Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0775

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.И*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Д,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н.

Нэхэмжлэгч Р ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Р ХХК нь С аймгийн сумын 3 дугаар багт байрлах ******* ам алтны шороон ордын ******* дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд энэ тухай мэдэгдлийг компани 2026 оны 04 дүгээр сарын 15-нд шуудангаар хүлээн авсан.

1.2.Хууль тогтоомжийн өөрчлөлт, эрх зүйн орчныг дахин нарийн судлах шаардлага гарсан, дэлхийн эдийн засаг хүндрэлтэй болсон, үүнтэй зэрэгцээд Ковид 19 цар тахал өвчин гарч олон жил тус уурхай ажиллаагүй.

1.3.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан.

1.4.Бидэнд 185 дугаар шийдвэрээ хүргүүлээгүй, зөвхөн мэдэгдэл ирүүлсэн. Иймд манай компани өөрөө Ашигт малтмал, газрын тосны газар очиж 185 дугаар шийдвэрийг нь авч танилцсан юм. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар. санал гаргах боломж олгоно. гэж заасан байтал захиргааны байгууллага шийдвэрээ гаргахаасаа өмнө манай компанид мэдэгдээгүй, биднийг тайлбар өгөх, санал хүсэлт өгөх боломжоор хангаагүй учир бид их гомдолтой байна.

1.5.Манай компани тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг олон жилийн хугацаанд тогтмол төлж ирсэн.

1.6.Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргахдаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт ашиглах үйл ажиллагаа явуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй гэж илт үндэслэлгүй шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

1.7.Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн С аймгийн суманд байрлах ******* дугаар бүхий ******* ам нэртэй, 534,53 га талбайтай алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хоёр.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.С аймгийн сумын нутагт орших ******* ам нэртэй 774.68 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MR-011086 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1702 дугаар шийдвэрээр Р ХХК-д олгожээ.

2.2.Тус компани MR-011086 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтаа үрэгдүүлсэн тул Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай 351 дүгээр шийдвэрээр MR-011086 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцож, шинээр ******* дугаар гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгосон.

2.3.Ашигт малтмалын ашиглалтын МV-020530 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 170.98 гектар талбайгаар, ойн сан бүхий газрын хилийн заагтай 477.00 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай байна.

2.4.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 03/1639 дүгээр албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авхуулах тухай албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ирүүлжээ.

2.5.Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2026 оны 03 дугаар 30-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 03/927, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 03/978 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 185 дугаар шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон дээрх албан бичгүүдийг үндэслэн ******* аймгийн ******* сум, С аймгийн ******* сум, ******* аймгийн ******* сумын нутагт байрлах Ap тамсаг-1-1-2 нэртэй 245,07 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.6.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 2 сарын хугацаатайгаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлээ.

2.Р ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 185 дугаар шийдвэрийн Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий шийдвэрийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, шийдвэрээ хүргүүлээгүй, зөвхөн цуцалсныг мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн, тусгай зөвшөөрлийн олон жилийн төлбөрийг хуулийн дагуу төлсөөр ирсэн гэж хариуцагчаас нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг болон ойн сан газрын хилийн заагтай тус тус хэсэгчлэн давхцалтай, холбогдох яамдаас санал, чиглэл ирүүлснийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргасан.

4.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

4.1.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын дарга 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1702 дугаар шийдвэрээр (1 дэх хавтасны 209 дэх тал) С аймгийн сумын Эмээлтийн амны 775 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MR-011086 дугаар тусгай зөвшөөрлийг Р ХХК-д олгосон, үрэгдүүлсэн үндэслэлээр /Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга/ 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 351 дүгээр шийдвэрээр (1 дэх хавтасны 202 дахь тал) дээрх тусгай зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүйд тооцож, шинээр ******* дугаар гэрчилгээ хавсралтыг нөхөн олгосон байна.

4.2.Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Р ХХК-ийн дээрх ашигт малтмалын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн /цаашид Дагаж мөрдөх журмын тухай хуулийн гэх/ 2.1-д заасан Засгийн газрын 2012 оны 194, 2015 орны 289 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газартай 673,06 га, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 253,47 га, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 59,49 га давхцалтай талаарх 06б/2632 дугаар албан бичгийг (1 дэх хавтасны 173 дахь тал) Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

4.3.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр (1 дэх хавтасны 49 дэх тал) С аймгийн сумын нутагт орших ******* ам нэртэй ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Хуулийн 4.1, Засгийн газрын 2015 оны 120, 289 дүгээр тогтоолыг үндэслэн өөрчлөлт оруулсан байна.

4.4.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн лавлагаагаар Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай 477 га давхцалтай, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 171.07 га давхцалтай, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй, орон нутгийн усны болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй болохыг тодорхойлсон.

4.5.Үүний дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 03/1639 дүгээр албан бичгээр (1 дэх хавтасны 149 дэх тал) ... Р ХХК болон нэр бүхий 7 аж ахуйн нэгж нь ойн сан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай ... холбогдох хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй ... усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулсан ... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, ... хууль тогтоомжийг зөрчсөн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн.

4.6.Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ... ******* ... дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэх, мөн ... ... удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах агуулга бүхий 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 03/927 (1 дэх хавтасны 40 дэх тал), 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 03/978 дугаар (1 дэх хавтасны 39 дэх тал) албан бичгүүдийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

4.7.Эдгээр албан бичгүүдийг үндэслэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 185 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр Р ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

5.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

5.1.Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана., 4 дүгээр зүйлд Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй гэж тус тус заасан.

5.2.Ашигт малтмалыг газрын Уул уурхайн хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/5750 дугаар албан бичиг (2 дахь хавтасны 36 дахь тал)-т ... Дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа тусгай зөвшөөрлүүд хамрагдаж байна, танай байгууллагаас үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт, өргөдлүүд ирүүлснийг хуулийн хэлтэст шилжүүлсэн талаар дурджээ.

5.3.Хариуцагч төрийн захиргааны байгууллагаас гаргасан албан бичиг, нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргасан гэх тайлбарыг харгалзан үзвэл, нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь хууль тогтоомжоор хориглосон талбайд хамрагдаж байх боловч нэхэмжлэгчийг Журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан өргөдлийг гаргаагүй гэж шууд дүгнэх боломжгүй.

5.4.Тодруулбал, дээрх баримтаас харвал нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу өргөдөл гаргасан байтал хариуцагч энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хуульд заасан тухайн нөхцөлийг хангаагүй гэж үзэж гаргасан маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар хариуцагчийн ... Р ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06/15, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11/15 дугаар албан бичгүүд ... Уул уурхайн хэлтэст ирүүлсэн боловч хариу хүргүүлсэн албан бичиг байхгүй байна гэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар мэдэхгүй гэх тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй.

5.5.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан 14/29 дүгээр албан бичигт ... Байгаль орчин, аялал жуулчлалын яам, С аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Р ХХК-ийн ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсээс баталгаажуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн талаар дурдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үүнийг үгүйсгэн тайлбарлан маргаагүй, зөвхөн манай байгууллагаас хамаарахгүй таван этгээдийн зөвшилцлөөр гэрээ байгуулагддаг гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

5.6.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: гэж тус тус заасан.

5.7.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 120, 289 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06б/2632 дугаар албан бичиг-ийг тус тус үндэслэн Засгийн газрын 2015 оны 120, 289 дугаар тогтоолоор батлагдсан ашигт малтмалыг ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай Р ХХК-ийн С аймгийн сумын нутагт орших ******* ам нэртэй, ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 534.53 гектар болгожээ.

5.8.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 06б/2632 дугаар албан бичгээр Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхацсан талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам-ын холбогдох заалтуудыг баримтлан ажиллахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

5.9.Мөн Үндэслэх хэсгийн 4.4-т нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь зөвхөн ойн сан болон усны сангийн энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа бөгөөд бусад тусгай хамгаалалттай газар нутагтай огт давхцалгүй болох нь тогтоогдсон. Ийм нөхцөлд хариуцагч албан тушаалтан эдгээр нөхцөл байдлыг анхааралгүйгээр маргаан бүхий шийдвэр гаргасан байна.

5.10.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана., 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ., 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэж тус тус заасан.

5.11.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн захиргааны байгууллага нь зөвхөн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах бус, харин заавал мэдэгдэл хүргүүлж, эзэмшигчид тайлбар, нотлох баримт гаргах боломж олгож, түүнийг хянан үзсэний дараа эцсийн шийдвэр гаргах хуульд заасан шат дараалсан ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.

5.12.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд хариуцагч албан тушаалтан дээр дурдсан ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдлоо.

5.13.Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөлүүдийг, 28.2-т сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүргийг тусгайлан заасан бөгөөд хариуцагчаас сонсох ажиллагааг хийгээгүй шалтгааныг нотлох талаар холбогдох баримтыг ирүүлээгүй болно.

5.14.Эдгээр нөхцөл байдлаас үзвэл шүүх хариуцагчийн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй байх тул маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч Р ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

5.15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 185 дугаар шийдвэрийн Р ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 185 дугаар шийдвэрийн Р ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг тогтоосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР