| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2026/0056/З |
| Дугаар | 120/ШШ2026/0043 |
| Огноо | 2026-08-25 |
| Маргааны төрөл | Тендер, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 120/ШШ2026/0043
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярмаа би, “Нэпко кидс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг даргын Тамгын газар болон ******* аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсэж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 28.2.3, 66.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Нэпко кидс” ХХК нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газар болон ******* аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Урилгын ӨΜΑΧΑΑΓ/20260102136/03/01 дугаартай "Номын "Шидэт хайрцаг", "1000 ном" төслийг аймгийн хүрээнд хэрэгжүүлэх" тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шинээр тендер зарлаж, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нээж, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дүн гаргасан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендерийг зохих ёсоор дахин зарлаж, шалгаруулалт явуулахыг даалгах, тус тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр "Сод Монгол гэгээ" ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, дээрх шийдвэрийн үндсэн дээр 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан худалдан авах ажиллагааны гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хүсэлтээ 2026 оны 08 дугаар сарын 25-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасан.
Мөн нэхэмжлэгч “Нэпко кидс” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр Б.Энхзаяад олгожээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасныг тус тус тайлбарласан бөгөөд энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Нэпко кидс” ХХК “Урилгын ӨΜΑΧΑΑΓ/20260102136/03/01 дугаартай "Номын "Шидэт хайрцаг", "1000 ном" төслийг аймгийн хүрээнд хэрэгжүүлэх" тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шинээр тендер зарлаж, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нээж, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дүн гаргасан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендерийг зохих ёсоор дахин зарлаж, шалгаруулалт явуулахыг даалгах, тус тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр "Сод Монгол гэгээ" ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, дээрх шийдвэрийн үндсэн дээр 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан худалдан авах ажиллагааны гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРМАА