| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2403000000992 |
| Дугаар | 2025/ДШМ/175 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/175
2025 01 30 2025/ДШМ/175
Т.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Х.Гантулга,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1392 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Э-т холбогдох 2403000000992 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.Э, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Хилчин хотхоны хойд замд 00-00 000 улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, а/ “...эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн дүүргийн прокурорын газраас: Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-аас сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 9,240,000 /есөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.М-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.М нь шаардлагатай гэж үзвэл уг гэмт хэргийн улмаас эмчилгээ, сувилгаа хийлгэсэн, мөн цаашид гарах эмчилгээ хийлгэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Э-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сонгинохайрхан дүүрэгт эхнэр, 4-н хүүхдийн хамт амьдардаг. Түнхний мултрал оноштойгоор хөдөлмөрийн чадвар 70 хувь алдагдалтай, байнга таяг хэрэглэдэг. 6 болон 8 настай 2 хүүхдийг хичээл сургууль, секц, дугуйланд нь 00000 дүүргийн 00 дүгээр дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 000-р дунд сургуульд зөөдөг. Мөн дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Ханын материалд байдаг бүжгийн дугуйланд нь зөөдөг. Гэр бүлийнхээ амьжиргааг залгуулахад эхнэрийн хамт шөнийн цэнгээний газрын ойролцоох гудамж, талбайд шөнийн цагаар шорлог хийж зардаг бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийг анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс эмчилгээ, үйлчилгээ авсан зардалд 498,580 төгрөг нэхэмжилснээс 2,075,933 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 1,684,680 төгрөгийг төлсөн. Түүнчлэн цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой болон сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчоос уучлалт гуйж, ус, түлээг нь зөөж туслалцаа үзүүлж байгаа. Тиймдээ ч хохирогч Л.М нь шүүх хуралд оролцоогүй ч “гомдол саналгүй” гэдгээ хүүхдээрээ дамжуулан шүүхэд илэрхийлсэн. Мөн би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах болон сэтгэцэд учирсан хохиролд тооцсон 9,240,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа болно. Мөн би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа тул миний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг ялын бүсийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн. Т.Э нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 0-00 тоотод эхнэр, 4-н хүүхдийн хамт оршин суудаг ба Т.Э нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, түнхний мултралтай, 6 болон 8 настай бага насны 2 хүүхдээ хичээл сургууль, секц, дугуйланд нь байнга зөөж, гэр бүлийнхээ амьжиргааг залгуулахад эхнэрийн хамт/шөнийн цэнгээний газрын ойролцоох гудамж, талбайд шөнийн цагаар шорлог хийж зардаг/ бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийг анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс эмчилгээ, үйлчилгээ авсан зардалд 498,580 төгрөг нэхэмжилснээс 2,075,933 төгрөг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 1,684,680 төгрөг төлсөн, түүнчлэн цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой болон сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчоос уучлалт гуйж, ус, түлээг нь зөөж өгч биечлэн тусалж байгаа, тиймдээ ч хохирогч Л.М нь шүүх хуралд оролцоогүй ч “гомдол саналгүй" гэдгээ хүүхдээрээ дамжуулан шүүхэд илэрхийлсэн, мөн тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах болон сэтгэцэд учирсан хохиролд тооцсон 9,240,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан ба түүний хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээ сувилгаа болон сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, мөн бага насны 2 хүүхдээ сургууль, секцэд нь байнга зөөдөг, эхнэртэйгээ хамт байнга шөнийн цагаар явж ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж, хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн1392 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Т.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хуулийг зөв хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э болон түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Хилчин хотхоны хойд замд 00-00 000 улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, а/ “...эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Л.М: “...Гэр лүүгээ алхаад явж байтал гэнэт нэг машин хурдтай гарч ирээд намайг мөргөсөн. ...Босох гэтэл босож чадахгүй байсан. ...Машины жолооч бууж ирээд “эгчээ зүгээр үү уучлаарай” гэж хэд хэд хэлж байсан. ...Тэр жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...Намайг эмнэлэгт хэвтэж байхад мөргөсөн жолооч 2 удаа эргэж эргэлтийн юм авчирж өгсөн. ...” /хх 18-19/,
шүүгдэгч Т.Э: “...4-5 уулаа 2 шил 0,75л архи хувааж уусан. ...Тэгээд би тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. ...30-40км цагийн хурдтай эргэлттэй гудамжаар баруун эргээд гараад иртэл баруун талын хашаа дагаад нэг эмэгтэй явж байсныг хараад шууд тормос гишгэсэн боловч машинаа зогсоож чадаагүй хашааг тээврийн хэрэгслээрээ мөргөөд цааш тухайн эмэгтэйг мөргөж унагаасан. ....Тэгээд тэнд байсан хүмүүст хандаж “ түргэж тусламж, цагдаа дуудаарай” гэж хэлээд дуудуулсан. ...Намайг драгер багажаар үлээлгэхэд 1,977% гарсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлгүүд /хх 31, 74/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13544 дугаартай: “...Шаант ясны гадна дотор булуу, цөмөрч бяцарч шархагдсан хугарал, тахилзуурын толгой үйрч бяцарсан хугарал, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2-1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 36-39/,
дуудлага лавлагааны хуудас /хх 08/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын бүдүүвч зураг, ослын гэрэл зургийн үзүүлэлт /хх 09-12/, шүүгдэгчийн согтуурлын зэргийг шалгахад: Спиртын агууламж 1,977% /13/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-15/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 1,684,680 төгрөгийг 2024.12.16-нд төлсөн нь үнэн болно. ..” гэх тодорхойлолт /хх 130/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 58-65, 124, 132-134/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүхээс Т.Э-ын үйлдлийг “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэхдээ харгалзвал зохих хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгчид хүлээлгэсэн ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Т.Э болон түүний өмгөөлөгч Х.Гантулга нар: “...тэнсэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүх Т.Э-т тус зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, тухайн ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нутаг дэвсгэрийн хэмжээг Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.
Т.Э-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний согтолтын хэмжээг амьсгалаар шалгахад 1,977% /хх 13-14/ хэмжээтэй байсан хувийн байдал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, айлын хашаа мөргөж тухайн айлын аюулгүй байдалд нөлөөлсөн хэр хэмжээ зэрэгт бүрэн тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй зэрэг тус тус эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан “...тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1392 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын “...тэнсэж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1392 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ