Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01652

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01652

 

 

 

Алаг уул ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01834 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Эрдэнэбат, Б.Болормаа нарт холбогдох

 

Хохиролд 15 684 579 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын эзэмшлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000055409, Г-2204012412 дугаартай газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн №000098263, Ү-2204029614 гэрчилгээ бүхий хувийн сууц /хашаа байшин/-аар хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд

Хариуцагч Ж.Эрдэнэбат, Б.Болормаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагаас нэхэмжлэлтэй Ж.Эрдэнэбат, Б.Болормаа нарт холбогдох асуудлаар анх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээс 2013 оны 06-р сарын 11-ний өдрийн №1400 тоот шийдвэр гарсан ба шүүхийн шийдвэрт манай нэхэмжилсэн дүнгээс үндэслэлгүйгээр 3,8 сая орчим төгрөг хасаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 487 358 төгрөгийг барьцаан дахь эд хөрөнгөөр хангуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул 2014 оны 08-р сарын 06-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 14/4130 дугаар бүхий гэрээ байгуулан албадан гүйцэтгүүлэхээр болсон. Улмаар хариуцагч нар 2016.08.12-нд 15 300 000 төгрөг, 2016.11.18-нд 13 615 891 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд тушаасан бөгөөд тус албанаас гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 30 797 744 төгрөгөөс 6,5%-аар тооцон 2 001 853 төгрөгийг суутган үлдэгдэл мөнгийг манай байгууллага руу шилжүүлсэн. Гэхдээ хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэлгүй 3, 4 жил болсны улмаас буюу 2013.06.11-ний өдрөөс 2016.11.18-ны өдрийг хүртэлх нийт 1 256 хоногийн хугацаанд зээлийн хүү 42 924 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 584 968 төгрөг, нийт 51 509 810 төгрөг авахаар байдаг. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн бол бид тухайн орж ирсэн мөнгийг үйл ажиллагаандаа ашиглаад дээр дурдсан хэмжээний орлогыг олох байсан. Мөн дээрх мөнгийг үйл ажиллагаандаа ашиглалгүй, хамгийн бага хадгаламжийн хүүтэй банкинд хадгалуулсан тохиолдолд 13 682 726 төгрөг олох боломжтой байх тул энэхүү хохирлоо гэм хор гэж үзэж нэхэмжилж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар урамшууллын хөлсөнд 2 001 853 төгрөг суутгуулсан нь хариуцагч нарын үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой тул хариуцагч нараас 2 001 853 төгрөгийн хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна.

Иймд Ж.Эрдэнэбат, Б.Болормаа нараас шүүхийн шийдвэрийг цаг хугацаанд нь биелүүлж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хохирол болох 13 682 726 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын хөлсөнд төлсөн 2 001 853 төгрөг, нийт 15 684 579 төгрөгийг тэмдэгтийн хураамжинд төлсөн 236 377 төгрөгийн хамт гаргуулж, энэхүү үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын эзэмшлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000055409, Улсын бүртгэлийн Г-2204012412 дугаартай газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн №000098263, улсын бүртгэлийн Ү- 2204029614 дугаартай гэрчилгээ бүхий хувийн сууц /хашаа байшин/-аар хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алаг Уул Ган ББСБ ХХК нь бидний газар, үл хөдлөх хөрөнгө, Ланд-80 автомашин зэргийг баталгаа болгон 2012 онд бидэнд 35 сая төгрөг зээлээр олгосон бөгөөд зээлийг өөрийн боломжоор төлөөд явж байтал биднийг зээлээ төлөхгүй байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд бид 23 275 000 төгрөг төлсөн байсан ба шүүхээс биднийг 30 487 358 төгрөг нэмж төл гэж шийдвэрлэсний дагуу 2016 оны 11 сарын 17-нд дээрх мөнгийг төлж барагдуулсан. Өөр төлөх ямар нэг төлбөр байхгүй гэж үзэж байгаа. Алаг уул ган ХХК-ийн захиралтай уулзахад 150 000 төгрөг аваад ир тэгэхгүй бол бичиг баримт өгөхгүй гэсэн. Төлөөд очиход дахиад 15 сая төгрөг төлөөд газрын бичгээ ав гэсэн. 2013 оноос хойш ямар ч үйлдвэрлэл явуулах боломжгүй болсон. Гадагшаа явж зээл авах гэхээр бичиг баримтгүй болсон байгаа. Нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эрдэнэбат, Б.Болормаа нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 15,684,579 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын эзэмшлийн өмчлөх эрхийн Г-2204012412 дугаарт бүртгэлтэй газар, өмчлөх эрхийн Ү-2204029614 дугаарт бүртгэлтэй хувийн сууцаар хангуулах тухай нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 236,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Үүрэг үүсэх үндэслэлийг гэрээний, гэрээний бус гэж ангилдаг ба гэрээний бус үүрэг нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж хуваагддаг. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг юм. Мөн зөрчлөөс үүдэн хохирол бий болохыг гэм хор учруулах хэмээн хууль зүйн агуулгаар ойлгож байна. Нийгмийн аливаа харилцаа нь хуулиар хамгаалагдсан ба энэхүү харилцааг санаатай, санамсаргүй байдлаар зөрчиж бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж үзнэ. Тухайлбал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-т заасныг хариуцагч нар огт биелүүлэлгүй 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш2016оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 2,9 жил явсан байна.

...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг шаардах үндэслэл гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгч буюу төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх албанд 2 001 853 төгрөг төлсөн нь хариуцагч нарын хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохирлоо шаардан авах үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хохирол болох нийт 15 684 579 төгрөгийг тэмдэгтийн хураамжинд төлсөн 236 377 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК нь хариуцагч Б.Болормаа, Ж.Эрдэнэбат нарт холбогдуулж хохиролд 15 684 579 төгрөг гаргуулах, уг хохирлыг хариуцагч нарын өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК нь хариуцагч Б.Болормаа, Ж.Эрдэнэбат нарын хооронд 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3010/Б дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болж уг шийдвэрээр хариуцагч Ж.Эрдэнэбат, Б.Болормаа нараас 30 487 358 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-д олгож, уг үүргийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1400 дүгээр шийдвэрээс хойш дээрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3010/Б дугаартай шийдвэр биелэгдэх хүртэл хүртэл хугацаанд олох байсан орлогод 13 682 726 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урамшууллын хөлс төлсөн 2 001 853 төгрөгийг тус тус хохиролд тооцон нэхэмжилсэн ба шүүх эдгээр нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гарснаар талуудын хоорондох зээлийн гэрээний харилцаа дуусгавар болдог тул талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйлийг банкинд хадгалуулах байсан гэж үзэж хадгаламжийн хүүгээр тооцож хохирол гаргуулахаар дахин шаардах үндэслэлгүй байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 2 001 853 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх албанд 2 001 853 төгрөгийг төлөх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан хохиролд хамааруулах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ