| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2408000001125 |
| Дугаар | 2025/ДШМ/176 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/176
2025 01 30 2025/ДШМ/176
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Халиунаа,
шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч П.Гансүх,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох 2408 00000 1125 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б, 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 0 дүгээр баг, Арбулагийн 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Мон-Лаа хэсгийн 0-00 тоотод түр оршин суудаг, /РД:0000000/,
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “000” зочид буудалд үйлчлүүлж байхдаа С.Э-ы үйлчлүүлж байсан тус буудлын өрөөнд нэвтэрч, түүний эзэмшлийн “Самсунг нөүт 20” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.-Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах" гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буруу зүйл хийсэн байна гэдгээ чин сэтгэлээсээ ухамсарлаж ойлгож байна. ...Миний бие 2024-2025 оны хичээлийн жилд Улаанбаатар төмөр зам ХНН-н харьяа Төмөр замын политехник коллежид элсэн суралцах шалгалтад тэнцсэн. ...Цаашид энэ мэргэжлээрээ суралцаж, гэр бүлийнхээ төлөө хичээнгүйлэн амьдарч, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл зоригийг минь дэмжиж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Батбаатарын Б.Б нь 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “0000” зочид буудалд байрлахаар 0000 тоот өрөөнд, өрөө авч архидан согтуурсан үедээ 401 тоотод байрлаж байсан иргэний 600.000 төгрөгийн үнэтэй гар утсыг өрөөний хаалга нь онгорхой байхад орж авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Б.Б-ы хувьд гэм буруутайгаа маргадаггүй, хохирогчид гар утсыг буцаан өгч хохиролгүй болсон байна. Улсын яллагч шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан боловч шүүх 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан байна. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хараат бусаар дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргана гэж заасан байдаг. Тийм ч учраас өмгөөлөгч би гомдлынхоо эхэнд шүүхийн шийдвэрийг буруутгахгүй гэж үзсэн. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа эсэхийг нь харгалзан үзэх ёстой. Миний үйлчлүүлэгчийн хувьд хөдөө төрж өсөж бойжиж, амьдралын эрхээр Улаанбаатар хотод ирж ажиллаж байгаа бөгөөд, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бүрэг, үг дуу цөөнтэй, зан харьцааны хувьд төлөв даруу, эвдрээгүй хүүхэд байна гэж өмгөөлөгч би дүгнэсэн. Шүүх Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зарчмыг барьж шийдвэр гаргадаг. Иймд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...Өөрөөр хэлбэл 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 2 жилийн хорих болгож хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Н.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүгдэгч Б.Б-д шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жил 6 сар болгосон нь шударга ёсны зарчимд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “000” зочид буудалд үйлчлүүлж байхдаа С.Э-ын үйлчлүүлж байсан тус буудлын өрөөнд нэвтэрч, түүний эзэмшлийн “Самсунг нөүт 20” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Э: “....Буудалд унтаж байгаад сэрээд гар утсаа хайгаад олоогүй учир цагдаад хандсан. ... /хх 05-07/,
шүүгдэгч Б.Б: “...Буудалд байхад архи уусан. ...Тэгээд коридорт утсаар ярьж байгаад 401 тоот өрөө рүү орчоод гарахдаа орон дээр нь хар өнгийн кейстэй самсунг брендийн гар утас байхаар нь авж гараад өрөө рүүгээ орчоод байж байгаад ажил руугаа ярьж чөлөө аваад гэртээ харьж амарсан. ...Гар утсыг санаандгүй авчихсан юм. ...Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. ...Тухайн гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлгүүд /хх 10-12, 90-91, 131/,
дуудлага лавлагааны хуудас: “....Гар утсаа алдсан. ...” гэх /хх 02/, гар утасны гэрэл зургийн үзүүлэлт болон гар утсанд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 17-21/, гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-35/, хохирогч утсаа авсан тул гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх 37/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 40-44/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Быг “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Гансүх нараас: “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн /24/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б-ы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1323 дугаар шийтгэх тогтоолын:
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтын “ ...Б.Б-д оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ...” гэснийг Б.Б-д оногдуулсан нэг жилийн хорих ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хангасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ