэн Үндэсний аудитын газраас нэмэлтээр баримт, материал цуглуулах, цаг бүртгэлийн тайланг гаргах, талуудаас тайлбар тодруулга авах гүйцэтгэх зэрэг ажиллагаануудыг хийхэд дараах нөхцөл байдлууд илэрсэн. Б.А нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 хоног ажил тасалсан тул Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын хурлыг хийж, дахин асуудал гаргахгүй байх, давтан гаргасан тохиолдолд арга хэмжээ авах талаар анхааруулсан байна.

2.3.Гэвч дахин 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд ажил тасалсан тул Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах Б/10 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулж шийдвэрлэсэн байдаг. Улмаар 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд мөн адил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нөхцөл байдал илэрсэн.

2.4.Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас Б.А санал, тайлбарыг тодруулахаар түүний гар утасны *******, , ******* дугаараар удаа дараа холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй, эсхүл холбогдох боломжгүй, мөн байгууллагын дотоод удирдлагын эйбл системээр захидал, *******@audi.gov.mn, *******yahoo.com хаягаар цахим шууданг илгээсэн хэдий ч ямар нэг хариуг ирүүлээгүй байсаар холбоо тогтоон 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахимаар түүний санал, тайлбарыг сонссон.

2.5.Б.А******* шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс ийнхүү нөхцөл байдлыг үүсгээгүй, үндэслэлгүйгээр ажлын тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй болно.

2.6.Төрийн албаны үйл ажиллагаа нь хэвийн, тасралтгүй явагдах бөгөөд ялангуяа төрийн аудитын байгууллага нь Төсвийн тухай хуулийн цаглабар хугацаанд аудитыг гүйцэтгэж, аудитын тайлан дүгнэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажилладаг тул ажил таслах үйлдэл нь томоохон үр дагаврыг үүсгэдэг. Гэтэл Б.А тус үйлдлүүд нь 2020, 2022, 2025 онуудад удаа дараа гарсан ба 2026 оны дээрх ажил тасалсан үйлдэлтэй холбоотойгоор 1 төрийн өмчит, 1 орон нутгийн өмчит, 1 өрхийн эрүүл мэндийн төвд хийх аудитыг бусад албан хаагчид хуваарилан гүйцэтгүүлсэн зэрэг нөхцөл байдлууд илэрсэн бөгөөд сонсох ажиллагаагаар үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.

2.7.Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр явуулсан сонсох ажиллагаагаар нэхэмжлэгч Б.А нь алдаа, зөрчил болон захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байдаг.

2.8.Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны Б/82 дугаар тушаал нь хууль, эрх зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгч Б.А******* Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б.А төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ ажилдаа ирэхэд дарга, менежер нар таныг ажлын байранд оруулахгүй, тушаал, шийдвэр гартал ажиллуулахгүй гэж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, шийдвэрт огт үндэслэлгүй зүйлүүдийг тусгаж, 2 сарын дараа ажлаас халж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж, хариуцагчаас Б.А нь өмнө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж тус тус тайлбарлан маргасан.

4.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:, 48.1.1-д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;, 48.1.4-д төрийн албанаас халах; гэж тус тус заасан.

5.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагч албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх нь хуульд заасан үндсэн үүрэг бөгөөд үүнийг биелүүлээгүй тохиолдолд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд хариуцлага хүлээлгэх учиртай.

6.Тодруулбал, төрийн албан хаагчийн үйлдсэн зөрчлийн шинж чанар, давтамжийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулна. Энэ нь хууль зүйн үндэслэлтэйгээр шаталсан арга хэмжээ авах боломжийг олгодог бөгөөд хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол сахилгын шийтгэл, хамгийн хүнд тохиолдолд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах эрх зүйн үндэслэлийг тогтоосон.

7.Нэхэмжлэгч Б.А нь Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд ажиллаж байхдаа 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь тогтоогдсон, энэ үндэслэлээр тус газрын дарга 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б/10 дугаар тушаалаар түүнд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасны дагуу ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

8.Монгол Улсын Ерөнхий аудитор 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Б.А ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

9.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/53 дугаар тушаалаар баталсан Төрийн аудиторын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3-д Албан хаагчийн ажил, амралтын цаг Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн байх бөгөөд ажилд ирэх болон ажлаас тарахдаа цаг бүртгэлийн төхөөрөмжид ажлын цагаа бүртгүүлнэ. Нэг өдрөөс дээш хугацаагаар ажиллах тохиолдолд харьяалах нэгжийн удирдлагад мэдэгдэнэ, 5.6.1-д Албан хаагч чөлөө хүссэн өргөдөлд шалтгаанаа дурдаж, нотлох баримтыг хавсарган холбогдох албан тушаалтанд гаргах, 5.6.4-д Монгол Улсын Ерөнхий аудитор албан хаагчид ажлын 6 хоногоос дээш өдрийн чөлөөг нэгжийн удирдлагын саналыг үндэслэн тушаалаар олгоно, 5.10-д Чөлөөний хуудсаар чөлөө аваагүй албан хаагчийн ажил тасалсанд тооцно, 10.1-д Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Төрийн аудитын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, энэ журмын 3, 4, 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан нь тогтоогдсон тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зохицуулсан байна.

10.Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Б.А тус газрын 2026 оны 02 дугаар сарын Ажлын цагийн бүртгэлийн хураангуй тайланд тасалсан 1, бүртгэл дутуу 4, 3 сард тасалсан 15, бүртгэл дутуу 6 өдрөөр, харин 2 дугаар сарын цагийн бүртгэлд 5 өдөр /40 цаг/, 3 дугаар сард 22 өдөр /176 цаг/ ажил тасалснаар бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгэн маргаагүй.

11.Тодруулбал, нэхэмжлэгч Б.А 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний аудитын газарт гаргасан өргөдлөөс үзвэл, тэрээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгаас үеэлүүд золгуут хийж, архи ууснаар ажилдаа очоогүй, 03 дугаар сарын 02-ны өдөр архи ууснаас болж бие өвдөөд ажилдаа очиж чадахгүйгээ аудитор В.Ж утсаар хэлсэн, 03 дугаар сарын 05-нд ажилдаа очиход ажлаас халах саналыг Тамгын газарт хүргүүлсэн, ажилдаа ирэх, цагаа бүртгүүлэх шаардлагагүй гэсэн тул өдий хүрсэн гэж, шүүх хуралдаанд гар утсаараа бүртгэлийг хийх боломжтой талаар тус тус тайлбарласан.

12.Дээрх өргөдөл, тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актад дурдсан хугацаанд төрийн албан хаагчийн албан тушаалын чиг үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдож байна.

13.Нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлын агуулга, холбогдох хууль тогтоомжийн заалтыг харгалзан үзвэл, төрийн албан хаагч буюу нэхэмжлэгч Б.А нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалын чиг үүргээ хуульд заасан хугацаа, журмын дагуу гүйцэтгэх, төрийн албаны ёс зүйг сахих, хууль дээдлэх зарчмыг баримтлах үүрэгтэй.

14.Нэгжийн даргаас ажиллуулахгүй, ажлын байранд нэвтрүүлэхгүй, цагаа бүртгүүлэх шаардлагагүй гэх шаардлага тавьсан тохиолдолд төрийн албан хаагч нь хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах, холбогдох шийдвэр гараагүй бол хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

15.Гэтэл нэхэмжлэгч нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн гомдол гаргах боломжтой байсан боловч Үндэсний аудитын газарт өргөдлөө 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан бөгөөд энэ хугацаанд албан тушаалын чиг үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд нэхэмжлэгчийг уг хугацаанд албан үүргээ биелүүлээгүйд тооцох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

16.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заасан.

17.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө тухайн шийдвэрээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд өөрийн байр суурь, тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй.

18.Хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө буюу 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.А хариуцлага тооцуулах тухай 142 дугаар албан бичиг ирүүлсэн, холбогдох тайлбар, баримтыг ирүүлэх талаар байгууллагын Able сүлжээ болон Б.А и-мэйл хаягаар мэдэгдсэн, түүний 9*******, 9******* дугаар утас холбогдох боломжгүй байсан тул 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Ч.А******* ******* дугаар утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагчаас 2026 оны 03 дугаар сарын 31-нд цахимаар холбогдсон болохыг үгүйсгэж тайлбар гаргаагүй, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн сонсох ажиллагаанд биечлэн оролцсон тэмдэглэл, мэдэгдлийг хүлээн авсан баримт зэргээс үзвэл хариуцагч хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн нь тогтоогдож байна.

19.Тодруулбал, хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхийг хангаж, эрх ашигт нөлөөлж болзошгүй шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдэж, байр сууриа илэрхийлэх боломж олгосон бөгөөд энэ нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байна.

20.Нөгөөтээгүүр, төрийн жинхэнэ албан хаагчид сахилын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.3-д 14 хоног, зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлага бол хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болохоор зохицуулсан.

21.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд утсаа унтраачихдаг байсан, ажлаас чөлөө авахаар аудитор В.Ж руу Борнуур сумаас утсаар хэлсэн зэрэг тайлбараас үзвэл хариуцагч нэхэмжлэгчтэй холбогдох боломжгүй байсан, энэ тохиолдолд журамд заасан хугацаанд шалгаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

22.Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа зөрчлийг удаа дараа, давтан гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

23.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б.А төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР