Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 96

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Цэцэгээ даргалж

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 1826000000088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн ******* овогт М.Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 239 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн Д.Б-н эзэмшлийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota Crown” маркийн автомашины баруун талын хойд хаалганы шил, баруун, зүүн талын толийг гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 460000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө манай гэр бүлийн хүн гэртээ ирэхгүй байхаар нь ахынд очсон чинь хаалгаа онгойлгохгүй байсан. Тэр үед 1 шил архи найзтайгаа хувааж уусан. Тэгээд гараад өөрийн машинтайгаа андуураад хүний машины шилийг хагалсан. Толийг нь биеэрээ шүргээд хагалсан. Хохиролд 500000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой гэртээ байж байхад шөнийн 00 цаг өнгөрч байсан чинь гадаа шил хагарах чимээ гарсан. Тэгээд цонхоор харахад гаднах байдал сайн харагдахгүй гадаа хүн байх шиг байхаар нь гүйгээд гарсан. Би машинаа 52-р байрны гадна машины зогсоол дээр тавьсан байсан юм. Тэгээд гүйж гараад машинаа харахад суудлын арын хаалганы цонх хагарчихсан, буруу талын толь нь унжчихсан, нөгөө талын толийг нь хугалаад салгачихсан, хажууд нь өндөр залуу ганцаараа зогсож байсан. Тэгээд намайг очиход тэр залуу “би өөрийнхөө машины цонхыг хагалчихсан, энэ миний машин” гээд байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа нар тэр залууг аваад явсан. ...Хохирлоо барагдуулаад авчихсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүүхдийн урлагийн бага наадамтай байсан болохоор манай сургуулийн технологийн 4 багш хүүхдүүдэд бүжгийн хувцсыг 2018 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд оёсон юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой багш нарын хамт бүжгийн хувцас оёод байж байтал манай нөхөр Н согтуу залгаад байсан. Юм хийлгэхгүй залгаад байхаар нь би утсаа салгасан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 07 цагийн орчимд бүжгийн хувцас оёж дууссан. Би тэр шөнөдөө гэртээ харьж амжаагүй. Тэгээд ажил дээр байж байтал 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд нөхөр Н над руу залгаад “би эрүүлжүүлэхэд орчихлоо, мөнгийг нь төлөөд ав” гэхээр нь би цагдаа дээр ирсэн. Тэгтэл нөхөр Н-г машины цонх хагалсан талаар хэлсэн. Н өөрөө машины цонх хагалсан талаараа мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Шүүгдэгч М.Н-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байсан юм. Өдөр нь 13 цагийн орчимд өөрийн найз болох Б-тай хамт 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи гэртээ хувааж уусан. Архиа ууж дуусаад Б гэр рүүгээ явсан. Б манайхтай нэг гудамжинд байдаг юм. Тэгээд Батааг гарсны дараа Өлзийт бааранд очоод ганцаараа 1 шил пиво уусан. Оройн 23 цагийн орчимд баарнаас гараад Арвайхээр сумын 5 дугаар баг, 52-р байранд байх хүргэн ах Б-н гэрт очсон. Б ахын байрны гадаа манай эхнэр Э-н цагаан өнгийн Тоёота Кроун маркийн автомашин байхаар нь тэднийд манай гэрийнхэн байгаа юм байна гэж бодоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгож өгөөгүй. Б нь миний төрсөн эгч Н-н нөхөр байгаа юм. Б ахынх 52-р байрны урд талаасаа 1 дүгээр орц, 1 давхарт байдаг. Тэгээд ах Б-н гэрийн хаалгыг нүдэхэд онгойлгож өгөөгүй, гэртээ байхгүй байсан юм байна лээ. Тэгээд байрнаас гарч ирээд гадаа байсан цагаан өнгийн Тоёота Кроун маркийн автомашины цонхыг нь хагалаад 2 толийг нь биеэрээ шүргээд хугалсан. ...Би тохойлдсон шиг санагдаад байгаа юм. Нилээн согтуу байсан, болсон зүйлийг бүүр түүрхэн санаад байгаа юм. Машины дугаарыг ялгаж чадахгүй байхыг бодоход нилээн согтуу байсан. ...Манай эхнэрийн автомашин цагаан өнгөтэй, Тоёота Кроун маркийн 80-84 УБЭ улсын дугаартай 52 дугаар байрны гадаа байсан автомашинтай яг адилхан машин байгаа юм. ...Би эхнэрийнхээ машинтай андуураад тэр машины цонх, толийг хагалсан байна. Би нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/,

Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №04/38 дугаартай үнэлгээний: “...Тоёота Кроун маркийн ******* улсын дугаартай, сувдан цагаан өнгийн суудлын авто машинд учирсан хохирлын хэмжээг өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 460000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн тайлан /хх-32-34 хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны “саатуулагдсан этгээдийн нэгдсэн бүртгэл”-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/,

Шүүгдэгч М.Н-н хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-43/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/,

Хохирогч Д.Б шүүхэд ирүүлсэн: “Миний бие М.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон болно. Автомашины эвдрэлд 500000 төгрөг бэлнээр хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч М.Н нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 239 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн Д.Б-н эзэмшлийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota Crown” маркийн автомашины баруун талын хойд хаалганы шил, баруун, зүүн талын толийг гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 460000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Б-н: “...Гүйж гараад машинаа харахад суудлын арын хаалганы цонх хагарчихсан, буруу талын толь нь унжчихсан, нөгөө талын толийг нь хугалаад салгачихсан, хажууд нь өндөр залуу ганцаараа зогсож байсан. Тэгээд намайг очиход тэр залуу “би өөрийнхөө машины цонхыг хагалчихсан, энэ миний машин” гээд байсан...” /хх-20-21/, гэрч Б.Э-н: “...2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд нөхөр Н над руу залгаад “би эрүүлжүүлэхэд орчихлоо, мөнгийг нь төлөөд ав” гэхээр нь би цагдаа дээр ирсэн. Тэгтэл нөхөр Н-г машины цонх хагалсан талаар хэлсэн...” /хх-25-26/ нарын мэдүүлэг, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №04/38 дугаартай үнэлгээний: тайлан /хх-32-34/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны “саатуулагдсан этгээдийн нэгдсэн бүртгэл”-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/, шүүгдэгч М.Н-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт М.Н-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 500000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Н-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч М.*******ид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд сар бүр 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б-д 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт М.Н-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт М.Н-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Н-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.