Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 119/ШШ2026/0055

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” ХХК /РД:**/,

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **,

Гуравдагч этгээд: “**” ХХК /**/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/4593, мөн “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/4590 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, тус тендерт дахин үнэлгээ хийлгэхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, гуравдагч этгээд **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4593 тоот шийдвэрийг хүчингүй болгох, “**” ХХК-д олгосон 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, тус тендерт дахин үнэлгээ хийлгэхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” тендер шалгаруулалтын хүрээнд “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

3.“**” ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба гомдлыг Сангийн яамны 2026 оны 07 дүгээр сарын 08, мөн оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03/8711 дугаартай албан бичгээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /1 дэх ХХ-ийн 107 болон, 2 дахь ХХ-ийн 66 дугаар тал/

4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч ”**" ХХК нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай "Төмөрт марганец 75" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон.

Хариуцагчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1800 дугаар шийдвэрээр манай тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн тул нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу Сангийн яаманд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 04/17-02 дугаар бүхий гомдол гаргасан.

2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яам 03/4454 тоот албан мэдэгдлээр гомдлыг үндэслэлтэй гэж үзэн тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгасан боловч хариуцагч 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/2949 дугаар шийдвэрээр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгч дахин 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/21-03 тоот гомдлыг гаргасан.

Улмаар Сангийн яам 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/6923 дугаар албан бичгээр мөн адил гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.2-т заасны дагуу тендерийн үнэлгээг дахин хуульд нийцүүлэн хийхийг хариуцагчид даалгасан.

Гэтэл хариуцагч 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4593 дугаар шийдвэрээр өмнөхтэй ижил үндэслэлээр гурав дахь удаагаа манай тендерийг татгалзаж, "**" ХХК-д гэрээ байгуулах эрхийг гурав дахь удаагаа олгосон байна.

Иймд дараах үндэслэлээр маргаан бүхий шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Сангийн яамны шийдвэрийг хэрэгжүүлээгүй

Сангийн яам нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хоёр удаа үндэслэлтэй гэж үзэн тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгасан.

Гэтэл хариуцагч өмнөх үнэлгээний алдааг засаж, нотлох баримтыг дахин үнэлэхийн оронд өмнөхтэй ижил үндэслэлээр гурав дахь удаагаа шийдвэр гаргасан нь Сангийн яамны шийдвэрийг бодитоор хэрэгжүүлээгүй болохыг харуулж байна.

Тендерийн хүчинтэй хугацааг хуульд нийцүүлэн тооцоогүй

Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу Сангийн яаманд хоёр удаа гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг үндэслэлтэй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58.2, 58.4, 58.5, 59.6, 59.10.2-т заасны дагуу тендер шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлж, тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгасан.

Хариуцагч өөрөө 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/3398 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлсэн болохоо мэдэгдсэн атлаа 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/6923 дугаартай гомдол хянасан тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш оролцогчдод хуулийн 59.10.2 дахь заалтад үндэслэн дахин хянах шийдвэр гаргасан тул хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дэх хэсэгт заасны дагуу ажлын 15 хоногийн хугацаагаар сунгах, үүнтэй холбоотой тендерийн хүчинтэй хугацааг сунгах талаар өмнөх 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/2785 тоот албан бичгийн адил дахин цахимд нийтлээгүй болно.

Улмаар Сангийн яамны 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/6923 дугаар албан бичгээр тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгасан боловч хариуцагч 24.3-т заасан ажлын 15 хоногийн хугацааг хэтрүүлэн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр тул хүчингүй бичиг баримт болох үндэслэл юм.

Мөн хариуцагчийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112- 12/2785 дугаар албан бичгээр шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хоногоор сунгаж байгааг мэдэгдэж, тендерийн хүчинтэй хугацааг сунгах шаардлагатай тохиолдолд бичгээр ирүүлэхийг хүссэн боловч хугацаа сунгах эцсийн хугацаа болон сунгаагүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тодорхой заагаагүй. Уг мэдэгдлийг хүлээн авах үед нэхэмжлэгчийн тендерийн хүчинтэй хугацаа 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хүчинтэй байсан.

Түүнчлэн хариуцагчийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/3398 дугаар "Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн тухай" албан бичгийг тендерийн цахим системд зөвхөн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байршуулсан нь тогтоогдож байгаа бөгөөд шийдвэрийг гаргаснаас хойш 11 хоногийн дараа оролцогчдод мэдэгдсэн байна.

Ийнхүү хариуцагч хуульд заасан хугацааг баримтлаагүй, шийдвэрээ тухай бүр мэдэгдээгүй, тендерийн хүчинтэй хугацааг сунгах асуудлаар дахин мэдэгдэл хүргүүлээгүй атлаа эцэст нь тендерийн хүчинтэй хугацаа сунгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерийг татгалзсан нь өөрийн үйл ажиллагааны үр дагаврыг нэхэмжлэгчид үүрүүлсэн, хууль ёсны, ил тод, захиргааны ажиллагааны хууль дээдэлж, сахин биелүүлэх, шударга зарчимд нийцээгүй байна.

Үнэлгээний шалгуурыг ялгавартай хэрэглэсэн

Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас, үйлдвэрлэгчийн тодорхойлолт эсхүл үйлдвэрлэгчийн албан бичгийг нотлох баримт болгон ирүүлж болохоор заасан.

Энэ шаардлагын дагуу нэхэмжлэгч үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудсыг тендерийн материалдаа хавсарган ирүүлсэн. Хариуцагч тухайн цахим хуудсыг шалгаж GB/T3795-2014 стандартын мэдээлэлд үндэслэн манай бүтээгдэхүүнийг ГОСТ 4755-91 стандарттай нийцэхгүй гэж үзсэн.

Гэтэл тендерт шалгарсан "**" ХХК мөн адил GB/T3795-2014 стандартыг баримталсан бүтээгдэхүүн санал болгосон байхад түүний тендерийг шаардлага хангасан гэж үнэлсэн байна.

Ижил стандартыг санал болгосон хоёр оролцогчид өөр өөр үнэлгээ хийсэн нь үнэлгээний ажиллагаа тэгш, шударга явагдаагүй болохыг харуулж байна.

Үйлдвэрлэгчийн баримт бичгийг ялгавартай үнэлсэн

Нэхэмжлэгч болон "**" ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ (Mill Test Certificate)-г тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу ирүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгчийн үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээг бус үйлдвэрлэгчийн цахим хуудсан дахь мэдээллийг үндэслэн татгалзсан атлаа "**" ХХК-ийн үйлдвэрлэгчийн баримт бичгийг ямар үндэслэлээр шаардлага хангасан гэж үзсэн талаар шийдвэрт тайлбарлаагүй байна.

Ийнхүү нотлох баримтыг өөр өөр шалгуураар үнэлсэн нь үнэлгээний ажиллагааны тэгш байдлыг алдагдуулсан.

"**" ХХК-ийн үйлдвэрлэгчийн талаарх эргэлзээг шалгаагүй

Нэхэмжлэгчийн хийсэн судалгаагаар "**" ХХК-ийн үйлдвэрлэгч нь төмөрт марганец үйлдвэрлэгч болох нь олон нийтэд нээлттэй мэдээллээр тогтоогдохгүй байна.

Ийм нөхцөлд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ нь тухайн үйлдвэрлэгчээс бодитоор олгогдсон эсэхийг шалгах шаардлагатай байсан.

Гэтэл хариуцагч уг баримт бичгийн үнэн зөвийг хэрхэн шалгасан талаар ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар гаргаагүй бөгөөд үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны чиглэл, техникийн чадавхыг үнэлсэн нь тогтоогдохгүй байна. Бид 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу хоёр дахь удаагийн тендер шалгаруулалтын мэдэгдлийн дараа үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлтийг 05/20-01 тоот албан бичгээр хүсэлт гарган танилцахад тус “**” ХХК-ийн үйлдвэрлэгчийн талаар хянаж үзсэн тухай тэмдэглэл огт байхгүй байсан болно.

Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн

Маргаан бүхий шийдвэр нь:

1. Сангийн яамны хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлээгүй;

2.Тендерийн хүчинтэй хугацааг хуульд нийцүүлэн тооцоогүй;

3.Үнэлгээний шалгуурыг бүх оролцогчид ижил хэрэглээгүй;

4.Нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй;

5.2026 оны 06 сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4593 дугаартай шийдвэр нь хуулийн хугацаа хэтэрсэн хүчин төгөлдөр бус бичиг баримт;

6. Шийдвэрийн үндэслэлээ хангалттай тайлбарлаагүй    байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны байх, үндэслэл бүхий байх, тэгш, ялгаварлалгүй хандах, нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлэх үндсэн зарчмуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал **с 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэгч “**” ХХК нь 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07/2-01 дугаартай нэхэмжлэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” тендер шалгаруулалттай холбоотой шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Уг тендер шалгаруулалтын үр дүнд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн маргаж буй тендерийн үнэлгээний шууд үр дагавар юм.

Иймд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийн хүрээнд “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлж байна.

Иймд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” тендер шалгаруулалтын хүрээнд “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, ** нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд хариу тайлбарыг гаргаж байна.

            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/57 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец-75” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулж, тус хороо тендерийн баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталж, тендерийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээсэн.

            Тендер шалгаруулалтад ирүүлсэн 9 оролцогчийн тендерүүдээс “**” ХХК-ийн тендерийг Үнэлгээний хорооны бүх гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн “хамгийн сайн” тендер гэж үнэлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 04 сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1804, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/2946, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4590 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, мөн тендерийн шаардлага хангаагүй “**” ХХК-д тус үйлдвэрийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1800, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/2949, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4593 дугаартай албан бичгүүдээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн.

            Тус тендерт оролцогч “**” ХХК нь тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас уг гомдлыг хянаад 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/4454, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/6923 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгүүдээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 11, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд дахин хуралдаж тендерт үнэлгээ хийн, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн ЗХХАШ/202604031, ЗХХАШ/202605072, ЗХХАШ/202605094, ЗХХАШ/202606092, ЗХХАШ/202606109, ЗХХАШ/202606119, ЗХХАШ/202606126 дугаартай дүгнэлтүүдэд “тендерийн шаардлагад нийцсэн гэж үзсэн оролцогч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж шалгаруулсан Үнэлгээний хорооны зөвлөмжтэй санал нийлж байна” тухай дурдсан.

            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” тендер шалгаруулалтад ирүүлсэн “**” ХХК-ийн тендер “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэхэд дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

№

Захиалагчийн тавьсан шаардлага

Оролцогчийн санал

Шалгараагүй тухай тайлбар

1

Бараа: Төмөрт марганец 75 /ГОСТ 4755-91 /эсхүл түүнтэй дүйцэхүйц/

БНХАУ-ын GB/T3795-2014 стандарт төмөрт марганец 78

ТШЗ 17.5-ын шаардлага хангаагүй

 

2

ТШЗ 17.5 Техникийн тодорхойлолт ГОСТ 4755-91 зүсмэгийн 2-р Ангилал 20-100 мм

 

Техникийн тодорхойлолт бүтээгдэхүүний ширхэглэлийн хэмжээг 20-100 байхаар заасан.

Санал болгосон GB/T3795-2014-ын ангиллыг авч үзэхэд: Стандартын үндсэн ангиллын аль нь ч 20-100 ширхэглэлийн хэмжээнд тохирохгүй байна.

ТШЗ 17.5-ын шаардлага хангаагүй

 

3

ТШЗ 17.5

Фосфорын /Р/ хэмжээ 0.15%-иас ихгүй байх.

Үйлдвэрлэгчийн албан ёсны цахим холбоосоор нэвтэрч шалгахад фосфорын хэмжээ 0,35% байна.

ТШЗ 17.5-ын шаардлага хангаагүй

 

4

ТШЗ 17.5

Төмөрт марганец 75 /ГОСТ 4755-91/ Нүүрстөрөгчийн агуулга /С/ дээд утга-7,0 ихгүй, доод утга-6.0 багагүй

Хүхэр-0.02 ихгүй

Фосфор-0.15 ихгүй

Санал болгосон GB/Т3795-2014 /Хятад улсын үндэсний стандарт/-ыг шалгаж үзэхэд:

Нүүрстөрөгчийн агуулга-7,5-аас бага буюу тэнцүү

Хүхрийн агуулга-0.0З-аас бага буюу тэнцүү

ТШЗ 17.5-ын шаардлага хангаагүй

 

5

Тендер илгээх маягт 1 Тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу Тендер нээснээс хойш /ажлын 30 ба түүнээс дээш өдрийн тоо бичих/ өдрийн хугацаанд хүчинтэй байна.

 

Оролцогчийн тендерийн материалын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендер илгээх маягт” маягт 1.5 дахь заалт “Тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш ажлын 60 өдрийн хугацаанд хүчинтэй” гэсэн нь 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тендерийн баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан.

Тендерт илгээх маягт №1.5 заалтын шаардлага хангахгүй 2026 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн М-ДБ-112-12/2785 дугаартай захиалагчийн шийдвэр гаргах хугацааг сунгах тухай албан бичгийг tender.gov.mn цахимд нийтэлсэн.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь заалтад тус тус заасанчлан тендерийн Үнэлгээний хороо “**” ХХК-ийн ирүүлсэн тендер харьцуулсан техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй, ТШЗ 17.5-ын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн.

            Үнэлгээний хороо Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичгийг үндэслэн Сангийн яамны албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн хүрээнд тухайлан хяналт хэрэгжүүлж, дахин үнэлгээ хийж, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн тус компанийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.10 дахь заалтад “энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлагад хангаагүй гэж үзэж татгалзана...” гэж заасантай нийцсэн.

            “**” ХХК-ийн тендер нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-ын шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7.Нэхэмжлэгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” тендерт оролцсон. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол хууль, шударга ёсыг сахиулах зорилготой. Хариуцагч тал болон гуравдагч этгээдтэй хувийн өс хонзон байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тухайн тендерт оролцогч этгээдүүдэд адил тэгш үйлчлэхээр заасан. Тэр зарчмын дагуу нэхэмжлэл гаргасан. Сая гаргаж өгсөн 2 бичигт 2025 онд төмөрт марганец-75 тендер зарлагдахад нийт 9 компани орсон байгаа. “**” ХХК хамгийн өндөр үнийн саналтайгаар шалгарсан. 2024 онд 11 компани орсноос “**” ХХК мөн адил хамгийн өндөр үнийн саналтайгаар шалгарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн компаниудыг үнийн саналаар эрэмбэлээд хамгийн бага үнэ санал болгосон компани нэгдүгээрт эрэмбэлэгддэг.

Гэтэл энэ компани сүүлийн 2 жил дараалан яг энэ тендерт хамгийн өндөр төсөвтэйгөөр шалгарсан. Захиалагч нь “төмөрт марганец-75” тендер зарлахдаа тендерийн шаардлагад “Төмөрт марганец-75 ГОСТ 4755-98 ПМН75” гэсэн орос стандартыг тавьж зарласан. Миний бие цахимаар тендер зарлагддаг болсон цагаас төрийн өмчийн худалдан авах ажиллагаанд олон жил оролцож байгаа учраас захиалагч тендерийг хэрхэн яаж будилуулдаг олон арга барилыг дотор нь явж байсан хүний хувьд мэднэ. Хамгийн эхний будилуулдаг зүйл нь стандартаас эхэлж байгаа. “Төмөрт марганец 75 ГОСТ 4755-98 PMN75” гэсэн орос стандартад найрлага болон 75 гэсэн нэршилтэй стандарт байдаггүй. Энэ талаар бид шүүхэд гаргасан тодруулгадаа баримтыг хавсаргасан. Өөрөөр хэлбэл захиалагч анхнаасаа будилаантай стандартыг тавьсан. Хоёрдугаарт анхны сонгон шалгаруулалтаар манай компанийг стандартаар унагасан. ТШЗ 17.5-д нийцэхгүй гэсэн бөгөөд энэ нь тухайн тендерт техникийн үзүүлэлт дүйцүүлж орж байгаа тохиолдолд хамаарна. Манайх БНХАУ-ын төмөрт марганец PMN78 буюу GBT3795-2014 гэсэн саналыг захиалагчийн Орос стандартад дүйцүүлж санал болгосон. Эхний ээлжид биднийг энэ шаардлагаар ингэж унагасан. Мөн шалгарсан “**” ХХК нь бидэнтэй адил БНХАУ-ын GBT3795-2014 гэдэг стандарт ирүүлсэн. Гэхдээ ирүүлэхдээ Хятад стандартыг тавьчхаад захиалагчийн тавьсан “Төмөрт марганец-75” гэдэг нэршилтэй буюу дүйцүүлж орж байгаа стандартад байхгүй нэршилтэйг төмөрт марганец санал болгосон. Манайхаас татгалзсан шалтгаанаар бид Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянаж үзээд 3 янзын акт гаргадаг. Нэгдүгээрт оролцогчийн гаргасан гомдол хянаж үзэх шаардлагатай тул хянаж үзээд шийдвэр гарга, хоёрдугаарт оролцогчийн гомдол үндэслэлтэй, захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул дахин хянан үзэж үнэлгээ хийх, гуравдугаарт оролцогчийн гомдол үндэслэлгүй бол оролцогч нь өөрөө тендерийн баталгааг улсын орлого болгож алддаг.

Сангийн яамны гомдол хянасан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт “**” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлтэй, захиалагчийн шийдвэр хууль зөрчсөн тул дахин үнэлгээ хий гэсэн. “... хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байна. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т зааснаар хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг мэдэгдье...” гэсэн мэдэгдлийг Сангийн яам захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд ирүүлсэн. Сангийн яамны гомдол хянасан актын биелэлтийг хэрэгжүүлэхгүйгээр дахиад үнэлэхдээ 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өмнөхөөсөө өөр шалтгаанаар манайхаас татгалзсан тухай М-ДБ-112-12/2949 тоот мэдэгдэл ирүүлсэн. Энэ мэдэгдэлдээ манай санал болгосон стандартын үндсэн 4 ангилалд 20-100 гэсэн хэмжээнд тохирохгүй байна, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим холбоосоор нэвтэрч шалгахад тухайн ширхэглэлийн талаар мэдээлэл байхгүй гэж ТШЗ 17.5-д зааснаар буюу өмнөх хурлаар хянаж үзсэнээс өөр зүйлээр унагаад “**” ХХК шалгарсан гэж хэлсэн. Бид 2 дахь удаа унаад, эрхийнхээ дагуу Сангийн яаманд Стандарт болон ширхэглэгийн талаар 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан.

Сангийн яам 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай гомдлыг хянаж үзээд “...тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт нь 0.15 хувиас ихгүй, зүсмэлийн 2 дугаар ангилал дээрх үзүүлэлтийг нотлох бичиг баримт болон танилцуулгыг хавсаргана гэж, ... тохирлын гэрчилгээний оронд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээс олгодог сертификат албан ёсны дүйцэх бичиг баримт болгон тендерийн материалд дагалдуулж ирүүлэх гэж тус тус заасан байна. “**” ХХК нь тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтод төмөрт марганец фосфор 0.1 хувиас ихгүй, зүсмэлийн ангилал 20-100 мм гэж тусгасан байна. Мөн нотлох баримт 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/23-03 дугаар албан бичгээр үйлдвэрлэгчийн цахим хуудас БНХАУ-ын GBT 3795-2014 стандартыг шалгах цахим хуудасны холбоосыг ирүүлсэн боловч монгол орчуулга ирүүлээгүй байна. Харин “**” ХХК тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн материалд байсан чанарын гэрчилгээнд фосфор 0.1%, 20-100 мм гэж тусгасан байхад санал болгож буй барааны ширхэглэлийн хэмжээ, фосфорын хэмжээ шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэсэн шийдвэр гаргасан. Захиалагч манайхаас татгалзсан 2 зүйлийг хоёуланг нь Сангийн яам үндэслэлгүй байна гэж үзсэн. Манайхыг ямар нэгэн аргаар унагах арга хэмжээ аваад байгаа юм. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11-д зааснаар захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хянан үзэж, үнэлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэсэн байна. Энэхүү шалгараад байгаа “**” ХХК яг манайхтай адил тухайн тендерийн ТШЗ 17.5.2 буюу дүйцүүлж орж байгаа бөгөөд манайхтай адилхан стандарт санал болгосон. Гэтэл манайхтай адил санал болгосон стандартад нь 75 гэдэг нэршилтэй төмөрт марганец байдаггүй. Дүйцүүлж орчхоод байхгүй стандартыг санал болгосон,  манайхаас 550 орчим сая төгрөгөөр илүү өндөр үнэтэй байхад 2 жил дараалан хууль зөрчөөд сонгон шалгаруулалт хийгээд байгаа юм. Шалгарсан “**” ХХК үйлдвэрлэгчээс итгэмжлэл авсан байх ёстой. Ороод үзэхээр нохой муурны хоол хийдэг газар байгаа. Гэтэл бид гангийн хайлш, төмөрт марганец нийлүүлэх гэж байгаа. Манай үйлдвэрийн сайт руу нь ороод бүх зүйлийг нь шалгасан хэр нь шалгаруулсан компанийнхаа талаар судлаагүй байна. Бид энэ талаарх баримтыг хүргүүлсэн байгаа. Одоо ч шалгаад үзэхэд гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэдэг компани гарч ирнэ. Өөрөөр хэлбэл захиалагч анхнаасаа тендер зарлахдаа ОХУ-н ГОСТ стандарт тавьсан. ГОСТ стандартад 75 гэдэг нэршилтэй төмөрт марганец байхгүй. Бид шалгарсан компанитай адилхан стандартаар дүйцүүлсэн.

 Шалгарсан компани нь байхгүй нэршил санал болгосон. Дүйцэж байгаа стандарт гэдэгт тодорхой хэмжээнээс ихгүй эсвэл багагүй гэсэн интервал байдаг. Манайх химийн найрлага, бүх стандартыг нь хангаж байгаа, дагалдах сертификат нь ирж байгаа учраас Сангийн яам хуулийн дагуу шалгаад энэ компани шаардлага хангасан байна, дахин үнэлгээ хий, шударга бус болоод байна гэдэг даалгавар өгөөд байгаа юм. Энэ 2 даалгаврын хүрээнд захиалагч тал 4 удаа хуралдсан. Би 2 удаа хүсэлт гаргаж хурлын протоколтой нь танилцсан. Тэгэхэд хамгийн эхний хурлаар 6 хүн шууд “**” ХХК-ийг тэнцүүлсэн байсан. 2 дахь удаа ** гэж залуу Сангийн яамны даалгаврыг хэрэгжүүлэх асуудлаар ингэж шийдвэрлэсэн байна гэхэд нь **, хуулийн хэлтсийн орлогч энэ хоёр хүн өмнөх асуудлаа л давтаж яриад өөрсдийнхөөрөө зүтгүүлсээр байгаад шалгаруулсан. Анхнаасаа буруу техникийн шаардлага тавьсныг нь бид мэдэж байхад мөн адил өмнөх асуудлаа давтаад Үнэлгээний хорооны даргын албан тушаалаа ашиглаад 2 дахь хурал дээр 3, 3-аар тэнцсэн байсан. 2 дахь хурал дээр биднээс татгалзсан үндэслэлийг хурлын протоколоос харахад “Сангийн яам захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн байна, Сангийн яамны актыг бид хэрэгжүүлэх ёстой, үүнтэй би санал нэг биш байна” гэж  ** гишүүн хэлээд байдаг. Гэтэл энд сууж байгаа хууль сахиулах ёстой хуулийн хэлтсийн хуульч, ** хоёр зүтгүүлсээр байгаад хөндлөнгийн нэг гэрчийг өөрийн тал болгож байгаад 4, 3-аар энэ компанийг ялуулсан. 2 дахь сангийн яамны мэдэгдэл ирсний дараа 4 удаа Үнэлгээний хороо хуралдаад захиалагчийн хяналтад 4 удаа буцаасан. Захиалагчийн хяналт гэдгийг би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өөрсдийнх нь тендертэй холбоотой шийдвэрийг хянаж үзэх гэж ойлгож байгаа.

 Ялангуяа өндөр үнийн дүнтэй компанийг сайн шалгах ёстой. 2 жил дараалан нэг тендерт нэг компани шалгарч байгаа. Энэ компанийг би танихгүй, мэдэхгүй, энэ хүмүүстэй элдэв өс хонзонгийн асуудал байхгүй. Захиалагчийн хяналт нь 4 удаа хуралдаад ** дарга зүтгүүлсээр байгаад “**” ХХК-ийг шалгаруулсан. Энэ хүнд Монгол улсын Сангийн яамны шаардлага даалгавар үйлчлээгүй, хууль үйлчлээгүй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өөрсдийнх нь хяналт ч үйлчлээгүй. Сүүлдээ ингэж явсаар захиалагчийн өөрсдийнх нь тухайн тендерийг үнэлэх хуулийн хугацаа 2026 оны 6 дугаар сард дуусгавар болсон. Хамгийн сүүлд хойш татаж чангааж байгаад манай тендерийн хугацааг дуусгавар болгож байгаад сонгон шалгаруулалт хийсэн. Сангийн яаманд гомдол гаргахад тендерийн хугацаа хүчингүй болсон байна гэсэн. Сангийн яам нэг үндэслэлээр гомдол гаргаад акт гаргаж шийдсэн бол тухайн үндэслэлийг дахин хүлээж авдаггүй. Дахиад гомдол гаргаж чадахгүй байгаа учраас Сангийн яамны дүгнэсэн актаар унагадаг. Тиймээс бид сангийн яаманд гомдол гаргаж чадахгүй учраас шүүхэд ханддаг. Гэтэл шүүхэд хандаад явж байхад гэрээ нь зогсдоггүй. Би 10 гаруй жил тендерт оролцож байгаа. Ашиг сонирхолтой тендер яаж явагддагийг мэднэ. Би энэ жилээс анх удаа тендерийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар шүүхэд хандаж үзэж байна. Би ганцаараа шүүхээр явж байгаа юм биш. Энэ бүх компанид шүүхэд хандах эрх нь байгаа. Хууль сахиулах ёстой хүн нь тендерийн хороонд орчхоод хууль зөрчөөд яваад байна. Шүүх гэдэг шударга ёсны байгууллага гэж үзэж байна. Тиймээс бид шүүхэд хандахаас өөр ямар ч гарцгүй байна. Захиргааны дээд байгууллагын шийдвэр, өөрсдийнх нь хяналтын байгууллагын шийдвэрийг ч хариуцагч тал биелүүлэхгүй байна. Миний компани магадгүй энэхүү шалгарсан компанийн оронд өндөр үнэтэй байсан бол би шүүхдэж явахгүй. Гэтэл хамгийн өндөр үнийн дүнтэй, шаардлага хангахгүй унаж байгаа тохиолдолд хянаж үзээгүй байна гэж Сангийн яамны даалгаврыг тухайн тендерт захиалагч цехийн ** гэдэг мэргэжилтэн болон энэ хүмүүс бүгдээрээ нийлээд “**” ХХК-ийг шалгаруулсан. 2 дахь Сангийн яамны даалгавар ирэхэд тэр залуу “Сангийн яамны хянасан даалгавар үнэн бодитой байна. “**” ХХК техникийн шаардлага хангаж байна” гэж сүүлийн хэдэн хурал дээр яриад байгаа. Би энэ хүмүүсийн хэнийг ч танихгүй, мэдэхгүй. Мэргэжилтэн нь тухайн тендерийн техникийн шаардлагад хяналт тавих үүрэгтэй хүн. Тэр хүн нь манай компанийг шаардлага хангаж байна гээд байхад зүтгүүлсээр байгаад дарга нь унагаачихаж байгаа юм.

Гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэдэг байж яагаад ч төмрийн хайлш үйлдвэрлэх боломжгүй шүү дээ. ТШЗ 17.5-аар орж байгаа бол дүйцүүлсэн стандартаа тавих ёстой. ГОСТ стандартад “төмөрт марганец-75” гэдэг нэршил байхгүй. Орос стандартад нь дүйцүүлээд өгч байгаа Хятадын GBT стандарт нь 78 гэдэг нэршил байгаа. Бидэнтэй адилхан дүйцүүлж орчихоод Хятад стандартад байхгүй нэршил тавьсан компани шалгарсан байгаа юм. Төмрийн гангийн чанарыг сайжруулах 5-6 төрлийн хайлшууд байдгийн нэг нь төмөрт марганец юм. Марганецын агууламж 75-аас дээш байж РМЗ-н гаргаж авах гэж байгаа хайлшийн шаардлагыг хангана. 75-аас дээш байвал бүр сайн. Тухайн үед нь тендерийг хүчээр шалгарууллаа гэхэд хууль шүүхийн өмнө ирээд үнэнд гүйцэгдэх ёстой. Олон жил ингэж явж болохгүй. Монгол улс хуультай, шударга ёсыг сахиулдаг улс шүү дээ. Шүүгч энэ бүх баримтуудтай танилцсан байх. Шалгарсан компанийн үйлдвэрлэгчийн мэдээллийг шалгах ёстой. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12-14/4593 тоот шийдвэрийг хүчингүй болгох, “**” ХХК-д олгосон 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4590 тоот шийдвэрийг хүчингүй болгох, тендерийг дахин үнэлэхийг даалгах гэсэн 3 шаардлага гаргаж байгаа. Холбоотой хуулийн зүйл заалтуудыг хэрэгт тодруулж гаргаж өгсөн байгаа. Шалгарсан “**” ХХК-ийн чанарын сертификатыг тендерийн Үнэлгээний хороо харгалзаж үзээд ТШЗ 17.5-д зааснаар шаардлагад нийцэж байна гээд шалгаруулсан. Тэгсэн хэр нь манай компанийн чанарын гэрчилгээг хянаж шалгаж үзэхгүйгээр унагасан. Хянаж үзээгүй байна, шаардлагад нийцэж байна гэдгийг Сангийн яамны 2 удаагийн шийдвэр нотолж байгаа. Хууль бус сонгон шалгаруулалт явуулсан гэдгийг нь өнөөдөр иргэдийн төлөөлөл энд байсан бол сонсоосой гэж хүсэж байсан юм. Энэ компани шалгараад явж байгаа нь сонин биш. Надтай л адилхан ороод явж байгаа байх. ** гэдэг хүнийг бас шүүх гэж ирээгүй. Хууль сахиулж өгнө үү гэж орж ирсэн. Хуулиа биелүүлдэггүй юм бол тендер зарлахаа болих хэрэгтэй” гэв.

            8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/57 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец-75” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулж, тус хороо тендерийн баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталж, тендерийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээсэн.

            Тендер шалгаруулалтад ирүүлсэн 9 оролцогчийн тендерүүдээс “**” ХХК-ийн тендерийг Үнэлгээний хорооны бүх гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн “хамгийн сайн” тендер гэж үнэлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 04 сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1804, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/2946, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4590 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, мөн тендерийн шаардлага хангаагүй “**” ХХК-д тус үйлдвэрийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1800, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/2949, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4593 дугаартай албан бичгүүдээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн.

            Тус тендерт оролцогч “**” ХХК нь тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас уг гомдлыг хянаад 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/4454, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/6923 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгүүдээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 11, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд дахин хуралдаж тендерт үнэлгээ хийн, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.       

            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” тендер шалгаруулалтад ирүүлсэн “**” ХХК-ийн тендер “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь хэсэгт заасны дагуу тус тендерт оролцогч “**” ХХК-ийн тендерийг хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т зааснаар хянан үзэхэд техникийн тодорхойлолтод төмөрт марганец 75-г санал болгоод байхад 78-г санал болгосон нь захиалагчийн санал болгосон стандартын шаардлага хангахгүй, мөн техникийн тодорхойлолтод фосфорын хэмжээ, нүүрстөрөгчийн агууламж зөрүүтэй ирүүлсэн нь ТШЗ 17.5-д заасан шаардлагыг хангаагүй. Оролцогч “**” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаад, Сангийн яам уг гомдлыг хянаад 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/4454, 2026 оны 06 дугаар сарын 05-ны 03/6923 дугаартай албан бичгүүдээр тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан. Нэхэмжлэгч тал Сангийн яамны шийдвэрийг хэрэгжүүлээгүй гэж яриад байгаа. Бид хэрэгжүүлээд дахин үнэлгээ хийсэн. Шаардлагыг хангаагүй учраас  шалгаруулаагүй. Хоёрдугаарт Үнэлгээний хороо захиалагчийн хяналт хэрэгжүүлдэг. Үүний дагуу Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн ЗХХАШ/202604031, ЗХХАШ/202605072, ЗХХАШ/202605094, ЗХХАШ/202606092, ЗХХАШ/202606109, ЗХХАШ/202606119, ЗХХАШ/202606126 дугаартай дүгнэлтүүдэд “тендерийн шаардлагад нийцсэн гэж үзсэн оролцогч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж шалгаруулсан Үнэлгээний хорооны зөвлөмжтэй санал нийлж байна” тухай дурдсан.

            Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгүүдэд “**” ХХК шаардлага хангаагүй гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Мөн Сангийн яамны 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03/8711 дугаартай гомдол буцаах тухай албан бичиг ирсэн. “**” ХХК нь тендерийн 1-р маягтын 5-р заалтыг буруу ирүүлсэн. Тендер нээснээс хойш 60 өдрийн хугацаанд тендер хүчинтэй байна. Мөн цахим тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа нь энэхүү баталгаа тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэсэн нь 2026 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон тухай дурдаж гомдлыг буцаасан. Шалгарсан 0237 дугаартай “**” ХХК-тай 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу захиалга 100 хувь хийгдсэн, өнөөдрийн байдлаар гэрээний биелэлт 90 хувьтай үргэлжилж байгаа. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа бодитой хэрэгжиж байна. Нэхэмжлэгчийн захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн дараа хэрэг хянан шийдвэрлэх явцад “**” ХХК-ийн тендерийг хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон гэж үзэж байгаа. Дахин үнэлгээ хийж шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн “**” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.10-т нийцэж байгаа. “**” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д заасан шаардлага хангаагүй, тендерийн хүчинтэй хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

           

            9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төмөрт марганец-75” нэртэй тендер бид зарласан. Нээгээд үнэлгээ хийхэд эхний хурлаар “**” ХХК нь “Төмөр марганец-75” гэж Орос стандартаар, мөн эсвэл дүйцэх гэж заасан байхад эднийх 78-г санал болгосон. Барааны үнийн задаргаа гэж чухал маягт байгаа. Үүн дээр марганец 78 гэсэн нэртэй, бараа нийлүүлэлтийн хуваарь гэдэг дээрээ 78 гэсэн нэртэй. Техникийн тодорхойлолтод тест гэж оруулаад үнэлгээнд харгалзаж үзнэ гэж заасан. Химийн бүтэц нь манай 75-тай яг таарч байгаа. Нэр нь үүн дээрээ 78 гээд явж байгаа. Хэрэв манай 75-ын өгөгдөлтэй таарч байгаа бол энэ нь төмөрт марганец 75 юм. Гэтэл нэхэмжлэгч 78 гэсэн байгаа. GBT 3795-2014 гэдэг стандартаас нягтлахын тулд марганец 78 гэдгийг нь олж харж байгаа юм. Цахиур марганецаас бусад 3 төрлийн химийн бүтцээрээ зөрүүтэй байгаа. Иймээс шаардлагад нийцэхгүй гэж эхний удаад үзсэн. Сангийн яам гомдлыг хянаж үзээд та нар 78 гэдэг стандартыг хянаж үзээгүй байна гэж тендерийг буцаагаад дахиж үнэлгээ хий гэсэн агуулгатай шийдвэр гаргасан. Бид 78 гэдгийг маш нарийн үзээд дүйцэхгүй байна гэсэн саналыг оруулсан. Бид Сангийн яамнаас ирсэн бичгийн дагуу захиргааны актыг биелүүлэх үүргийн дагуу дахин үнэлгээ хийхэд нэхэмжлэгч компанийн захирлын хэлээд байгаа ТШЗ 17.5-д заасан 3 үзүүлэлтийг авч үзээд, холбоос руу нь ороод үзэхэд нүүрстөрөгч, фосфорын хэмжээ зөрүүтэй байсан. 78 таарахгүй байна гэдэгтэй яг нэг утгатай. Бид нарийн заагаагүй болохоос үзээд явуулсан. Бид үүн дээр үнэлгээ хийсэн, гомдол гаргасан. 2 дахь гомдлыг Сангийн яам үзээд “энэ компанийн өгсөн холбоос нь орчуулгагүй байна” гэсэн бичиг ирүүлсэн. Мөн фосфор, нүүрстөрөгч хоёрыг нь олж үзэх гэхээр холбоос орчуулгагүй байгаа гэсэн утга гарч ирээд фосфороо 0.01, ширхэглэлийн хэмжээгээ 20-100 гэж өгсөн байгаа учраас захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна, үнэлгээг дахиж хий гэсэн. 2 гомдлын утга нь адилхан. Хоёулан дээр нь 78 нь 75-д таарахгүй байна гэсэн утгатай байсан. Манай 75 стандартын дагуу 0.15 гэж заасан байгаа. Иймд нэхэмжлэгчийнх 0.35 буюу манайхаас 2 дахин өндөр байгаа учраас болохгүй байна. Нүүрстөрөгчийг 7.5-тай тэнцүү буюу түүнээс бага гэж заасан. Бид Сангийн яамны шийдвэрийг тайлбарлах, шүүмжлэх эрхгүй тул биелүүлээд явсан. Захиалагчийн хяналт бүр дээр “**” ХХК шаардлагад нийцэж байна гэсэн.

            Бид Сангийн яамны шийдвэрийг биелүүлсэн. “**” ХХК-ийн тендер шаардлага бүрэн хангаж байна гэсэн үг өгүүлбэр Сангийн яамны шийдвэрт байхгүй. Сангийн яамны шийдвэрийг дагах нь зөв, үүн дээрээ тендерийн хүчинтэй хугацааг хянаж үз гэдэг шийдвэр 2 дахь удаад ирсэн. Хянаж үзэхэд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байсан. Эхлээд гомдол гаргахад манай захиалагчаас бүх оролцогчдод тендерийн хүчинтэй хугацааг сунгана уу гэсэн албан бичиг явуулсан. “**” ХХК нь тендерийн хугацааг сунгая гэсэн бичиг ирүүлээгүй нь Үнэлгээний хорооны хурлаар тогтоогдсон. Сангийн яаманд дахиад 7 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан байсан. Сангийн яам 7 дугаар сарын 28-ны өдөр хүчинтэй хугацаа дууссан тул буцааж байна гэсэн албан бичиг ирүүлээд хуулийн дагуу шалгарсан “**” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч төмөрт марганец-75 гэж Орос стандарт байдаггүй гэж хэлээд байна. 5 төрлийн марганец байдаг. **захирлын хэлж байгаагаас үзэхэд зарласан тендерийнхээ утгыг бүрэн ойлгоогүй байна. Утга нь 75 гээд байж байдаг бол бид 75-г авъя гэж л зарлана. Манайх дан Орос стандартаар өмнө явж тогтсон. Энэ Орос стандартаар төмөрт марганец 75 гэж 4, 5 химийн элементийн тоог заасан байгаа бөгөөд энэ тоонууд нь  75 гэдгийг зааж өгөх ёстой. Гэтэл эд нар 75 гэж Хятад стандартад байхгүй учраас 78 нь ойрхон юм шиг байна гэж үзсэн юм шиг байгаа юм” гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиалагчийн шийдвэр гаргах хугацааг ярьж байна. Тендерийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээгээд бид 04 дүгээр сарын 13-ны өдөр эхний мэдэгдлээ гаргаад тухайн тендер хүчинтэй болсон. 2026 оны  05 дугаар сарын 12-ны өдөр анхны гомдол гарсны дараа хугацаа сунгах талаар цахим системд “...ажлын 15 хоногийн хугацаагаар сунгаж байна, Сунгах тохиолдолд захиалагчид ирүүлнэ үү...” гэж нийтэлсэн байгаа” гэв.

11. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн захирал **, итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч "**” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд,

Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн гэж буруутгажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102037 тендерийн дугаартай “Төмөрт марганец 75” худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль үйлчлэх ба тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилдэггүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.2 “тендерийг нээх. хянан үзэх. Үнэлэх”,  50.2.3 “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасны дагуу тендерийг хүлээн авах, хянан үзэх, үнэлэх шийдвэрийг Үнэлгээний хороо гаргадаг. Гэтэл, нэхэмжлэгч "**" ХХК нь “...тус тендерт дахин үнэлгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ буюу захиалагчид холбогдуулан гаргаж, хариуцагчийг буруу тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...сангийн яамны шийдвэрийг хэрэгжүүлээгүй” гэжээ.

Сангийн яамны 2026.05.01-ний өдрийн 03/4454 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт дурдсанаар... “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн 2026.03.23-ны өдрийн 03/23-03 дугаар албан бичигт GB/T 3795-2014 стандартын төмөрт марганец 78 нь захиалагчийн шаардсан ГОСТ 4755-91 стандартын төмөрт марганец 75-тай дүйцэхийг нотлох үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас ирүүлсэн байхад ...түүнийг хянаж үзээгүй байна” гээд тус сайтад үндэслэн дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгасан байдаг.

Үүний дагуу Үнэлгээний хороо 2026.05.11-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ "**” ХХК-ийн өөрсдийнх нь өгсөн цахим хаягаар орж шалгахад Төмөрт марганец 78-ийн үзүүлэлт дэх зүсмэгийн ангилал буюу ширхэглэлийн хэмжээний талаарх мэдээлэл тус цахим хаягт байхгүй, түүнчлэн хүний биед хортой нэгдэл болох фосфорын хэмжээ захиалагчийн шаардсан дээд хязгаараас даруй 2,3 дахин их гэсэн зөрүүтэй байжээ.

Тодруулбал, Тендер шалгаруулалтын зааварчилгааны Өгөгдлийн хүснэгт (ӨХ)-ийн ТШЗ 17.5- ын '‘2. Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно./" гэж тодорхой заасан ба “**” ХХК-ийн тухайд дээрх шаардсан баримтаас “үйлдвэрлэгчийн цахим хаягийг нотлох баримт” гэж тендертээ өгсөн байсан тул уг хаягаас мэдээллийг шалгасан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Сангийн яамны 2026.06.05-ны өдрийн 03/6923 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт "... “**” ХХК-ийн 2026.03.23-ны өдрийн 03/23-03 дугаар албан бичгээр үйлдвэрлэгчийн цахим хуудас. БНХАУ-ын GB/T3795-2014 стандартыг шалгах цахим хуудасны холбоосыг ирүүлсэн боловч монгол орчуулга ирүүлээгүй байна” гэж тодорхой дурджээ. Эндээс “**” ХХК-ийн ирүүлсэн тендер ТШЗ-ны 12.1-ийг хангаагүй болох нь тодорхой харагдаж байна.

Тодруулбал, ТШЗ-ны 12.1 -д “.. .оролцогчийн ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний дотор баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг оролцогч бэлтгэн ирүүлнэ” гэж заасан байхад “**” ХХК-ийн тендерийн материал дээрх шаардлагыг хангаагүй байжээ.

Гэсэн хэдий ч Сангийн яамны албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, оролцогчдын тендерт дахин үнэлгээг хийсэн байдаг бөгөөд оролцогч "**” ХХК-ийн ТЕНДЕРИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА ДУУССАН байсан тул Үнэлгээний хороо дур мэдэн “тухайн оролцогчийн тендерийн санал хэвээр, хүчинтэй байгаа байх" гэж таамаглах боломжгүй, ингэх ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Захиалагчийн 2026.05.12-ны өдрийн М-ДБ-112/2785 “Захиалагчийн шийдвэр гаргах хугацааг сунгах тухай” албан бичигт “.. .оролцогчид тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах тохиолдолд захиалагчид бичгээр ирүүлнэ үү” гэж тодорхой дурдаад, уг албан бичгээ https://user.tender.gov.mn/mn цахим хуудаст нийтэлсэн байдаг. Түүнчлэн, захиалагч шийдвэр гарсан тухай бүр оролцогч компаниудад https://user.tender.gov.mn/mn хаягаар шалгарсан эсвэл шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлж байсан.

Гэтэл, “**” ХХК нь өөрсдийн тендерийн хүчинтэй хугацааг сунгах талаар ямар ч мэдэгдлийг захиалагчид хүргүүлээгүй байдаг. Энэ нь, тус компани өөрсдийн тендерийн хүчинтэй хугацааг “сунгахгүй буюу урьдах хугацаандаа тендер хүчинтэй" гэх эрх зүйн үр дагаврыг үзүүлэх тул захиалагч тал “тендерийн хүчинтэй хугацаа дууссан” гэх үндэслэлээр тендерээс татгалзсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

“**” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа дууссан талаарх үйл баримт Сангийн яамны 2026.07.28-ны өдрийн 03/8711 дугаар “Гомдол буцаах тухай" албан бичигт “...Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.тn/-ээс шалгахад танай компани тендер илгээх 1 дүгээр маягтын 5-д тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш ажлын 60 өдрийн хугацаанд хүчинтэй гэж зааж ирүүлсэн байх тул шаардлага хангахгүй гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцааж байна” гэх тодорхой дурдагджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан ба ”**" ХХК-ийн тендер өөрөө шаардлагад нийцээгүй байх тул Үнэлгээний хороо тус компанийн тендерийг шаардлага нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн бодит эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхын зэрэгцээ захиргааны акт хууль бус байх нөхцөлд нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлнэ. “**” ХХК-ийн өөрийнх нь тендер шаардлагад нийцээгүй тул “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын холбогдох шийдвэрүүд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх боломжгүй юм.” гэжээ.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маш олон тендерт өрсөлдөж ордог. 2025 онд манайх шалгараад гэрээ хэрэгжүүлээд дууссан. Шалгарсан компанийн мэдээлэл цахим системд нээлттэй тавигддаг. Цахим системээс “**” ХХК-ийн материалыг шалгаж үзэхэд тохирлын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байсан. Тийм учраас тендерт өрсөлдөх явцдаа мэдсэн учраас нотлох баримтын хамт Сангийн яаманд гомдол хүргүүлсэн. Улмаар Сангийн яам хар жагсаалтад нэмүүлэх материалыг ирүүл гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгасан. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд энэ компанийн баримтыг Сангийн яаманд ирүүлээгүй. Энэ компани өөрөө хуурамч материал үйлдсэн нь  нотлогдсон гэдгийг хэлмээр байна. Захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг бүгд нэгэн зэрэг хангаж байж шалгардаг. Зөвхөн үнэ нь өндөр байсан гэдэг нь шалтгаан биш гэж бодож байна. Техникийн тодорхойлолт дээр 15 үзүүлэлт бүхий шаардлага захиалагч хүргүүлсэн. Үүний 13 дугаарт нь тохирлын гэрчилгээ ирүүлэх, эсвэл оронд нь нээлтийн сертификат байж болно гэсэн байгаа. Нээлтийн сертификат гэдэг нь техникийн тодорхойлолтын 13-р мөрний шаардлагыг хангаж байгаа болохоос биш тус тендерийг бүхэлд нь шаардлага хангасан гэж үнэлнэ гэсэн үг биш.  Өгөгдлийн хүснэгтийн 17.5-д зөрүүтэй байгаа бол цахим хаяг, албан бичиг, үйлдвэрлэгчийн тодорхойлолтын аль нэгийг ирүүл гэж шаардсан. Манай компани үйлдвэрлэгч компаниасаа албан бичиг ирүүлсэн. Энэ нь манай тендерийн материалын 9-10-р хуудсанд орчуулгын хамт байгаа.

Үүнд танай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ОХУ-н ГОСТ стандартын ийм барааг шаардсан юм байна, манайх GBT стандартын ийм үзүүлэлттэй, ийм зөрүүтэй байдаг бөгөөд энэ зөрүүг нь тусгайлан манайх үйлдвэрлэж өгнө гэсэн албан бичгийг манайд өгсөн. “**” ХХК нь “манай сайтыг үзчихээд эднийхийг үзээгүй” гэж яриад байна. Бид албан бичиг өгсөн. “**” ХХК-ийн тендерийн материалын 19-р талд “Бидний нийлүүлэхээр санал болгож байгаа бараа бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтийг үйлдвэрлэгчийн албан ёсны сайтаас шалгах боломжтой” гэж цахим хаяг ирүүлсэн байна. Сангийн яам ч гомдлынх нь дагуу энэ сайтаар нь шалгахыг даалгасан байна. Үнэлгээний хороо Сангийн яамны шаардлагын дагуу шалгахад манай компанийн ирүүлсэн баримт шиг зөрүүтэйг нь тусгайлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зориулж үйлдвэрлэж өгнө гэсэн утгатай зүйл байгаагүй. Зарим өгөгдөл зөрүүтэй, зарим нь огт байхгүй учраас ийм нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй. Тендерийн хүчинтэй хугацаа дуусгаж байгаад шалгарууллаа гэж хариуцагчийг буруутгаж байна.

Манай компани мэдэгдлийг хараад хүчинтэй хугацаагаа сунгуулсан, “**” ХХК өөрөө сунгаагүй байж яагаад захиалагчийг буруутгаад байгаа юм бэ? Манай үйлдвэрлэгчийн цахим хаяг, албан бичиг, тодорхойлолт гурвын албан бичгийг нь өгсөн байгаа учраас нөгөө хоёрыг нь заавал давхардуулж явуулах шаардлагагүй учраас үйлдвэрлэгчийн цахим хаягийг явуулаагүй. Бид өмнө ч нийлүүлж байсан БНХАУ-ын үйлдвэр дээр очиж уулзаад, менежертэй нь харилцаад үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, шинжилгээний бичиг зэргийг аваад мэйлээр харилцаад явж байсан. Нэхэмжлэгч тал муурны хоол гэж яриад байгаа цахим хаягийг хаанаас гаргаж ирээд түүнийгээ манай үйлдвэрлэгч гэж яриад байгааг мэдэхгүй байна” гэв.

12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэгчийн гаргаад байгаа маргаан бүхий захиргааны актаас эхлээд ярья. Захиалагчийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “**” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр хууль бус гэж үзэж байгаа юм байна. Гэтэл энэ тендерээс татгалзсан үндэслэл нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэдэг үндэслэл заасан. Энэ нь Сангийн яамаар тогтоогдсон үйл баримт. Хүчинтэй хугацаатай холбоотой асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбож дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна. Захиалагч 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа сунгах тухай мэдэгдэл гаргасан байдаг. Үүний дагуу тухайн тендерт оролцогч өөрөө тендерийн хүчинтэй хугацаагаа тооцоод ямар хугацаагаар сунгах вэ, эсвэл сунгахгүй юу гэдэг шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл бүх боломж энэ хугацаанд л хүчин төгөлдөр, энэ хугацаа өнгөрөх юм бол нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч захиалагчийг оролцогчид хүсэлт тавиагүй гэж буруутгаад байдаг. Захиалагч өөрөө шийдвэр гаргахтай холбоотой хугацаа сунгах тохиолдолд тендерийн хүчинтэй хугацааг сунгах эсэхийг оролцогчдод бичгээр мэдэгдэж болохыг заасан байдаг бөгөөд сунгах уу, үгүй юу гэдэг үүргийг заавал хүлээдэггүй. Оролцогч өөрөө хүчинтэй хугацааг хянаж, хугацаа дуусах гэж байгаа тохиолдолд сунгах эсэх шийдвэрийг өөрөө гаргадаг. Иймд хүчинтэй хугацаа сунгах эсэх талаар захиалагч мэдэгдээгүй гэдэг агуулгатай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж харж байна. Гол үндэслэл болж байгаа Сангийн яамны гомдол хянасан албан бичигт тодорхой дурдсан. “**” ХХК-ийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон байна гэдгийг тогтоосон байгаа. Мөн Сангийн яамны шийдвэрт тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан байна гэсэн байдаг. Энэ нь хуульд зааснаар тухайн тендерээс татгалзах үндэслэл болдог.

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Тендерийн баталгаа нь гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй байна” гэсэн байна. Нэхэмжлэгч компанийн хувьд тендерийн баталгааны хүчинтэй хугацааг тендерийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш 28 хоногийн дотор дуусна гэж үзэхээр 7 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байна. Тендерийн баталгаа ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болдог. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа зүйл нь Сангийн яамны шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй байна гэдэг. Өмгөөлөгчийн хувьд хэрэгтэй танилцаад үзэхэд Үнэлгээний хороо яг Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээг дахин хийхээс гадна тухайн үндэслэлд заасан нөхцөлүүдийг дахиж үзсэн байдаг. Сангийн яамны хамгийн анхны гомдол хянасан 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн албан бичиг GBT болон ГОСТ стандартуудыг дүйцнэ гэдэг нөхцөлөө тодорхойлохдоо үйлдвэрлэгчийн цахим хаягийг ирүүлсэн гэсэн байна, энэ хаягийг үзэж байж харьцуул гэсэн агуулгаар дахин үнэлгээ хийхийг даалгасан. Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг харахад тендер шалгаруулалтын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтийн 17.5-д хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан баримтыг нотлох баримтын хамт ирүүлнэ.

 Ингэхдээ 3 төрлийн баримтын аль нэгийг ирүүлнэ гэж заасан байдаг.  Энэ нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас, үйлдвэрлэгчийн албан бичиг, эсвэл үйлдвэрлэгчийн тодорхойлолтын аль нэгийг ирүүлэхийг тусгайлан шаардсан. Нэхэмжлэгч албан бичгээс илүү цахим хуудаснаас шалга гэсэн шаардлага тавьсан учраас үүнийх нь дагуу Сангийн яам үүнийг шалга гэсэн. Үнэлгээний хороо дахин хянаад цахим хуудсыг үзэхэд тодорхой зөрүү гарч ирсэн учраас 2 дахь татгалзлын үндэслэл болсон нь харагдаж байсан. Гуравдагч этгээд дээрх 3 шаардлагаас үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тиймээс Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт байгаа материалыг л үнэлнэ. Гэтэл нэхэмжлэгч адил тэнцүү хандсангүй гээд байдаг. Тендерт байхгүй зүйлийг яаж үнэлэх юм бэ? Энэ нөхцөл байдлаас захиалагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь зөрчилдөөнтэй байдаг. Сангийн яаманд нэхэмжлэгч дахиад гомдол гаргахад Сангийн яам Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийхийг даалгасан. Нэхэмжлэгч компанийн өөрийнх нь тендерийн материалд байгаа цахим холбоос нь тендерийн баримт бичгийн ТШЗ 12.1-д заасан тендерт оролцогчийн ирүүлэх тендер Монгол хэлээр байх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг мэдээллийг орчуулсан орчуулгын хамт оролцогч бэлтгэн ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй байна гэдгийг дурдсан байгаа. Сангийн яам нэгэнт дахин үнэлгээ хий гэсэн учраас Үнэлгээний хороо дахин хуралдсан байдаг. Гэтэл дахиад хууль зөрчсөн гэдэг зүйл яриад байдаг. Сангийн яамны үндэслэлд нь тулгуурлаад үнэлгээ хийсэн үйл баримт тогтоогддог. Анхнаасаа буруу стандарт тавьсан, байхгүй стандарт тавьж будилуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ болгож ярьж байна. Бид анхнаасаа тендерийн баримттай танилцаад ойлгомжгүй зүйл байгаа бол тодруулга авах эрхтэй байдаг. Энэ талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно” гэж тодорхой заасан. Нэгэнт тендерт оролцох сонирхолтой “**” ХХК нь анхнаасаа тендерийн баримт бичгийг авах үед нийлүүлэх гээд байгаа барааны стандартын хувьд эргэлзээтэй, байхгүй стандарт тавьсан байсан юм бол яагаад 19.1-д заасны дагуу тодруулах эрхээ хэрэгжүүлээгүй юм бэ? Байхгүй техникийн тодорхойлолтыг заасан байна гэдэг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нөхцөл байдлыг үзэхэд “**” ХХК өөрөө хамгийн бага үнийн санал гаргасан компани биш. Энэ компани нь дахин үнэлэх шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийг шалгаруулаагүй байсан бол манайх шалгарах байсан гэх гээд байгаа юм уу? Энд яг ямар эрх ашиг байгаад, ямар эрх нь зөрчигдсөн болоод дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага гаргасан бэ гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлагад холбогдох хариуцагчийг буруу тодорхойлсон байна гэж харж байна” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь  “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4593 тоот шийдвэрийг хүчингүй болгох, “**” ХХК-д олгосон 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, тус тендерт дахин үнэлгээ хийлгэхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийг шүүхэд анх гаргажээ.

2. Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” тендер шалгаруулалтын хүрээнд “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн.

3.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад:

-“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/4593 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”,

-“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/4590 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”,

-“тус тендерт дахин үнэлгээ хийлгэхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т даалгах” шаардлага гаргасан болохоо тодорхойлсон тул шүүх дээрх шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.Хэргийн үйл баримтын тухайд:

            4.1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/57 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец-75” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулж, тус хороо тендерийн баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталж, тендерийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээсэн байна.

            4.2.Тендер шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын тендерээс “**” ХХК-ийн тендерийг Үнэлгээний хорооны олонхийн саналаар шаардлагад нийцсэн “хамгийн сайн” тендер гэж үнэлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 04 сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1804, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/2946, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4590 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, харин “**” ХХК-д тус үйлдвэрийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1800, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/2949, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/4593 дугаартай албан бичгүүдээр “...ТШЗ 17.5-д заасан шаардлага хангаагүй” тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

            4.3.Тус тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн  шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас уг гомдлыг хянаад 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/4454, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/6923 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгүүдээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 11, мөн оны 06 дугаар сарын 15, 06 дугаар сарын 22, 06 дугаар сарын 23, 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд хуралдаж тендерт үнэлгээ хийн, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох саналыг захиалагчид хүргүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2026/02-21-529 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдаж, бараа 100 хувь нийлүүлэгдсэн ба гэрээний биелэлт 90 хувийн гүйцэтгэлтэй талаар хариуцагч болон гуравдагч этгээд талаас шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан.

            4.4. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” тендер шалгаруулалтад ирүүлсэн “**” ХХК-ийн тендер “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэхэд:

            Захиалагчаас “Төмөрт марганец 75 ГОСТ 4755-91 /эсхүл түүнтэй дүйцэхүйц/  шаардлага тавьсан бөгөөд “**” ХХК нь БНХАУ-ын GB/T3795-2014 стандарт төмөрт марганец 78 санал болгосон, захиалагчаас Техникийн тодорхойлолт бүтээгдэхүүний ширхэглэлийн хэмжээг 20-100 байхаар заасан боловч  “**” ХХК-ийн санал болгосон GB/T3795-2014-ын ангиллыг авч үзэхэд: Стандартын үндсэн ангиллын аль нь ч 20-100 ширхэглэлийн хэмжээнд тохирохгүй, мөн Фосфорын /Р/ хэмжээ 0.15%-иас ихгүй байх шаардлага тавьсан боловч “**” ХХК-ийн санал болгосон үйлдвэрлэгчийн албан ёсны цахим холбоосоор нэвтэрч шалгахад фосфорын хэмжээ 0,35% байна,

            Захиалагчаас ТШЗ 17.5-д: Төмөрт марганец 75 /ГОСТ 4755-91/ Нүүрстөрөгчийн агуулга /С/ дээд утга-7,0 ихгүй, доод утга-6.0 багагүй, Хүхэр-0.02 ихгүй , Фосфор-0.15 ихгүй гэж заасан боловч “**” ХХК-ийн санал болгосон GB/Т3795-2014 /Хятад улсын үндэсний стандарт/-ыг шалгаж үзэхэд: Нүүрстөрөгчийн агуулга-7,5-аас бага буюу тэнцүү, Хүхрийн агуулга-0.0З-аас бага буюу тэнцүү, мөн захиалагчаас Тендер илгээх маягт 1 Тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу Тендер нээснээс хойш /ажлын 30 ба түүнээс дээш өдрийн тоо бичих/ өдрийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан бөгөөд “**” ХХК-ийн тендерийн материалын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендер илгээх маягт” маягт 1.5 дахь заалт “Тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш ажлын 60 өдрийн хугацаанд хүчинтэй” гэсэн нь 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тендерийн баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан тул захиалагч дээрх үндэслэлүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасанчлан “тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй” гэж үзэн  26.10 дахь хэсэгт зааснаар “**” ХХК-ийн тендерээс татгалзсан байна.

5. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/4593, мөн “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/4590 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж зааснаар Үнэлгээний хороог байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцах бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болно.

5.2.Нэхэмжлэгч нь ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “төмөр марганец 75”  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд  тендерийн  Үнэлгээний хороо 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 10 дугаартай шийдвэрээр “...шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна. /2 дахь ХХ-ийн 36-50 дугаар тал/

5.3.  Захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/4593 дугаартай албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТШЗ 17.5-д заасан шаардлагыг хангаагүй гэх мэдэгдлийг, мөн  2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/4590 дугаартай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлжээ. /1 дэх ХХ-ийн 112-114,  2 дахь ХХ-ийн 65 дугаар тал/

5.4. Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, 10 дугаар шийдвэрээр “**” ХХК,  “**” ХХК-иудын ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулахаар захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлин 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасантай нийцсэн байна.

5.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаардаг.

5.6. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж  тус тус зааснаар ЭҮТӨҮГ/20260102037 дугаартай “Төмөрт марганец 75” нийлүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийг баталсан.

5.7. Үнэлгээний хороо нь дээрх тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” , 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж зааснаар тендерийг хянан үзэж, тендерт оролцогч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг гаргасан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

5.8. Тодруулбал,  Захиалагчаас ТШЗ 17.5-д: Төмөрт марганец 75 /ГОСТ 4755-91/ Нүүрстөрөгчийн агуулга /С/ дээд утга-7,0 ихгүй, доод утга-6.0 багагүй, Хүхэр-0.02 ихгүй , Фосфор-0.15 ихгүй гэж заасан боловч “**” ХХК-ийн санал болгосон GB/Т3795-2014 /Хятад улсын үндэсний стандарт/-ыг шалгаж үзэхэд: Нүүрстөрөгчийн агуулга-7,5-аас бага буюу тэнцүү, Хүхрийн агуулга-0.0З-аас бага буюу тэнцүү, мөн захиалагчаас Тендер илгээх маягт 1 Тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу Тендер нээснээс хойш /ажлын 30 ба түүнээс дээш өдрийн тоо бичих/ өдрийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан бөгөөд “**” ХХК-ийн тендерийн материалын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендер илгээх маягт” маягт 1.5 дахь заалт “Тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш ажлын 60 өдрийн хугацаанд хүчинтэй” гэсэн нь 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тендерийн баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан тул Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр “**” ХХК-ийн тендерээс татгалзсан.

5.9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн санал болгосон бараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.1-т заасан шаардлагыг хангаагүй гэж тухайн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.

5.10.Түүнчлэн, тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэр хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч уг шийдвэртэй маргаагүй.

5.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”,   28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 48 дугаар зүйлийн 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна”, 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ”  гэж тус тус зааснаар  захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн тендерээс татгалзсан мэдэгдлийг тендерт оролцогч “**” ХХК-д хүргүүлсэн нь хуульд зөрчөөгүй.

5.12. Иймд Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/4593, мөн “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/4590 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

6.Нэхэмжлэгчийн “тендерт дахин үнэлгээ хийлгэхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т даалгах” шаардлагын тухайд:

6.1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан дээрх шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй юм.

6.2.Тодруулбал, даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр буюу захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хангагдах үндэслэлтэй байдаг. Харин “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.

6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг.

6.4. Шүүх хуралдаанд “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтыг Флаш диск-ээр ирүүлсэн баримтаас судалсан тул уг баримтуудыг цаасаар хэвлэн хэрэгт хавсаргав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,  106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, 26.10, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 28.2, 48 дугаар зүйлийн 48.2.4, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/4593, мөн “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/4590 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, тус тендерт дахин үнэлгээ хийлгэхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргаж болно.

 

 

 

 

   

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНГЭРЭЛ